Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00555

 

 

 

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00555

 

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02435 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2100 дүгээр магадлалтай,

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ү.*******д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 17,695,012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Ү.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 17,695,012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02435 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч Ү.*******гаас зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 17,695,012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 351 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагч Ү.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 246,425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2100 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.03-ны өдрийн 184/ШШ2020/02435 дугаар шийдвэрийн зарим хэсэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2100 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчид давуу байдал бий болгож, хариуцагчид хохиролтой байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, Хаан банкны гаргасан анхны нэхэмжлэлд дурдсан үндэслэл, шаардлагын дагуу хэргийг шийдвэрлэх ёстой байтал 2020.05.22-ны өдөр болсон шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэгчид давуу байдал бий болгож, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай Шүүгчийн захирамжийг гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлд заасан Шүүхийн өмнө эрх тэгш байх, 6-р зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг тус тус зөрчиж, нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон. Иргэний хэргийн шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой байтал нэг талд давуу тал бий болгож, өөрийн санаачлагаар нотлох баримт цуглуулах, шаардлагыг өөрчлөх боломжийг хэргийн оролцогчид олгох эрхгүй юм. Энэхүү хууль зөрчсөн үйлдлийн улмаас хариуцагчийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гаргасан тайлбар үр нөлөөгүй болж, нэхэмжлэгчид давуу байдал бий болж, улмаар шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Иимд дээрх үндэслэлээр зээлийн хүүгийн төлбөрөөс 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх дүнгээр хасаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.03-ны өдрийн 184/ШШ2020/02435 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

6. Нэхэмжлэгч ХААН банк ХХК хариуцагч Ү.*******д холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 17,624,812 төгрөгийг, эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...2014 оны 4 сард би Тахарын албанд ажилд орж, Дорноговь аймгаас шилжсэн бөгөөд сураггүй алга болоогүй, Банк зээлийн эргэн төлөлт доголдолтой болсон үед зээлийн гэрээг цуцалж шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй... гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Ү.*******гаас зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 17,695,012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд талууд 2012.07.20-ны өдрийн 1611 дүгээр Барьцаат зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ХААН банк ХХК нь 9,300,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлдэгч Ү.*******тай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ. (хх-46-48)

 

Түүнчлэн 2013.09.12-ны өдөр Ү.*******гийн ХААН банк ХХК-д гаргасан хүсэлтийн дагуу талууд дахин 13/303 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан, өмнөх гэрээний үлдэгдэл 6,490,365 төгрөг дээр 3,000,000 төгрөгийн зээлийг нэмж нийт 9,490,365 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэй, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. (хх-11-13)

 

9. Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч Ү.******* зээлийн төлбөрт үндсэн зээлд 2,425,764 төгрөг, хүүгийн төлбөрт 2,156,654 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 882 төгрөг, нийт 4,583,300 төгрөг төлсөн нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

10. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба хариуцагч үндсэн зээл болон зээлийн хүүг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлснээ нотолж чадаагүй байна.

 

Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх зохицуулалтад нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

 

11. Хариуцагчийн ...2020.05.22-ны өдөр болсон шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэгчид давуу байдал бий болгож, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай шүүгчийн захирамжийг гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг тус тус зөрчиж, нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон... гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Учир нь, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хариуцагчид 2020.06.02-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, 2020.06.16-ны өдөр хариу тайлбарыг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг зөрчөөгүй байх бөгөөд 2020.05.22-ны өдрийн 184/ШЗ2020/07036 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулсныг буруутгах боломжгүй, хоёр шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02435 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2100 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 94,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН