Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 02145

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02145

 

 

 

 

О.Мий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/02691 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.Мий хариуцагч Д.Од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 14 490 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат , түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Огийн хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай 14 000 000 төгрөг зээлдүүлсэн. Урьдчилгаа 3 850 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бэлнээр өгч үлдэгдэл 10 150 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5031698773 тоот дансаар өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл дахин 6 сарын хугацаатайгаар сунгасан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусаж мөнгөө нэхэхэд Д.О нь өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлж аргацаасаар мөнгө өгөлгүй өдийг хүртэл намайг хохироож байна. Зээлийн гэрээний 2.3-т 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 сарын 03-ыг хүртэл 1 жилийн хугацаанд орон сууцандаа зээлийн хүүд амьдруулна гэсэн заалтыг оруулж өгсөн байгаа. Гэтэл О.М нь байрандаа амьдруулаагүй бөгөөд манай байранд дүү нар амьдарч байгаа, чи өөр байр хайж олоод амьдарчих. Би түрээсийг нь төлье гэж хэлсэн. Тиймээс нэхэмжлэгч О.М Цэцэгмаа гэх хүнтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулан түүний орон сууцыг түрээслэн амьдарсан. Ингэхдээ 3 850 000 /6 сарын түрээсийн мөнгө, 1 сарын барьцаа хөрөнгө/ төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл О.Мий түрээсэлж байгаа байрны төлбөрийг Д.О төлөх үүргийг хүлээсэн. Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд 2019 оны 01 сарын 03-ны өдөр 5069137258 дансанд 10 150 000 төгрөг О.Мөөс орсон гэдэг нь батлагдаж байна. Бүтэн жилийн хугацаанд түрээсийн төлбөрийн хүү болгож Д.О нь түрээсийн төлбөрт 550 000 төгрөг төлж явж байсан. Энэ нь орон сууц байгуулсан гэрээ болон өнөөдөр миний шүүхэд шинээр гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдож байгаа юм. Хавтаст хэргийн 25 дугаар талд 5028288055 дугаартай Цэцэгмаагийн дансанд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3 300 000 төгрөг төлсөн байгаа. Үүнийгээ Д.О хэлэхдээ би үндсэн зээлдээ төлсөн гэж байгаа боловч энэ нь мөнгө нь Цэцэгмаагийн байранд амьдарч байгаа түрээсийн төлбөр юм. Тэгэхээр энэ 3 300 000 төгрөг нь үндсэн зээлийн төлбөр болох 14 000 000 төгрөгөөс суутгагдаагүй бөгөөд зээлийн гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу хүүгээ л төлсөн. Хавтаст хэргийн 32 дугаар талд 5014354197 тоот данснаас зээлийн хүү 1 000 000 төгрөг, зээлийн хүү 1 750 000 төгрөг төлсөн байгааг үндсэн зээлээсээ төлсөн гэж гүрийгээд байгаа. Гэтэл нь энэ нь өөрөө зээлийн гэрээний хүлээсэн үүргийн биелэлтийг хангах үүргээ биелүүлж зээлийн хүүгээ төлөөд явж байсан. Энэ нь үндсэн зээлтэй ямар ч холбогдолгүй юм. Үндсэн зээлээ төлсөн гэдгийг өнөөдөр шинээр гаргаж өгсөн 23 хуудас дансны хуулгаар нотлогдож байна. Хэдийгээр зээлийн гэрээнд зээлийн хүүг хэд гэж заагаагүй боловч гэрээний 2.3-т зээлийн хүүд байранд нь амьдрах талаар заасан байгааг хариуцагч хүлээн зөвшөөрөөд энэ хэлцлийг хийсэн. Ингээд 3 850 000 төгрөгийг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний доод талд бичсэн. Мөн хавтаст хэргийн 6 дугаар талд 2020 оны 02 сарын 10-ны өдөр Д.О баталгаа гаргаж өгсөн. Энэ баталгаа дээр Би О.Мөөс 14 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Би мөнгөө хугацаанд төлж чадаагүй тул 0,5 хувийн алдангийн хамт төлнө гэсэн утгатай баталгаа гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 24 дүгээр талд 2020 оны 01 сарын 23-ны өдөр 200 000 төгрөг, хавтаст хэргийн 32 дугаар талд 2020 оны 02 сарын 21-ний өдөр нийт 2 750 000 төгрөг авсан. Эдгээр мөнгөний гүйлгээний утгыг харвал зээлийн хүү гэсэн байгаа. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 сарын 03-ны өдөр дуусаж байгаа, гэтэл хамгийн сүүлд 2020 оны 03 сарын10-ны өдөр мөнгө шилжүүлсэн хугацаа хэтэрсэн өдөр нь 67 хоног. Хариуцагч хавтаст хэргийн 6 дугаар талд би 67 өдрийнхөө алданги болох 4 950 000 төгрөгийг үндсэн зээлийн хамт төлөхөө баталсан байна. 1 дүгээр сарын 06-ны өдөр 2 500 000 төгрөгийг Д.О шилжүүлсэн байдаг. Энэ мөнгө нь О.Мийг Цэцэгмаагийн байранд үргэлжлүүлээд амьдарч бай, би үндсэн зээлээ төлөх болоогүй байна гээд 5 сарын түрээсийн мөнгийг 1 сарын 550 000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн. Энэ мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ 5 сарын түрээс гэж бичсэн байгаа. 5 сарын түрээсийн мөнгө нь 2 750 000 төгрөг болж байгаа. 2 500 000 төгрөг нь 5 сарын түрээсийн төлбөрийг төлөхөд 250 000 төгрөг дутаж байсан. Үлдсэн 250 000 төгрөгийг 3 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 1 дүгээр сарын 23-ны өдөр 50 000 төгрөгөөр шилжүүлсэн. О.М нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Цэцэгмаагийн байранд амьдарсан. Харин Д.О нь 2020 оны 5 сар хүртэлх түрээсийн төлбөрийг зээлийн хүү болгож төлсөн. Энэ нь шилжүүлсэн мөнгөн дүн болон гүйлгээний утга шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. Хавтаст хэргийн 25 дахь тал дээр Цэцэгмаагийн дансанд О.Мөөс гээд 2019 оны 07 сарын 10-ны өдөр 3 300 000 төгрөгийг төлсөн байгаа. Хэрэв О.М Цэцэгмаатай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байсан бол тухайн байрнаас 2019 оны 7 дугаар сар гэхэд гарчихсан байх байсан. Гэтэл та амьдарч бай гээд 3 300 000 төгрөгийг хүүд тооцож шилжүүлсэн байдаг. Гэрээний хүүг хүмүүс хоорондоо ямар ч хэлбэрээр тохиролцож болно, заавал мөнгөн хэлбэрээр тохиролцох албагүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь онцгой байдлаар бие биедээ ашигтай байх байдлаар зээлийн хүүг тохиролцсон. Хавтаст хэргийн 6 дахь талд 14 000 000 төгрөг төлнө гэдгээ хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаас гадна хариуцагч мөнгө төлөхдөө гүйлгээний утга дээрээ зээлийн хүү гэж бичсэн байгаа. Мөн Оюунтуяагаас Цэцэгмаа руу шилжүүлсэн 3 300 000 төгрөг нь Цэцэгмаагийн байранд Мөнхдөлгөөнийг амьдарч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлсөн байгаа. Тиймээс үндсэн зээлийн төлбөрт 14 000 000 төгрөг шаардаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М, Д.О нарын дунд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээнд 14 000 000 төгрөгийг зээлдүүллээ гэж бичсэн байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр тухайн зээлийн гэрээг байгуулагдсан гэж тооцно гэсэн. Зээлийн гэрээнд 14 000 000 төгрөг гэж байдаг боловч дансаар хариуцагч Д.Од 10 150 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хариуцагчийн хувьд 10 150 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, харин 14 000 000 төгрөг аваагүй бөгөөд өмчлөлд нь 10 150 000 төгрөг шилжиж ирсэн нь дансны хуулгаар тогтоогдож байна. 2019 оны 01 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 2.3-т хүүд нь 2019 оны 01 сарын 03-ны өдөр 022 тоот орон сууц гэрээгээр хийгдсэн 2 өрөө орон сууцанд амьдарна гэж заасан. Талууд зээлийн гэрээнд хэдэн хувийн хүү тооцох талаар тогтоогоогүй. Хуульд зохицуулсны дагуу бол хүү тооцоогүй мөнгө зээлсэн бол зээлсэн мөнгөө л авна. Харин хүү тохиролцож мөнгө зээлсэн бол зээлсэн мөнгө дээрээ хүүгээ тооцоод авна, харин байранд амьдарна гэж байхгүй. Хариуцагчийн хувьд 6 960 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Мд төлсөн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тиймээс 3 190 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Энэхүү 6 960 000 төгрөгөө 2019 оны 7 сарын 10-ны өдөр 3 300 000 төгрөг, 2020 оны 01 сарын 23-ны өдөр 200 000 төгрөг, 2020 оны 01 сарын 10-ны өдөр 270 000 төгрөг, 2020 оны 01 сарын 17-ны өдөр 40 000 төгрөг, 2020 оны 01 сарын 22-ны өдөр 350 000 төгрөг, 2020 оны 02 сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 03 сарын 11-ний өдөр 50 000 төгрөг, 2020 оны 03 сарын 14-ний өдөр 50 000 төгрөгийг тус тус төлж дуусгасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ 14 000 000 төгрөг зээлэхдээ 10 150 000 төгрөгийг дансаар, 3 850 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж ярьж байна. Гэтэл зээлийн гэрээний 2.1-т 14 000 000 төгрөгийг дансаар шилжүүлэв гэж заасан байгаа. 3 850 000 төгрөг бэлнээр өгсөн гэдгээ юугаар, яаж нотолж байгаа юм бэ. Манайх 10 150 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. О.М нь Цэцэгмаагийн байранд амьдарсан нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Цэцэгмаа нь энэ хэргийн оролцогч ч биш. 2019 оны 01 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа бол энэ зээлийн гэрээнд хүү нь тодорхой байх ёстой. Гэтэл энэ зээлийн гэрээнд ямар ч хүү тогтоосон хувь хэмжээ байхгүй байгаа. Хариуцагч 6 960 000 төгрөг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас 10 150 000 төгрөгөөс хасаж тооцох ёстой. Хэрэгт авагдсан баримтаар 3 850 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Иймээс 10 150 000 төгрөгөөс 9 460 000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой болсон тул үлдэх хэсгийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Огаас зээлийн гэрээний үүрэгт 3 920 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгож, үлдэх 10 080 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 230 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 3 920 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 77 670 төгрөгийг хариуцагч Д.Огаас гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хэрэгт зээлийн гэрээнээс гадна О.М Д.О нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ давхар байгуулагдсан бөгөөд энэ 2 гэрээ нь хоорондоо харилцан хамаарал бүхий тус тусад нь дүгнэх боломжгүй гэрээ хэлцлүүд юм. Хүмүүсийн дунд нэг нь мөнгө зээлүүлж, нөгөө нь түүний хүүнд орон сууцаа үнэгүй хөлслүүлэх замаар хэн хэндээ харилцан ашигтайгаар иргэний эрх зүйн харилцаанд орох үйл явц олон жилийн өмнөөс тогтсон зүйл юм. Хэдийгээр Д.О нь орон сууц хөлслөхөөр гэрээлсэн байраа хүлээлгэж өгөөгүй ч гэрээний эрх зүйн харилцааг үргэлжпүүлэн иргэн С.Цэцэгмаа гэдэг хүний орон сууцыг хөлслөн өгч бидний хоорондын гэрээ бодитойгоор хэрэгжиж дууссан гэж үзэж байна. Тийм байхад шүүхээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах ёстой гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэн гомдолтой байна. С.Цэцэгмаатай байгуулсан орон сууц хөлслөх гэрээ, түүний дагуу Д.Огаас төлбөрийг авч С.Цэцэгмаагийн данс руу шилжүүлж байсан банкны хуулгуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, Д.Огийн шилжүүлж байсан мөнгөний үнийн дүнгүүд нь орон сууц хөлслөх гэрээний үнийн дүнтэй нийцэж байгааг анхаарч үзээгүй. Түүнчлэн Д.О нь зээлийн хүүнд орон сууцанд суулгаж байснаа хүлээн зөвшөөрч мөнгө шилжүүлж байснаас гадна хавтаст хэргийн 6-р хуудсанд өөрийн гараар бичиж өгсөн баталгаандаа үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн үндсэн төлбөр болон алданги төлөөгүй байгаа 2020 оны 2 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүгийн төлбөрийг 2020 оны 1 сарын 20-ны өдөр төлж, 2020 оны 2 сарын 10-ны өдөр гэхэд үндсэн мөнгө 14 000 000 төгрөг дээр нэмж өдрийн 0.5%-н алданги төлөх болохыг баталж байна гэсэн хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтад үнэлэлт дүгнэлт огт хийлгүй үндсэн зээлээс Д.Огийн өгсөн мөнгийг шууд хасаж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-г буруу тайлбарласан хуульд заасны дагуу хүү тооцсон талаар Д.Отай байгуулсан зээлийн гэрээний 2.3-т “Хүүнд нь 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хийгдсэн 022 тоот орон сууц гэрээгээр хийгдсэн 2 өрөө орон сууцанд сууна” гэж, 2019 оны 1 сарын 3-ны өдөр байгуулагдсан 022 тоот орон сууц хөлслөх гэрээний 2.2-т “Талуудын хэлэлцэн тохирсноор сарын төлбөр 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хийгдсэн 023 тоот зээлийн гэрээний хүүнд нь сууна” гэж хүү тогтоосон талаараа гэрээ хэлцлүүддээ бичгээр тодорхой тусгасан байхад шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу дүгнэж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Д.О нь 2019 оны 1 сарын 3-ны өдрийн 022 дугаартай орорн сууц хөлслөх гэрээний дагуу гэрээнд заагдсан орон сууцыг хүлээлгэн өгөөгүй боловч С.Цэцэгмаагийн орон сууцыг хөлслөн өгч төлбөр тооцоог хийж байснаар 1 жилийн хугацаанд ямар нэгэн маргаан үүсээгүй, гэрээ хэлцэл бодитойгоор хэрэгжсэн, үндсэн төлбөр 14 000 000 төгрөгийг алдангийн хамт өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан үйл явдлуудад зөв үнэлэлт дүгнэлт өгөхийг хүсье. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/02691 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Д.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

О.М нь Д.Отай 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, 14 000 000 төгрөгийг зээлж, зээлийн хүүд хариуцагч Д.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын ус-15 гудамж, 3 дугаар байр, 50 тоот орон сууцыг ашиглахаар тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 4, 5 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 14 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин шүүх талуудын тохиролцоо, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хариуцагчийн төлсөн мөнгөн дүнг тооцохдоо зарим мөнгийг давхардуудан нэмж алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай болно.

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд хариуцагч нь 6 960 000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлсөн нь нотлогдсон./хх23,24,25,32,42,43/ Тодруулбал, талуудын хооронд хариу төлбөртэй зээлийн гэрээ байгуулсан, хариу төлбөр болох хүүг орон сууцанд амьдруулах хэлбэрээр буюу өөр үүргээр гүйцэтгэх талаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хүү гэсэн агуулгаар мөнгө шилжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн амьдран  сууж байсан орон сууцны хөлсийг төлсөн зэрэг баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн “орон сууцанд суух нэг сарын төлбөр 550 000 төгрөгөөр тооцсон” гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, 1 жилийн хугацааны төлбөр нь 6 600 000 төгрөг болох бөгөөд энэ хэмжээгээр зээлийн гэрээний хариу төлбөрийг тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх учиртай. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зээлийн гэрээний 2.5, 2.6-д тус тус зааснаар хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үндсэн зээл, алдангийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Иймд, хариуцагчийн төлбөл зохих үүрэг нь үндсэн зээл 14 000 000, хүү буюу орон сууцны хөлс 6 600 000 төгрөг, нийт 20 600 000 төгрөгийн үндсэн үүргээс 6 960 000 төгрөгийг хасаж, үлдэх 13 640 000 төгрөг дээр алданги 490 000 төгрөгийг нэмэхэд 14 130 000 төгрөг болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/02691 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 920 000” гэснийг “14 130 000” гэж, “10 080 000” гэснийг “360 000” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “77 670” гэснийг “176 230” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                  

                                                  ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                           Б.НАРМАНДАХ