Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2020/02691

 

     2020          09             07                                                  184/ШШ2020/02691

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О.М

 

            Хариуцагч: Д.О

            “Зээлийн гэрээний үүрэгт 14 490 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Огийн хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай 14 000 000 төгрөг зээлдүүлсэн. Урьдчилгаа 3 850 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бэлнээр өгч үлдэгдэл 10 150 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5031698773 тоот дансаар өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл дахин 6 сарын хугацаатайгаар сунгасан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусаж мөнгөө нэхэхэд Д.О нь өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлж аргацаасаар мөнгө өгөлгүй өдийг хүртэл намайг хохироож байна. Иймд Д.Огаас зээлийн гэрээний дагуу 14 000 000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 7 хоногийн алданги 490 000 төгрөг, нийт 14 490 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Д.Отай зээлийн гэрээ байгуулж 1 жилийн хугацаатай 14 000 000 төгрөг зээлүүлсэн. Зээлийн гэрээний 2.3-т “2019 оны 01 сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 сарын 03-ыг хүртэл 1 жилийн хугацаанд орон сууцандаа зээлийн хүүд амьдруулна” гэсэн заалтыг оруулж өгсөн байгаа. Гэтэл О.М нь байрандаа амьдруулаагүй бөгөөд манай байранд дүү нар амьдарч байгаа, чи өөр байр хайж олоод амьдарчих. Би түрээсийг нь төлье гэж хэлсэн. Тиймээс нэхэмжлэгч О.М Цэцэгмаа гэх хүнтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулан түүний орон сууцыг түрээслэн амьдарсан. Ингэхдээ 3 850 000 /6 сарын түрээсийн мөнгө, 1 сарын барьцаа хөрөнгө/ төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл О.Мий түрээсэлж байгаа байрны төлбөрийг Д.О төлөх үүргийг хүлээсэн.

           Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд 2019 оны 01 сарын 03-ны өдөр 5069137258 дансанд 10 150 000 төгрөг О.Мөөс орсон гэдэг нь батлагдаж байна. Бүтэн жилийн хугацаанд түрээсийн төлбөрийн хүү болгож Д.О нь түрээсийн төлбөрт 550 000 төгрөг төлж явж байсан. Энэ нь орон сууц байгуулсан гэрээ болон өнөөдөр миний шүүхэд шинээр гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдож байгаа юм. Хавтаст хэргийн 25 дугаар талд 5028288055 дугаартай Цэцэгмаагийн дансанд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3 300 000 төгрөг төлсөн байгаа. Үүнийгээ Д.О хэлэхдээ “би үндсэн зээлдээ төлсөн” гэж байгаа боловч энэ нь мөнгө нь Цэцэгмаагийн байранд амьдарч байгаа түрээсийн төлбөр юм. Тэгэхээр энэ 3 300 000 төгрөг нь үндсэн зээлийн төлбөр болох 14 000 000 төгрөгөөс суутгагдаагүй бөгөөд зээлийн гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу хүүгээ л төлсөн. Хавтаст хэргийн 32 дугаар талд 5014354197 тоот данснаас /Мөнхдөлгөөний нөхрийн данс/ зээлийн хүү 1 000 000 төгрөг, зээлийн хүү 1 750 000 төгрөг төлсөн байгааг үндсэн зээлээсээ төлсөн гэж гүрийгээд байгаа. Гэтэл нь энэ нь өөрөө зээлийн гэрээний хүлээсэн үүргийн биелэлтийг хангах үүргээ биелүүлж зээлийн хүүгээ төлөөд явж байсан. Энэ нь үндсэн зээлтэй ямар ч холбогдолгүй юм. Үндсэн зээлээ төлсөн гэдгийг өнөөдөр шинээр гаргаж өгсөн 23 хуудас дансны хуулгаар нотлогдож байна. Хэдийгээр зээлийн гэрээнд зээлийн хүүг хэд гэж заагаагүй боловч гэрээний 2.3-т зээлийн хүүд байранд нь амьдрах талаар заасан байгааг хариуцагч хүлээн зөвшөөрөөд энэ хэлцлийг хийсэн. Ингээд 3 850 000 төгрөгийг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний доод талд бичсэн. Мөн хавтаст хэргийн 6 дугаар талд 2020 оны 02 сарын 10-ны өдөр Д.О баталгаа гаргаж өгсөн. Энэ баталгаа дээр Би О.Мөөс 14 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Би мөнгөө хугацаанд төлж чадаагүй тул 0,5 хувийн алдангийн хамт төлнө гэсэн утгатай баталгаа гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 24 дүгээр талд 2020 оны 01 сарын 23-ны өдөр 200 000 төгрөг, хавтаст хэргийн 32 дугаар талд 2020 оны 02 сарын 21-ний өдөр нийт 2 750 000 төгрөг авсан. Эдгээр мөнгөний гүйлгээний утгыг харвал зээлийн хүү гэсэн байгаа. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 сарын 03-ны өдөр дуусаж байгаа, гэтэл хамгийн сүүлд 2020 оны 03 сарын10-ны өдөр мөнгө шилжүүлсэн    хугацаа хэтэрсэн өдөр нь 67 хоног.  Хариуцагч хавтаст хэргийн 6 дугаар талд би 67 өдрийнхөө алданги болох 4 950 000 төгрөгийг үндсэн зээлийн хамт төлөхөө баталсан байна. 1 дүгээр сарын 06-ны өдөр 2 500 000 төгрөгийг Д.О шилжүүлсэн байдаг. Энэ мөнгө нь О.Мийг Цэцэгмаагийн байранд үргэлжлүүлээд амьдарч бай, би үндсэн зээлээ төлөх болоогүй байна гээд 5 сарын түрээсийн мөнгийг 1 сарын 550 000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн. Энэ мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ 5 сарын түрээс гэж бичсэн байгаа.  5 сарын түрээсийн мөнгө нь 2 750 000 төгрөг болж байгаа. 2 500 000 төгрөг нь 5 сарын түрээсийн төлбөрийг төлөхөд 250 000 төгрөг дутаж байсан. Үлдсэн 250 000 төгрөгийг 3 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 1 дүгээр сарын 23-ны өдөр 50 000 төгрөгөөр шилжүүлсэн. О.М нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Цэцэгмаагийн байранд амьдарсан. Харин Д.О нь 2020 оны 5 сар хүртэлх түрээсийн төлбөрийг зээлийн хүү болгож төлсөн. Энэ нь шилжүүлсэн мөнгөн дүн болон гүйлгээний утга шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. Хавтаст хэргийн 25 дахь тал дээр Цэцэгмаагийн дансанд О.Мөөс гээд 2019 оны 07 сарын 10-ны өдөр 3 300 000 төгрөгийг төлсөн байгаа. Хэрэв О.М Цэцэгмаатай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байсан бол тухайн байрнаас 2019 оны 7 дугаар сар гэхэд гарчихсан байх байсан. Гэтэл та амьдарч бай гээд 3 300 000 төгрөгийг хүүд тооцож шилжүүлсэн байдаг. Гэрээний хүүг хүмүүс хоорондоо ямар ч хэлбэрээр тохиролцож болно, заавал мөнгөн хэлбэрээр тохиролцох албагүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь онцгой байдлаар бие биедээ ашигтай байх байдлаар зээлийн хүүг тохиролцсон. Хавтаст хэргийн 6 дахь талд 14 000 000 төгрөг төлнө гэдгээ хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаас гадна хариуцагч мөнгө төлөхдөө гүйлгээний утга дээрээ зээлийн хүү гэж бичсэн байгаа. Мөн Оюунтуяагаас Цэцэгмаа руу шилжүүлсэн 3 300 000 төгрөг нь Цэцэгмаагийн байранд Мөнхдөлгөөнийг амьдарч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлсөн байгаа. Тиймээс үндсэн зээлийн төлбөрт 14 000 000 төгрөг шаардаж байна гэв.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... О.Мий нэхэмжилсэн 14 490 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М, Д.О нарын дунд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээнд 14 000 000 төгрөгийг зээлдүүллээ гэж бичсэн байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр тухайн зээлийн гэрээг байгуулагдсан гэж тооцно гэсэн. Зээлийн гэрээнд 14 000 000 төгрөг гэж байдаг боловч дансаар хариуцагч Д.Од 10 150 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хариуцагчийн хувьд 10 150 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, харин 14 000 000 төгрөг аваагүй бөгөөд өмчлөлд нь 10 150 000 төгрөг шилжиж ирсэн нь дансны хуулгаар тогтоогдож байна. 2019 оны 01 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 2.3-т “ хүүд нь 2019 оны 01 сарын 03-ны өдөр 022 тоот орон сууц гэрээгээр хийгдсэн 2 өрөө орон сууцанд амьдарна” гэж заасан. Талууд зээлийн гэрээнд хэдэн хувийн хүү тооцох талаар тогтоогоогүй. Хуульд зохицуулсны дагуу бол хүү тооцоогүй мөнгө зээлсэн бол зээлсэн мөнгөө л авна. Харин хүү тохиролцож мөнгө зээлсэн бол зээлсэн мөнгө дээрээ хүүгээ тооцоод авна, харин байранд амьдарна гэж байхгүй. Хариуцагчийн хувьд 6 960 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Мд төлсөн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тиймээс 3 190 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Энэхүү 6 960 000 төгрөгөө 2019 оны 7 сарын 10-ны өдөр 3 300 000 төгрөг, 2020 оны 01 сарын 23-ны өдөр 200 000 төгрөг, 2020 оны 01 сарын 10-ны өдөр 270 000 төгрөг, 2020 оны 01 сарын 17-ны өдөр 40 000 төгрөг, 2020 оны 01 сарын 22-ны өдөр 350 000 төгрөг, 2020 оны 02 сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 03 сарын 11-ний өдөр 50 000 төгрөг, 2020 оны 03 сарын 14-ний өдөр 50 000 төгрөгийг тус тус төлж дуусгасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ 14 000 000 төгрөг зээлэхдээ 10 150 000 төгрөгийг дансаар, 3 850 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж ярьж байна. Гэтэл зээлийн гэрээний 2.1-т 14 000 000 төгрөгийг дансаар шилжүүлэв гэж заасан байгаа. 3 850 000 төгрөг бэлнээр өгсөн гэдгээ юугаар, яаж нотолж байгаа юм бэ. Манайх 10 150 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. О.М нь Цэцэгмаагийн байранд амьдарсан нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Цэцэгмаа нь энэ хэргийн оролцогч ч биш. 2019 оны 01 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа бол энэ зээлийн гэрээнд хүү нь тодорхой байх ёстой. Гэтэл энэ зээлийн гэрээнд ямар ч хүү тогтоосон хувь хэмжээ байхгүй байгаа. Хариуцагч 6 960 000 төгрөг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас 10 150 000 төгрөгөөс хасаж тооцох ёстой. Хэрэгт авагдсан баримтаар 3 850 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Иймээс 10 150 000 төгрөгөөс 9 460 000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой болсон тул үлдэх хэсгийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч О.М зээлийн гэрээний үүрэгт 14 490 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт 14 000 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хариуцагч Д.О хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж тус тус заажээ.

2019 оны 01 сарын 03-ны өдөр А.Мөнхдөлгөөн /зээлдүүлэгч/,  Д.О /зээлдэгч/ нар 14 000 000 төгрөгийг 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, хүүд нь 2 өрөө сууцанд суухаар 023 дугаар зээлийн гэрээ /хх-4/ байгуулсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэстэй байна. Зээлийн гэрээний 2.3-т “Хүүд нь 2019 оны 01 сарын 03-ны өдөр хийгдсэн 022 тоот орон сууц хөлслөх гэрээгээр хийгдсэн 2 өрөө орон сууцанд сууна” гэж заасан боловч зээлийн хүү буюу 2 өрөө орон сууцыг хэдэн төгрөгөөр тооцож хөлсөлсөн болох нь зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээнд /хх-5/ тодорхой тусгагдаагүй байна.  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан нь зөвхөн нэхэмжлэгч О.Мд хамаарах заалт бөгөөд зээлийн хүүд хариуцагч Д.Огийн   өмчлөлийн нийслэлийн Баянзүрх дүүрэг, 8 хороо, Төмөр замын ус-15 гудамж, 3 байр, 50 тоот хаягт байрлах /хх-5, 7/ 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хөлслөхөөр тохиролцсон буюу нэхэмжлэгч зээлүүлсэн мөнгөнийхөө хүүд  хариуцагчийн орон сууцанд үнэгүй суухаар тохирсон нь хариу үүрэг тохирсон  гэж үзэх ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах харилцаанд хамаарна. Тодруулбал орон сууц хөлслөгч  О.М нь орон сууц хөлслүүлэгч Д.Ог гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийг шаардах байсан атал зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн хүү гаргуулахаар шаардсан нь ойлгомжгүй болжээ.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчээс 14 000 000 төгрөг бус 10 150 000 төгрөг зээлсэн гэх тайлбар гаргадаг боловч түүний тайлбар зээлийн гэрээний дор “урьдчилгаа 3,850,000 төг-ийг 2019.01.02-ний өдөр бэлнээр авч үлдэгдэл 10,150,000 ₮-г 2019.01.03-ны өдөр 5031698773 тоот дансаар авав” гэх бичилт /хх-4/, Баталгаа гаргах нь /хх-6/ гэх баримтаар няцаагдаж байна.

           Зохигчид нотлох баримтаар өгсөн банкны хуулга дээрх шилжүүлсэн үнийн дүнгийн тухай маргаагүй харин нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгийг зээлийн хүү гэж төлсөн, хариуцагч шилжүүлсэн мөнгийг үндсэн зээл гэж төлсөн тухай маргаж байх бөгөөд  шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч Д.Огийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-23-25/, Голомт банкны дансны хуулга /хх-42-43/, нэхэмжлэгч О.Мий Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-71-72/ болон бусад баримтыг тал бүрээс нь харьцуулан судалж, дотоод итгэлээр үнэлэн хариуцагчаас нэхэмжлэгчид 10 080 000 төгрөгийн /200 000 + 3 300 000 + 270 000 + 40 000 + 350 000 + 2 500 000 + 270 000 + 350 000 +2 500 000 + 1 020 000 = 10 080 000/ зээлийг буцаан төлсөн гэж дүгнэлээ.

           Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-д зааснаар хариуцагч Д.Огаас зээлийн гэрээний үүрэгт 3 920 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгож, үлдэх 10 080 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагаас 3 920 000 төгрөг хангаж шийдвэрлэсэн тул түүнд ногдох тэмдэгтийн хураамж 77 670 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С.Цэцэгмаа гэх иргэнийг энэ хэрэгт хамааралтай гэх агуулга бүхий тайлбар гаргадаг боловч түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг зохигчдын хэн аль нь гаргаагүй тул шүүх санаачилгаараа гуравдагч этгээдээр татах үндэслэлгүй бөгөөд орон сууц хөлслөх гэрээ /хх-67-68/, С.Цэцэгмаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг /хх-69-70/ нотлох баримтаар үнэлсэн боловч шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-д зааснаар хариуцагч Д.Огаас зээлийн гэрээний үүрэгт 3 920 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгож, үлдэх 10 080 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 230 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 3 920 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 77 670 төгрөгийг хариуцагч Д.Огаас гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ЭНХТӨР