Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00288

 

 

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00288

 

 

О.*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/02691 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2145 дугаар магадлалтай,

О.*******ий нэхэмжлэлтэй,

Д.*******д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,490,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,490,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.    

 

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/02691 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 3,920,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, үлдэх 10,080,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 230,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 3,920,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 77,670 төгрөгийг хариуцагч Д.*******гаас гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2145 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/02691 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 3,920,000 гэснийг 14,130,000 гэж, 10,080,000 гэснийг 360,000 гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын 77,670 гэснийг 176,230 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 2145 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1, 172.2.1-т заасныг удирдлага болгон гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.******* нарын хооронд 2019.01.03-ны өдөр 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан бөгөөд хариуцагч уг зээлийн гэрээний дагуу Д.*******гийн эзэмшилд 10,150,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнчлэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч хүүгийн талаар огт тусгаагүй, хэчнээн хувиар тохиролцсон нь тодорхойгүй байна. Ингээд анхан шатны шүүхээс хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд, талуудын тайлбарт үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагаас 10,080,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 3,920,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 281.1, 282.3, 282.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч Д.*******гаас 14,130,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч хүүг тохиролцоогүй нь Иргэний хуулийн 282.3 Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэснийг зөрчиж талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулж уг орон сууцны сарын төлбөр нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүг тодорхойлж байна гэж хуулийг тайлбарласан хэрэглэсэн болно. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний тухайд зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй тусдаа харилцаа болохыг шүүх анхаарч үзсэнгүй болно.

Иймд талуудын хооронд хүү тогтоогоогүй учир хариуцагч Д.*******гийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.07-ны өдрийн 184/ШШ2020/02691 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 2145 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн үүрэгт 14,490,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 14,000,000 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 14,000,000 төгрөг бус 10,150,000 төгрөг зээлсэн гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Д.*******гаас 3,920,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 10,080,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хариуцагчаас 14,130,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

7. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019.01.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 12 сарын хугацаатай, 14,000,000 төгрөгийг зээлж, зээлийн хүүд Д.*******гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын ус-15 гудамж, 3 дугаар байр, 50 тоот орон сууцыг ашиглахаар харилцан тохиролцжээ.

 

Зээлийн гэрээний дагуу О.******* 14,000,000 төгрөгийг Д.*******д шилжүүлсэн. Хариуцагч Д.******* нь 6,960,000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлсөн үйл баримт тогтоогджээ. (хх-6, 23-25, 32, 42-43)

 

9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

Анхан шатны шүүх талуудын тохиролцоо, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн төлсөн мөнгөн дүнг тооцохдоо давхардуулан нэмж алдаа гаргасныг залруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй гэж үзэв.

 

10. Зээлийн гэрээний 2.3-т Хүүд нь 2019.01.03-ны өдөр хийгдсэн 022 тоот орон сууц хөлслөх гэрээгээр хийгдсэн 2 өрөө орон сууцанд сууна гэж заасан нь талуудын хооронд хариу төлбөртэй зээлийн гэрээ байгуулагдсан, хариу төлбөр болох хүүг орон сууцыг хөлслөх хэлбэрээр буюу өөр үүргээр гүйцэтгэх талаар тохиролцсон болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талууд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч хүүгийн талаар огт тусгаагүй, хичнээн хувиар тохиролцсон нь тодорхойгүй... гэж хүү, алданги төлөхөөс татгалзсан гомдлыг хангах боломжгүй байна.

 

11. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлбөл зохих үүрэг нь үндсэн зээл 14,000,000, хүү буюу орон сууцны хөлс 6,600,000 төгрөг, нийт 20,600,000 төгрөгийн үндсэн үүргээс 6,960,000 төгрөгийг хасаж, үлдэх 13,640,000 төгрөг дээр алданги 490,000 төгрөгийг нэмэхэд 14,130,000 төгрөг гэж маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2145 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН