Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 346

 

С.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар магадлалтай, С.Мөнхжаргалд холбогдох 1838007900429 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянгын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Өндөрийнхөн овогт Самбуухүүгийн Мөнхжаргал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Мөнхжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхжаргалыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Мөнхжаргалаас 984.492 төгрөг гаргуулж хохирогч Л.Насанжаргалд олгуулах, хохирогч Л.Насанжаргал нь цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөг” гэснийг “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөг” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянга гаргасан гомдолдоо: “…Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч С.Мөнхжаргал болон түүний өмгөөлөгч нар Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 503 дугаар дүгнэлт, мөн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 563 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаад байхад мөрдөгч болон прокурор хүлээн аваагүй,

Гэмт хэрэг гарснаас хойш 1 сар гаруй хугацаа өнгөрсний дараа хохирогч Л.Насанжаргалаас хэзээ авахуулсан нь мэдэгдэхгүй өөрийн гэмтсэн гэх фото зураг нотлох баримтаар өгч нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т “Гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж зааснаас харахад хохирогч Л.Насанжаргалын биед учирсан гэх “тархины дагзны дэлбэнд няцралт” бүхий гэмтлийг С.Мөнхжаргал учруулсан эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн насанд хүрээгүй гэрч Э.Алдаршийн “...Ээжийг маань нэг танихгүй эгч үсдээд өшиглөөд цохиод байсан. Тэгж цохиж байхдаа ээжийг муухай хараалын үгээр харааж байсан. Би тухайн үед айсандаа хөнжлөө нөмөрч нуугдаад завсраар нь дахиад харахад гаднаас орж ирсэн эмэгтэй манай ээжийг зодсон. Ээжийг маань зодсоны дараа тэр эгч цамцаа өөрөө урж хаяснаа манай зурагтыг гараараа цохичихоод гараад явсан...” гэх мэдүүлгээр хохирогч Л.Насанжаргал нь шүүгдэгчийн гэрт шөнө оройн цагаар ирж хэрүүл маргаан үүсгэсэн бөгөөд хохирогчийн зүй бус үйлдлээс болж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалсан юм.

Шүүх С.Мөнхжаргал, Л.Насанжаргал нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2 тусад нь шалгаж шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1-д “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна”, 2-т “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан байхад нэгтгэж шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхээр байна. Тухайн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд ч тэр, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд ч тэр өөр хоорондоо хамаарал бүхий байхад хэргийг нэгтгэхгүйгээр, нэг хэрэг нь шийдвэрлээгүй байхад нөгөөг шийдвэрлэсэн байна.

Анхан болон Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7-д “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасныг зөрчиж, хэргийг нэгтгэхгүйгээр С.Мөнхжаргал, Л.Насанжаргал нар нь өөр цаг хугацаанд гомдол гаргасан учраас хэргийг нэгтгэх шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа прокурорын гаргасан алдааг анхаараагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал хэлсэн саналдаа: “Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай. Энэ гэмт хэрэг нь нэг газарт, нэг цаг хугацаанд хоёр хүний хооронд болсон байхад мөрдөгч, прокурор нь хэргийг тусад нь шалгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин шүүх энэ алдааг засаж, хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй нь буруу байна.

Мөн шүүгдэгч С.Мөнхжаргал болон түүний өмгөөлөгч нар нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсныг мөрдөгч, прокурор хүсэлтийг хүлээж аваагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэгтгүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Мөнхжаргал, хохирогч Л.Насанжаргал нар нь маргалдаж, харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар нотлогдон тогтоогдсон.

Гэхдээ энэ гэмт хэрэг нь нэг цаг хугацаанд, шалтгаан нөхцөл нь өөр хоорондоо хамаарал бүхий байхад хэргийг тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж,  шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй” гэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:                                                                             

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянгын гаргасан гомдлыг үндэслэн С.Мөнхжаргалд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, мөрдөн байцаалтын ажиллагааны ерөнхий нөхцлийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчин, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд илэрхий саад болох нөхцөл байдлыг анхааралгүй, зарим шүүгдэгчид холбогдох хэргийг үндэслэлгүй тусгаарласан байхад шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, улмаар Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ноцтой нөлөөлж болох нөхцлийг бүрдүүлжээ.

Тодруулбал, 2018 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Л.Насанжаргал, С.Мөнхжаргал нар нь маргалдаж, харилцан зодолдож бие, биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэх нэг цаг хугацаанд хоёр хүний хооронд болсон маргаантай холбоотой асуудлыг шалгахдаа тус тусад нь хэрэг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Улмаар өөр өөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд нэг үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийгдэж, нэгдмэл байдлаар шийдвэрлэгдвэл зохих хэргийг үндэслэлгүйгээр тусгаарласан нь хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт байдлаар хянах, хууль ёсны  шийдвэр гарах нөхцлийг алдагдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн байхад шүүх хэргийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.         

 Давж заалдах шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлын талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь буруу байх тул мөрдөн шалган ажиллагааны явцад гарсан зөрчлийг арилган, Л.Насанжаргал, С.Мөнхжаргал нарт холбогдох хэргийг нэгтгэн шалгуулах шаардлагатай гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянгын “...хэргийг нэгтгэхгүйгээр, нэг хэрэг нь шийдвэрлээгүй байхад нөгөөг шийдвэрлэсэн байна. ... хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү” гэсэн гомдол болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах талаар гаргасан хууль зүйн дүгнэлтийг тус тус хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН