Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
Хэргийн индекс | 159/2016/0003/З |
Дугаар | 159/ШШ2016/0008 |
Огноо | 2016-04-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 159/ШШ2016/0008
Монгол Улсын нэрийн өмнөөс
Хэргийн индекс 159/2016/0003/З
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ж.Сэлэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох,
Сэлэнэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндсэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ж.Сэлэнгэ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Лхагвагэрэл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Жүгдэр овогтой Сэлэнгэ нь 2005 онд Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг дүүргэж 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт эдийн засагчаар ажилд томилогдон орсон бөгөөд 2006 оны 03 сарын 01-ний өдрийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 05 тоот тушаалаар Хоршоолол, хөдөө аж ахуйн ололт нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнээр томилогдож, ажиллаж байх хугацаандаа хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулагдсан орон нутгийн экстейншин, хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн шаталсан сургалтуудад хамрагдаж төгссөн.
2006-2007 онуудад Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран зохион байгуулсан орон нутгийн экстэйншиний сургагч багш бэлтгэх 1-3 шаталсан дамжааг дүүргэж, сургагч багш эрхийн сертификат авсан.
2007 оны 10 дугаар сард Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран зохион байгуулсан “Үхэр, хонины хөдөө аж ахуйг эрчимжүүлж, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт сургалтанд хамрагдаж сертификат, 2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хоршооллын сургалт мэдээллийн төв, Хоршооллын менежментийг сайжруулах төсөлтэй хамтран зохион байгуулсан “Хоршооны зөвлөх” бэлтгэх сургалтанд хамрагдаж 02/10 дугаартай сертификат авч хоршооны орон нутгийн зөвлөхөөр ажиллах эрх авсан. 2007 онд Бүгд найрамдах Вьетнам улсад “Хоршооны туршлага солилцох” 16 хоногийн сургалтанд хамрагдсан. 2008 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 15-ны өдрүүдэд Япон улсад “Хөдөө аж ахуйн экстейншиний тогтолцоог бэхжүүлэх нь сургалт семинарт хамрагдаж олон улсын сертификат, 2008 оны 05 дугаар сард олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Хоршооллын сургалт мэдээллийн төвтэй хамтран зохион байгуулсан “Бизнес эхэл, бизнесээ хөгжүүл” сэдэвт сургалтанд хамрагдаж “Сургагч багшийн гэрчилгээ”, 2011 оны 12 дугаар сарын 23-нд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулсан “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд давтан хамрагдаж, тус хөтөлбөрийг орон нутагт явуулах сургагч багшийн эрхийн батамжлах гэрчилгээг авсан. 2012 оны 03 дугаар сарын 30-нд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулсан, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай дүүргэж багшлах эрхийн сертификат тус тус авсан.
Дээрх сургалтуудад хамрагдаж ажиллах эрхийн дагуу 2005 оноос Хүнс, хөдөө аж ахуйн газарт хоршоолол, хөдөө аж ахуйн ололт нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнээр, 2009 оны 02 дугаар сарын 15-нд Хүнс, хөдөө аж ахуйн газарт Хоршоо, экстейншин хариуцсан мэргэжилтнээр, 2014 оны 02 дугаар сарын 25-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт үйлдвэр, хүнд хөнгөн үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 02 дугаар сарын 17-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт хүнд, хөнгөн үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 04 дүгээр сарын 01-нд Хүнс хөдөө аж ахуйн газарт төмс, хүнсний ногоо, зоорь, агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл, хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж, тус газарт тасралтгүй 10 жил ажилласан билээ.
Төмс хүнсний ногоо, зоорь агуулах жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллах хугацаанд 2015 онд даргатай байгуулсан ажлын байрны тодорхойлолтанд: Ажлын байрны зорилго: зорилтод 1 дэх заалтын 1.5, ажлын байрны гол үйл ажиллагааны ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд: 1,2 дахь заалт, ажлын байрны 5 дугаар үндсэн зорилтын хүрээнд: Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ эрхлэгчдийн мэргэжилтэй боловсон хүчний баазыг бэхжүүлэх, сургалт мэдээ, мэдээллийн таатай нөхцлийг бүрдүүлэх зэрэг заалтуудтай нийцсэн, мөн 2015 онд Х.Даваахүү даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд: Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, тариалах ургамалын төрлийг олшруулах зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх заалтын хүрээнд: Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд тусгасан хүлэмжийн аж ахуйн тоог нэмэгдүүлэх, 35 нэр төрлийн таримал тариалах, хамгаалагдсан хөрсөнд тариалах таримлын нэр төрөл нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.
Үр дүнгийн гэрээний Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хүрээнд:
1.Удирдлагын онол, арга зүйн мэдлэгээ дээшлүүлж, ажил эрхлэх ур чадвараа бүтээлчээр нэмэгдүүлэх эрэл хайгуул хийнэ.
2.Мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч, гадаад, дотоодын сургалтанд хамрагдана гэсэн заалтыг хэрэгжүүлсэн болно.
Жүгдэр овогтой Сэлэнгэ миний бие нь Х.Даваахүү даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ биелүүлэх зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Х.Даваахүү даргатай ярилцаж, мэдэгдсэний дагуу цахим сайтад орж application бөглөж бүртгүүлж явуулсан. Бүртгүүлэхдээ өөрийгээ тус сургалтанд тэнцэж хамрагдах эсэхийг нь би мэдээгүй ээ. Харин тухайн байгууллага болон, Хятад улсын улаан өндөгний баяр давхцаж, Хятадын элчин сайдын яам 10 хоног ажиллаагүй, үйлчлүүлэгч хүн ихтэй байсаны улмаас тус сургалтанд хамрагдах зөвшөөрлийг тулгуу явуулсан учир ийм нөхцөл байдал үүссэн. Х.Даваахүү дарга мэдэгдэхэд зөвшөөрсөн мөртлөө сургалтанд хамрагдах урилга болон виз, билет бүх зүйл бэлэн болсон хойно, Х.Даваахүү дарга чөлөө өгөхгүй хясаж, тэрч байтугай дарга нар чөлөө өгөхгүй байгаа миний нөхцөл байдлыг ойлгож 2015 оны 10 дугаар сарын 14-нд явах ёстой байсан билетийг хойшлуулж 2015 оны 10 дугаар сарын 16-нд явахаар сунгаж өгч байсан бөгөөд миний бие 2015 оны 10 дугаар сарын 15-нд өглөө ажилдаа ирээд 15-ны орой Сүхбаатараас хөдөлж 2015 оны 10 дугаар сарын 16-нд ниссэн билээ. Гэтэл Х.Даваахүү дарга тушаалаа 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож ажлаас үндэслэлгүй тушаал гаргаж халсан байна.
Дээр дурьдсан нөхцлүүдийг хангаж эрх үүргийнхээ дагуу даргаас чөлөө хүсч 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дарга дээр барьж орсон. Дарга өргөдөлтэй огт танилцаагүй хугацаа тулгаж авчирж байна гэж уурласан. Учир шалтгааныг тайлбарласан. Хятад улсын улаан өндөгний баяр давхцаж, Хятадын элчин сайдын яам 10 хоног ажиллаагүй, үйлчлүүлэгч хүн ихтэй байсаны улмаас, мөн хоёр улсын элчин сайдын яам, гэрээ хэлцлээр Монгол улсаас 4 хүн явах ёстой байсаны нэг нь явахгүйн улмаас 3 хүн үлдсэн. Намайг явахгүй бол Монгол Улсын квотод, ирц 50 хувьд хүрэхгүй, Монгол улс болон Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төрийн нарийн бичгийн даргын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх учир шалтгааны улмаас миний бие албан ёсны урилгыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орой хүлээн авсан бөгөөд ажил тараад дарга явсан учраас 13-ны өглөө даргад танилцуулсан болно. 13-14-ны өдөр хүртэл дарга дээр чөлөө өгөөч гэж удаа дараа орж хэлж ойлгуулах арга хэмжээ авсан боловч дарга тулгаж оройтож чөлөө хүслээ гэсэн шалтгаанаар огт хүлээж аваагүй, Би хувьдаа чөлөө өгөхгүй, явбал ажлаас хална гэж хэлээд гар гэсэн. 2015 оны оны 10 дугаар сарын 14-нд орой ажил тарахаас өмнө Засаг даргад өргөдөл бичиж очтол байгаагүй. Орлогч дарга Н.Батдоржид танилцуултал маргааш засаг дарга ирнэ тэгээд танилцуулаарай гэсэн. 2015 оны 10 дугаар сарын 15-нд Засаг даргад өргөдөл өгсөн. Мөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өргөдлөө өгөөд Ө.Сувдаа дарга байхгүй байсан учраас өргөдлийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичиг Ган-Отгонд хүлээлгэн өгсөн. Олон улсын сургалтын зардал 5000 долларыг төлөх хүртэл арга хэмжээ авах гээд байна гэсэн. Та нэг хүний лимит зөвшөөрч авчихаад намайг хясах нь ямар учиртай юм бэ? гэх мэт асуудлуудыг огт хүлээж аваагүй.
Би өөрөөсөө шалтгаалах байгууллагын албаны дарга, захиргаа удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтэн нартаа учир байдлыг танилцуулахад бүгд дэмжиж хүлээн авч байсан ба зөвлөлийн хурал ч хуралдуулахаар зэхсэн боловч хуралдаагүй.
Дарга албаны дарга Ж.Хүрэлбаатараас Ж.Сэлэнгийн явах асуудлын талаар мэдэж байна уу гэж асуухад Ж.Хүрэлбаатар дарга мэдэж байгаа, албаны даргын хувьд дэмжиж байгаагаа ч хэлж байсан. Миний хувьд өөрөөсөө шалтгаалах бүхий л арга хэмжээг энэ богино хугацаанд бүгдийг авсаар байтал чөлөө олголгүй 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай” 48 тоот тушаал гаргасан явдалд гомдолтой байна.
Миний бие уг байгууллагад мэргэжлээрээ 10 жил ажилласан ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй. Үр дүнгийн гэрээнд заагдсан үүргээ хангалттай сайн биелүүлж байсан. Миний мэргэжил, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, сургалтанд явуулахгүй байгаа энэ асуудал, мөн үр дүнгийн гэрээ байгуулахад ч хүртэл баталгаажуулж өгөхгүй байх, гэрээ дүгнэхдээ өөрийнхээ үзэмжээрээ, хийсэн ажлын тайланг минь уншуулж, яриулахгүй муу үнэлгээ тавих хүртэл өөрийн үзэмжээр байнга асуудлыг шийдвэрлэж байдаг нь бэлгийн дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлоготой ч холбоотой байх төдийгүй мэргэшсэн мэргэжилтэн намайг ажлаас халах тухай асуудлыг хөндөх зэрэг дарамт шахалт үзүүлсээр 5 жилийн нүүр үзлээ. Х.Даваахүү даргын алба хаших хугацаанд дээрх байдлаар шахалт үзүүлчихээд, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх гэж сургалтанд хамрагдах саналыг минь дэмжихийн оронд ажил хийдэггүй, хүүхэд гаргаж гэрт суудаг гэх мэтээр гутаан доромжилж байгаа нь мөн дээрх үл ойлголцох зан чанарууд нь бэлгийн дарамт шахалт үзүүлж чадаагүй хүнээ ажлаас нь заавал халдаг гэсэн олны үг үнэн болох нь харагдаж байна.
Иймд уг тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, энэ хугацаанд олгогдохгүй орхигдсон цалин хөлсийг нөхөн олгуулж, 4 настай, 2 настай охидыг минь өсөж бойжих нөхцлийг бүрдүүлж, цаашид ажиллах эрхийг минь сэргээж, амьдралын баталгааг ханган шийдвэрлэж өгнө үү гэж хүсч, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2015 оны 12 дугаар сарын 21-нд өргөдөл гаргаж өгсөн. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь уг өргөдлийн хариуг 2016 оны 02 дугаар сарын 12-нд надад гардуулж өгсөн.
Иймд миний бие 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №27 тоот Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол, Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №48 тоот даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлээд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Сэлэнгэ нь манай байгууллагад ажиллаж байгаад Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга миний 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 тоот тушаалаар ажлаасаа халагдсан болно. Энэ тушаалыг гаргах болсон учир шалтгааныг дурьдвал:
1.Ж.Сэлэнгэ нь 2015 оны 10 дугаар сарын 13-нд би Хятад улсад зардлыг Хятадын тал хариуцах сургалтанд өөрөө хөөцөлдөж байгаад явах болсон тухайгаа амаар хэлсэн. Энэ үед би анх удаа 45 хоногоор сургалтанд явуулах боломжгүй гэж амаар хариуг тэр дор нь өгсөн. Гэвч маргааш дахин та сургалтанд явуулчихаач гэж дахин амаар хэлэхэд би өмнөх боломжгүй гэсэн хариугаа өгсн юм. Ингээд яам, аймгийн удирдлагаас сургалтандаа явах чөлөө авахаар хөөцөлдөөд бүтэхгүй нааштай хариуг аваагүй учир 2015 оны 10 дугаар сарын 13-наас 14-ний орой ажил тарсан хойно даргад өгөөрэй гээд чөлөө хүссэн өргөдлөө үлдээгээд ямар ч чөлөө зөвшөөрөлгүй ажил таслаад явсан байсан. 3 хоногоос дээш цалинтай, цалингүй чөлөө олгох эрх нь байгууллагын даргад байдаг.
2.Энэ удаа гадаадад сургалтанд явуулах боломжгүй гэж үзсэн нь:
А. Өмнө гадаад дотоодын маш их сургалтанд хамрагдаж байсан. Сурсан мэдсэнээ хариуцсан ажилдаа тэр бүр харуулж хариуцсан ажлаа сайн хийж байгаагүй нь ээлжийн болон хүүхэд төрүүлсэний амралтгүй байх үедээ 2 удаа ажлаа дүгнүүлэхэд хангалттай сайн үнэлгээ дунд авч байгаагүйгээр нотлогдоно.
Б. Оны сүүлч болсон тайлан мэдээ гаргах, ургацын эцсийн мэдээ гаргах, үр дүнгийн гэрээнүүд дүгнэх, хөтөлбөрүүдийн биелэлт гаргах зэрэг цаг хугацаа таарсан тул ажил ихтэй байсан.
В. Ж.Сэлэнгэ 2 ч удаа жирэмсэний амралттай хүүхдээ асарч байх үед нь манай байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж Ж.Сэлэнгээгийн хариуцдаг байсан хоршоо, экстэйшний асуудал байхгүй болсоны улмаас хуулийн дагуу ажлын байрыг хадгалж төмс, хүнсний ногоо хариуцсан мэргэжилтнээ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулж холбогдох хуулийн дагуу тэтгэмжийг өгч халаад Ж.Сэлэнгээг дээрхи орон тоо ажлын байранд авч 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс ажиллуулсан юм. Шинэ ажилд авсан учир ажилдаа дадах тайлан мэдээгээ гаргаж сурах шаардлага байсан. Дээрх шалтгааны улмаас энэ удаа чөлөө өгч гадаад сургалтанд явуулах шаардлагагүй гэж үзээд өгөөгүй юм. Гэтэл өөрөө дураараа ажлаа таслаад явсан нь төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ зөрчсөн, удирдах удирдуулах явдлыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд:
Өөрийн нэхэмжлэлд чөлөө аваагүй явснаа зөвшөөрөн дурьдсан нь ажил тасалсан гээд ойлгосон боловч ажлаа 45 хоног тасалсан хүнийг байгууллагын дотоод журам, төрийн албаны хуулийн холбогдох заалтыг үндэслэж, ажлаас халсныг мэдсээр байж олон янзын тйлбар дүгнэлт гаргаж хүн гүжирдэж байгаа нь ч энэ хүн ямар хэмжээний ухамсаргүй, ёс зүйгүйгээ харуулж байна гэж үзэж байна. Намайг гүжирдсэн нь:
1.2015 оны 09 дүгээр сарын 11-нд гадаадад сургалтанд явах тухай ярилцсан гэж /огт ярилцаагүй/
2. Өмнө нь зөвшөөрсөн мөртлөө урилга виз, билет бүтэхээр чөлөө өгөхгүй хяссан гэсэн нь
3. Чөлөө өгч гадаадад сургалтанд явууллаагүй нь бэлгийн дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого холбоотой байх гэх зэргээр гүтгэн гүжрдэж ажлаас халах тушаалаа хүчингүй болгохыг оролдож байгаа нь нотлох баримт, хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй асуудал гэж үзэж байна.
Жич: 1. Ж.Сэлэнгээ Хятад сургалтанд явуулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн яам болон аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газраас албан бичиг тоот ирүүлээгүй мөн талаар ярьсан хүн албан тушаалтан байхгүй болно.
2. Ажлаас халсан тушаал гаргахдаа үндэслэсэн байгууллагын дотоод журам, өргөдөл хэрхэн хүлээн авч хэзээ шийдвэр гаргасан зэрэг холбогдох нотлох баримтуудыг нотариатаар батлуулж хүргүүллээ. Манай Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас санхүүждэг хосолмол удирдлагатай агентлаг юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвагэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Ж.Сэлэнгэ сургалтанд хамрагдах гээд материал бүрдүүлээд явж байсан. Миний хувьд бол сургалтанд явахыг нь дэмжиж байсан. Хамгийн гол нь би эцсийн шийдвэр гаргадаг хүн биш. Хүнс, хөдөө аж ахуйн дарга Х.Даваахүү эцсийн шийдвэрийг гаргадаг. Болсон бүх процесс нь Х.Даваахүү даргын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар дээр бичээстэй байна. Энэ удаад гадаад руу явуулах боломжгүй гэж үзсэн байгаа. Хөдөө аж ахуйн газар хоёр удаа бүтцийн өөрчлөлтөнд орсон. Хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газар байсныг өөрчилж Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болсон. Тэр үед Ж.Сэлэнгээ үйлдвэр хоршоо, эксштейншин хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.
Намайг 2015 оны 03 дугаар сард ажилд ороход Үйлдвэр хөдөө аж ахуйн газар болж нэршил нь өөрчлөгдчихсөн байсан. Бүтцийн өөрчлөлтөөр Аж үйлдвэрийн яам гэж байгуулагдаж энэ хүний ажлын байр нь байхгүй болсон. Яг тэр үед нь Ж.Сэлэнгэ хүүхэд асрах чөлөөтэй байсан. Хүүхэд асрах чөлөөтэй байсан учраас хуулинд зааснаар ажлыг байрыг нь хадгалсан байх ёстой. Тэр утгаараа Ж.Сэлэнгэ ажилд орох гээд ирэхээр нь н.Уянга гэдэг хүнийг бүтцийн өөрчлөлт гэж ажлаас халаад тэр хүний ажлын байран дээр Ж.Сэлэнгээг ажиллуулсан. Гэхдээ Ж.Сэлэнгээгийн ажиллах ёстой ажлын байрнаас тэс өөр ажлын байр байсан учраас дадлагажуулъя гээд тухайн ажлын чиг үүрэг, үр дүнгийн гэрээний талаар судлаарай гэж хэлж байсан. Өмнө нь гадаад дотоодын сургалтанд хоршоо эксштейншин мэргэжилтний хувьд олон удаа хамрагдсан. Сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлж хариуцсан ажлаа сайн хийж байгаагүй нь ээлжийн болон хүүхэд төрүүлсэний амралтгүй байх үедээ хоёр удаа ажлаа дүгнүүлэхэд хангалттай сайн үнэлгээ аваагүй, дунд үнэлгээ авч байгаагаар нотлогдоно. Энэ хүнийг сургалтанд явуулахгүй гэсэн нэг шалтгаан нь оны сүүл болж тайлан мэдээ гаргана, үр дүнгийн гэрээ болон хөтөлбөрүүдийн биелэлт шалгах ажилтай цаг хугацааны хувьд давхцсан ажил ихтэй байсан. Ж.Сэлэнгэ хоёр удаа жирэмсний амралттай хүүхдээ асарч байх үед нь манай байгууллагад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Ж.Сэлэнгийн хариуцдаг ажил байхгүй болсон. Шинэ ажилдаа дадах тайлан мэдээгээ гаргаж сурах шаардлага байсан. Дээрх шалтгааны улмаас энэ удаад сургалтанд явуулах шаардлагагүй гэж үзээд чөлөө өгөөгүй. Чөлөө өгөөгүй байхад 45 хоног ажлаа тасалж явсан.
2015 оны 10 дугаар сарын 15-нд Х.Даваахүү дарга надад чөлөө өгөх боломжгүй байсаар байтал явсан тул ажил тасалсанд тооцож ажлаас халъя гэхдээ дотоод журманд юу гэж заасан байдгийн тэрнийхээ дагуу 2-3 хоног харъя юмыг яаж мэдэх вэ? буцаад хүрээд ирж магадгүй шүү гэж хэлсэн. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр пүрэв гариг байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлаас халах төсөл боловсруулж хэлэлцүүлсэн. Би тушаалын төсөл дээрээ 2015 оны 10 дугаар сарын 15-наас хойш ажилдаа ирээгүй учраас хэд хоног харж байгаад анх ажилдаа ирээгүй өдрөөр нь ажлаас халах төсөл бичсэн. Х.Даваахүү дарга шүүхэд гаргасан тайлбартаа Ж.Сэлэнгэ нь 2015 оны 09 дүгээр сарын 11-нд гадаад улсад сургалтанд явах талаар даргатай ярилцсан гэж бичсэн байна. Би Ж.Сэлэнгэтэй энэ талаар огт ярилцаагүй гэсэн байна. Өмнө нь зөвшөөрсөн мөртлөө виз бүтсэний дараа зөвшөөрөхгүй гэж хяссан. Чөлөө өгч гадаад явуулаагүй нь бэлгийн дарамт үзүүлэх оролдлоготой холбоотой байх гэх мэтээр гүжирдэж ажлаас халах тушаалаа хүчингүй болгуулахыг оролдож байгаа нь нотлох баримт хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй асуудал гэж шүүхэд гаргасан хариу тайлбартаа бичсэн байна. Шүүхэд ажлаас халсан тушаал гаргахдаа үндэслэсэн байгууллагын дотоод журам, өргөдөл хэрхэн хүлээн авч шийдвэр гаргасан зэрэг холбогдох бүх нотлох баримтуудыг нотариатаар батлуулж хүргүүллээ гэсэн байна. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай тушаалаар тус Хүнс, хөдөө аж ахуйн газрын төмс, хүнсний ногоо, зоорь, агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл, хариуцсан мэргэжилтэн Ж.Сэлэнгийг “байгууллагын даргын зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа орхин явсан” гэж Төрийн албаны тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэг болон байгууллагын дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн төрийн албанаас халжээ.
Нэхэмжлэгч иргэн Ж.Сэлэнгэ нь Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай үндсэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны актад дурдсанаар нэхэмжлэгчийг байгууллагын даргын зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа орхин явсан гэх үндэслэлээр буруутгажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон холбогдох нотлох баримтуудаас үзэхэд байгууллагын даргын зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа орхин явсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүхээс дүгнэж байна. Учир нь:
Нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ нь Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад хандан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр чөлөө хүссэн өргөдлөө бичгээр гаргасан /ХХ-ийн 9-р хууудас/ байх бөгөөд энэхүү өргөдлийн талаар хариу мэдэгдсэн албан бичиг болон чөлөө олгох боломжгүй тухай үндэслэл бүхий шийдвэр бичгээр гаргаагүй нь нэхэмжлэгч Ж.Сэлэнгэд зөвшөөрөл өгөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч Ж.Сэлэнгийн хувьд өргөдөлд нь хариу өгөөгүй учир нь байгууллагын дарга чөлөө олгохгүй байгаа болон гадаадад сургалтанд явах асуудлаа Төрийн албаны салбар зөвлөл, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан өргөдлөө /ХХ-ийн 37-39 хуудаст/ тус тус бичгээр гарган өөрт оногдсон үүргийнхээ дагуу чөлөө зөвшөөрөл авах талаар бүхий л шаардлагатай арга хэмжээг авсан байна.
Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа орхин явсан гэх хэдий ч нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Бүгд найрамдах Хятад ард улсын Фүжиан, Жинкао хотод зохион байгуулагдсан “Жимс, хүнсний ногоо, мөөг тариалах олон улсын семинар сургалтан”-д тус хотын Газар тариалан ба Ойн их сургуулийн урилгаар суусан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Фүжиан их сургуулийн урилга, түүнийг орчуулсан баталгаат орчуулга /ХХ-ийн 78,79,80 дугаар хуудсуудад/, Хятад улсад зорчих эрхийн виз /ХХ-ийн 81-р хуудас/, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний билет, Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийз /ХХ-ийн 84-р хуудас/, Фүжиан газар тариалан ба Ойн их сургуульд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулагдах сургалтын төслийн танилцуулга, түүнийг орчуулсан баталгаат орчуулга /61-73-р хуудсуудад/, Бүгд Найрамдах Хятад ард улсын Худалдааны яамнаас 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгосон гэрчилгээ, түүнийг орчуулсан баталгаат орчуулга /ХХ-ийн 8, 74 дүгээр хуудсуудад/ эдгээр баримтуудаар тогтоогдож байх тул төрийн албан хаагчийн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх үүргээ биелүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэх боломжгүй байна.
Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг судлавал:
Маргаан бүхий захиргааны актын тушаах хэсгийн нэгт Ж.Сэлэнгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халсан гэж заасан байна. Хавтас хэрэгт авагдсан Хүнс, хөдөө аж ахуйн газрын Цагийн бүртгэлийн дэвтэр, түүнийг хөтөлсөн /ХХ-ийн 91,105-р хуудсуудад/ баримтанд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ж.Сэлэнгэ нь ажилдаа ирж бүртгүүлэн, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэлийг бүрэн судлаагүй, нотлох баримтад үндэслэн гаргаагүй байна гэж үзэхээр байна.
Мөн нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Хүнс, хөдөө аж ахуйн газарт “Төмс, хүнсний ногоо, хүлэмж, зоорь, агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн тушаалаар тогтоогдож байна. Харин маргаан бүхий захиргааны актад Хүнс, газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Сэлэнгэ гэснээс үзэхэд агуулгын хувьд илэрхий алдаатай байгааг дурьдах нь зүйтэй байна.
Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэгт заасан “Төрийн албаны болон Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, байгууллагын дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан ажилтанг ажлаас шууд хална гэх заалтыг үндэслэж төрийн албанаас халсан нь Төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны тухай хуулиар баталгаажсан нэмэгдэл баталгаа болох “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн баталгааг эдлүүлэлгүй төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн нийтлэг үүргээ биелүүлээгүй гэх зөрчил гэж үзэн маргаж байгаа асуудлуудыг шалган тогтоогоогүй, түүнчлэн ёс зүйн зөрчлийн шинжтэй асуудлуудаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь шууд халах үндэслэл болгох нь учир дутагдалтай.
Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай тушаал нь хууль бус бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төмс, хүнсний ногоо, зоорь, агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл, хариуцсан мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Хүнс, хөдөө аж ахуйн газрын төмс, хүнсний ногоо, зоорь, агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл, хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан үеийн цалингийн тооцоонд үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7-ийн “а”-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” тодорхойлохоор заасны дагуу тооцоолон нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 685’842 /зургаан зуун наян таван мянга найман зуун дөчин хоёр төгрөг/ төгрөгөөр бодож, нэг сарын ажиллавал зохих ажлын хоногийг дунджаар 22 хоногоор тооцож , нэг өдрийн ажлын цалин 31’174.6 /гучин нэгэн мянга нэг зуун далан дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацааг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ажиллавал зохих ажлын 134 хоногоор тоолж, дундаж цалинтай тэнцэх олговор нийт 4’177’396.4 /дөрвөн сая нэг зуун далан долоон мянга гурван зуун ерэн зургаан төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулан нэхэмжлэгч Ж.Сэлэнгэд олгох нь зүйтэй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9, 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Сэлэнгийг өмнө нь ажиллаж байсан албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төмс, хүнсний ногоо, зоорь, агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл, хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилсугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.Сэлэнгэд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу ажлын 134 хоногийн цалин 4’177’396.4 /дөрвөн сая нэг зуун далан долоон мянга гурван зуун ерэн зургаан төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төсвөөс гаргуулан олгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгасугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сэлэнгэд олгосугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА