Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0458

 

Ж.Сэлэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, Г.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвагэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Сэлэнгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9, 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Сэлэнгээг өмнө нь ажиллаж байсан албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төмс, хүнсний ногоо, зоорь, агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл, хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.Сэлэнгэд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу ажлын 134 хоногийн цалин 4’177’396.4 /дөрвөн сая нэг зуун далан долоон мянга гурван зуун ерэн зургаан төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төсвөөс гаргуулан олгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...“Анхан шатны шүүх “Ж.Сэлэнгэ нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр чөлөө хүссэн өргөдлөө бичгээр гаргаж өгсөн байх бөгөөд энэхүү өргөдлийн талаар хариу мэдэгдсэн албан тоот болон чөлөө олгох боломжгүй тухай үндэслэл бүхий шийдвэр бичгээр гаргаагүй нь Ж.Сэлэнгэд зөвшөөрөл өгөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн нь, Ж.Сэлэнгэ 2015 оны 10 дугаар сарын 13-нд би Хятад улсад зардлыг Хятадын тал хариуцах сургалтанд өөрөө хөөцөлдөж байгаад явах болсон тухайгаа амаар хэлсэн. Энэ үед би энэ удаа 45 хоногоор сургалтанд явуулах боломжгүй гэж амаар хариуг тэр дор нь өгсөн. Гэвч маргааш дахин та сургалтанд явуулчхаач гэж дахин амаар хэлэхэд би өмнөх боломжгүй гэсэн хариугаа өгсөн юм.

Монгол улсын "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасанчлан Ж.Сэлэнгийн гаргасан өргөдлийн хариуг шууд амаар явуулах боломжгүй гэдгээ өөрт нь хэлсэн байхад анхан шатны шүүх өргөдлийн хариуг өгөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Ингээд яам, аймгийн удирдлагаас сургалтандаа явах чөлөө авахаар хөөцөлдөөд бүтэхгүй нааштай хариуг аваагүй учир 2015 оны 10 дугаар сарын 13-наас 14-ний орой ажил тарсан хойно намайг явахаар даргад өгөөрэй гээд чөлөө хүссэн өргөдлөө үлдээгээд ямарч чөлөө зөвшөөрөлгүй ажил таслаад явсан байсан. Мөн дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасанчлан байгууллагын бичиг хэрэгт ажлын бус цагаар үлдээгээд явсан өргөдлийг бүртгэж авч маргааш нь даргад танилцуулаад цохолт хийлгээд эрх бүхий албан тушаалтанд танилцуулан цохолтын дагуу албан тушаалтан буюу захиргаа удирдлагын хэлтсийн даргад хүлээлгэн өгсөн. Үлдээгээд явсан өргөдлийн хариуг эзэнд нь мэдэгдэх гэтэл ямар ч холбоо барих боломжгүй болсон байсан тул Ж.Сэлэнгийг 45 хоногийн дараах сургалтнаас ирэхэд нь хариуг өгсөн. Энэ тухай архив, бичиг хэргийн эрхлэгчийн гаргасан тайлбарт тодорхой байгаа боловч хэргийг хянан шалгаж байх хугацаандаа нэг ч удаа дуудаж асуугаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх заалт нь "Төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж буй албан тушаалынхаа цалин хөлсийг авах" гэсэн заалт нь байгууллагын дарга чөлөө өгөөгүй учир ажил тасалсан хугацаа дээрх заалтаар үндэслэл болох боломжгүй. Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тодруулга албан бичигт тодорхой тусгагдсан. Мөн миний гаргасан “Ж.Сэлэнгэ Хятад сургалтанд явуулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн яам болон аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газраас албан бичиг тоот ирүүлээгүй мөн энэ талаар ярьсан хүн албан тушаалтан байхгүй болно." гэсэн тайлбарт байгаа.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн заалтыг үндэслэл болгосон нь 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт нь ажлаа таслаад яв гэсэн үг гэж үзэхгүй байна. Мөн миний гаргасан тайлбарын "Өмнө гадаад дотоодын маш их сургалтад хамрагдаж байсан. Сурсан мэдсэнээ хариуцсан ажилдаа тэр бүр харуулж хариуцсан ажлаа сайн хийж байгаагүй нь ээлжийн болон хүүхэд төрүүлсний амралтгүй байх үедээ 2 удаа ажлаа дүгнүүлэхэд хангалттай сайн үнэлгээ /Дунд/ авч байгаагүйгээр нотлогдоно." гэснээс тодорхой байна. Нотлох баримтыг хавсаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 заалтуудыг үндэслэл болгосон байна. Дээрх заалтуудын дагуу Ж.Сэлэнгэд ажилд орсон өдрөөс эхлэн халагдах хүртлээ төрийн албан хаагчийн эрхийн дагуу цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал болон Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг хуулийн дагуу бүрэн олгогдож бичилт хийгдэж байсан нь Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр цалин тогтоолт зэргээс харагдана.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол, түүний хавсралтын дагуу төрийн албан хаагчид төсвийн шууд захирагчтайгаа жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж, хагас жил тутам үнэлүүлж дүгнүүлдэг. Тухайн гэрээнд төрийн албан хаагч бүр бүтэн жил хийх ажил үйлчилгээгээ тусгаж өгдөг төдийгүй мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хүрээнд гадаад дотоодын сургалтанд хамрагдах тухай заалтыг заавал оруулдаг. Байгууллагын хэрэгцээ шаардлагаар ээлж дараатайгаар албан хаагчдыг сургалтанд хамруулдаг. Энэхүү үр дүнгийн гэрээний гадаад дотоодын сургалтанд хамрагдана гэсэн заалт заавал ажлаа таслаад яв гэсэн үг биш бөгөөд гадаадын сургалтанд хамрагдаагүй байна гэж энэ гэрээг дүгнэхэд хариуцлага тооцох үндэслэл байхгүй.

Мөн Сэлэнгэ аймгийн Төрийн албаны шийдвэр, яамны тайлбар бичгийг энэхүү хэргийн материалд харгалзаж үзэлгүй зөвхөн нэг талын эрх ашгийг харгалзсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбаруудыг харгалзаж үзсэнгүй гэж дүгнэж байна.

Удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлаа орхин 45 хоног явсан төрийн албан хаагчид ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг асуултыг шүүхийн байгууллага, шүүгчээс асууж тодруулмаар байна. Байгууллагын дотоод журам хуулийн хүрээнд боловсруулагдаж, хамт олноороо хэлэлцүүлж батлуулсан баримт бичиг тул тухайн байгууллагын хэмжээнд мөрдөж ажиллах хууль эрх зүйн баримт бичиг болж чадна гэж үзэж байна.

Эдгээрээс дүгнэж хэлэхэд анхан шатны шүүхийн шийдвэр дан ганц нэг талыг барьсан шийдвэр боллоо гэж үзэн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Шүүх түүний үйл ажиллагаа нь нэг талыг илт барих биш 2 талын нөхцөл байдлыг судалж нягталж оновчтой шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ нь Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Төмс, хүнсний ногоо, хүлэмж зоорь агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан “Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ эрхлэгчдийн боловсон хүчний баазыг бэхжүүлэх, сургалт мэдээ, мэдээллийн таатай нөхцөл бүрдүүлэх”, “мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч гадаад, дотоодын сургалтанд хамрагдах” чиг үүрэг, зорилгын хүрээнд БНХАУ-аас санхүүжүүлсэн “Эх орноо хөгжүүлэх Жинсао технологийн курс” буюу эмийн болон хүнсний мөөг ургуулах жинсао технологийн сургалтад өөрийн санаачилгаар оролцохдоо байгууллагын даргаас зөвшөөрөл өгөөгүй байхад явсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “захирах, захирагдах ёс”-ны зарчим, 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих” үүргээ зөрчсөн байна.

            Гэвч энэ талаар байгууллагын даргадаа удаа дараа танилцуулж байсан, түүнийг сургалтад оролцуулахгүй байх зайлшгүй шалтгаан байгаагүй, уг сургалт нь түүний ажлын байрны зорилго, зорилтод нийцсэн, төрийн байгууллагаас аливаа зардал гаргаагүй, төрийн байгууллагад ач холбогдолтой (хөрөнгө оруулалт) болсон, нэгэнт бэлтгэгдсэн боловсон хүчнээ төрийн албанаас халах нь төрийн байгууллагад ач холбогдолгүй байхад хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь түүний зөрчлийн шинж байдлыг харгалзалгүй, төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13 ... дугаар зүйлд заасныг зөрчсөн ... тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг зөрчсөн байх тул Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

            Харин шүүх Ж.Сэлэнгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо гадаадад сургалтад хамрагдсан хугацааг оруулан тооцсон нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл төрийн байгууллагын төлөвлөөгүй сургалтад өөрийн санаачилгаар оролцсон байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу байх тул сургалтаас буцаж ирсэн 2015 оны 12 дугаар сарын 10-ний өдрөөс ажилгүй байсан хугацааг тооцож олговрыг олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

            Хариуцагч нь Ж.Сэлэнгийн дээрх зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаас бусад арга хэмжээ авахад энэхүү шийдвэр саад болохгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Сэлэнгийг урьд ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Төмс, хүнсний ногоо, зоорь, агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл, хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сэлэнгэд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ныг хүртэлх ажилгүй байсан 4 сар 10 хоногийн цалинтай тэнцэх олговор 3,055,100 /гурван сая тавин таван мянга нэг зуун/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА         

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ