Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2016/0333

 

Ж.С-ийн нэхэмжлэлтэй

 

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Р.А нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0458 дугаар магадлалтай, Ж.С-ийн нэхэмжлэлтэй, СА-ийн ХХАГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9, 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.С-ийг өмнө нь ажиллаж байсан албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төмс, хүнсний ногоо, зоорь, агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл, хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилж,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.С-эд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу ажлын 134 хоногийн цалин 4’177’396.4 /дөрвөн сая нэг зуун далан долоон мянга гурван зуун ерэн зургаан төгрөг дөрвөн мөнгө/  төгрөгийг Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төсвөөс гаргуулан олгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгаж, шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0458 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.С-ийг урьд ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Төмс, хүнсний ногоо, зоорь, агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл, хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.С-эд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ныг хүртэлх ажилгүй байсан 4 сар 10 хоногийн цалинтай тэнцэх олговор 3,055,100 /гурван сая тавин таван мянга нэг зуун/ төгрөгийгСА-ийн ХХАГ-аас гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгасугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг шүүх хэрэглээгүй.

Нэхэмжлэгч ажлаас халагдсан тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандсаны дагуу түүнд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариу өгсөн боловч тэрээр 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүхэд хандсан гэдэг ч энэ талаар холбогдох нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан “... намайг явахаас өмнө ажлаас халсан тул сургалтдаа явсан” гэх тайлбараар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр түүнийг ажлаас халсныг мэдсэн боловч эрх бүхий байгууллагад энэ талаар гомдлоо гаргаагүй, ажлаа дураараа орхиж явсан. Үүний улмаас бусад ажилчдад ажлаа дураараа орхиж явж болох талаар буруу ойлголт төрүүлж байна. Иймд шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

2. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-т заасны дагуу хэрэгт ач холбогдолтой байдлын талаар үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Үүнд:

-Хэргийн 111-112 талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгчийн тайлбарыг хэрхэн ойлгох талаар магадлалдаа дүгнээгүй,

-Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуйн яамны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02/1167 албан бичиг нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт бөгөөд эдгээр баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй үлдсэн,

-Байгууллагын цагийн бүртгэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх үнэлсэн,

-хэргийн материалд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг ч энэ талаар хариуцагчаас тухайн үед болон шүүх хуралдаанд тайлбар аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.1-д заасан хариуцагчийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчил юм.

3. Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаж чадаагүй.

Магадлалд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэл заасан боловч ямар хуулийг хэрэглээгүй талаар огт дурдаагүй. Ж.С-ийн зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаас бусад арга хэмжээг авахад энэхүү шийдвэр саад болохгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн хувьд сахилгын зөрчил гаргасан, ажлын байраа санаатай орхисон, төрийн тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулсан гэдгийг дүгнэсэн атлаа урьд ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм.

4. Ж.С-ийг хүүхэд асрах чөлөө аваад ажилдаа орох өргөдөл өгсөн үед ажил олгогч нь жимс, хүнсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Уянгыг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас нь чөлөөлж, Ж.С-ийг авч ажиллуулсан нь буруутаж, Т.Уянгын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг Давж заалдах шатны шүүхэд хянагдаж байна. Хүнийг ажлаас нь хууль бусаар чөлөөлүүлэн ажилд орсон атлаа 6 сарын дараа ажил олгогчийн зөвшөөрөлгүй, дур мэдэн явсан хүнийг дахин ажилд авч байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсны нотолгоо юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Ж.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны ёс зүй, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих” нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг байхаар, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй буюу энэ хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байхаар тус тус зохицуулжээ.    

Үүний зэрэгцээ Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дотоод журмын 5.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан ажилтанг ажлаас шууд халах”-аар  заасан байна.

Нэхэмжлэгч Ж.С-э нь Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа эрх бүхий албан тушаалтнаас зохих журмын дагуу чөлөө олгоогүй байхад 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаа орхиж, БНХАУ-д зохион байгуулагдсан сургалтад оролцсон, сургалт мөн оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал үргэлжилсэн үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Удаан хугацааны сургалтад хамрагдах болсноор нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлын 42 хоногийн хугацаагаар чөлөө хүсч, бичсэн өргөдлөөс өөр нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Ажлаас чөлөөлөх боломжгүй болохыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мэдэгдсээр байтал дур мэдэн ажлын байраа орхин явсан, үүнийгээ “...дарамт шахалт үзүүлж чөлөө олгоогүй өөр бусад шалтгаантай..., ...богино хугацаанд өөрөөсөө шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан, урьд нь зөвшөөрч байсан атлаа чөлөө олгоогүй...,...” гэх тайлбарт үндэслэж байгаа нь түүнд сахилгын шийтгэл ногдуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх  “...маргаж байгаа асуудлыг шалгаж тогтоолгүйгээр, ёс зүйн шинжтэй асуудлаар нэхэмжлэгчийг буруутгасан нь шууд халах үндэслэл болохгүй ..., хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа орхиж явсан гэх хэдий ч нэхэмжлэгч нь сургалтад хамрагдсан нь нотлох баримтаар тогтоогдсон ....” гэх зэргээр хэргийн оролцогчдын маргаагүй асуудлыг маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгон дүгнэлт хийсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл “албан ёсны чөлөө олгогдоогүй байхад ажлаа орхиж явсан” гэх үйл баримт нь маргааны гол асуудал бөгөөд энэ нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

Мөн давж заалдах шатны шүүх Ж.С-э нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны ёс зүй, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих” үүргээ зөрчсөн хэмээн дүгнэсэн атлаа “...түүнийг сургалтад оролцуулахгүй байх зайлшгүй шалтгаан байгаагүй, төрийн байгууллагаас аливаа зардал гараагүй,... сургалт нь төрийн байгууллагад ач холбогдолтой байсан ...” гэх зэргээр маргаанд хамааралгүй, захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийг зөвтгөжээ.

Иймээс нэхэмжлэгч нь албан ёсны чөлөөгүйгээр сургалтад хамрагдан,  ажлаа орхин явсан үйл баримтыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан”-д тооцож, ажлаас халсан Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д заасан төрийн албан хаагчийн “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх” баталгаагаар хангагдах эрхийг үгүйсгээгүй, харин энэ нь хуульд заасан журмын дагуу хэрэгжих учиртай.

Тодруулбал, төрийн албан хаагч нь төрийн албаны ёс зүй, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахихыг дээрх хуулиар үүрэг болгосон, үүргээ биелүүлээгүй нь түүнд хариуцлага тооцох үндэслэл болохыг мөн хуулиар  тодорхойлжээ.

Иймд хариуцагч захиргааны байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн албан хаагч “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн  баталгаагаар хангагдах эрхийг нь зөрчсөн гэж үзэхээргүй байна. 

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0458 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалыг хүчингүй болгох, тус газрын төмс, хүнсний ногоо, зоорь, агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Ж.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                Л.АТАРЦЭЦЭГ