Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 159/ШШ2016/0010

 

 Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 Хэргийн индекс:159/2016/0006/3

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: “Моностойн нуруу” ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нарт холбогдох 

“Сэлэнгэ аймгийн  Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай  захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                              Б.Пүрэвжав

Хариуцагчийн төлөөлөгч:                                        Д.Ёндонжамц

Хариуцагчийн төлөөлөгч:                                        Э.Ариунбат

Гуравдагч этгээд:                                                     Л.Цэрмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр   нар оролцов.

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59 тоот захирамж гаргаж Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг “Моностойн нуруу” ХХК-нд 24 нэгж талбар бүхий 818 га тариалангийн газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлж өгсөн. Үүнээс 5 жилийн дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ солих болсон тул Ерөө сумын Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 тоот захирамж гаргаж “Моностойн нуруу” ХХК-ийн эзэмшилд байгаа 23 нэгж талбар бүхий 813.92 га талбайн гэрчилгээг сольж олгосон.           

          Энэхүү 2007 онд анх эзэмшүүлж, 2013 онд гэрчилгээг нь сольж эзэмшүүлсэн газар дотор Ерөө сумын иргэн Л.Цэрмаагаас хурааж авсан 94 га /2013 онд дахин хэмжилтээр 84 га болсон/ талбай орсон байна. Иргэн Л.Цэрмаа 2001 оноос 2007 оныг хүртэл 94 га талбайг эзэмшиж байхдаа хуулинд заасан газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу огт ашиглаагүй атаршуулсан учир сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40.1.1 зүйл, 40.1.5-р зүйл, 40.1.6-р зүйлийг баримтлаж 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 42 тоот захирамж гаргаж, иргэн Л.Цэрмаагийн 94 га газар эзэмших эрхийг хүчингүй болгож өөрт нь мэдэгдсэн байна.

            Гэтэл иргэн Л.Цэрмаа газраа хураалгаснаас хойш 8 жил 6 сарын дараа миний эзэмшиж байсан газрыг хурааж авсан гэдэг гомдлыг аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад 2015 оны 10 дугаар сард гаргасан байна. Уг нь газрын тухай хуулийн 40.3 дугаар зүйлд “эрхийн гэрчилгээ эзэмшигч этгээд... Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гомдол өгөх газар нь Засаг дарга биш шүүх баймаар юм. Гэтэл аймгийн Засаг дарга иргэн Л.Цэрмаагийн гомдлыг хүлээж аваад 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А/435 тоот захирамж гаргаж Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжийг хүчингүй болгож, иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг сэргээх үүргийг сумын Засаг дарга Б.Сэргэлэнд өгсөн байна. Сумын Засаг дарга Б.Сэргэлэн аймгийн Засаг даргын захирамжийг хүлээж аваад 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 256 тоот захирамж гаргаж “Моностойн нуруу” ХХК-ний эзэмшилд хууль ёсоор 9 жил ашиглагдаж байгаа 94 га /2013 онд дахин хэмжилтээр 84 га болсон/ талбайг иргэн  Л.Цэрмаад олгож ямар ч үндэслэлгүйгээр “Моностойн нуруу” ХХК-ний эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

            Ийм шийдвэр гаргасан тухайгаа сумын Засаг дарга Б.Сэргэлэн “Моностойн нуруу” ХХК-ний удирдлагад огт мэдэгдээгүй. Харин иргэн Л.Цэрмаа 2016 оны 1-р сарын 6-ны өдөр компаний захирал Б.Пүрэвжавт “танай компаний эзэмшилд байгаа 84 га талбайг сумын Засаг дарга захирамж гаргаж надад эзэмшүүлж өглөө” гэдгийг хэлсэн. Компаний захирал Б.Пүрэвжав 2013 оны 1-р сарын 7-ны өдөр сумын газрын даамал Э.Ариунбаттай утсаар холбогдож лавлаад 2016 оны 1-р сарын 13-ны өдөр аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад өргөдөл өгсөн.

            Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат өргөдлийн хариу болгож 2016 оны 3-р сарын 7-ны өдөр 54 хоногийн дараа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Отгонхүүгийн гарын үсэгтэй албан бичгээр өгсөн.               Энэхүү албан бичигт манай өгсөн өргөдлийн мөрөөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөж тодорхой ажил явуулаагүй, гаргасан захирамжаа хамгаалсан утгатай хариу өгсөн байна.

           Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 тоот захирамж, үүнийг хэрэгжүүлэхээр Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11-р сарын 10-ны өдрийн 256 тоот захирамжууд нь хуулийн этгээд “Моностойн нуруу” ХХК-ний газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчиж байгаа тул дээрх захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийнхөө 256 тоот захирамжаа хүчингүй болгосон захирамж гаргасан болохыг мэдлээ. Иймд  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийнхөө 256 тоот захирамж хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж одоо Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 тоот захирамж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болон тодруулж байна гэв.

          Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн Гэрэлт хайлааст хэсэгт оршин суух “Моностойн нуруу” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад дараах хариу тайлбар, хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

            1.Ерөө сумын иргэн Л.Цэрмаа нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Засаг дарга миний нэр дээр хуурамч захирамжийг хүчингүй болгуулж гэрчилгээгээ шинэчлүүлэх тухай өргөдөл ирүүлсэн. Уг өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3аулын хэсэг байгуулах тухай” А/366 тоот захирамжаар Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадорж, ГХБХБГ-ын Удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхсоёл, Архивын тасгийн дарга,архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч З.Хишигжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллуулж шалгуулсан

          Уг ажлын хэсгийн шалгалтын дүн, архив албан хэрэг хөтлөлтийн Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу архивын сан хөмрөгт хуурамчаар нөхөн бүрдүүлж авсан Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 тоот захирамжийг аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэж, Ерөө сумын Засаг даргад Архивын тасгийн улсын байцаагчийн 2015 оны 08 тоот дүгнэлтийг хүргүүлсэн болно

          2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т заасны дагуу аймгийн Засаг даргын А/366 дугаар захирамжаар ажлын хэсэгт орж ажилласан  Ч.Даваадорж, З.Хишигжаргал, Б.Мөнхсоёл нар болон тухайн үеийн сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Ганболд, сумын газрын даамал Э.Ариунбат, нарийн бичгийн дарга Ариунзаяа, сумын агрономич Я.Базарсэд нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулж гэрчээс мэдүүлэг авахуулах, Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 тоот захирамжийг хуурамч эсэхийг тогтоох мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлтийг тус тус гаргаж байна гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Ёндонжамц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ерөө сумын иргэн Л.Цэрмаа 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр  аймгийн Засан даргад хандаж өргөдөл ирүүлсэн. Энэ өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын А/363 дугаартай захирамжаар хууль зүйн хэлтсийн дарга н.Даваадоржоор ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож ажилласан. Энэ ажлын хэсэг ажиллаад 2007 оны 52 тоот захирамж нь хуурамч байна гэдгийг тогтоож улсын байцаагч нь дүгнэлтээ гаргаж Ерөө сумын Засаг даргад хүргүүлсэн. Улсын байцаагчийн дүгнэлтэн дээр 2007 оны захирамж нь дээрхи тамга тэмдэгийг 2009 онд батлагдсан төрийн архивын албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.17-ийн дагуу голлуулан хэрэглэсэн гэдэг нь тогтоогдсон. 2009 оноос өмнө эхний 3-н үсгийг голлуулан дардаг байсан, тухайн үеийн хэвлэмэл хуудасны өнгө өөр байсан. Ерөө сумын Засаг даргын 2007 оны үдсэн баримтыг задалж хавчуулж оруулсан хуурамч нь тогтоогдсон гэж улсын байцаагч дүгнэлтээ гаргасан. Үүнийг дагуу аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А/435 дугаар захирамжийг гаргасан. Мөн тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Ганболд гэрчийн мэдүүлэгтээ ямар нэгэн захирамж дээр гарын үсэг зурсаны дараа Тамгын газрын дарга тамга дардаг байсан. Тухайн үед Л.Цэрмаагийн газар хураагдсан эсэхийг сайн санахгүй байна гэж мэдүүлсэн. Мөн Тамгын газрын дарга н.Дэлгэрмаа гэрчийн мэдүүлэгтээ “бусад захирамжууд дээр дарагдсан байсан тамга нь 2007 онд байсан хуучин тамга 2010 онд тамга шинэчлэгдсэн” гэдэг. Тэгэхээр 52 дугаартай захирамж дээр дарагдсан тамга бол 2010 онд шинээр хэвлүүлсэн тамга байгаа. Ерөө суманд ажилласан ажлын хэсгийн ахлагч н.Даваадорж гэрчийн мэдүүлэгтээ “миний зүгээс нүдээр харахад хуурамч нь мэдэгдэж байсан. Бусад захирамжуудаас өөр өнгөтэй, дунд нь хавчуулсан байдалтай байсан. Тухайн үед бичиг хэргийн ажилтан нь шинэ ажилтан байсан. Тамгын дарга нь хуурамч захирамж гэдгийг хүлээн зөвшөөрч байсан” гэдэг. Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаартай захирамжийг улсын байцаагчийн дүгнэлтээр хуурамч гэдгийг нь тогтоосон. Мөн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилуулсан шинжээчийн дүгнэлтээр 2007 оны 04-12 дугаар саруудад дарагдсан тамганы дардас биш бөгөөд 2007 оны 12 сараас хойшхи хугацаанд дарагдсан тамганы дардас болохыг тогтоосон. Эдгээр улсын байцаагчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтээр уг захирамж нь хуурамч гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас А/435 дугаартай захирамж нь хүчин төгөлдөр хэвээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын “Моностойн нуруу” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

           1.Тус сумын иргэн Л.Цэрмаа нь өөрийнхөө эзэмшиж байсан 94 га газраа хураагдсаныг мэдэж байсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 27-нд давуу эрхээр 100 га тариалангийн газар эзэмшихийг хүссэнийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлсэн боловч тухайн газрыг нь олгох боломжгүй гээд дэмжээгүй. Иргэн Л.Цэрмаа нь ашиглах боломжтой тариалангийн талбайгаас авах хүсэлт гарган 2 нэгж талбар бүхий 40,98 га газрыг сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот захирамжаар эзэмшиж гэрээ гэрчилгээгээ авсан. Үүний дараа дахин хуучин эзэмшиж байсан 94 га талбайгаа буцааж авна гэж өргөдөл гаргахад боломжгүй гэдгийг хариу бичгээр өгч өргөдлийг буцаасан.

           2.Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 тоот захирамжийг хэрэгжүүлж иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны 256 тоот захирамжаар сэргээсэн. Ингэхдээ уг захирамжинд газар эзэмших хугацааг 15 жилээр сэргээснийг иргэн Л.Цэрмаа нь хүлээн зөвшөөрөөгүй анх 60 жилийн хугацаагаар эзэмшсэн тиймээс газар эзэмших хугацааг 60 жил болгож өгөхийг хүсч амаар гомдол гаргасныг үндэслэн хугацааг нь өөрчилж 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот захирамжийг хүчингүй болгож дахин захирамж гарах шаардлага гарсан тул “Моностойн нуруу” ХХК-нд мэдэгдээгүй 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 тоот захирамжаар иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг сэргээж газар эзэмших хугацааг 46 жил болгон өөрчилөн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот захирамжийг хүчингүйд тооцсон болно гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Э.Ариунбат шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжийг хүчинтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл 2007 оны 52 дугаартай захирамж гарсан байсан. Захирамж гаргаад архивт хийгдээгүй байсан ямар учраас хийгдээгүй байсан гэдгийг мэдэхгүй байна, захирамж бол надад байсан захирамжин дээр  сумын Засаг дарга Ганболд өөрөө гарын үсэг зурсан тамга дарагдаагүй байсан тамгыг нь би дарсан. Би тамгыг дарахдаа голд нь дарж захирамжийн хавтсанд хийж Л.Цэрмаа гуайг нэхэхэд би тэр захирамжийг канондуулж өгсөн. Энэ захирамжийн үндэслэх хэсэг нь үндэслэлтэй хуулийн хүчин төгөлдөр захирамж гэж үзэж байна. 2007 оны бусад захирамжин дээр энэ тамга дарагдсан зөвхөн 2007 оны 04 дүгээр сарын 50, 51, 54-н тоот захирамжууд хөх тамгатай байсан дунд нь 52 тоот захирамж хөх тамгатай байсан гэдэг дүгнэлт гарсан байсан. 2007 оны 12 дугаар сарын сүүлээр гарсан захирамж бусад 2-3-н захирамж нь дээр дарагдсан тамгатай адилхан байна гэсэн. Тэгэхээр энэ захирамжийн үндэслэл хүчинтэй.   

            Газар эзэмших эрх хүчингүй болсон гэдгийг Л.Цэрмаа өөрөө мэдэж байсан. Л.Цэрмаа надтай сумын захиргааны үүдэнд уулзаад “манай газар хураагдсан байна лээ” гэж хэлэхээр нь би “тийм танай газар хураагдсан” гэхэд “дараа нь би өөр газар авъя” гэхэр нь би “танд өөр газар олгох боломжтой бол олгоё” гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа Л.Цэрмаа давуу эрхийхээ 100 га газрыг авна гэж хүсэлт гаргахад нь би “Иргэдийн хурлаар оруулж хэлэлцүүлээд өгье” гэж хэлээд Иргэдийн хурлаар оруулж танилцуулахад хурлынхан зөвшөөрөөгүй. Үүний дараа Л.Цэрмаа дахиж хүсэлт гаргаж энэ асуудал шийдэгдэхгүй бол би “Моностой нуруу” ХХК-ийн эзэмшиж байгаа өөрийхөө газрыг буцааж авъя гэхэд нь “боломжгүй” гэдэг хариу өгсөн. Дараа нь Л.Цэрмаа “би тэгвэл өөр боломжтой газраас чинь газар авъя хүүхдүүд тариа будаа тарина гэж байна” гэхэд нь та давуу эрхийн тариаланч өрхөө тодорхойлуулчихаад ир гэсэн багийн иргэд нийтийн хурлаас бичиг авчирч, хүсэлтээ гаргаж өгөхөөр нь өөр хоёр нэгж талбар бүхий 40.2 га газар өгсөн.. Авчихаад “эмээ нь одоо болно энэ газартаа тариагаа тарьчихаад болно дахиж янз бүрийн асуудал байхгүй” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа “тэр газар чинь болохгүй газар байна би хуучин газраа буцааж авна” гэж ирэхэд нь “боломжгүй” гэдгээ хэлсэн Тэгээд Л.Цэрмаа аймгийн Засаг даргад гомдол гаргаж аймгийн Засаг даргаас ажлын хэсэг томилж сумын Засаг даргын захирамжийг хуурамж гэдэг дүгнэлт гарсан. Үүний дагуу аймгийн Засаг даргаас сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болго гэсэн захирамж гаргасан. Хүчингүй болго гэдэг захирамжийг сумын Засаг дарга бид хоёр хэрэгжүүлж ажилласан. Хэрэгжүүлж ажиллах явцад “Моностой нуруу” ХХК-ийн 84 га газрыг хүчингүй болгосон захирамж гаргаж Л.Цэрмаад 15-н жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр хугацааг нь зааж өгсөн. Гэтэл Л.Цэрмаа аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, хууль зүйн хэлтэс рүү дахиж гомдол гаргаж “би газраа 60-н жилийн хугацаатай эзэмшинэ” гэсэн. Тэгэхээр энэ захирамж түдгэлзэх, хүчингүй болох үндэслэлтэй болчихож байгаа юм байна гээд Засаг дарга наад захирамжаа сольж өг гэсэн. Захирамжийг солих байсан учраас би “Моностой нуруу” ХХК-д мэдэгдээгүй. 2001 онд Л.Цэрмаагийн газар эзэмших хугацаа нь 60-н жил байсан гэдгээс эхлэж тооцоод 46-н жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргаж өмнө нь гаргасан 246 тоот захирамжийг хүчингүй болгосон. Би Засаг даргын шийдвэр даалгаварыг хэрэгжүүлж ажилласан. Сүүлийн захирамжаар “Моностой нуруу” ХХК-ийн хүчингүй болгох захирамжийг би хүчингүй болгосон яагаад гэвэл би энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх боломжгүй болчихсон энэ хүмүүсийг шүүхэд хандаад шүүх шийдэг гэж бодсон гэв.

            Гуравдагч этгээд  Л.Цэрмаа  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Пүрэвжав нь буруу га талбай өгсөн Э.Ариунбаттайгаа заргалдана уу гэхээс надтай юм уу Засаг даргын захирамжтай заргалдах нь хууль зүйд нийцэхгүй байна. 2007 онд миний хүү амьд байсан 2008 оны 5 дугаар сард нас барсан тул эзэнгүй пойлыг далимдуулж өөрийн болгож авах зорилгоор газрын албаны дарга Э.Ариунбаттай хуйвалдан хууль бус үйл ажиллагааг явуулж байна. Би 2003, 2005 онд тариа тарьсан 2006 онд хагас уриншлаад нас барсан хүү болох Б.Баярсайхан нь өөрийн 94 га газартаа тариа тарьж бай гэж П.Ганзоригтой тохиролцсон байсан. Үүнээс хойш П.Ганзоригийг тарьж байгаа гэж бодож өдий хүрсэн. Гэтэл “Моностойн нуруу” ХХК-д байгаа гэж 2013 онд Э.Ариунбат хэлж намайг өөр газар ав гэсэн боловч уг газраа өгөөгүй өгсөн заасан газар нь сэтгэлд таараагүй. Ийм учраас би хуучин газраа авах гэж хөөцөлдөн сумын Засаг даргад 4 удаа өргөдөл өгсөн дараа нь Газрын албанд өгсөн дараа нь аймгийн Засаг даргад хуулийн дагуу өгсөн. Аймгийн Засаг дарга 5 хүний бүрэлдэхүүнтэй явж шалгаж надад хариуг өгсөн тул би газраа шинээр гэрчилгээ кадастр захирамж гаргуулж авсан нь үнэн. Гэтэл Э.Ариунбат миний шийдвэр зөв гэсэн бол аймгийн Засаг даргад юм уу шүүхэд давах ёстой байтал хөндлөнгөөс хүний газрыг хүнтэй хуйьалдаж дээрэмдэж авчихаад намайг хууль бус ажилласан гэж байгаад гомдолтой байна.

            Монгол Улсын 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуулийн 27-д заасан 40.1.1, 40.1.5, 40.1.6-р зүйлийг зөрчөөгүй. Харин уг хуулийн 38, 39, 40, 41 дүгээр хуулиудын зүйл ангиудыг бүгдийг зөрчсөөр байтал аймгийн Засаг дарга ба сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Намайг энэ газрыг огт ашиглаагүй гэж хэлж байна. Энэ газрыг авахдаа би “Ерөө трейд” ХХК-с техник хэрэгсэлтэй нь авсан. Намайг татвараа төлж байгаагүй гэж хэн ч өдий болтол хэлж байгаагүй би газрын төлбөрөө төлдөг байсан. Миний талийгаач хүү 2006 онд надад “ээж би н.Ганзоригт манай газрын татвар мөнгийг төлөөд манай газар дээр тариа тарьж бай” гээд хэлчихлээ н.Ганзориг одоо тариа тарьж байгаа гэж хэлсэн. Хүү маань өөрөө тэнд тариалалтанд явж байсан. Нэг жил тариа тарь гээд Сэлэнгийн гаальд ажилладаг хүү үрийн будаа авч өгсөн. Дараа нь би өөрийхөө үрийн будаанаас тариад хүрэхгүй болохоор нь С.Ганболдоос үрийн будаа авч тарьсан. С.Ганболдын үтрэмийн баруун урд захад будаагаа буулгаад өвөл складанд хадгалуулж байсан. Миний газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гарсан гэдгийг хэн ч хэлээгүй. Би Э.Ариунбатыг хайрлаад юм хэлдэггүй тэрнээс биш над шиг газраа алдчихсан заргалдахгүй хүмүүс их байгаа.  Би бурханыг бодож нэг ч үг худлаа хэлээгүй.

Надад 2007 оны захирамжийг 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн. Надад өгөхөөр нь захирамжаа бариад хуурамч захирамж байна гээд Засаг дарга дээр орсон. 2007 онд гарсан захирамжийг Э.Ариунбат гарсан дариуд нь надад өгөх ёстой байтал өөртөө хадгалаж байсан. Би өөрийн газар дээрээ н.Ганзоригийг тариа тарьж байгаа гэж бодож байсан. Энэ тухайгаа П.Ганзоригт хэлэхэд надад “би аав, Э.Ариунбат ах, та хэдийг хоорондоо ярилцсан юм байх” гэж хэлсэн. Ганц ч үг үсэг, таслал худал хэлэхгүйгээр хэлнэ. 2007 онд гарсан захирамж яахаараа Э.Ариунбатын өрөөнд хэвтэж байсныг ойлгохгүй байна. Урьд өмнө би газар авна гэж их хөөцөлдөж газрын албаны н.Батдэлгэр гэдэг хүнд өргөдөл бичиж өгсөн. Гэтэл 3-н сар гаран миний өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй сүүлдээ би өөрөө очиж уулзахад “суманд шийдхээр болсон та баримтуудаа аваад яв” гэж надад хэлсэн. Тэгээд би Засаг дарга та нарт ийм бичиг өгсөн байна та нар яагаад шийдэхгүй байгаа юм гэж асуухад Засаг дарга, Э.Ариунбат бид хоёрыг өрөөндөө дуудаж оруулаад шууд загнасан. Тэгээд Л.Цэрмаад 94 га газрыг нь өнөөдрийн дотор өг гэж хэлээд гаргасан. Э.Ариунбат өөрийнхөө машинд 10 литр шатахуун хийгээд “Баруун санждаа” гэдэг газар очоод 48 га, 32 га, 8 га газрыг надад үзүүлсэн. Тэгээд би Э.Ариунбатад энэ газраа бичээд өгчих тэгвэл би 94 га газраа болъё гэж хэлсэн. Гэтэл надад 32 га, 8 га  газрыхаа гэрчилгээг өгчихөөд 42 га газрыхаа гэрчилгээг өгөхгүй хэдэн сар болсон. Тэгээд би за болъё би явдаг газраар нь явж шат шатаар нь арга хэмжээ авна би шүүхэд хандана гээд хууль дүрмээр нь явж байна. Надад 84 га газрын гэрчилгээ өгөхдөө намайг “гэрчилгээгээ хураалга дараа нь ямар нэгэн асуудал гаргах гэж байгаа юм” гэхээр би нь “хураалгахгүй энэ хэрэг шийдэгдэх хүртэл надад байж байг” гэж хэлээд өгөөгүй. Надад 84 га газрыг маань 15 жилийн хугацаатай эзэмшүүлнэ гэхээр нь би тэр дор нь тэр цаасыг нь ураад хаячихсан. Тэгээд 2001 оноос газар анх эзэмшсэн гэдгээрээ 46-н жилийн хугацаатай газар эзэмших эрх авсан. Сүүлд авсан 32 га, 8 га, газрыг надад би давуу эрхээрээ авсан. Намайг 94 га газраа авах гэхэд 84 га газар бичиж өгчихөөд “та давуу эрхээр авсан газрын гэрчилгээгээ хураалгачихаад 84 га газрыхаа гэрчилгээг ав гэж надад хэлэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Надад 45 га газрын гэрчилгээ байгаа мөн иргэдийн хурлаар орсон тогтоол нь байгаа. Энэ хүмүүс миний хүүг бурхан болсон гэж ийм эвгүй юм хийж яваа улсууд байна.  Тэнгэрээс миний хүү харж байгаа. Намайг аймгийн Засаг даргатай хувилдаж хуурамч дүгнэлт гаргуулсан гэж ярьж байна. Би ар өврийн хаалга гэж мэдэхгүй би тийм муухай зүйл хийж явах хүн биш. Үнэн бол үнэн л байна ийм л зүйл хэлнэ гэв. 

Үндэслэх нь:

            Нэхэмжлэгч  “Моностойн нуруу” ХХК нь Сэлэнгэ аймгийн  Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай захирамжийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Сэлэнгэ аймгийн  Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлсэн байна.

           Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд   нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Сэлэнгэ аймгийн  Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай захирамжийн тухайд:

           Энэ хэргийн гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Л.Цэрмаагаас “маргаан бүхий газрыг 2001 оноос хойш эзэмшиж байгаа 94 га талбайн гэрчилгээг солиулж авахаар хөөцөлдсөн боловч 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хуурамч захирамж надад өглөө[1]” гэж гомдол гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын  2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/366 дугаартай захирамж[2]-аар ажлын хэсэг байгуулагдсан байна.           

            Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Л.Цэрмаагийн өргөдөл, гомдлыг барагдуулахаар газар дээр нь очиж танилцан шалгалт хийн 2007 оны захирамж дээр тамга, тэмдгийг 2009 оны “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.3.17 дагуу голлуулан хэрэглэсэн нь тогтоогдсон, тухайн үеийн хэвлэмэл хуудасны өнгө өөр байсан, Ерөө сумын Засаг даргын 2007 оны үдсэн баримтыг задалж хавчуулж оруулсан хуурамч захирамж болох нь тогтоогдсон гэж үзэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар  Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар архивын тасаг Улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт[3]-ийг гаргажээ.

            Дээрхи ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамж[4]-ийн 1 дэх заалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамжийг архивын сан хөмрөгт хуурамчаар нөхөн бүрдүүлж авсан нь нотлогдсон гэж дурьдаж хүчингүй болгож мөн 2 дахь заалтаар  иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг сэргээх арга хэмжээ авахыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад даалгажээ.

            Анх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тариалангийн талбай дахиж хуваарилах тухай” 128 дугаар захирамж[5]-аар иргэн Л.Цэрмаад 94 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ[6]-г олгосон болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

            Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын  2007 оны 04 дүгээр сарын 17-ны  өдрийн 52 дугаар захирамж[7]-д Газрын тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй 2 дугаар багийн иргэн Л.Цэрмаагийн үр тарианы 94 га газрын эзэмших эрхийг хүчингүйд тооцсон байна.

            2007 онд  Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралтын “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 7-д “Тамга тэмдгийг албан тушаалын нэрийн эхний үсгүүдийг оруулан бүтэн, тэгш тод дарна”  гэсэн заавар мөрдөгдөж байхад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын  2007 оны 04 дүгээр сарын 17-ны  өдрийн 52 дугаар захирамжид Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааварын 2.3.17-д “Тамга тэмдгийг гарын үсэг зэрэгдсан хэсгийг оролцуулан тэгш, тод дарна” гэж заасны дагуу тамга дарагдсан мөн Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр  дүгнэлтэнд “Гарын үсэгийн зураглал  дээр дарагдсан тамганы дардас нь 2007 оны 04 дүгээр сард болон 2007 оны 12 дугаар сард дарагдаж үүсгэгдсэн тамганы дардас биш байна” гэдгээр хууль бус захирамж гаргасан  болох нь тогтоогдож байна.

           Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь Сэлэнгэ аймгийн Ерөө  сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамжийг  хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д “Газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах” 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэх/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

            Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай  захирамжийн тухайд:

            Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаар захирамж[8]-аар “Моностойн нуруу” ХХК-д ...365/94 га... нийт 24 нэгж талбар бүхий 818 га газрыг үр тариа тарих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Газрын тухай хуулийг үндэслэн газар эзэмших эрхийн шинэ гэрчилгээ авах хүсэлтийг үндэслэн тус сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 дугаар захирамж[9]-аар дээрхи захирамжаа хүчингүй болгон 23 нэгж талбар шинэчлэгдсэн кадастрын зургаар 813.92 га газрыг үр тариа тарих зориулалтаар эзэмшүүлэхээр /маргаан бүхий газар хавсралтын 18 хэсэгт байгаа/ шийдвэрлэжээ. 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Моностойн нуруу” ХХК-д маргаан бүхий газрыг 55 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн  0291680  дугаартай гэрчилгээ[10]-г олгон, Иргэн, хуулийн  этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /10/-г байгуулжээ.

            Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар захирамж[11]-аар  Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай захирамжийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Л.Цэрмаад  тус сумын Хонгорын нуруунд байрлах  84.36 га газрыг үр тариа тарих зориулалтаар 15 жилийн хугацаагаар  эзэмшүүлэхээр мөн захирамжийн 5 дахь заалтаар сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 тоот захирамжийн /Моностойн нуруу ХХК-ний/ хавсралтын 18 дахь заалтыг хүчингүй болгосонд тооцож шийдвэрлэсэн  байна.

            Гэтэл энэ хэргийн гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Л.Цэрмаа нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар захирамжийн газар эзэмших хугацаан дээр амаар гомдол гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дарга 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаар захирамж[12]-ийн 1 дэхь заалтаар  иргэн Л.Цэрмаад 46 жилийн хугацаагаар сэргээн эзэмшүүлэх гэж өөрчлөн  мөн 5 дахь заалтаар сумын Засаг даргын 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 256 тоот захирамжийг хүчингүйд тооцсон байна.

          Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунбат нь шүүх хуралдаан дээр “захирамж бол надад байсан захирамжин дээр  сумын Засаг дарга Ганболд өөрөө гарын үсэг зурсан, тамга дарагдаагүй байсан тамгыг нь би дарсан. Би тамгыг дарахдаа голд нь дарж захирамжийн хавтсанд хийж Л.Цэрмаа гуайг нэхэхэд би тэр захирамжийг канондуулж өгсөн” гэж тайлбарлаж байх бөгөөд дээрхи захирамж нь гуравдагч этгээд иргэн Л.Цэрмаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.

            Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл ...тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нь иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг сэргээсэн нь хууль зөрчөөгүй байна.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэхь зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Газрын  тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2  дахь хэсэгт заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн  Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын  2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй  болгуулах” тухай  “Моностойн нуруу” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.БУРМАА