Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 02151

 

 

Н.А-ын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02803 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ж-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 55 900 000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А-, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь хариуцагч Г.Ж-д 2015 оны 1 болон 3 дугаар сард нийт 26 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлдүүлж байсан бөгөөд бид 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлэхэд төлөх ёстой мөнгөнөөс 4 712 000 төгрөг дутуу төлөгдөөгүй байсан. Гэвч би энэ мөнгийг нэхэмжлээгүй. Тухайн үед Г.Ж- нь дахин энэ жил сайн ажиллаж чадсангүй, мөнгө хэрэг болоод байна, та дахин мөнгө зээлдүүлээч гэж гуйсан тул би нийт 35 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр Г.Ж-д зээлдүүлж, бичгээр баримт үйлдсэн. Үүнээс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дансаар 17 650 000 төгрөгийг, үлдэх 17 350 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл Г.Ж- нь 2016 оны 01 дүгээр сарын 31-нд 1 200 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 07-нд 2 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-нд 10 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 04-нд 7 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-нд 3 000 000 төгрөг, нийт 23 200 000 төгрөгийн хүү төлсөн боловч үндсэн зээлийн төлөлтийг огт хийгээгүй. Ингээд Г.Ж- нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн төлбөр болон хүүг огт төлөөгүй. Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн 25 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлсэн 10 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөгийн үндсэн зээл, 20 900 000 төгрөгийн хүүг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна. Иймд хариуцагч Г.Ж-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 55 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Ж- нь нэхэмжлэгч Н.А-аас 2015 оны 12 дугаар сарын 03-нд дансаар 17 650 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-нд бэлнээр 5 000 000 төгрөг, нийт 22 650 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 12 дугаар сарын 14-нд баримтад гарын үсэг зурахад 20 000 000 төгрөгийн зээл гэсэн боловч 17 650 000 төгрөг өгсөн. Урьд нь зээлсэн мөнгөний хүүгийн алданги дутуу бодогдсон байна гэх тайлбарыг өгч 20 000 000 гэх баримтад гарын үсэг зурсан. 2015 оны 12 дугаар сарын 14-нд 10 000 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан нь 5 000 000 төгрөгийг бэлнээр авсан байхад тайлбар нь түрүүнд зээлсэн мөнгөний хүү нь 5 000 000 төгрөг гэсэн тайлбар өгсөн. Хариуцагч нь мөнгөний хэрэгцээ байсан тул гарын үсгээ зурсан. Хариуцагч Г.Ж- нь нэхэмжлэгч Н.А-аас 2015 оны 12 дугаар сарын 03-нд 22 650 000 төгрөг зээлж, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс төлөлт хийгдсэн. Баримт нь нэхэмжлэгч Н.А-ын гар бичмэлээс харахад 39 200 000 төгрөг төлсөн байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Г.Ж-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 20 900 000 төгрөг нийт 55 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Жаргалжаваас 437 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 20 000 000 төгрөг шилжүүлээгүй мөн бэлнээр олгогдоогүй 17 650 000 төгрөг дансаар шилжүүлсэн, мөн бусад мөнгийг бэлнээр олгоогүй 5 000 000 төгрөг мөнгөний машинаас бэлнээр авч өгсөн нийт 22 650 000 төгрөгийг 6% ийн хүүтэй зээлсэн тухай нотлох баримтаар давхар батлагдсаар байтал шүүх дээрх баримтыг шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон нийт зээлийг 35 000 000 төгрөг гэж тооцсон. 3ээлийн гэрээгээр хугацаа тогтоогоогүй байтал 2015 оноос хэдийг хүртэл 21 сарын зээлийн хүүг тооцсон нь тодорхойгүй, хуулийн апь заалтанд нийцүүлсэн нь ойлгомжгүйгээр хүүг 44 300 000 төгрөг гэж үлдэгдэл хүүд 20 900 000 төгрөгийг тооцсон нь тодорхойгүй байна. Гэрч н.Баасандагвын мэдүүлэг илтэд тодорхой буюу 17 350 000 төгрөгийг бус 8 000 000 төгрөгийг хүртэл нэг удаа бэлэн мөнгөний АТМ-ээс авах боломжтой, мөн мөнгөн дүнг мэдэхгүй гэж мэдүүлсээр байтал, хариуцагч тухайн үед АТМ-ээс 5 000 000 төгрөгийг авснаа мэдүүлсээр байтал үндэслэлгүйгээр тогтоогдож байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Хариуцагч шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нэхэмжлэгчээс гаргуулах тухай хүсэлтийг гаргасаар байтал энэ талаар хэрхэн шийдсэн болон нотлох баримтын талаар дүгнэлт гаргалгүй шийдвэрлэсэн тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүйг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч Г.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.А- нь хэргийн 3 дугаар талд авагдсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Жаргалд  5 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 20 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлэв. Хүлээн авсан Жаргал, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй зээлэв. Хүлээн авсан Жаргал гэсэн гарын үсэг бүхий бичмэл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч Н.А- шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ “ ...Ингээд өмнө нь авсан зээлийн үлдэгдлийг хасаад 2015 оны 12 дугаар сарын  03-ны өдөр дансаар 17 650 000 төгрөгийг, бэлнээр 5 000 000 төгрөгийг, мөн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бэлнээр 10 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн...” гэж тайлбарласан болон 17 650 000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлэг зэргээс үзэхэд талуудын хооронд 32 650 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагч нь “...Н.А-аас 2015 оны 12 дугаар сарын 03-нд дансаар 17 650 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-нд бэлнээр 5 000 000 төгрөг, нийт 22 650 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн... гэж тайлбарлаж байгаа боловч хүлээн авсан Жаргал гэсэн гарын үсэг бүхий бичмэл баримтыг үндэслэл бүхий нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл авсан буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа бол хариуцагчид мөнгө зээлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба хариуцагчид  32 650 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдсон байхад шүүх 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь  зээлийн гэрээний үүрэгт 24 200 000 төгрөгийг төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээний ар хэсэг, орлогын мэдүүлэг, ХААН банкан дахь Н.А-ын ХААН банкны депозит дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх төлөгдсөн 1 000 000 төгрөгийг дутуу тооцсон алдаа гаргасан байна. /хх-ийн 3-13, 72-78 /

Хариуцагч нь “...15 000 000 төгрөгийг талийгаач нөхөр Т.Дэчиндоржийн дансаар шилжүүлсэн...” гэж тайлбарласан боловч түүний тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй байна. 

Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болон хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн гэдгээ нотолсон боловч 2015 оны 12 сараас хойш нийт 21 сарын хугацаанд 6 хувийн хүү тооцсон үндэслэлээ нотолж чадаагүй тул  хариуцагчаас 20 900 000 төгрөгийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх байдлаас үзэхэд зохигчдын хооронд  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. дах хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн гэж үзэхээр боловч мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дансаар авсан 17 650 000 төгрөгийг, бэлнээр авсан 5 000 000 төгрөгийг, мөн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бэлнээр авсан 10 000 000 төгрөгийг, тэдгээрийн нэг сарын хүү, нийт 35 209 000 төгрөгийг хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгчид төлөхөөс 24 200 000 төгрөгийг буцааж төлсөн, 11 009 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй  гэж үзлээ.

Мөн шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалт гэж зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02803 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Ж-аас 11 009 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44 891 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын  “437 450” гэснийг “191 094 ” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 437 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Н.БАТЗОРИГ