Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00229

 

Н.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02803 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2151 дүгээр магадлалтай,

Н.Аын нэхэмжлэлтэй,

Г.Жт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 55,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.А нь Г.Жт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 55,900,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02803 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Г.Жаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 20,900,000 төгрөг нийт 55,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Жаргалжаваас 437,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгохоор шийдвэрлэжээ.    

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2151 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02803 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Жаас 11,009,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44,891,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “437,450” гэснийг “191,094 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 437,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н.Аын нэхэмжлэлтэй Г.Жт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 184/ШШ2020/02803 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.19-ний өдрийн 2151 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан журмыг зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь: Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Г.Жт 2015.12.03-ны өдөр 25,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2015.12.14-ний өдөр 10,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, нийт 35,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Ингэхдээ талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Өөрөөр хэлбэл Г.Ж нь зээлийн гэрээний дагуу Н.Ад cap бүр 6 хувийн хүү төлөх үүрэг хүлээсэн. Талууд зээлийн гэрээнд хугацаа тохироогүй хэдий ч хариуцагчийн зүгээс гэрээгээр тохиролцсоны дагуу зээлийн хүүг 2017.10.05-ны өдрийг хүртэл алдаг оног төлж байсан тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийг төлчих байх гэж итгэсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс 2017.10.05-ны өдрөөс хойш үндсэн зээл болон зээлийн хүүг огт төлөөгүй. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд хамгийн сүүлд хүүгийн төлөлт хийсэн өдрөөс хойш зээлийг буцаан төлөхийг шаардсан боловч огт төлөлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь үндсэн зээл 35,000,000 төгрөг болон зээлийн хүү 20,900,000 /мөнгө хүлээлгэн өгсөн өдөр буюу 2015.12.03-ны өдрөөс 2017.10.05 буюу зээлийг буцаан төлөхийг шаардсан өдөр хүртэлх хугацааны хүү/ төгрөг нийт 55,900,000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй нь хүү авах эрхгүй байхаар дүгнэлт хийн хүүгийн хэмжээг хасаж тооцож, зээлдэгчид хэт давуу байдал олгож, зээлдүүлэгчид хохиролтой байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхээр хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлдүүлэгч зээлийг буцаан төлөхийг шаардах хүртэлх хугацааны хүү тооцогдохоор байх бөгөөд хугацаа тогтоогоогүй бол нэг сарын хүү тооцохоор зохицуулаагүй. Харин зээлдүүлэгчийн шаардсанаас хойш нэг сарын дотор үүргээ биелүүлэхийг зээлдэгчид үүрэг болгосон заалт юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс хамгийн сүүлд буюу 2015.12.14-ний өдөр мөнгө зээлсэн өдрийг зээлийг буцаан төлөхийг шаардсан өдөр гэж үзэн мөн өдрөөс хойш нэг сарын хүү тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 44,891,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.19-ний өдрийн 2151 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Н.А нь Г.Жт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 35,000,000 төгрөг, хүүгийн 20,900,000 төгрөг, нийт 55,900,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч хариуцагч “...зээлд 39,200,000 төгрөгийг төлсөн гэсэн тайлбарыг гаргасан, ...шүүхийн хэлэлцүүлэгт үндсэн зээлд 21,000,000 төгрөг, хүүд 3,200,000 төгрөг төлсөн...” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 55,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ.

8. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ, ...282 дугаар зүйлийн 282.3-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Г.Жтай 2015.12.03-ны өдөр 20,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, мөн 5,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, мөн 2015.12.14-ний өдөр 10,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй тус тус зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан байх боловч зээлдүүлэгч нь 2015.12.03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 17,650,000 төгрөг шилжүүлж, зээлдэгчид нийтдээ 32,650,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн нь тогтоогджээ.

10. Давж заалдах шатны шүүх маргаанд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сараас хойшхи хугацаанд хүү тооцсон үндэслэлээ нотолж чадаагүй, ...зээлийн гэрээнүүдийн дагуу нэг сарын хүү тооцоход зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 35,209,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс, зээлийн төлбөрт төлсөн 24,200,000 төгрөгийг хасч тооцон, 11,009,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна. 

11. Харин анхан шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон... гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ. 

12. Иймээс, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, ...хүүгийн хэмжээг үндэслэлгүйгээр хасч тооцон, зээлдэгчид хэт давуу байдал олгож, ...шийдвэрлэсэнд гомдолтой. Зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөх бөгөөд шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхээр хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлдүүлэгч зээлийг буцаан төлөхийг шаардах хүртэлх хугацааны хүү тооцогдохоор байх бөгөөд нэг сарын хүү тооцохоор зохицуулагдаагүй. Харин зээлдүүлэгчийн шаардсанаас хойш нэг сарын дотор үүргээ биелүүлэхийг зээлдэгчид үүрэг болгосон заалт юм...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

13. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2151 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.11.12-ны өдөр төлсөн 382,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД