Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2020/02803

 

 

     2020            09              16                                                          184/ШШ2020/02803

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Н.А

            Хариуцагч: Г.Ж

“Зээлийн гэрээний үүрэгт 55 900 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие Г.Жт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 55 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие нь хариуцагч Г.Жт 2015 оны 1 болон 3 дугаар сард нийт 26 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлдүүлж байсан бөгөөд бид 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлэхэд төлөх ёстой мөнгөнөөс 4 712 000 төгрөг дутуу төлөгдөөгүй байсан. Гэвч би энэ мөнгийг нэхэмжлээгүй. Тухайн үед Г.Ж нь дахин “энэ жил сайн ажиллаж чадсангүй, мөнгө хэрэг болоод байна, та дахин мөнгө зээлдүүлээч” гэж гуйсан тул би нийт 35 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр Г.Жт зээлдүүлж, бичгээр баримт үйлдсэн. Үүнээс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дансаар 17 650 000 төгрөгийг, үлдэх 17 350 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл Г.Ж нь 2016 оны 01 дүгээр сарын 31-нд 1 200 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 07-нд 2 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-нд 10 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 04-нд 7 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-нд 3 000 000 төгрөг, нийт 23 200 000 төгрөгийн хүү төлсөн боловч үндсэн зээлийн төлөлтийг огт хийгээгүй. Ингээд Г.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн төлбөр болон хүүг огт төлөөгүй бөгөөд “Г.Жтай уулзаж учраа ольё гэж маш олон удаа залгаж мессеж бичсэн, сүүлдээ миний дугаарын блоклосон. Ээж Сангидулам нь болохоор би юугаа өгөх вэ, Г.Ж л ажил хийж мөнгө олбол өгнө” гэдэг байсан. Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн 25 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлсэн 10 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөгийн үндсэн зээл, 20 900 000 төгрөгийн хүүг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна. Иймд хариуцагч Г.Жаас зээлийн гэрээний үүрэгт нийт 55 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сараас эхлээд Г.Ж Дэчиндорж хоёр нь над руу мөнгө олоод өгөөч гэж маш олон удаа утасдаж гуйсан. Би мөнгөө юунд ашиглах гэж байгаа талаар асуухад “алтны уурхай авах гэж байгаа юм. Та 50 000 000 -60 000 000 төгрөг олж өгөөч” гэсэн. Тэгэхэд нь би “танайх өөрийнхөө байрыг банкны барьцаанд тавиач” гэж хэлэхэд Г.Ж “манайх байраа барьцаанд тавиад зээл авчихсан байгаа” гэж хэлсэн. Би “чи хэд хоног хүлээчих юм бол эгч нь хүү багатай зээл олоод өгье” гэж хэлсэн. Тэгэхэд Г.Ж “үгүй ээ 6 хувийн хүү болж байна” гэж хэлсэн. Тиймээс би “Цэцэг туяа” Хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг аваад Г.Жт өгсөн. Гэтэл “дахиад мөнгө хэрэгтэй байна. Дахиж мөнгө олж өгөөч” гэсэн учраас би хувьдаа байсан 5 000 000 төгрөг нэмж өгөөд нийт 35 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн. Бид гэрээ байгуулахдаа хугацаа тохироогүй. Г.Ж хэлэхдээ 2016 оны зун ажлаа хийгээд 2016 оны намар гэхэд л буцаагаад өгнө гэж хэлж байсан. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1 200 000 төгрөг,  2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 7 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 23 200 000 төгрөг буцаан өгсөн. Энэ бүх мөнгөө зээлийн хүүд төлсөн. Хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөнгө төлснөөсөө хойш нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Тиймээс үндсэн зээл 35 000 000  төгрөг, хүү 20 900 000 төгрөг нийт 55 900 000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өнөөдрийг хүртэл “Цэцэгтуяа” Хадгаламж зээлийн хоршоонд зээлийн хүүд 56 000 825 төгрөг төлөх болчхоод байгаа. Цэцэгтуяа ХЗХ-ноос намайг өнөөдөр шүүхэд өгнө гэсэн. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааг тооцох юм бол нийт 59 сарын хүү 119 000 700 төгрөг болно.  Үүн дээр үндсэн зээл 35 000 000 төгрөгөө нэмээд буцааж авсан 23 200 000 төгрөгийг хасах юм бол нийт  130 500 000 төгрөг нэхэмжлэх ёстой. Гэхдээ би тэгэхийг хүсээгүй, зөвхөн миний Хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүүг төлж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Г.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Г.Ж нь нэхэмжлэгч Н.Ааас 2015 оны 12 дугаар сарын 03-нд дансаар 17 650 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-нд бэлнээр 5 000 000 төгрөг, нийт 22 650 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 12 дугаар сарын 14-нд баримтад гарын үсэг зурахад 20 000 000 төгрөгийн зээл гэсэн боловч 17 650 000 төгрөг өгсөн. Урьд нь зээлсэн мөнгөний хүүгийн алданги дутуу бодогдсон байна гэх тайлбарыг өгч 20 000 000 гэх баримтад гарын үсэг зурсан. 2015 оны 12 дугаар сарын 14-нд 10 000 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан нь 5 000 000 төгрөгийг бэлнээр авсан байхад тайлбар нь түрүүнд зээлсэн мөнгөний хүү нь 5 000 000 төгрөг гэсэн тайлбар өгсөн. Хариуцагч нь мөнгөний хэрэгцээ байсан тул гарын үсгээ зурсан. Хариуцагч Г.Ж нь нэхэмжлэгч Н.Ааас 2015 оны 12 дугаар сарын 03-нд 22 650 000 төгрөг зээлж, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс төлөлт хийгдсэн. Баримт нь нэхэмжлэгч Н.Аын гар бичмэлээс харахад 39 200 000 төгрөг төлсөн байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ж нь нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дансаар 17 650 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бэлнээр 5 000 000 төгрөг  нийт 22 650 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, хугацаа тохироогүй зээлсэн, харин 39 200 000 төгрөгийг буцаан өгсөн. Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сард 1 000 000 төгрөгийг төлсөн гэдгийг хэлэхгүй орхигдууллаа. Энэ 1 000 000 төгрөгийг нэмбэл нийт 24 200 000 төгрөг төлсөн. Мөн талийгаач Дэчиндорж охиноосоо 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 000 000 төгрөг аваад Н.Ад өгсөн. Тэрээр нас барсан учраас яаж өгсөн гэдгийг нь нотолж чадахгүй байна. Би дансаар өгсөн байх гэж бодоод дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулсан боловч дансаар мөнгө өгөөгүй байна. Ямартаа ч Г.Ж 22 650 000 төгрөг аваад 39 200 000 төгрөг буцаан төлсөн. Нийт 30 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна, харин 24 200 000 төгрөгийг буцаан төлсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.А зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 20 900 000 төгрөг нийт 55 900 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Ж хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

            Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.           

Хавтаст хэргийн 3 дугаар талд “2015.12.3 нд Жаргалд 5 сая ₮ 6 %-н хүүтэй, 20 сая ₮ 6 %-н хүүтэй зээлэв, 10 сая ₮ 6 %-н хүүтэй зээлэв. 12.14 нд” гэх баримт авагдсан байх ба зохигчид зээл өгсөн, авсан тухай маргахгүй байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохирч хүү тогтоож болно, 282.3-т ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх тухай тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээг  бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд сарын 6 хувийн хүүтэй мөнгө шилжүүлэх, хариуцагч нь шилжүүлсэн мөнгийг буцаан өгөх үүрэг хүлээжээ. Талууд хэдийгээр зээл буцааж төлөх хугацаа тогтоогүй боловч Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл буцааж төлөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 35 000 000 төгрөг зээлүүлсэн /хх-3/ үүнээс 17 650 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн нь түүний Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-4/ хариуцагч хүлээж авсан  болох нь түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-50/, үлдэх 17 350 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь гэрч Д.Баасандагвын мэдүүлэг /хх-64-65/ болон мөнгө хүлээн авсан гэх гарын үсэг бүхий баримтаар /хх-3/ нотлогдож байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө ... зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох заалттай нийцэж байна. Мөн нэхэмжлэгч нь зээлийн хүүд 23 200 000 төгрөгийг /10 000 000 +7 000 000 + 3 000 000 + 1 200 000 + 2 000 000 = 23 200 000/ хариуцагчаас эргүүлж авсан болох нь хэргийн 7-9, 11 дэх тал дах баримтаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч тал хариу тайлбартаа “... 39 200 000 төгрөг төлсөн ...” /хх-47/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “... 24 200 000 төгрөг буцааж төлсөн, ... 21 000 000 төгрөг нь үндсэн зээл ... 3 200 000 төгрөг нь ... зээлсэн 30 000 000 төгрөгийн эхний 2 сарын зээлийн хүү ...” гэж зөрүүтэй тайлбар гаргаснаас гадна 15 000 000 төгрөгийг талийгаач нөхөр Т.Дэчиндоржийн дансаар шилжүүлсэн гэх тайлбар нь Хаан банкны дансны хуулгаар /хх-73-74/ тогтоогдохгүй байна. Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлаа нотолсон үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, холбогдох баримт шүүхэд ирүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Н.А нь 35 000 000 төгрөгийн  21 сарын зээлийн хүүд 44 100 000 /35 000 000 : 0.06 = 2 100 000 x 21 = 44 100 000/ төгрөг авахаас 23 200 000 төгрөг авсан,  үлдэх 20 900 000 төгрөг /44 100 000 - 23 200 000 = 20 900 000/ болон үндсэн зээл 35 000 000 төгрөг нийт 55 900 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий тайлбарлаж, тайлбар нь баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Г.Жаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 20 900 000 төгрөг нийт 55 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Жаргалжаваас 437 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгох нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Г.Жаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 20 900 000 төгрөг нийт 55 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Жаргалжаваас 437 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ЭНХТӨР