Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01084

 

“Пи Эс Пи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 471 дүгээр шийдвэр,        

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Пи Эс Пи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “АБЦО” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Лхагвадорж, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “АБЦО” ХХК-ийн саналаар тус компанийн цахилгааны дэд станц барих ажлыг гүйцэтгэхээр 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1 сар 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, ажлаа гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж өгсөн боловч үлдэгдэл төлбөрөө өгнө гэж явсаар өдийг хүрсэн.Нийт гэрээнд заасан ажлын хөлс 18 сая төгрөгөөс 5 сая төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 13 сая төгрөг дээр гэрээнд заасан үүргээ хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул 0,5 хувийн алданги 6 500 000 төгрөгийг нэмээд нийт 19 500 000 төгрөгийг “АБЦО” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд улсын комисст хүлээлгэж өгсөн акт гаргаж өгнө гэсэн боловч уг станцыг хүлээлгэж өгөөгүй байгаа нь “Пи Эс Пи” ХХК-тай хамааралтай юм. Улсын комисст хүлээлгэж өгөөгүй учир уг дэд станцыг ашиглах боломжгүй байгаа тул бидэнд нотлох баримт гаргах боломж байсангүй. Иймд гэрээнд заасны дагуу ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй учир үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй. Хэрэв уг станцыг улсын комисст хүлээлгэж өгсөн тохиолдолд 13 000 000 төгрөгийг хүлээлгэж өгөх боломжтой.Иймд 13 000 000 төгрөг, түүний алданги 6 500 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 471 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “АБЦО” ХХК-иас 19 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Пи Эс Пи” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АБЦО” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 255 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Пи Эс Пи” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар магадлалаар хариуцагч “АБЦО” ХХК-ийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 471 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:2015.5.05-ны өдөр талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “Пи Эс Пи” ХХК 10 кв-ын 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станц угсрах, нийлүүлэх, газардуулга хийж, ажилд бэлэн болгох үүргийг хүлээж, “АБЦО” ХХК нь ажлын үр дүнд 18 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.Гэрээнд заасны дагуу ажил эхлэхээс өмнө гүйцэтгэгч компанид урьдчилгаа болгож 5 000 000 төгрөгийг 2015.5.05-ны өдөр шилжүүлсэн бөгөөд ажил дууссаны дараа буюу гүйцэтгэгч компанид үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасан бөгөөд мөн хуулийн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл гүйцэтгэгч компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу 10 кв-ын 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станцыг ажилд бэлэн болгоогүй, энэ талаар нэхэмжлэгч тал нотлох баримт гаргаж өгөөгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэг талыг барьж “Пи Эс Пи” ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм.Өөрөөр хэлбэл, “Пи Эс Пи” ХХК өөрийн тусгай зөвшөөрлийн дагуу гүйцэтгэсэн ажлыг Улсын коммист хүлээлгэн өгснөөр тус дэд станцыг ажилд бэлэн болсон гэж үзэхээр байтал уг станцыг ашиглалтанд оруулж болох эсэх талаар нарийн мэдлэг бүхий гишүүдийн бүрэлдэхүүнтэй Техникийн комиссын болон Улсын комиссын акт дүгнэлт огт гараагүй байхад захиалагч компани уг станцыг ашиглах эрх буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар өмчлөлдөө шилжүүлэн авч өмчлөх эрх үүсэх ямар ч боломж байхгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн фото зураг нь хэзээ, хаана гүйцэтгэсэн ажлын зураг хэрэгт хавсаргасан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх санаачилгаараа “АБЦО” ХХК-ийн захиалсан ажил мөн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гэж үзсэнд гомдолтой байна.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т заасны дагуу 10 кв-ын 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станц нь төрлийн шинжээр тодорхойлогдох тул Худалдах-худалдан авах тухай гэрээг зохицуулсан журам үйлчилнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ тайлбарлахдаа мөн хуулийн 248.2-т заасныг давхар баримтлаж “...“АБЦО” ХХК нь ажлын үр дүн болох хаалттай дэд станцын түлхүүрийг хүлээн авч, өөрийн мэдэлд авсан болох нь тогтоогдож байна” гэжээ. Гэтэл энэ талаар хэрэгт нотлох баримт огт авагдаагүй буюу түлхүүр хүлээж авсан асуудал огт байхгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнийг давж заалдах шатны шүүх засалгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн.Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Уг дэд станц нь биет байдлын доголдолтой эсэхийг эрх бүхий байгууллага буюу Техникийн комисс, Улсын комисс дүгнэлт гарган тогтоохоос биш захиалагч нүдээр хараад тогтоох боломжгүй юм. Энэхүү биет байдлын доголдолгүй эсэхийг шалгуулан Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг нь тусгай зөвшөөрөл бүхий гүйцэтгэгч компани болох “Пи Эс Пи” ХХК-д байгаа. Гэтэл гүйцэтгэгч компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй байгаа нь давхар эрхийн зөрчилтэй хөрөнгө болохыг харуулж байх тул захиалагч “АБЦО” ХХК нь үнийг төлөх үүрэг үүсээгүй гэж үзэхээр байхад анхан болон давж заалдах шатны шүүх “Пи Эс Пи” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн дүн болох 13 сая төгрөгийг бүхэлд нь хангаад зогсохгүй алданги 6 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.Иймд хяналтын шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, алданги тооцсон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Пи Эс Пи” ХХК ажил гүйцэтгэх гэрээний хөлс гаргуулахаар хариуцагч “АБЦО” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч “АБЦО” ХХК нь нэхэмжлэгчийг гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан, “10кв-ын 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станц \КТПН\ угсрах, нийлүүлэх” ажлыг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна. Уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Пи Эс Пи” ХХК нь 10кв-ын 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станц \КТПН\ угсрах, нийлүүлэх, газардуулга хийх, угсралт хийж, ажилд бэлэн болгох ажлыг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2015 оны 06 дугаар сарын 15-ны дотор гүйцэтгэх, захиалагч “АБЦО” ХХК ажлын нийт үнэд 18 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1.-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үед захиалагч хөлс төлөх үүрэгтэй байна. Зохигчид гэрээндээ гэрээний үнээс 6 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэх 12 000 000 төгрөгийг ажил дууссаны дараа төлөхөөр тохиролцжээ. Нэхэмжлэгч “Пи Эс Пи” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, ажлыг гүйцэтгэж, захиалагчид өгсөн гэж нэхэмжлэлдээ дурдан тайлбарласан боловч хариуцагч ажлын үр дүнг хүлээж аваагүй, дэд станц хэвийн ажиллагаатай эсэхийг эрх бүхий байгууллагаа тодорхойлох учиртай гэж үзсэн байна.

Хариуцагч “АБЦО” ХХК “ажлын үр дүн болох хаалттай дэд станцын түлхүүрийг хүлээн авч, өөрийн мэдэлд авсан болох нь тогтоогдсон” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч ажил гүйцэтгэгчийн хувьд гүйцэтгэсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгснөө нотлосон тохиолдолд хөлс шаардах эрх нь үүсэх байхад шүүх хариуцагчийг буюу захиалагчийг ажлын үр дүнг хүлээж аваагүйгээ буюу “татгалзлынхаа үндэслэлийг” нотлоогүй гэж үзсэн нь нотлогооны үүргийн хуваарилалтын талаар алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн эсэх байдал баримтаар тогтоогдоогүй нөхцөлд хөлс төлөх захиалагчийн үүрэг үүссэн эсэхийг тогтоох хүндрэлтэйгээс гадна үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлагад алданги тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бодитоор хянан шийдвэрлэх боломжгүй болно.

Талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлд ажлын үр дүнг улсын комисст хүлээлгэн өгөх талаар заалт байгаа эсэхийг шүүх зохигчдоос удаа дараа тодруулсан боловч гэрээний зүйлийн онцлог шинжээс шалтгаалан тухайн эд хөрөнгийн ашиглалтыг зөвхөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хэрэгжүүлэх боломжтой эсэх байдлыг тогтоогоогүй нь учир дутагдалтай болжээ. Гэрээний зүйл болох 10кв-ын 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станц нь Эрчим хүчний тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд, эсхүл эрчим хүчний барилга байгууламжид хамаарах, улмаар уг дэд станцыг ашиглахын тулд эрх бүхий байгууллагын хяналт, зөвшөөрөл шаардагдах эсэх хэргийн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй байх тул хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 471 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 118 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

             ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН