Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 120

 

“П Э П” ХХК-ййн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00200/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 471 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч “П Э П” ХХК--ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “А” ХХК--д холбогдох

          “Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр  13.000.000 төгрөг, алданги 6.500.000 төгрөг, нийт 19.500.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 

          Хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

Нэхэмжлэгч “П Э П” ХХК- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “А” ХХК--ийн саналаар тус компанийн цахилгааны дэд станц барих ажлыг гүйцэтгэхээр 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1 сар 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, ажлаа гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж өгсөн боловч үлдэгдэл төлбөрөө өгнө гэж явсаар өдийг хүрсэн. Нийт гэрээнд заасан ажлын хөлс 18 сая төгрөгөөс 5 сая төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 13 сая төгрөг дээр гэрээнд заасан үүргээ хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул 0,5 хувийн алданги 6,500,000 төгрөгийг нэмээд нийт 19,500,000 төгрөгийг “А” ХХК--иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнөх шүүх хуралдаанд улсын комисст хүлээлгэж өгсөн акт гаргаж өгнө гэсэн боловч уг станцыг хүлээлгэж өгөөгүй байгаа нь “П Э П” ХХК--тай хамааралтай юм.

Улсын комисст хүлээлгэж өгөөгүй учир уг дэд станцыг ашиглах боломжгүй байгаа тул бидэнд нотлох баримт гаргах боломж байсангүй. Иймд гэрээнд заасны дагуу ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй учир үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй. Хэрэв уг станцыг улсын комисст хүлээлгэж өгсөн тохиолдолд 13.000.000 төгрөгийг хүлээлгэж өгөх боломжтой. Иймд 13.000.000 төгрөг, түүний алданги 6.500.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 471 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “А” ХХК--иас 19,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П Э П” ХХК--д олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 255,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П Э П” ХХК--д олгож шийдвэрлэжээ.     

Хариуцагчийн  өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6.500.000 төгрөгийн алданги тооцсон хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Уг дэд станци нь биет байдлын доголдолтой эсэхийг эрх бүхий байгууллага буюу Техникийн коммис, Улсын коммис дүгнэлт гарган тогтоохоос биш захиалагч нүдээр хараад тогтоох боломжгүй юм. Энэхүү биет байдлын доголдолгүй эсэхийг шалгуулан Улсын коммист хүлээлгэн өгөх үүрэг нь тусгай зөвшөөрөл бүхий гүйцэтгэх компани болох “П Э П” ХХК--д байгаа. Гэтэл гүйцэтгэгч компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй байгаа нь давхар эрхийн зөрчилтэй хөрөнгө болохыг харуулж байх тул захиалагч “А” ХХК- нь үнийг төлөх үүрэг үүсээгүй гэж үзэхээр байхад анхан шатны шүүх “П Э П” ХХК--ийн гүйцэтгээгүй үүргийн дүн болох 13 сая төгрөгийг бүхэлд нь хангаад зогсохгүй 6.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, алданги тооцсон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Пи-Эс-Пи” ХХК хариуцагч “А” ХХК--нд холбогдуулж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний төлбөрийн үлдэгдэл 13.000.000 төгрөг, гэрээгээр хүлээсэн алданги 6.500.000 төгрөг, нийт 19.500.000 төгрөг нэхэмжилснийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нэхэмжлэгч “П Э П” ХХК өөрийн тусгай зөвшөөрлийн дагуу гүйцэтгэсэн ажлыг улсын комиссд хүлээлгэн өгснөөр тус дэд станцыг ажилд бэлэн болсон гэж үзэх байтал Улсын болон Техникийн комисын дүгнэлт огт гараагүй байхад гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгсөн гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь дутагдалтай.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т заасны дагуу 10кв-ын 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станц нь төрлийн шинжээр тодорхойлогдох тул худалдах худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ.

Гүйцэтгэгч компани Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Биет байдлын доголдолтой эсэхийг захиалагч нь нүдээр хараад тогтоох боломжгүй. Иймд биет байдлын доголдол, эрхийн зөрчилтэй эсэхийг Улсын комис хүлээлгэн өгч тогтоолгох үүрэг нь тусгай зөвшөөрөл бүхий гүйцэтгэгч компанид байгаа бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй давхар эрхийн зөрчилтэй байхад 13.000.000 төгрөгийг бүхэлд нь хангаад зогсохгүй 6.500.000 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэргийн 3 дугаар талд авагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс үзвэл 10 кв-ын 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станц /КТПН/ угсрах, нийлүүлэх ажлыг гүйцэтгэхээр, ажлын нийт өртөг 18.000.000 төгрөг байх бөгөөд урьдчилгаанд 6.000.000 төгрөг төлж, ажил дууссаны дараа 12.000.000 төгрөг төлөхөөр ажлын гүйцэтгэх хугацааг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр багтаан гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. 

Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, захиалагчийн даалгавраар 10 кв-ын 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станц /КТПН/ угсрах, нийлүүлэх ажлыг хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн. Захиалагч нь гэрээгээр хүлээсэн 18.000.000 төгрөг төлөхөөс 5.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 13.000.000 төгрөгийг төлөөгүйгээс төлбөртэй холбоотой маргаан үүсчээ.

Захиалагч буюу хариуцагч нь гэрээний үүргийн биелэлттэй холбоотой ямар нэгэн гомдол маргаан гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” бөгөөд хариуцагч талаас нотлох баримт болон хариу тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлээгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэл болох хийж гүйцэтгэсэн ажлыг Улсын болон Техникийн комисд хүлээлгэн өгөх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй, энэ талаар маргалдагч тал нотолж чадаагүй болно.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т “ Дээрх төлбөрийг / 3.11, 3.12/ ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэгч талын данс руу шилжүүлнэ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд үлдсэн төлбөрөөс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцон, гүйцэтгэгч талд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нь  нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий зөв байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч “А” ХХК--ийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 471 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЦЭЦЭГ          

                                    ШҮҮГЧИД                                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                            Л.АМАРСАНАА