Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/02218

 

    2020           08    24                                      183/ШШ2020/02218

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, 0 дүгээр баг, Бугат 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, Х овогт С. Э /РД: ПЮ00000000/-ийн нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 00 байр 0 тоотод оршин суух, Х овогт Д. А /РД: ШУ00000000/-д холбогдох,

          8,186,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э нар оролцож, нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... С.Э нь Ренаулт магнум маркийн авто машинаар тээвэр хийж, аж ахуй амьдралаа авч явдаг. 2019.05.27-ны өдөр Өвөрхангай аймгийн Шарт гэх газарт машины мотор эвдэрсэн. Цэрэгт хамт байсан найз Ц.Д уулзаж болсон явдалын талаар хэлтэл, Ц.Д гээд манай ах байгаа, Иркутскэд амьдардаг, түүнд хандаад үз чиний машины моторыг олж өгч чадна гэсний дагуу утасны дугаарыг нь авч холбогдоод танилцаж, мотор захиж авхуулахаар тохиролцсон. Ингээд тохиролцооны дагуу урьдчилгаа төлбөр 50% болох 97000 рубль буюу 4,093,400 төгрөгийг 2019.09.30-ны өдөр Ц.Д охин болох Д.А 00000000 тоот данс руу уг төлбөрийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 50%-ийг Улан-Үдэд мотороо хүлээн авсны дараа өгөхөөр тохиролцсон боловч 3 хоногийн дараа 2019.10.03-ны өдөр үлдэгдэл 50%-ийг шилжүүлчих, Москвагийн компани нь 100% мөнгөө авч байж явуулна гэхээр нь 50% болох 4,093,400 төгрөгийг Ц.Д охин болох Д.А 00000000 тоот данс руу дахин шилжүүлсэн. Ингээд нийт 8,186,800 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл мотороо авч чадаагүй байна. Иймд Д.А данс руу шилжүүлсэн 8,186,800 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

        Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу нэхэмжлэлд дурдсан мөнгийг шилжүүлсэн боловч тус мөнгийг хариуцагч Д.А нь хувьдаа хэрэглээгүй бөгөөд зөвхөн дамжуулах үүрэг гүйцэтгэж оролцсон. Ц.Д нь Д.А аав бөгөөд Д.А Чингис хаан банкинд ажилладаг учраас төгрөгөөс рубль руу хөрвүүлж Оросын холбооны улсын авто кассын данс руу шилжүүлхэд илүү хялбар байсан тул Д.А данс руу уг мөнгийн шилжүүлсэн. Иймээс Д.А нь эцэг Ц.Д даалгаварыг биелүүлсэн болохоос С.Э, Д.А хоёр хоорондоо гэрээ хэлцэл байгуулаагүй, даалгаварын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг Д.А нэхэмжлэх нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

       Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч С.Э хариуцагч Д.А холбогдуулан 8,186,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр моторын урьдчилгаа төлбөр гэх гүйлгээний утгаар 4,093,000 төгрөгийг, 2019 он 10 дугаар сарын 03-ны өдөр моторын үнийн үлдэгдэл төлбөр гэх гүйлгээний утгаар 4,093,000 төгрөгийг хариуцагч Д.А шилжүүлсэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцэж байна. /хх-4,5/

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу моторын үнэ гэж гүйлгээний агуулгыг тодорхойлсон хүсэл зоригийн илэрхийллийн агуулгын үгийн шууд утгаар тайлбарлахад талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.

          Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна, 208.3-т ... үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардснаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч Д.Айдана нэхэмжлэгчийн шаардснаар үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.

          Хариуцагч Д.А гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар худалдах,худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй байх бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д тус тус зааснаар хариуцагч Д.А гэрээний төлбөрийг нэхэмжлэгч С.Э буцааж өгөх үүрэгтэй юм.

         Иймд хариуцагч Д.А 8,186,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж шүүх үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.А 8,186,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э олгосугай,

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ны өдөр төлсөн 146,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А 146,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                     Ц.ОЮУНБИЛЭГ