Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 02160

 

 

 

“Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02313 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г Б” ХХК-ийн хариуцагч  Б.Э-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 180 915.94 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э-гээс “Г Б” ХХК-аас авсан ЗГ/КР/20160115001 дугаарт зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 241 443.49 төгрөг, хүү 10 925 789.93 төгрөг нийт 19 167 233.94 төгрөг, ЗГ/КР/161227025 дугаарт зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 094 183.34 төгрөг, үндсэн хүү 1 569 831.61 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 210 039.95 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 139 627.62 төгрөг, нийт 7 013 682.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөр 8 241 443.49 төгрөг, түүний хүү 10 925 789.93 төгрөгөөс 50 хувь, зэс картын 5 094 183.34 төгрөг, түүний хүү 1 569 831.61 төгрөгөөс 50 хувийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр картын хугацаа дууссан. 2018 оны 07 дугаар сараас хойш эцэг, эхийнхээ хашаанд амьдарч байгаа. “Г Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид учир байдлаа тайлбарлаж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-гээс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/КР/20160115001 тоот Кредит карт эзэмших гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 167 232 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 161227025 тоот “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 803 640 төгрөг, нийт 25 970 878 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлээс 210 039 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 4 946 659 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 287 804 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. 2016 оны 01 сарын 15-ны өдрийн ЗГ/КР/20160115001 тоот гэрээний үүрэгт 19 167 232 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үндсэн төлбөр нь 8 241 443.49 төгрөг, хүү 10 925 788.51 төгрөг, хүү 10 925 788.51 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээнд 2 өөр хүү заасан. Бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 3.5 хувь гэж заасан. Хүүг гэрээнд 2 өөрөөр тусгасан байгаа нь хуульд нийцэхгүй юм. Хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд тодорхой тусгасан байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Зээлийн хүү нэг л байх учиртай.

Мөн энэхүү хүүг “жилийн”, “сарын” эсхүл “өдрийн” аль нь болохыг тодорхой гэрээнд заагаагүй байхад анхан шатны шүүхээс үүнийг хэрхэн тодорхойлж хүүгийн тооцоог гаргаж шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Гэрээнд заасан хүү ямар хугацааны хүү болох, мөн аль хүүгээр тооцсон тодорхой бус зэрэг нөхцөл байдал үүссэн байхад тодруулаагүй.

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 161227025 тоот гэрээний үүрэгт 6 803 640 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс үндсэн төлбөр нь 5 094 183.34 төгрөг, хүү 1 709 456.66 төгрөг. Зээлийн хүүг зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээнд 2 өөр хүү заасан. Бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгөний жилийн хүү 42 хувь гэж заасан нь хуульд нийцэхгүй юм.

Нэхэмжлэгч аль хүүгээр нэхэмжлэлээ гаргаж байгаа талаараа нэхэмжлэлдээ тусгаагүйн зэрэгцээ аль хүүгээр тооцсон талаарх баримт гаргаагүй. Хариуцагч талын зүгээс дээр дурдсан татгалзлын талаарх тайлбар, ундэслэлээ бичгээр өгсөн тайлбарт тодорхой тусгасан хэдий боловч нэхэмжлэгч байгууллагын зүгээс үүнийг баримтаар няцаагүй. Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу нэхэмжлэлийн шаардлагаас зээлийг хүүг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь хариуцагч Б.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31 127 576 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 946 659 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзаж, 26 180 917 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч “ГБ” ХХК, Б.Энарын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/КР/20160115001 дугаар “Кредит карт эзэмших гэрээ”-гээр 10 000 000 төгрөгийн лимит /хязгаар/ бүхий зээлийн картыг бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувь, бэлэн мөнгөний гүйлгээнд сарын 3,5 хувийн хүүтэй, мөн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/КР/161227025 тоот “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-гээр 5 000 000 төгрөгийн лимит бүхий зээлийн картыг 2 жилийн хугацаатай бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгөний гүйлгээнд сарын 3.5 хувийн хүүтэй, тус бүр 2 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. /хх-12-14/

Хариуцагч Б.Энь дээрх 2 зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

“Г Б” ХХК зээлийн гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг Б.Э-ийн зээлийн эзэмшлийн картад шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн талаар талууд маргаагүй.

Хариуцагч талаас гэрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2 өөрөөр тогтоосон нь хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж маргасан боловч ЗГ/КР/20160115001 дугаар “Кредит карт эзэмших гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 8 241 443.49 төгрөг, үндсэн хүү 10 925 789.93 төгрөг, нийт 19 167 233,94 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/КР/161227025 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 094 183.34 төгрөг, үндсэн хүү 1 569 831.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 210 039.95 төгрөг, нийт 6 803 642 төгрөгийг төлөөгүй талаар нэхэмжлэгчийн гаргасан тооцоололыг баримтаар няцаагаагүй байна. /хх-6-11/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзал, тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй.

Мөн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/КР/161227025 дугаартай зээлийн гэрээний 3.6-т төлбөр эргэн төлөгдөх өдрөөс өмнө эргэн төлөгдөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээгээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувиар тооцохоор тохиролцсон байх тул 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс зээлийн төлбөрийг эргэн төлөх хугацааг зөрчснөөс хойшхи хугацааны нэмэгдүүлсэн хүү 139 627 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй./хх14/

Харин нэхэмжлэгч зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх заалттай нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 161227025 дугаар зээлийн гэрээний  эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 210 039.95 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/КР/20160115001 дугаар зээлийн гэрээний үүрэгт зээл 8 241 443.49 төгрөг, хүү 10 925 789.93 төгрөг, нийт 19 167 232 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 161227025 дугаар зээлийн гэрээний үүрэгт зээл 5 094 183 төгрөг, хүү 1 569 831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139 627 төгрөг нийт 6 803 640 төгрөг, бүгд 25 970 878 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 232 067 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                                            ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА