Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00444

 

                                          

                                    “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02313 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2160 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 26,180,917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалтын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэжаргал, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,127,576 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,946,659 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзаж, 26,180,917 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02313 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ээс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/КР/20160115001 тоот Кредит карт эзэмших гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,167,232 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 161227025 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,803,640 төгрөг, нийт 25,970,878 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 210,039 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 4,946,659 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 287,804 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2160 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 232,067 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4.1 Хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.15-ны өдрийн 181/ШШ2020/02313 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.19-ний өдрийн 2160 дугаар магадлалын зарим хэсгийг буюу “зээлийн хүүг хангаж шийдвэрлэсэн хэсгийг” эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан агуулга, үндэслэлийнхээ хүрээнд хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Хуулийн дагуу шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх учиртай. Зээлдүүлэгч банкны зүгээс зээлийн хүүг шаардах эрхгүй нөхцөл байдал үүссэн байтал зээлийн хүүг гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлээд байх тул ийнхүү шат шатны шүүхэд гомдол гаргахад хүргэлээ. Давж заалдах шатны шүүхийн магадлал гаргасан шүүгчид нь асуудлыг огт ойлгоогүй, ойлгоё гэж хичээгээгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

4.2. 2016.01.15-ны өдрийн ЗГ/КР/20160115001 тоот гэрээний хувьд: Анхан болон давж заалдах шатны шүүх ,,,,,,,,,,,,,,,,,ээс энэхүү гэрээний үүрэгт 19,167,232 төгрөгийг гаргуулах нь зөв гэж шийдвэрлэсэн. Үүнээс үндсэн төлбөр нь 8,241,443.49 төгрөг, үлдсэн 10,925,788.51 төгрөг нь хүү юм. Энэ хүү гэх 10,925,788.51 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээнд бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 3,5 хувь гэж 2 өөр хүү заасан. Хүүг гэрээнд 2 өөрөөр тусгасан нь хуульд нийцэхгүй. Хүүний хэмжээг зээлийн гэрээнд тодорхой тусгасан байх хуулийн шаардлагыг зөрчсөн байхаас гадна “гэрээний стандарт нөхцөл”-ийг ноцтой зөрчсөн. Зээлийн хүү нэг л байх учиртай. Мөн энэхүү хүүг “жилийн”, “сарын” эсвэл “өдрийн” аль нь болохыг тодорхой гэрээнд заагаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс үүнийг хэрхэн мэдэж “сарын хүү” гэж үзсэн нь ойлгомжгүй. Хэрэгт авагдсан баримтыг хэтэрхий нэг талд ашигтай байдлаар үнэлсэн. Талуудын байгуулсан гэрээнд сарын хүү болох талаар тусгайлан заагаагүй бол гэрээний хугацааны туршид тухайн хүүгээр тооцогдох учиртай гэж үзэж тайлбарласан. Энэ асуудлыг өмнө нь бичгээр өгсөн хариу тайлбартаа тусгасан.

4.3. Нэхэмжлэгч талын зүгээс гэрээнд 2 өөрөөр заасан хүүгийн хэмжээний алинаар нэхэмжлэлээ гаргасан нь тодорхой бус байхад хүүг хангаж шийдвэрлэсэн нь мөн л буруу юм. Гэрээнд заасан хүү ямар хугацааны хүү болох, мөн аль хүүгээр тооцсон нь тодорхой бус зэрэг нөхцөл байдал үүссэн байхад энэ нөхцөл байдлыг тодруулалгүй шууд л нэхэмжилсэн хэмжээг хөдөлбөргүй үнэн гэж үзсэн нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч тал нь яг аль хүүгээр нэхэмжлэлээ гаргаж байгаа талаараа нэхэмжлэлдээ тусгаагүйн зэрэгцээ мөн аль хүүгээр тооцох үндэслэл бүрдсэн тухай баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, зээлийн нийт ашигласан хэсгийн аль хэсгийг нь бэлнээр, аль хэсгийг нь бэлэн бусаар ашигласан талаарх баримт үндэслэлээ гаргаагүй байна.

4.4. 2016.12.27-ны өдрийн 161227025 тоот гэрээний хувьд: ,,,,,,,,,,,,,,,,,ээс энэхүү гэрээний үүрэгт 6,803,640 төгрөгийг гаргуулах нь зөв гэж шийдвэрлэсэн. Үүнээс үндсэн төлбөр нь 5,094,183.34 төгрөг, харин үлдсэн 1,709,456.66 төгрөг нь хүү юм. Энэ хүү гэх 1,709,456.66 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээнд бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгөний жилийн хүү 42 хувь гэж 2 өөр хүү заасан байдаг. Хүүг гэрээнд 2 өөрөөр тусгасан байгаа нь хуульд нийцэхгүй. Хүүний хэмжээг зээлийн гэрээнд тодорхой тусгасан байх хуулийн шаардлагыг зөрчсөн байхаас гадна гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн. Зээлийн хүү нэг л хэмжээтэй байх учиртай. Нэхэмжлэгч талын зүгээс гэрээнд 2 өөрөөр заасан хүүгийн хэмжээний алинаар нэхэмжлэлээ гаргасан нь тодорхой бус байхад хүүг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгч тал нь яг аль хүүгээр нэхэмжлэлээ гаргаж байгаа талаараа нэхэмжлэлдээ тусгаагүйн зэрэгцээ аль хүүгээр тооцож болох үндэслэл бүрдсэн талаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй. Хариуцагч талын зүгээс дээр дурдсан татгалзлын талаарх тайлбар, үндэслэлээ бичгээр өгсөн хариу тайлбартаа тодорхой тусгасан хэдий боловч нэхэмжлэгч байгууллагын зүгээс үүнийг тодруулах, няцаах, баримтаар үгүйсгэх, нотлох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Эдгээр гомдлын үндэслэлүүдийг давж заалдах гомдол гаргахдаа анх удаа яриагүй,  өмнө нь хэлж ярьж байсан бөгөөд бичгээр ч өгч байсан. Үүнийг нэхэмжлэлд хариу болгон гаргасан бичгийн тайлбараас үзэх боломжтой. Иймд нэхэмжлэлээс зээлийн хүүг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,127,576 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,946,659 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзаж, 26,180,917 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх татгалзлыг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас 25,970,878 төгрөг гаргуулж, үлдэх 210,039 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,,,,ээс ЗГ/КР/20160115001 тоот  зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,241,443.49 төгрөг, хүү 10,925,789.93 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,477,412.53 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 3,469,247.79 төгрөг, нийт 24,113,893.74 төгрөг, ЗГ/КР/161227025 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,094,183.34 төгрөг, хүү 1,569,831.61 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 210,039.95 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 139,627.62 төгрөг, нийт 7,013,682.52 төгрөг буюу хоёр гэрээний үүрэгт нийт 31,127,576.06 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад (ЗГ/КР/20160115001 тоот зээлийн гэрээний хувьд) “зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,477,412 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 3,469,247 төгрөгийг хасч багасгаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсанд,

хариуцагчаас “... Үндсэн төлбөр 8,241,443.49 төгрөг, түүний хүү 10,925,789.93 төгрөгөөс 50 хувь, зэс картын 5,094,183.34 төгрөг, түүний хүү 1,569,831.61 төгрөгөөс 50 хувийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул дээрх хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээгээр олгосон зээлийг үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй.

10. Нэхэмжлэгчээс “хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү”, “зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү”-г давхар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” гэсэнтэй нийцэхгүй гэсэн үндэслэлээр хариуцагчаас 2016.01.15-ны өдрийн ЗГ/КР/20160115001 тоот гэрээний үүрэгт (нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд) үндсэн зээл болон хүүд 19,167,232 төгрөг, 2016.12.27-ны өдрийн ЗГ/КР/161227025 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 5,094,183.34 төгрөг, хүү 1,569,831.61 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 139,627.62 төгрөг, нийт 6,803,640 төгрөгийг гаргуулж, “зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү” гэх 210,039 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

11. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд “бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь”, “бэлэн мөнгөний хүү 3,5” хувь гэж гүйлгээний хэлбэрийг харгалзан ялгаатай байдлаар хүү тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул “... хүүний хэмжээг зээлийн гэрээнд тодорхой тусгах хуулийн шаардлагыг зөрчсөн, “гэрээний стандарт нөхцөл”-ийг ноцтой зөрчсөн, зээлийн хүү нэг л байх учиртай...” гэх гомдол, мөн ЗГ/КР/20160115001 тоот гэрээний 3.1-д “Сар бүрийн 01-нд зээлийн эрхийн өмнөх сарын нийт зарцуулалт болон хүү, торгууль бодогдож гарах бөгөөд зээлийн эрхийн нийт зарцуулалтаас эргэн төлөгдөх доод хэмжээгээр тухайн өдрөөс хойш 15 хоногт багтаан картад тушаана.” 3.2-т “Карт эзэмшигч зээлийн эрхээс бэлэн мөнгө авсан бол гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн төлөх өдөр хүртэл хугацаанд бэлэн зарлагын гүйлгээний дүнд нь бэлэн мөнгөний хүү тооцогдоно.” гэх зэргээр зааснаас үзвэл гэрээнд заасан зээлийн хүүг сараар тооцох агуулгатай байх тул “... энэхүү хүүг “жилийн”, “сарын” эсвэл “өдрийн” аль нь болохыг гэрээнд тодорхой заагаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс үүнийг хэрхэн мэдэж “сарын хүү” гэж үзсэн нь ойлгомжгүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг хэтэрхий нэг талд ашигтай байдлаар үнэлсэн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Мөн талууд хүү тооцсон аргын талаар анхнаасаа маргаагүй байх тул “... нэхэмжлэгч нь зээлийн нийт ашигласан хэсгийн аль хэсгийг нь бэлнээр, аль хэсгийг нь бэлэн бусаар ашигласан талаарх баримт үндэслэлээ гаргаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий гомдлыг хяналтын шатанд хүлээн авч, талуудын мэтгэлцээгүй асуудалд үйл баримтын дүгнэлт өгөх боломжгүй.

13.  Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02313 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2160 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 232,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД