Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/418

 

 

 

 

    2023           04            18                                        2023/ДШМ/418

 

М.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох,

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШТ/137 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч М.Ст холбогдох 1905008520463 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ц овгийн М.С, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 2б байрны 28 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УТ88061051/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил хорих ялаар, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног байхаар тооцож 30 хоногийн хорих ялаар дүйцүүлж нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 30 хоног байхаар тогтоож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ХМШЗ/22 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон.

М.С нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 9в байрны 69.89 м2 5 тоот орон сууцны “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн хуурамч гэрчилгээ”-г үзүүлэн баримт бичиг ашиглаж, зээлийн гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориуд бий болгон, “Вестерн инвестмент фанд” банк бус санхүүгийн байгууллагаас 50.000.000 төгрөгийн зээл авсан,

Э.Түвшинжаргалтай бүлэглэн зээл авахад шаардлагатай материалыг хуурамчаар бүрдүүлэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг Люксхаус-5 153б байранд байрлах “Хаан банк” ХХК-д өгч, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 177.000.000 төгрөгийн зээл авч, улмаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Л.Мөнхболдод 172.000.000 төгрөгөөр зарж борлуулан зээлийн төлөлтийг хийлгүй хувьдаа ашиглаж “Хаан банк” ХХК-ийг залилан мэхэлж 177.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийн шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц овгийн М.С үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М.Сыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ст оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 5 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг зааснаар М.Ст оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Сын цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар М.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар М.Саас 7.906.740 төгрөг гаргуулж хохирогч “Вестерн инвестмент фанд” банк бус санхүүгийн байгууллагад, 179.056.115 төгрөг гаргуулж “Монгол даатгал” ХК-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “...Миний бие мөрдөн шалгаж ажиллагаа болон шүүхийн шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед залуу насандаа сэтгэл хөдлөлдөө автан гэмт хэргийн хор уршгийг бүрэн ойлгоогүйн улмаас гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр маань ажилгүй, том охин 16 настай, дунд охин 14 настай, бага охин 4 настай билээ.

2017 оноос “Интер плант” ХХК-ийг үүсгэн байгуулж дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхлэн өнөөдрийг хүртэл 30 гаруй хүмүүсийг ажлын байраар хангаж, нийгмийн даатгал татвараа төлж,  улс эх орондоо бага ч болов хувь нэмэр оруулсан байна. 2022 онд “Гранд кридет” ХХК-д захирлаар томилогдож, хохирлоо төлөх боломж тохиож агааржуулалт сэлгээ болон барилгын туслах гүйцэтгэх ажил хийхээр гэрээний шатандаа явж байтал цагдан хоригдсон. Одоог хүртэл гэрээгээ байгуулан ажлаа хийхэд оройтоогүй байна. Хохирогч нарт хохирлоо бүрэн барагдуулахаа илэрхийлж байна.

Банк бус санхүүгийн байгууллагад 7.900.000 төгрөгийн нэхэмжлэлтэй байгаа. Уг нь би үүнийг бүрэн төлсөн байгаа. 8.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн талаарх баримт байхгүй. Учир нь, 2018 оны 10 дугаар сард би хэргээ хүлээн зөвшөөрөөд захирал Отгонсүрэнд үнэн байдлаа хэлсэн. Хэлчихээд хэд хоногийн дараа 8.000.000 төгрөгийг ажил дээр нь бэлэн авч очиж өгсөн. Тухайн үед нягтлан, түүний нөхөр, найз нар нь гээд 4 хүн байсан. Би Отгонсүрэнгээс “8.000.000 төгрөг хүлээж авсан гэх баримт гаргаж өгөөч” гэхэд нөхөр нь надад хандаж “чи ямар даварсан хүн бэ. Чамд баримт гаргаж өгч чадахгүй. Чамайг харин цагдаад өгөөгүй нь их юм гэж бодоорой” гээд баримт гаргаж өгөөгүй. Гэхдээ 7.000.000 төгрөгийг баримтгүй ч гэсэн өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Харин Хаан банктай холбоотой хэргийг талийгаач Түвшинжаргалтай хамт үйлдсэн. Уг хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Би машины урьдчилгаа гэх 30.000.000 төгрөгийг нь зээлж байсан. Энэ хоёр хэрэгтээ маш их харамсаж байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулах юм бол хохирлоо нэн даруй барагдуулна. Миний өндөр настай ээж болон эхнэр, хүүхдүүд тэжээгчгүй хүнд байдалтай байгааг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Сын өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч М.Сд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэхдээ “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрэглээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж мөн тус хуулийн 5.3-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасан “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ. Миний үйлчлүүлэгчийг М.Сыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй боловч түүнд урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын үлдэгдэл буюу хянан харгалзах хугацаа нь өршөөлд хамрагдах үндэслэлтэй. Учир нь, түүний шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой юм. Иймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэсэн 05 сар 04 хоногийн хорих ялыг хасч тооцон, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Миний үйлчлүүлэгч М.Сд холбогдох хэргийг мөрдөн шалгахдаа үйлчлүүлэгчийн маань хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй бөгөөд үүнтэй холбоотойгоор түүнд оногдуулах эрүүгийн хариуцлага хүндэдсэн гэж үзэж байна. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд бичигдсэнээр түүнийг ам бүл 1 гэж тогтоосон боловч бодит байдал дээр Ц.Сүрэнжав нь эхнэр Б.Болортуяатай 2005 оын 6 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж албан ёсоор №1875 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авчээ. Улмаар тэд дундаасаа 2007 онд охин С.Энхзул, 2009 онд охин С.Хулан, 2018 онд охин С.Амин-Эрдэнэ нар нь төрсөн бөгөөд ам бүл 5 юм. Дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна.

Үйлчлүүлэгч маань анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд маргаж мэтгэлцээгүйн зэрэгцээ тус хэргийн хохирогч “Хаан банк” ХХК нь хохирлоо бүрэн барагдуулж авсан ба иргэний нэхэмжлэгч “Монгол даатгал” ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ тохиолдолд шүүгдэгчийг “Хаан банк” ХХК-д хохиролгүй гэж үзэх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар ч анхан шатны шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байдаг. Энэ ч агуулгаар нь чиг үүргийнхээ хүрээнд улсын яллагчаас 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан боловч анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж дүгнэсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хорих ялаас хасуулах, хорихоос өөр төрлийн ял оноох боломжтой эсэхийг хянаж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна. ....” гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо авсан тул хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч М.Сын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхэлж өмгөөллийн туслалцаа үзүүлсэн. Шүүгдэгч М.С болон өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Бүрэлдэхүүн гомдлын хүрээнд биш хэргийг бүхэлд нь уншиж танилцана уу гэсэн байр суурьтай байна. 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, хохирлыг буруу тооцсон, хэд хэдэн шийтгэх тогтоолыг нэгтгэхдээ хууль зөрчсөн. “Монгол даатгал” ХК компани Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан. Мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “нэхэмжлэлээс татгалзсан нь хууль зөрчсөн, эсхүл аль нэг этгээдийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүх нь түүний хүсэлтийг хүлээн авахгүй байж болох ба энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасан. Яагаад хүлээж аваагүй талаар анхан шатны шүүх дүгнээгүй. Мөн хохирлын хувьд шүүгдэгч Түвшинжаргалыг гэмт хэрэг үйлдсэн гээд яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шатанд шүүгдэгч Түвшинжаргал нас барсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хохирлыг тооцохдоо шүүгдэгч М.Саас бүх хохирлыг гаргуулахаар тооцоод гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос өөрт оногдох хэсгийг хариуцах зохицуулалт бий. Үүнийг зөрчсөн. Мөн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан үлдэгдэл 5 сар 4 хоногийн ялыг нэмж нэгтгээд ялыг оногдуулсан. Ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Прокуророос нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ялын санал гаргасан байдаг. Гэтэл шүүх хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эхнэр, 3 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг нотлох баримтаар шинээр гаргаж өгсөн байдаг. Үүнийг прокуророос харгалзаж үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулах саналыг гаргасан. Гэтэл шүүх прокурорын гаргасан саналаас дээгүүр хүнд ялыг оногдуулсан. Хүнлэг энэрэнгүй байх тулгуур зарчмыг зөрчсөн. Шүүгдэгч М.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа гэм буруугаа хүлээж, маргаагүй. Мөн шат шатны прокурорт “ижил төрлийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн байна. Яллагдагчаар татсан байна. Энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгнө үү” гэхээр прокурор ч гаргаж өгдөггүй. Авилгатай тэмцэх газар ч баримт гаргаж өгдөггүй. Энэ нь өөрөө нэг зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол нэг ял шийтгэл оногдуулах заалтыг зөрчсөн. Авилгатай тэмцэх газраас шалгагдаж байгаа хэрэгт дахиад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар нэмж ял оногдуулах болчихоод байна. Иймд анхан шатны шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирол, ялын хувьд хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Энэ нь боломжгүй юм. Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол хамаарахгүй. Мөн хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон бол өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар уг ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон. Өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдол тодорхойгүй байна. Эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хорих ялыг бүгдийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэж байна уу, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гээд байна уу, ойлгомжгүй байна. Эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хорих ялыг бүгдийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй юм. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хорих ялыг хасаж тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон бол тухайн хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Шүүгдэгч М.С нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 30 хоногийн хорих ялаар шийтгүүлж Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн харгалзаж, мөн хугацаагаар хяналт тогтоохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч М.С нь хяналт тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй. Хяналт тогтоосон хугацаа дууссан талаар хавтас хэрэгт баримт авагдсан байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан байгаа учраас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. Прокуророос анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 20.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүх 3 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Үүнд хэлэх тайлбар байхгүй. Уг хэрэгт прокурор Ганхөлөг яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хуралдаанд би томилолтоор оролцсон. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

М.С нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 9в байрны 69.89 м2 5 тоот орон сууцны “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн хуурамч гэрчилгээ”-г үзүүлэн баримт бичиг ашиглаж, зээлийн гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориуд бий болгон, “Вестерн инвестмент фанд” банк бус санхүүгийн байгууллагаас 50.000.000 төгрөгийн зээл авсан,

Э.Түвшинжаргалтай бүлэглэн зээл авахад шаардлагатай материалыг хуурамчаар бүрдүүлэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг Люксхаус-5 153б байранд байрлах “Хаан банк” ХХК-д өгч, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 177.000.000 төгрөгийн зээл авч, улмаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Л.Мөнхболдод 172.000.000 төгрөгөөр зарж борлуулан зээлийн төлөлтийг хийлгүй хувьдаа ашиглаж “Хаан банк” ХХК-ийг залилан мэхэлж 177.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

зээлийн гэрээ /7хх 197-199, 8хх 15-19/, барьцааны гэрээ /7хх 200-201, 8хх 13-14/, техникийн тодорхойлолт /7хх 204/, тээврийн хэрэгслийн лавлагаа /7хх 221, 8хх 133/ тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /7хх 236, 8хх 25-27/, дансны хуулга /7хх 237/, Хаан банкны дансны хуулга /7хх 246-250, 8хх 1-5/, эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /8хх 90-93/, зээл, барьцааны гэрээ /9хх 14-20/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ /9хх 21-22/  зэрэг нотлох баримтууд болон,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтохын “...Э.Түвшинжаргал нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны Нарны зам тооцооны төвөөс 177.000.000 төгрөгийн зээлийг “Таван богд” ХХК-иас Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг худалдан авах зориулалтаар авсан, зээл авах үедээ 2016 оны 3 дугаар сараас эхлэн “Эн Ди Жи Эм” ХХК-д хүний нөөц болон захирлын туслахаар ажиллаж байгаа, үндсэн цалин 2.850.000 төгрөг гэсэн утга бүхий тодорхойлолт, мөн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа баримт, өөрийн орлогыг тодорхойлсон Хас банкны 5002272427 тоот дансны хуулга зэрэг баримтыг гарган өгсөн. Түүний хамтран зээлдэгчээр түүний нөхөр гэх Ц.Баасанбат нь орсон бөгөөд Баасанбат нь Цахилгаан байгууламж шугам сүлжээний инженер мэргэжилтэй 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн “Мон Лед Юнайтед” ХХК-ийн инженерээр ажилладаг, сарын цалин 3.300.000 төгрөг гэсэн утга бүхий байгууллагын тодорхойлолт, орлогыг нотолсон Худалдаа хөгжлийн банкны 456103076 дугаарын дансны хуулга зэрэг баримтыг тус тус гарган өгсөн байдаг. Манай салбараас үүнийг судалж үзээд зээл гаргах боломжтой гэж үзэн тухайн 177.000.000 төгрөгийн зээлийг гарган өгсөн байдаг. ...Уг зээлдэгчийн зээлийг “Хаан банк”, “Таван богд” ХХК, “Монгол даатгал” ХК-ийн хооронд байгуулсан төлбөр тасалдалтын даатгалын гэрээний дагуу тус зээлдэгчийн зээлийг даатгуулсан. Уг гэрээний дагуу зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг 60 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд банк “Монгол даатгал” ХХК-иас гэрээний дагуу уг төлбөрийг гаргуулан авах нөхцөлтэй байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж улмаар дээрх гэрээний дагуу “Монгол даатгал” ХК-иас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 174.029.154 төгрөгийг гэрээний дагуу Хаан банканд төлсөн тул хохирол шаардах эрхийг зээлийн гэрээ болон төлбөр тасалдалтын гэрээний дагуу “Монгол даатгал” ХК-д шилжүүлсэн. Банкны хувьд хохирол төлбөр байхгүй. Уг хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс “Монгол Даатгал” ХК нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй болно. ...” /8хх 102-104/,

хохирогч Х.Отгонсүрэнгийн “...2017 оны 3 дугаар сарын сүүлээр Мөнхбаяр овогтой Сүрэнжав гэх залуу ирээд “танайхаас шуурхай зээл авах гэсэн юм, Дарханд цахилгаан монтаж угсардаг тендер авчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд шаардлагатай бичиг баримтуудыг шаардахад М.С өөрийнхөө эзэмшлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамжны 9в байрны 5 тоот, 69.89 м.кв 3 өрөө гоо сайхны салоноор ажиллуулдаг гээд нэг давхрын гаднаасаа ордог хаалгатай объектыг үзүүлсэн. Мөн тухайн үед Түргэн үйлчилгээний цэгийн машинаас лавлагаа авхуулахад авч ирж өгсөн. Сүрэнжав нь “эгчээ хүү нь арай өндөр байна, бид 3 сарын дотор төлчихнө” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дээрх орон сууцыг барьцаалж зээл, барьцааны гэрээ байгуулан 6 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй төлөхөөр тохирч нотариатаар батлуулсны дараагаар Сүрэнжав нь үл хөдлөх орж зээл, барьцааны гэрээг бүртгүүлж авч ирсэн. М.С нь Мөнхжаргалын Мөнгөнгэрэлтэй хамтарч зээл авсан 50.000.000 төгрөгийг авч явсан ба баримт нь манай байгууллагад байгаа. М.С нь зээл авсаны дараа зээл болон хүүгээ төлж явж байгаад 2018 оны 3 дугаар сар хүртэл сунгуулсан боловч тэрнээс хойш зээлээ төлөхгүй байнга худлаа ярьсаар ирсэн. Би аргаа барж барьцаалсан орон сууц дээр очиход байнга хүнгүй байгаад байсан. Тэгээд 2018 оны 10 дугаарс арын 17-ны өдөр би Сүрэнжавыг дуудаж уулзаад “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна” гэж хэлэхэд өөрөө бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 10 дугаар сард бичиг хийж өгөөд “12 дугаар сард төлбөрөө барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна. Одоо холбогдохоор удахгүй өгнө эгчээ” гэсээр өнөөдрийг хүрлээ. Одоогоор Сүрэнжав нь 44.853.260 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой байгаа. ...” /9хх 10-11/,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Насанжаргалын “...Манай “Монгол даатгал” ХК нь Хаан банктай зээлийн эрсдэлийн даатгалын гэрээтэй байгууллага юм. Уг хэргийн яллагдагчаар татагдсан Э.Түвшинжаргал гэгч нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны 177.000.000 төгрөгийн зээлээр “Таван богд” ХХК-иас Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг худалдан авсан. Уг тээврийн хэрэгсэл нь Э.Түвшинжаргалын нэр дээр бүртгэлтэйгээр гарсан бөгөөд хамтран зээлдэгчээр түүний нөхөр гэх Ц.Баасанбат гэж хүн гэрээ байгуулсан байсан. Харин зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийг зээлийн барьцаалбар болгосон боловч зээл авсан өдрөөс 2 хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Э.Түвшинжаргал нь барьцаалбар болох тээврийн хэрэгслийг П.Мөнхболд гэх хүнд зарж борлуулж, нэр нь шилжигдсэн байдалтай байсныг манайхаас сүүлд авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа авч мэдсэн. Э.Түвшинжаргал нь зээл авсан өдрөөс хойш 3 сарын төлөлтийг буюу 2018 оны 3 дугаар сар хүртэл төлөөд түүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Хаан банканд зээлийн эрсдэл үүсэж ингээд манай “Монгол даатгал” ХК болон “Хаан банк”, “Таван богд” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн эрсдэлийн даатгалын гэрээнд заагдсан даатгалын тохиолдол үүссэн гэж үзээд “Монгол даатгал” ХК-иас “Хаан” банканд гэрээнийхээ дагуу 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Хаан” банкнаас шаардсан 179.056.115 төгрөгийг төлж барагдуулсан. Ингээд “Хаан” банк нь тухайн өдрөө манай “Монгол даатгал” ХК-тай шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. “Монгол Даатгал” ХК нь Иргэний хуулийн 443.7 дахь заалт, Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу Э.Түвшинжаргалаас өр төлбөрөө шаардах эрх нээгдэж, Э.Түвшинжаргалаас өр төлбөр өгөхийг шаардсан боловч мөнгө төлөөгүй, алга болсон. ...” /8хх 109-110/,

иргэний хариуцагч Ц.Баасанбатын “...2017 оны 12 дугаар сард байсан шиг санаж байна. Би Энэтхэг улсаас ирээд удаагүй байсан юм. Тэгэхэд Э.Түвшинжаргал гэх манай найз Тулгын эхнэр нь гээд эмэгтэй Гандантэгчэнлин хийд дээр ирж хэд хэдэн удаа ном уншуулж байсан. Тэгээд ерөнхийдөө танилууд болсон ба 2017 оны 12 дугаар сарын эхэн үед байх Э.Түвшинжаргал нь над дээр ирээд “би нэг банкнаас машины зээл хөөцөлдөж байгаа юм, Улаанбаатар хотын харьяалалтай хүн хэрэгтэй байгаа юм гээд чи хамтран зээлдэгчээр ороод өгөөч, би өөрөө зээлээ төлөөд явах юм, чамд бол ямар нэг асуудал байхгүй” гэж хэлээд миний иргэний үнэмлэхийг аваад явсан. Тэрнээс хэд хоногийн дараа Э.Түвшинжаргал хүрч ирээд “банкны зээл бүтэхээр болчихсон чи очоод ганц гарын үсэг зураад өгчих” гээд намайг аваад “Хаан” банкны салбар дээр ирсэн. Тэгээд Э.Түвшинжаргал нь нэг хэдэн банкны бичигтэй цаас авч ирээд надаар “энэ дээр зурчих” гээд л гараараа зааж байгаад хэдэн хэдэн баримт дээр гарын үсэг зуруулж авсан. Э.Түвшинжаргал нь надад ийм учиртай бичиг баримт дээр гарын үсэг зуруулж байна гэж тайлбарлаагүй, анхнаасаа “чамд ямар ч асуудал байхгүй ээ” гээд хэлээд байсан болохоор Э.Түвшинжаргалд тус болж байна гэж бодоод зөвшөөрөөд банкны юман дээр нь гарын үсэг зурсан. Ийм үр дагавар үүснэ гэж мэдээгүй. Э.Түвшинжаргалыг ер нь бол ийм хэрэг төвөг тарьчих хүн гэж ч бодоогүй байсан. Тэгээд Э.Түвшинжаргал нь тэр оройдоо миний иргэний үнэмлэхийг буцааж өгөөд салцгаасан. Түүнээс хойш Э.Түвшинжаргал хэд хоногийн дараа ирээд нөгөө машины зээл бүтсэн сайн ном уншиж өгсөн, их тус боллоо гэж хэлээд надад 1.000.000 төгрөгийг өгсөн. ...” /8хх 139-140/,

гэрч П.Мөнхболдын “...Тэр залуу надад анх ярихдаа “Таван богдоос авсан машин байгаа юм, бартераар буюу солио хийж авсан машин” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би гайхаад яагаад дөнгөж авсан машинаа зарах гэж байгаа талаар нь тэр залуугаас асуухад тухайн залуу “энэ машиныг бартераар авсан машин болохоор энийг зараад өөрийнхөө мөнгийг гаргаж авах гэж байгаа юм” гэж хэлээд байсан. “Энэ машиныг барилгын ажлын гүйцэтгэлд авсан машин байгаа юм” гэж хэлж тайлбарлаж байсан. Тэгээд би тухайн залуутай наймаа хийхээр болоод машиныг 172.000.000 төгрөгөө авахаар тохиролцсон. Тэр өдрөө 3, 4 дүгээр хороололд байдаг нотариатын газар руу очиж худалдах, худалдан авах гэрээгээ хийсэн. Тэр үед надад машин зарах гэж байсан залуу “машин манай эхнэрийн нэр дээр байгаа” гээд өөрийнхөө эхнэр гээд байгаа эмэгтэй буюу Түвшинжаргал руу яриад бид нар хорооллын нотариат дээр уулзсан. ...172.000.000 төгрөгийг Түвшинжаргал гэдэг эмэгтэйн “Хаан” банкны данс руу болон бас өөр нэг данс руу 99.000.000 төгрөг болон 73.000.000 төгрөгөөр 2 хувааж АТМ-ээс шилжүүлж байсан. ...” /7хх 232-233/,

гэрч Б.Батмөнхийн “...Би Мөнхболдоос 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ланд 200 загварын автомашиныг 172.000.000 төгрөгөөр худалдан авсан. Удалгүй Ууганбаяр гэх хүнд авсан үнээрээ буюу 172.000.000 төгрөгөөр зарсан. Тэр машин Мөнхболдын нэр дээр байсан ба өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. ...” /7хх 239/,

гэрч Э.Ууганбаярын “...Тухайн тээврийн хэрэгсэл нь одоо Ханбогд суманд миний өөрийн өмчлөл эзэмшилд байгаа. Би тухайн үед Автотээврийн үндэсний төв дээр шилжүүлэн авч байхад ямар нэгэн зээлийн барьцаанд байгаа талаар мэдээлэл огт гарч ирээгүй бөгөөд би тээврийн хэрэгслийг “Хаан” банкны зээлийн барьцаанд байгаа болохыг нь огт мэдээгүй. Тэгээд худалдаж авснаас хойш жил гарангийн дараа “Голомт” банкны зээлийн барьцаанд бүртгүүлэх гэсэн чинь Баасанбат гэсэн санаад байна, хүний нэр дээр байна гэж хэлэхээр нь мэдсэн. Тухайн үед тэр Баасанбатын эхнэр нь гэж хүн зээлийн барьцаанаас нь чөлөөлнө гэж байгаад сүүлдээ утсаа авахгүй, миний утсыг блок хийгээд холбогдохгүй болсон. ...” /7хх 130-131/,

яллагдагч Э.Түвшинжаргалын “...2017 оны 12 дугаар сард шиг санагдаж байна, Сүрэнжав ирж уулзаад “Монгол банкны мэдээллийн санд өр ширгүй, зээлийн муу түүхгүй юм чинь чи өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Сүрэнжав миний иргэний үнэмлэхийг аваад явсан. Тэр өдрөөс 7 хоногийн дараа “Таван богд” ХХК-ийн байрны гадаа уулзаад надад зээл авахад шаардлагатай гээд цаасан бичиг баримтуудыг өгсөн. Тэгээд би тэр баримтуудыг нь авч ороод “Хаан” банкны зээлийн эдийн засагч нар суудаг хэсэгт ороод Сүрэнжавын зааж өгсөн нэг эмэгтэй эдийн засагчид нь өгсөн. Тэгээд тэр өдрийн орой нь “Хаан” банкнаас над руу залгаад “таны зээл бүтсэн, ирж машинаа авна уу” гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо Сүрэнжавтай хамт “Таван богд” ХХК-ийн байр руу нь очоод шинэ машин хүлээж авсан. ...Сүрэнжав надад хэлэхдээ “чамтай гэр бүл болоод харагдчихаар хүн байна уу” гээд байхаар нь би “Баасанбат гэх энэ танил ламын иргэний үнэмлэхийг нь түр хэрэглээд өгье” гээд аваад Сүрэнжавт өгсөн. Сүрэнжав бид хоёрыг холбоод баахан хуурамч бичиг баримт хийчихсэн юм шиг байна лээ. ...” /8хх 197-200/,

яллагдагч М.Сын “...Би өөрийн найз М.Мөнхгэрэлийн хамт дулааны шугам сүлжээ угсралтын бизнес хийх гээд анхны хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон. Ингээд би 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Вестерн инвестмент фанд” банк бус санхүүгийн байгууллагад үл хөдлөх хөрөнгө 6 сарын хугацаатай барьцаанд тавьж 50.000.000 төгрөг зээлсэн. Тухайн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг би гоо сайханы салон ажиллуулах зорилгоор интернэтээс зарын дагуу олж түрээсэлсэн байсан. Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө, 9в байрны 5 тоот гэсэн хаягтай 1 давхрын орон сууц байсан. Тэгээд мөнгөний хэрэг гарсан учир дээрх орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар хийсэн. Тэгээд дулааны шугам сүлжээний бизнес бүтэхгүй болоод зээл төлөх асуудал хойшлогдсон. Би тэр гэрчилгээг хүнээр хийлгэсэн. 100 айлын улсын бүртгэлийн ойролцоо уулзаж байсан Баатараа гэдэг намхан бор махлаг залуу байсан. Тэр залуу надад хийж өгсөн. Тухайн үед фэйсбүүкээр зээл авахад тусална гэсэн зарын дагуу холбогдож байсан. Тэр гэрчилгээг 2.000.000 төгрөгөөр хийлгэж байсан. Одоо тэр залууг хаана байгааг мэдэхгүй байна. ...М.Мөнхгэрэл энэ хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй. Энэ талаар мэдэхгүй. Зүгээр л зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. ...Би тухайн банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээл болон бодит хохирлыг барагдуулсан. Хүү алдангийн зөрүү байхыг үгүйсгэхгүй. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учирсан бодит хохирлыг барагдуулсан байгаа. Хүү болон алдангитай холбоотой мөнгийг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. ...” /8хх 208-210, 9хх 206-207/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн М.Сыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны мэт харагдуулж, өмчлөгчийг төөрөгдүүлж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

          Гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

          Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж хуульчилсан байх ба Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил хорих ялаар, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног байхаар тооцож 30 хоногийн хорих ялаар дүйцүүлж нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 30 хоног байхаар тогтоож шийдвэрлэснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

             Дээрх нэмэлт заалттай холбогдуулан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШТ/137 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ст оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 5 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ст оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож. ...” гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

          Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар М.Саас 7.906.740 төгрөг гаргуулж хохирогч “Вестерн инвестмент фанд” банк бус санхүүгийн байгууллагад, 179.056.115 төгрөг гаргуулж “Монгол даатгал” ХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хохирол, хор уршгийн талаарх хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

          Иймд шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлын “...Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг хасч тооцож өгнө үү. ...” гэх зарим хэсгийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШТ/137 дугаар шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Шүүгдэгч М.Сын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 60 /жар/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног байхаар тооцож 30 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулж,

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШТ/137 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ст оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 5 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ст оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.

          3. Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудын “...хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг хасч тооцож өгнө үү. ...” гэх зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 60 /жар/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ