Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч  Ц.*** түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.***,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *** овогт ***ын ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905008520463 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, *** байрны *** тоотод оршин суух,

урьд  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ХМШЗ/22 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, *** овогт ***ын ***

Шүүгдэгч М.*** нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянгол дүүргийн 2 дугаар хороо 9в байрны 69.89 м2 5 тоот орон сууцны “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн хуурамч гэрчилгээ”-г үзүүлэн баримт бичиг ашиглаж, зээлийн гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориуд бий болгон, “***” банк бус санхүүгийн байгууллагаасас 50,000,000 төгрөгийн зээл авсан,

Э.***тай бүлэглэн зээл авахад шаардлагатай материалыг хуурамчаар бүрдүүлэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг  ***-5 153б байранд байрлах “***” ХХК-д өгч, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 177,000,000 төгрөгийн зээл авч, улмаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Л.***од 172,000,000 төгрөгөөр зарж борлуулан зээлийн төлөлтийг хийлгүй хувьдаа ашиглаж “***” ХХК-ыг залилан мэхэлж 177,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*** мэдүүлэхдээ: “Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байгаа тул дахин мэдүүлэх шаардлагагүй” гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.*** мэдүүлэхдээ: “Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байгаа тул дахин мэдүүлэх шаардлагагүй” гэв.

Шүүгдэгч М.*** нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянгол дүүргийн 2 дугаар хороо 9в байрны 69.89 м2 5 тоот орон сууцны “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн хуурамч гэрчилгээ”-г үзүүлэн баримт бичиг ашиглаж, зээлийн гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориуд бий болгон, “***” банк бус санхүүгийн байгууллагаас 50,000,000 төгрөгийн зээл аван их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Х.***гийн “... 2017 оны 3 дугаар сарын сүүлээр *** овогтой *** гэх залуу ирээд “танайхаас шуурхай зээл авах гэсэн юм, Дарханд цахилгаан монтаж угсардаг тендер авчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд шаардлагатай бичиг баримтуудыг шаардахад М.*** өөрийнхөө эзэмшлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 9в байрны 5 тоот 69.89 м.кв 3 өрөө гоо сайхны салоноор ажиллуулдаг гээд нэг давхрын гаднаасаа ордог хаалгатай объектыг үзүүлсэн. Мөн тухайн үед Түргэн үйлчилгээний цэгийн машинаас лавлагаа авхуулахад авчирч өгсөн. *** нь эгчээ хүү нь арай өндөр байна, бид 3 сарын дотор төлчихнө гэж хэлсэн.

Ингээд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дээрх орон сууцыг барьцаалж зээл, барьцааны гэрээ байгуулан 6 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй төлөхөөр тохирч нотариатаар батлуулсны дараагаар *** нь үл хөдлөх орж зээл, барьцааны гэрээг бүртгүүлж авчирсан.

М.*** нь Мөнхжаргалын Мөнгөнгэрэлтэй хамтарч зээл авсан 50,000,000 төгрөгийг авч явсан ба баримт нь манай байгууллагад байгаа. М.*** нь зээл авсаны дараа зээл болон хүүгээ  төлж явж байгаад 2018 оны 3 дугаар сар хүртэл сунгуулсан боловч тэрнээс хойш зээлээ төлөхгүй байнга худлаа ярьсаар ирсэн. Би аргаа барж барьцаалсан орон сууц дээр очиход байнга хүнгүй байгаад байсан. Тэгээд 2018 оны 10 дугаарс арын 17-ны өдөр би ***ыг дуудаж уулзаад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна гэж хэлэхэд өөрөө бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн.

2018 оны 10 дугаар сард бичиг хийж өгөөд 12 дугаар сард төлбөрөө барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна. Одоо холбогдохоор удахгүй өгнө эгчээ гэсээр өнөөдрийг хүрлээ.

Одоогоор *** нь 44,853,260 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой байгаа. Төлсөн баримтуудыг гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг./9 дэх хавтаст хэргийн 10-11 дэх тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын дугаар 000603000 бүртгэлийн гэрчилгээ /9 дэх хавтаст хэргийн 14 дэх тал /

“*** БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС” ХХК болон М.*** нарын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ. /9 дэх хавтаст хэргийн 15-17 дахь тал/

“*** БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС” ХХК болон М.*** нарын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх барьцаалсан барьцааны гэрээ. /9 дэх хавтаст хэргийн 18-20 дахь тал/

“*** БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС” ХХК болон М.*** нарын хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ. /9 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа. /9 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4988 дугаартай Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн:

            1.Шинжилгээнд ирүүлсэн “000603000” дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гэсэн баримтын цаас нь үнэт цаас боловч уг баримтын мэдээллийн хэсгийг засварласан, хэсэгчлэн хуурамчаар үйлдсэн хуурамч баримт байна.

            2. Шинжилгээнд ирүүлсэн “000603000” дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гэсэн баримтын “Монгол улсын иргэн *** овгийн ***ын *** *** /нэг иргэний өмч/ Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, 69.89 м.кв талбайтай, гурван өрөө, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, Ү-2205059788” гэсэн бичвэрийн цаасны гадаргууд механик гэмтэл үүссэн, өмнө хэвлэгдсэн бичвэрийг арилгасны дараа хар өнгийн тонер хортой лазер хэвлэх төхөөрөмж ашиглаж дахин бичвэр хэвлэсэн буюу мэдээллийн хэсэгт засвар орсон байна.

            3. Шинжилгээнд ирүүлсэн “000603000” дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гэсэн баримтын “Ц.***” гэсний урд байх шинжилж буй гарын үсгийг хар өнгийн будагчтай бичигч хэрэгсэл ашиглаж зурсан байна.

            4. Шинжилгээнд ирүүлсэн “000603000” дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гэсэн баримт дахь “Улсын бүртгэгч 6/2-23 гэсэн бичиглэлтэй тэмдгийн дардсыг бар ашиглаж дарсан байна.” гэх дүгнэлт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /9 дэх хавтаст хэргийн 37-40 дэх тал/

 

            М.***ын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн найз М.Мөнхгэрэлийн хамт дулааны шугам сүлжээ угсралтын бизнес хийх гээд анхны хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон. Ингээд би 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “***” банк бус санхүүгийн байгууллагаасд үл хөдлөх хөрөнгө 6  сарын хугацаатай барьцаанд тавьж 50,000,000 төгрөг зээлсэн. Тухайн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг би гоо сайханы салон ажиллуулах зорилгоор интернэтээс зарын дагуу олж түрээсэлсэн байсан. Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол Энхтайваны өргө чөлөө 9в байр 5 тоот гэсэн хаягтай 1 давхрын орон сууц байсан. Тэгээд мөнгөний хэрэг гарсан учир дээрх орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар хийсэн. Тэгээд дулааны шугам сүлжээний бизнес бүтэхгүй болоод зээл төлөх асуудал хойшлогдсон.

            Би тэр гэрчилгээг хүнээр хийлгэсэн. 100 айлын улсын бүртгэлийн ойролцоо уулзаж байсан Баатараа гэдэг намхан бор махлаг залуу байсан. Тэр залуу надад хийж өгсөн. Тухайн үед фэйсбүүкээр зээл авахад тусална гэсэн зарын дагуу холбогдож байсан. Тэр гэрчилгээг 2,000,000 төгрөгөөр хийлгэж байсан. Одоо тэр залууг хаана байгааг мэдэхгүй байна.

            ... М.Мөнхгэрэл энэ хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй. Энэ талаар мэдэхгүй. Зүгээр л зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

            Би тухайн банк бус санхүүгийн байгууллагаасас авсан үндсэн зээл болон бодит хохирлыг барагдуулсан. Хүү алдангийн зөрүү байхыг үгүйсгэхгүй.

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учирсан бодит хохирлыг барагдуулсан байгаа. Хүү болон алдангитай холбоотой мөнгийг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 206-207 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

2. Э.***тай бүлэглэн зээл авахад шаардлагатай материалыг хуурамчаар бүрдүүлэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг  ***-5 153б байранд байрлах “***” ХХК-д өгч, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 177.000.000 төгрөгийн зээл авч, улмаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Л.***од 172,000,000 төгрөгөөр зарж борлуулан зээлийн төлөлтийг хийлгүй хувьдаа ашиглаж “***” ХХК-ыг залилан мэхэлж 177,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.***ын “...Э.*** нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ***ны Нарны зам тооцооны төвөөс 177 сая төгрөгийн зээлийг “Таван богд” ХХК-с Land criuser 200 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авах зориулалтаар авсан, зээл авах үедээ 2016 оны 3 дугаар сараас эхлэн “Эн Ди Жи Эм” ХХК-д хүний нөөц болон захирлын туслахаар ажиллаж байгаа, үндсэн цалин 2,850,000 төгрөг гэсэн утга бүхий тодорхойлолт, мөн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа баримт, өөрийн орлогыг тодорхойлсон Хас банкны 5002272427 тоот дансны хуулга зэрэг баримтыг гарган өгсөн. Түүний хамтран зээлдэгчээр түүний нөхөр гэх *** нь орсон бөгөөд Баасанбат нь цахилгаан байгууламж шугам сүлжээний инженер мэргэжилтэй 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн “Мон Лед Юнайтед” ХХК-н инженерээр ажилладаг, сарын цалин 3.300.000 төгрөг гэсэн утга бүхий байгууллагын тодорхойлолт, орлогыг нотолсон Худалдаа хөгжлийн банкны 456103076 дугаарын дансны хуулга зэрэг баримтыг тус тус гарган өгсөн байдаг. Манай салбараас үүнийг судалж үзээд зээл гаргах боломжтой гэж үзэн тухайн 177 сая төгрөгийн зээлийг гарган өгсөн байдаг. ...Уг зээлдэгчийн зээлийг “***” “Таван богд” ХХК “***” ХК-ны хооронд байгуулсан төлбөр тасалдалтын даатгалын гэрээний дагуу тус зээлдэгчийн зээлийг даатгуулсан. Уг гэрээний дагуу зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг  60 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд банк “***” ХХК-аас гэрээний дагуу уг төлбөрийг гаргуулан авах нөхцөлтэй байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж улмаар дээрх гэрээний дагуу “***” ХК-аас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 174.029.154 төгрөгийг гэрээний дагуу ***анд төлсөн тул хохирол шаардах эрхийг зээлийн гэрээ болон төлбөр тасалдалтын гэрээний дагуу “***” ХК-д шилжүүлсэн. Банкны хувьд хохирол төлбөр байхгүй. Уг хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс “***” ХК нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй болно...” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 102-103 дахь тал/

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Насанжаргалын “...Манай “***” ХК нь ***тай зээлийн эрсдэлийн даатгалын гэрээтэй байгууллага юм. Уг хэргийн яллагдагчаар татагдсан Э.*** гэгч нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ***ны 177 сая төгрөгийн зээлээр “Таван богд” ХХК-с Land criuser 200 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Уг тээврийн хэрэгсэл нь Э.***ын нэр дээр бүртгэлтэйгээр гарсан бөгөөд хамтран зээлдэгчээр түүний нөхөр гэх *** гэж хүн гэрээ байгуулсан байсан. Харин зээлээр худалдан авсан Land criuser 200 маркийн тээврийн хэрэгслийг зээлийн барьцаалбар болгосон боловч зээл авсан өдрөөс 2 хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Э.*** нь барьцаалбар болох Land criuser 200 маркийн 13-17 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг П.*** гэх хүнд зарж борлуулж, нэр нь шилжигдсэн байдалтай байсныг манайхаас сүүлд авто-тээврийн үндэсний төвөөс лавлагаа авч мэдсэн. Э.*** нь зээл авсан өдрөөс хойш 3 сарын төлөлтийг буюу 2018 оны 3 дугаар сар хүртэл төлөөд түүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. ***анд зээлийн эрсдэл үүсэж ингээд манай “***” ХК болон “***”, “Таван богд” ХХК-ны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн эрсдэлийн даатгалын гэрээнд заагдсан даатгалын тохиолдол үүссэн гэж үзээд “***” ХК-с ***анд гэрээнийхээ дагуу 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ***наас шаардсан 179.056.115 төгрөгийг төлж барагдуулсан. Ингээд *** нь тухайн өдрөө манай “***” ХК-тай шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. “***” ХК нь иргэний хуулийн 443.7 дахь заалт, Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу Э.***аас өр төлбөрөө шаардах эрх нээгдэж, Э.***аас өр төлбөр өгөхийг шаардсан боловч мөнгө төлөөгүй, алга болсон...” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 109-110 дахь тал/

Гэрч П.***ын “... 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүкийн “Land criuser 200 маркийн автомашин сонирхогчдын групп”-т улаан хүрэн өнгийн Land criuser 200 маркийн 13-17 УНЧ улсын дугаартай автомашиныг зарна гэсэн постыг Ganbold Tengis гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч нийтэлсэн байсан. ...Би зар нийтэлсэн гэх залуутай холбогдоод тухайн зарах Land criuser 200 маркийн машиныг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр очиж үзсэн. ...Тэр залуу надад анх ярихдаа “Таван богдоос авсан машин байгаа юм, бартераар буюу солио хийж авсан машин” гэж хэлж байсан. Тэр залуу тухайн үед Land criuser 200 маркийн 13-17 УНЧ улсын дугаартай автомашинаа 175 сая төгрөгөөр зарна гэж байсан. Уг нь бол тухайн машинаа дөнгөж шинээр нь аваад байгаа юм гэж ярьж байсан. Тэгэхээр нь би гайхаад яагаад дөнгөж авсан машинаа зарах гэж байгаа талаар нь тэр залуугаас асуухад тухайн залуу энэ машиныг бартераар авсан машин болохоор энийг зараад өөрийнхөө мөнгийг гаргаж авах гэж байгаа юм гэж хэлээд байсан. Энэ машиныг барилгын ажлын гүйцэтгэлд авсан машин байгаа юм гэж хэлж тайлбарлаж байсан. Тэгээд би тухайн залуутай наймаа хийхээр болоод машиныг 172 сая төгрөгөө авахаар тохиролцсон. Тэр өдрөө 3, 4 дүгээр хороололд байдаг нотариатын газар руу очиж худалдах, худалдан авах гэрээгээ хийсэн. Тэр үед надад машин зарах гэж байсан  залуу машин манай эхнэрийн нэр дээр байгаа гээд өөрийнхөө эхнэр гээд байгаа эмэгтэй буюу *** руу яриад бид нар хорооллын нотариат дээр уулзсан. Land criuser 200 маркийн автомашин *** гэх эмэгтэйн нэр дээр байсан. ...172 сая төгрөгийг *** гэдэг эмэгтэйн ***ны данс руу болон бас өөр нэг данс руу 99 сая болон 73 саяар 2 хувааж АТМ-ээс шилжүүлж байсан. ...Тэр өдрийн маргааш буюу 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Land criuser 200 маркийн автомашиныг *** гэдэг эмэгтэйн нэр дээр байсныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 232-233 дахь тал/

Гэрч ***ийн “...6134343 регистрийн дугаартай, “Мон Лед Юнайтед” ХХК-г 2016 оны 12 дугаар сард үүсгэн байгуулж байсан бөгөөд захирлаар нь албан ёсоор би өөрөө бүртгэлтэй байдаг. Тус компани нь үүсгэн байгуулсан цагаасаа эхлээд ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй, ямар ч ажилтан байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй учраас улирал болгон татварын байгууллагад икс тайлан өгдөг. ***, Баасанбат гэх хүмүүсийг танихгүй. Харин *** гэх эрэгтэйг харж байсан юм байна, манай танил Мөнгөнгэрэлийн найз нь гээд Сүүгий гэж дуудаад байсан залуу мөн байна. Гэхдээ *** гэх хүнтэй ямар ч харилцаа хамаарал байхгүй, урьд нь ганц удаа л харж байсан...” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 113-114 дэх тал/

Гэрч Б.***ын “...”Эн Ди Жи Эм” ХХК 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдахдаа гадаад худалдаа, цаасан хайрцаг үйлдвэрлэх чиглэлээр байгуулагдаж байсан ба хөрөнгө санхүүгийн байдлаас хамаараад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаагүй. ***, Баасанбат, *** гэх хүмүүсийг танихгүй.  ...Одоо надад харуулж байгаа бичиг дээрх албан бичгийн бланк нь манай компанийн бланк биш, манай компани албан ёсоор албан бичгийн бланк гаргасан зүйл байхгүй. Мөн энэ албан бичиг дээр захирал М.Ариунболд гэж бичигдсэн байна, манай компанид ийм хүн ажилладаггүй. Одоо огт үйл ажиллагаа явуулахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг. / 8 дахь хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас/

 

Гэрч Э.***ын “ ... *** ӨМҮ улсын дугаартай Toyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэл нь одоо Ханбогд суманд миний өөрийн өмчлөл эзэмшилд байгаа.

Би тухайн үед Автотээврийн үндэсний төв дээр шилжүүлэн авч байхад ямар нэгэн зээлийн барьцаанд байгаа талаар мэдээлэл огт гарч ирээгүй болохоор би тээврийн хэрэгслийг ***ны зээлийн барьцаанд байгаа болохыг нь огт мэдээгүй. Тэгээд худалдаж авснаас хойш жил гарангийн дараа Голомт банкны зээлийн барьцаанд бүртгүүлэх гэсэн чинь Баасанбат гэсэн санаад байна, хүний нэр дээр байна гэж хэлэхээр нь мэдсэн. Тухайн үед тэр Баасанбатын эхнэр нь гэж хүн зээлийн барьцаанаас нь чөлөөлнө гэж байгаад сүүлдээ утсаа авахгүй. Миний утсыг блок хийгээд холбогдохгүй болсон. ...” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 130-131 дэх тал/

Иргэний хариуцагч ***ын “...2017 оны 12 дугаар сард байсан шиг санаж байна. Би Энэтхэг улсаас ирээд удаагүй байсан юм. Тэгэхэд Э.*** гэх манай найз Тулгын эхнэр нь гээд эмэгтэй Гандантэгчэнлин хийд дээр ирж хэд хэдэн удаа ном уншуулж байсан. Тэгээд ерөнхийдөө танилууд болсон ба 2017 оны 12 дугаар сарын эхэн үед байх Э.*** нь над дээр ирээд “би нэг банкнаас машины зээл хөөцөлдөж байгаа юм, Улаанбаатар хотын харьяалалтай хүн хэрэгтэй байгаа юм гээд чи хамтран зээлдэгчээр ороод өгөөч, би өөрөө зээлээ төлөөд явах юм, чамд бол ямар нэг асуудал байхгүй " гэж хэлээд миний иргэний үнэмлэхийг аваад явсан. Тэрнээс хэд хоногийн дараа Э.*** хүрч ирээд “банкны зээл бүтэхээр болчихсон чи очоод ганц гарын үсэг зураад өгчих” гээд намайг аваад Замын цагдаагийн тэр хавьд байсан санагдаж байна нэг ***ны салбар дээр ирсэн. Тэгээд Э.*** нь нэг хэдэн банкны бичигтэй цаас авчраад надаар энэ дээр зурчих гээд л гараараа зааж байгаад хэдэн хэдэн баримт дээр гарын үсэг зуруулж авсан. Э.*** нь надад ийм учиртай бичиг баримт дээр гарын үсэг зуруулж байна гэж тайлбарлаагүй, анхнаасаа чамд ямар ч асуудал байхгүй ээ гээд хэлээд байсан болохоор Э.***д тус болж байна гэж бодоод зөвшөөрөөд банкны юман дээр нь гарын үсэг зурсан. Ийм үр дагавар үүснэ гэж мэдээгүй. Э.***ыг ер нь бол ийм хэрэг төвөг тарьчих хүн гэж ч бодоогүй байсан. Тэгээд Э.*** нь тэр оройдоо миний иргэний үнэмлэхийг буцааж өгөөд салцгаасан. Түүнээс хойш Э.*** хэд хоногийн дараа ирээд нөгөө машины зээл бүтсэн сайн ном уншиж өгсөн, их тус боллоо гэж хэлээд надад 1,000,000 төгрөгийг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 139-140 дэх тал/

Автомашин худалдах, худалдан авах гэрээ /7 дахь хавтаст хэргийн 236, 8 дахь хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Зээлийн болон барьцааны гэрээ /7 дахь хавтаст хэргийн 197-201, 8 дахь хавтаст хэргийн 13-19 дэх тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /7 дахь хавтаст хэргийн  204, 8 дахь хавтаст хэргийн 160, 163 дахь тал/

***ны дансны дэлгэрэнгүй хуулга / 7 дахь хавтаст хэргийн  237, 247-250, 8 дахь хавтаст хэргийн 1-5 дахь тал/

 

Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн “2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 46 минутад орлого өөртөө гэсэн утгаар бэлэн 30,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, нийт дансны үлдэгдэл 30,002,283 төгрөг болсон байна. /М.***ын ***ны 5029997890 дугаарын данснаас 30,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийгдснээс 1 минутын дараа хийгдсэн гүйлгээ байна/

...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 46 минутад TLC-200 машины үнэ Э.*** гэсэн утгаар 202,000,000 төгрөгийн зарлагын шилжүүлэг гүйлгээ хийгдэж дансны үлдэгдэл 355,783 төгрөг болсон. ...” гэсэн тэмдэглэл. /8 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал/

           

            Э.***ын яллагдагчаар өгсөн “... 2017 оны 12 дугаар сард шиг санагдаж байна, *** ирж уулзаад “Монгол банкны мэдээллийн санд өр ширгүй, зээлийн муу түүхгүй юм чинь чи өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд *** миний иргэний үнэмлэхийг аваад явсан. Тэр өдрөөс 7 хоногийн дараа “Таван богд” ХХК-ийн Show room-ийн байрны гадаа уулзаад надад зээл авахад шаардлагатай гээд цаасан бичиг баримтуудыг өгсөн. Тэгээд би тэр баримтуудыг нь авч ороод ***ны зээлийн эдийн засагч нар суудаг хэсэгт ороод ***ын зааж өгсөн нэг эмэгтэй эдийн засагчид нь өгсөн. Тэгээд тэр өдрийн орой нь ***наас над руу залгаад “таны зээл бүтсэн, ирж машинаа авна уу” гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо ***тай хамт Таван богд ХХК-ийн байр руу нь очоод Land criuser 200 маркийн зэсэн хүрэн өнгийн шинэ машин хүлээж авсан.  ...*** надад хэлэхдээ “чамтай гэр бүл болоод харагдчихаар хүн байна уу” гээд байхаар нь би Баасанбат гэх энэ танил ламын иргэний үнэмлэхийг нь түр хэрэглээд өгье гээд аваад ***т өгсөн. *** бид хоёрыг холбоод баахан хуурамч бичиг баримт хийчихсэн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 197-200 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч М.*** нь хуурамч Баянгол дүүргийн 2 дугаар хороо 9в байрны 69.89 м2 5 тоот орон сууцны Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг ашиглан 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” банк бус санхүүгийн байгууллагаас 50,000,000 төгрөгийн зээл авсан,

Мөн Э.***тай бүлэглэн Таван богд ХХК-аас Land criuser 200 маркийн автомашиныг авахын тулд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг  ***-5 153б байранд байрлах ***ны хэрэглээний зээл олгоход тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг  хуурамчаар бүрдүүлэн уг банкнаас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 177,000,000 төгрөгийн зээл авч Land criuser 200 маркийн автомашиныг Э.***ын эзэмшилд шилжүүлэн авч улмаар бусдад худалдаалж нийт 227,000 төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.*** нь өөрийн эзэмшлийн орон сууцгүй мөртлөө хуурамч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг, мөн хэрэглээний зээлд тавигдах шаардлага хангахын тулд хуурамч материал бүрдүүлэх зэргээр хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж байгуулдаг иргэний эрх зүйн гэрээг байгуулахын тулд шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох зорилгоор буюу гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч М.***ын үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг  бусдад их хэмжээний хохирол учруулж” гэж үзэн түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэрэгт шүүгдэгч М.*** нь “***” банк бус санхүүгийн байгууллагад нийт 42,093,260 төгрөгийг төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтууд /9 дэх хавтаст хэргийн 154-168 дахь тал/ авагдсан байх тул үлдэгдэл 7,906,740 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин Зээлийн эрсдлийн даатгалын гэрээнд заасны дагуу *** ХК 179,056,115 төгрөгийг ***анд төлсөн байх ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.***  нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар илэрхийлсэн тул  шүүгдэгч М.***аас 179,056,115 төгрөгийг гаргуулж *** ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч М.***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Бусад оролцогчоос шүүгдэгч М.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тусгайлан санал гаргаагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад Залилах гэмт хэргийг “бусдад ... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж эрүүгийн хариуцлагыг заажээ.

Шүүгдэгч М.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Ингэж шийдвэрлэхдээ түүний Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн эдлын хэмжээг 3 жил 5 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин улсын яллагчийн шүүгдэгч М.***т оногдуулах ялын дүгнэлт нь түүний үйлдсэн гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М.***ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.***т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 5 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг зааснаар М.***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.***ын цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар М.***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар М.***аас 7,906,740 төгрөг гаргуулж хохирогч “***” банк бус санхүүгийн байгууллагад, 179,056,115 төгрөг гаргуулж *** ХК-д олгосугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ