| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 181/2019/01811/и |
| Дугаар | 02143 |
| Огноо | 2020-10-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 02143
| 2020 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2020/02143 |
“М.К ” ХХК, “М.Ф ” ХХК,
Б.М нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02115 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М.К ” ХХК, “М.Ф ” ХХК-ийн хариуцагч “Ж ” ХХК-д холбогдуулан гаргасан 262 017 981 төгрөгийг, “М.Ф ” ХХК-ийн “Ж ” ХХК-аас 405 144 647 төгрөгийг тус тус гаргуулах, Б.Мийн “Ж ” ХХК болон Ц.О нараас 51 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай үндсэн, “М.Ф ” ХХК-аас 461 886 414 төгрөг гаргуулах “Ж ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч Ж ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Ганболд нь өөрийн эзэмшлийн 980 м.кв талбай бүхий газарт буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Батлан хамгаалахын Их сургуулийн ажилчдын 53 айлын Гэгээ-16 хотхон орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байсан ба тухайн үед түүний хүү болох Д.Энх-Оргил болон “М.Ф ” ХХК нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байсан. Д.Энх-Оргил нь “М.Ф ” ХХК-аас “Эсэн арал” ХХК-ийн нэр дээр 2012-оос эхлэн эргэлтийн хөрөнгийн зээлийг 2 удаа, өөрийн нэр дээр 1 удаа зээл авч зээлийн эргэн төлөлтийн зөрчилд орж байсан, бидний зүгээс түүнтэй уулзаж ярилцсаны үндсэн дээр өөрийнхөө аав болох Д.Ганболдын тус барилгад зээлийн санхүүжилтийг зарцуулсан гэдгийг мэдэж бидний хооронд зээлийн маргаантай асуудал үүссэн. Нэг ёсондоо чанаргүй активыг хөдөлгөсөн, өрийн менежмент хийсэн. Д.Ганболдын хүү болох Д.Энх-Оргил нь тухайн үед “М.Ф ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мд орон сууцны барилгын ажлыг хамтран барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх, муу зээлийн харилцааг дуусгавар болгох талаар санал тавьж уг саналыг талууд харилцан хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч тал Гэгээ-16 хотхоны барилгын ажлыг эхлүүлсэн. Барилгын ажлыг эхлүүлэхэд бидэнд санхүүжилт шаардлагатай байсан тул өмнө нь таньдаг байсан хариуцагч “Ж ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн нэг болох Ц.Од “барилгаа барихад санхүүжилт хэрэгтэй байна ажилд туслаад хамтран барилга барих боломж байгаа эсэх” талаар тодруулахад Ц.Огийн зүгээс “болно, гол асуудал төмөр байдаг, тэрийг чи бүтээж чадвал бусад нь гайгүй байдаг” гэсэн хариу өгснөөр бид хамтран ажиллах нөхцөл бүрдсэн. Ингэснээр хариуцагч “Ж ” ХХК нь Батлан хамгаалахын их сургуулийн ажилчдын 53 айлын орон сууцны гүйцэтгэгчээр ажиллах болсон. Улмаар дээрх тохиролцооны дагуу “М.Ф ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мын зүгээс “Улаанбаатар менежмент” ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 16/2017 дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нийт 304.38 тонн төмөр авахаар болж, төмөр хүлээн авах эрхийг итгэмжлэлээр “Ж ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Ц.Од олгосон байдаг. Бид харилцан тохиролцсоны дагуу барилгын ажлыг эхлүүлсний дараа Ц.Огийн зүгээс Хаан банктай зээлийн харилцаа үүсгэсэн байсан бөгөөд нийт 218 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар мэдэгдэж энэ зээлээ төлүүлэн зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, 6 иргэнтэй шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийн асуудал үүсгэсэн дүн нь нийт 51 000 000 төгрөг байгаа үүнийг төлүүлэх. талаар санал гаргасан. Тухайн үед Ц.Огийн зээл муудаж шүүхэд хандсан байсан бөгөөд манайд зээлтэй байсан учир түүнтэй уулзсан ба одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 4 854 880 төгрөг байх ба нийт 774 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Бидний зүгээс Ц.Огийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны тусгай активын газрын 5998001003 тоот дансанд 218 000 000 төгрөгийг “Ж ” ХХК-ийн өмнөөс төлж, тэдний бусдын өмнө хүлээсэн өр төлбөрийг барагдуулан зээлийг бүрэн хаасан. Үүний дараа “Ж ” ХХК нь манай банк бус санхүүгийн байгууллагатай дээрх авсан зээлийг нь хаасан дүнгээр зээлийн гэрээ байгуулан зээл болон зээлийн хүүг бодох график гарган төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл 218 000 000 төгрөг болон түүнд ногдох 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 44 017 981 төгрөг буюу нийт 262 017 981 төгрөгийг төлөхгүй биднийг чирэгдүүлсээр байна. Дээрх Хаан банктай холбоотой зээлийг төлөх явцад мөн л Ж ХХК дээр 6 иргэнээс шүүхийн шийдвэрийн дагуу маргаан үүсгэсэн байсан бөгөөд Ц.О нь тухайн үед энэ асуудлыг шийдвэрлээд өг, би 7 хоногийн дотор мөнгийг буцаан төлнө, 51 000 000 орчим төгрөг хэрэгтэй байна гэсэн санал тавьсан. “Ж ” ХХК болон Ц.О нар нь барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул түүнд итгэн “М.Ф ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Төрийн банкны 3400040112940 тоот данснаас 51 000 000 төгрөгийг бэлнээр авч Ц.Од хүлээлгэн өгч бусдад төлөх ор төлбөрийг нь бүрэн барагдуулсан. Уг төлбөрийг төлөхдөө Б.М нь “Гялс төгрөг” ХЗХ-ноос зээл авч төлсөн байдаг. Батлан хамгаалахын Их сургуулийн ажилчдын 53 айлын орон сууцны барилгыг нэхэмжлэгчийн зүгээс түргэн шуурхай барьж ашиглалтад оруулахын тулд Ц.Огийн тавьсан саналын дагуу “М.Ф ” ХХК-ийн зүгээс “Улаанбаатар менежмент” ХХК-тай “Зээлээр төмөр худалдах, худалдан авах гэрээ”-г 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр, мөн оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус тус байгуулан нийт 330.4 тонн төмөр авахаар болж, төмөр хүлээн авах эрхийг тухайн үед барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Ж ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Ц.Од олгосон. Ц.Огийн итгэмжлэлийн дагуу “Ж ” ХХК нь Улаанбаатар менежмент ХХК-аас нийт 6 удаагийн падаанаар нийт 505,019,960 төгрөгийн барилгын арматур төмөр хүлээн авсан байх боловч уг төмрийг манай компанийн барьж байсан барилгад огт оруулалгүйгээр шууд “Эн Си Ди групп” ХХК-д худалдан борлуулан ашиг олж байсан бөгөөд одоогоор манай компанид “Ж ” ХХК-ийн төлөх төмрийн үлдэгдэл төлбөр нь алдангийн хамт 405 144 647 төгрөг болсон байна. Уг төмрийн тооцоог “Улаанбаатар менежмент” ХХК-ийн зүгээс “М.Ф ” ХХК-аас нэхэмжилсэн иргэний хэрэг маргаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн болно. Иймд нэхэмжлэгч Б.Мийн зүгээс хариуцагч Ц.О, “Ж ” ХХК нараас 51 000 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “М.К ” ХХК, “М.Ф ” ХХК-ууд нь хариуцагч “Ж ” ХХК-аас үндсэн зээлийн дүнд ногдох 218 000 000 төгрөгийг хүүгийн хамт нийт 262 017 981 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч “М.Ф ” ХХК нь хариуцагч “Ж ” ХХК-аас бараа материал буюу арматур төмрийн үнэ 405 144 647 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 1А/2017 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан эсэх үйл баримтын талаар хариуцагч “М.Ф ” ХХК-ийн зүгээс маргахгүй болно. Уг гэрээгээр Нийслэлийн засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 461 тоот захирамжтай газарт 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 67/2016 барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөөр үйлчилгээтэй орон сууц, 17.6х13.6 м хэмжээтэй, 53 айл, 9 давхар, зоорьтой, төмөр бетон каркасан хийцтэй барилгыг барьж гүйцэтгэх ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Ж ” ХХК нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь үнэн болно. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд бараа материал, ажиллах хүч, техник, машин, тээвэр гэх мэт зардалд 817 571 414 төгрөг зарцуулсан. Талууд төслийг хэрэгжүүлэхдээ захиалагч тал “Ж ” ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр 206 000 000 төгрөгийг Хаан банканд төлж барьцааг чөлөөлөх, чөлөөлсөн барьцаа хөрөнгийг Төрийн банкинд барьцаалан 1 000 000 000 төгрөгийн зээлийг авахаар, гүйцэтгэгч тал үл хөдлөх эд хөрөнгийг Хаан банкнаас авсан зээлийг төлж барьцаанаас чөлөөлж, Төрийн банкны барьцаанд тавих эрхийг “М.К ” ХХК-нд олгоно гэж тохиролцож, авсан зээлээр барилгын ажлыг үргэлжлүүлэх байсан болох нь баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч нараас арматурын тооцооны талаарх дэлгэрэнгүй жагсаалт, зарцуулалтын баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд 53 айлын орон сууцанд ашиглагдах арматурын тоо хэмжээг ажлын зургаар нь авч үзвэл хавтан суурь, зоорийн давхраас техникийн давхар хүртэл нийт 285.11 тонн арматур төмөр буюу 423 376 585 төгрөг болохоор байсан. “Ж ” ХХК нь 53 айлын орон сууцны барилгын 4 давхар хүртэл итгэмжлэлийн дагуу “Улаанбаатар менежмент” ХХК-аас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 09-ний хооронд 353.37 тонн буюу 505 019 960 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр хүлээн авсан байдаг. Үүнээс 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 159 тонн буюу 246 577 100 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг “Эн Си Ди Групп”-д өгсөн. Дараа нь нэмэлтээр дахин 50.91 тонн буюу 75 600 000 төгрөгийн төмөр нэмж авсан. Өөрөөр хэлбэл, нийт 404.28 тонн буюу 580 619 960 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр хүлээн авсан ч боловч үүнээс 239.28 тонн арматур төмрийг барилгад огт зарцуулаагүй бусдад худалдан борлуулсан байсан. Ажил гүйцэтгэгч “Ж ” ХХК нь барилгын ажлыг хийхгүй 2017 оны 9 дүгээр сарын 12-нд орхин явснаас хойш нэхэмжлэгч “М.Ф ” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 53 айлын орон сууцны барилгын 5-9 дүгээр давхарт хэрэглэгдэх арматур төмрийг “Улаанбаатар менежмент” ХХК, “Үүртээл” ХХК, “Эрчим капитал” ХХК-уудаас худалдан авсан бөгөөд нийт 190,013,290 төгрөгийн арматур төмөр дахин худалдан авч барилгадаа ашигласан байдаг. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Дээр дурдсан нөхцөл байдлуудаар “Ж ” ХХК-ийн “Улаанбаатар менежмент” ХХК-аас авсан арматур төмрийн 225 тонныг барилгад зарцуулсан гэх тайлбар хэргийн баримтаар үгүйсгэгдэж байгаа болно. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан тооцоолол, түүнд хавсаргасан баримтуудаар захиалагч тал “Ж ” ХХК-ийн нэмэлтээр дахин авсан 50.91 тонн арматур төмрийн үнэ болох 75 600 000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр “Ж ” ХХК-д шилжүүлж төлсөн баримт хэрэгт авагдсан. Захиалагч “М.Ф ” ХХК-ийн хувьд гүйцэтгэгч талд дансаар /шилжүүлсэн зардлууд/ нийт 418 298 827 төгрөгийг арматур, хэв хашмал, зуурмаг, краны мөнгө, хоолны мөнгө, цахилгааны түр холболт, брусны төлбөр, “Тоонот асар” ХХК-ийн ажлын хөлс, Адилбиш ажлын хөлс, Баянмөнхөд ажлын хөлс зэрэг гүйлгээний утгаар шилжүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч талд ажлын зардлуудыг захиалагч тал бүрэн төлж байсан. Мөн гүйцэтгэгч “Ж ” ХХК-д 110.56 тонн арматурын үнэд 231 241 650 төгрөгийг, 838 м.куб зуурмагийн үнэнд 118 850 000 төгрөгийг, хэв хашмалын үнэнд 42 400 000 төгрөгийг, ажлын хөлсөнд 54 768 960 төгрөгийг, нийт 447 260 610 төгрөгийг захиалагч талаас ажил гүйцэтгэгч талд төлсөн байна. Тухайн үед “Ж ” ХХК нь Ц.О, М.Адилбиш нарын үүсгэн байгуулсан компани байсан бөгөөд сүүлд хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж Б.Цэцгээ гэх этгээд бүртгэлтэй буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болсон байсан. Б.Цэцэгээ нь “Ж ” ХХК-ийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан байх тул хуулийн этгээдийн хувьд бусдын өмнө хүлээх өр төлбөрийн асуудлыг бүрэн хариуцах ёстой гэж үзэж байгаа бөгөөд хохирлоо тухайн үед үүсгэн байгуулагч Ц.О, М.Адилбиш нараас шаардах эрх нь нээлттэй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ж ” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж ” ХХК болон “М.К ” ХХК-ийн барилгын ажил хамтран гүйцэтгэх гэрээ байгуулагдсанд маргахгүй. 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр барилгын шав тавьсан. Санхүүжилт байхгүй тул Б.Маас “Улаанбаатар менежмент” ХХК-аас арматур авч түүнийг худалдан борлуулж, олсон орлогоос барилгын ажлыг гүйцэтгэж болох юм байна гэсний дагуу Улаанбаатар менежмент ХХК-аас арматур авч худалдан борлуулсан. Санхүүжилт ингээд ч хүрэхгүй байсан тул Төрийн банкнаас дахин зээл авахаар болсон. Гэтэл “Ж ” ХХК-ийн барьцаа хөрөнгө нь Хаан банкны 218 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан байсан тул уг зээлийг төлөх шаардлага бий болсон. Ингээд хэлцэл хийж, “Ж ” ХХК-ийн Хаан банкны зээлийг чөлөөлж, Төрийн банктай 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Мөн өдрөө зээлийн барьцааны гэрээг байгуулж, “Ж ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалсан. Энэ гэрээний үүрэг зөрчигдсөн тул Төрийн банк “М.К ” ХХК-ийн зээлийн төлбөрийг “Ж ” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан. Бид хүү тохироогүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй. Харин 218 000 000 төгрөгийг “Ж ” ХХК-ийн барьцаа хөрөнгийг Төрийн банкны зээлийн барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд төлж болно. Уг зээлийг “Ж ” ХХК авч ашиглаагүй. “Ж ” ХХК нь 3 иргэн, компанид нийт 21 161 048 төгрөгийн өртэй байсныг иргэн Б.Маас авч төлсөн нь үнэн. Иймд Б.Мын шаардлагаас 21 161 048 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрнө. Гэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны барьцаанаас хөрөнгийг чөлөөлж өгөөгүй тохиолдолд бид татгалзах эрхтэй. Энд хамаарах нэхэмжлэлээс бусад хэсгийг зөвшөөрөхгүй. “Ж ” ХХК-аас арматурын үнийг хохиролд тооцон шаардаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “М.Ф ” ХХК-ийн нэхэмжилж буй арматур нь тус компанийн хүлээн авсан дуусаагүй барилгад буюу барилга угсралтын ажилд орсон байхад “М.Ф ” ХХК-аас арматур төмрийн 405 144 647 төгрөгийн хохирол гаргуулах хэмээх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь “Ж ” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Харин манай компани “М.Ф ” ХХК-ийн нийлүүлсэн арматурыг өөр хөдлөх эд хөрөнгөтэй нийлүүлэх холих замаар барилга угсралтын ажлын үр дүн барилга буюу салгаж үл болох барилгын бүрэлдэхүүн хэсэг болгон захиалагч “М.Ф ” ХХК-ийн эзэмшилд үлдээсэн. Өөрөөр хэлбэл, хэрэв “М.Ф ” ХХК-ийн арматур төмрийн 405 144 647 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх тохиолдолд “Ж ” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох барилга угсралтын ажлын хөлсөнд “М.Ф ” ХХК-ийн нэхэмжилж буй арматур нь материалын зардлаар шингэсэн байгаа учраас харилцан тооцогдох шаардлага мөн гэж үзэж байна. Иймд хариуцагч өөрийн татгалзлаа сөрөг нэхэмжлэл гаргах замаар нотолж нэхэмжлэлийг няцааж байгаа болно. “Ж ” ХХК нь “М.Ф ” ХХК-ийн 53 айлын орон сууцны барилгын зоорийн давхраас 5 давхар хүртэлх карказ цутгалтыг хийхдээ дараах зардлыг гаргасан. Үүнд Цалинд нийт 109 889 600 төгрөг, бараа материалын зардалд нийт 682 596 814 төгрөг, тээврийн хэрэгслийн түрээсэнд нийт 17 285 000 төгрөг, тээврийн зардалд нийт 7 800 000 төгрөг буюу бүгд 817 571 414 төгрөг болж байна. Үүнээс “М.Ф ” ХХК нь цалинд нийт 104 143 000 төгрөг, бараа материалын зардалд нийт 117 947 000 төгрөг, тээврийн хэрэгслийн түрээсэнд нийт 2 600 000 төгрөг, тээврийн зардалд нийт 1 800 000 төгрөг буюу нийт 226 490 000 төгрөг төлсөн, “Улаанбаатар менежмент” ХХК-аас 129 195 000 төгрөгийн 87 тонн арматур авсныг барилгад оруулсан тул манайхаас гарсан зардлаас бүгд 355 685 000 төгрөг хасагдаж, үлдэх 461 886 414 төгрөгийн зардал төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд “М.Ф ” ХХК-аас “барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын зардал 817 571 414 төгрөгөөс төлөгдөөгүй хэсэг болох 461 886 414 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх гаргасан шаардлагаа энэ хэмжээнд багасгаж байгаа гэжээ.
Хариуцагч Ц.О болон түүний өмгөөлөгч Н.Батбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Ф ” ХХК болон “Ж ” ХХК нарын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Санхүүжилт байхгүй тул Б.М нь Ц.Ог санхүүжилт олооч гэсэн. Анхны тохиролцоо нь Б.М болон Ц.О нар барилгын ажлын санхүүжилтийг хамтран шийдэж, олсон ашгаа хуваах зорилготой байсан. Үүний дагуу санхүүжилт босгох зорилгоор Б.М нь “М.Ф ” ХХК-аараа “Улаанбаатар менежмент” ХХК-аас зээлээр арматур авч, уг арматурыг хүлээн авах эрхийг “Ж ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Од олгож, Ц.О нь хүлээн авсан арматурыг өөрийн эзэмшлийн “Англи байшин” ХХК-аараа дамжуулан “Эн Си Ди групп” ХХК-д худалдан борлуулж, олсон мөнгөний тал хувийг “Англи байшин” ХХК-аараа дамжуулан “М.Ф ” ХХК-ийн өмнөөс “Улаанбаатар менежмент” ХХК-д төлсөн, заримыг “М.Ф ” ХХК-д өгсөн. Түүнээс бүх арматурыг барилгын ажилд зарцуулна гэсэн тохироо байхгүй. Заримыг барилгад хэрэглэх, заримыг зарж мөнгө босгох л тохиролцоо байсан. Хамтарч ажил хийж ашиг олох зорилгоор анхнаасаа барилгын ажлыг эхлүүлсэн, энэ ажлын явцад санхүүжилт шийдвэрлэхийн тулд “Ж ” ХХК-ийн хөрөнгийг барьцаалж зээл авахаар болж, уг хөрөнгийг өмнөх барьцаанаас чөлөөлөхийн тулд Хаан банк болон бусад төлбөртэй иргэдийн өр төлбөрийг нэхэмжлэгч тал төлсөн байдаг. Ц.О ажил хийж ашиг олох гэсэн биш харин эсрэгээрээ баахан мөнгө гаргачихаад өнөөдөр мөнгө ч үгүй, барилга ч үгүй болж хохирчихоод байхад дээрээс нь мөнгө нэмж нэхээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Шударга ёсонд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Б.Мын зүгээс иргэн Ц.Огийн өмнөөс өр төлбөр төлсөн ямар ч үйл баримт байхгүй. Харин “Ж ” ХХК-ийн өмнөөс 21 161 048 төгрөг төлсөн нь үнэн. Харин Ц.Огийн өмнөөс нэг ч төгрөг төлөөгүй тул Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж ” ХХК-аас 239 299 284 төгрөгийг гаргуулан 218 000 000 төгрөгийг “М.Ф ” ХХК-д, 21 299 284 төгрөгийг Б.Мд тус тус олгож, “Ж ” ХХК-д холбогдох “М.К ” ХХК-ийн шаардлагыг, “М.Ф ” ХХК-ийн “Ж ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 44 017 981 төгрөгт холбогдох хэсэг болон Б.Мын гаргасан “Ж ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 4 200 716 төгрөгт холбогдох хэсгийг Ц.Огоос 25 500 000 төгрөг гаргуулах шаардлагын хамт тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан “М.Ф ” ХХК-аас 381 753 817 төгрөгийг гаргуулан “Ж ” ХХК-д олгож, “Ж ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 80 132 597 төгрөгт холбогдох хэсгийг, “Ж ” ХХК-аас хохирол 405 144 647 төгрөг гаргуулах “М.Ф ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хамт тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 4 139 704.36 төгрөгөөс 4 069 504.36 төгрөгийг, “Ж ” ХХК-аас төлсөн 4 337 265 төгрөгөөс 4 337 261 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70 204 төгрөгийг гаргуулан 70 200 төгрөгийг “М.К ” ХХК-д, 4 төгрөгийг “Ж ” ХХК-д тус тус буцаан олгож, “Ж ” ХХК-аас 1 512 396.5 төгрөгийг гаргуулж 1 247 950 төгрөгийг “М.Ф ” ХХК-д, 264 446.5 төгрөгийг Б.Мд тус тус олгож, “М.Ф ” ХХК-аас 2 066 719 төгрөгийг гаргуулж “Ж ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.М нь “Ж ” ХХК болон хариуцагч Ц.О нарын бусдад төлөх өр төлбөрт нь нийт 51 сая төгрөг өмнөөс нь төлсөн бөгөөд хариуцагч Ц.О нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “... аваагүй гэж огт хэлээгүй бөгөөд би сайн санахгүй байна” гэж саяхан болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлж байгаа нь өөрөө хуулийн явцуу байдалд дулдуйдсан тухайн мөнгийг авсан, хэрэглэсэн болохыг нь хэн ч анзаарахаар тодорхой харуулсан. Гэсэн ч шүүх энэ талаар Ц.Огийн тайлбарыг анхаарч лавшруулж асуулгүй, тогтоогдохгүй байна гэж өнгөцхөн дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нотлох баримт гаргуулах ажиллагаа хийлгэсэн ч баримт дутуу ирсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө хурал дээр дутуу баримтуудыг гүйцээн гаргуулж захирамжийн биелэлтийг хангуулах талаар хүссэн ч шүүх энэ талаар огт арга хэмжээ авалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж хэт их нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Б.М нь хариуцагч нараас 51 сая төгрөгийг тэнцүү хувааж нэхэмжилсэн ба “Ж ” ХХК нь шүүх хурал дээр өөрт нь холбогдох Б.Мын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн ч нгүүх 4 200 716-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн мөн хариуцагч Ц.Огийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгэж чадахгүй байгааг шүүх анхаарсангүй. Нотлох баримтад бичмэл нотлох баримтаас гадна хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар мэдүүлэг хамаарах ба хариуцагчийн үгүйсгэж чадахгүй байгаа байдлыг нгүүх анхааралгүй орхисонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 29 700 716 төгрөг болох “Ж ” ХХК-аас 4 200 716 төгрөг, Ц.Огоос 25 500 000 төгрөгийг тус тус гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “М.К ” ХХК, “М.Ф ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:. Ажил гүйцэтгэх гэрээг талууд цуцалсан байгаа тул “Ж ” ХХК нь захиалагч талд учирсан бодит хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй буюу Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 болон 227, 228 дугаар зүйлд заасны дагуу захиалагч тал хохирол шаардах эрхтэй байхад тухайн төрлийн харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байх ба хариуцагч “Ж ” ХХК-наас хохиролд тооцон гаргуулахаар шаардсан 405.144.647 төгрөгийн шаардлагын талаар шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Хавтаст хэрэгт “Ж ” ХХК-наас нотлох баримтаар “Ажил хулээлцэх акт” гэсэн нэг талын баримтыг гаргаж өгсөн бөгөөд 2017 оны 9-р сарын 12-ны өдрийн байдлаар “...барилгын зураг төслийн дагуу 9 давхар, 53 айлын барилгын 4 давхарын карказ, цутгалтын ажлыг дуустал хийснээр барилгын ажлыг хүлээлцсэн талаар, мөн ажил хүлээлцэх өдрийн байдлаар талбай дээр 55.454.160 төгрөгний бараа материал үлдсэн... ” талаар акт үйлдэж улмаар захиалагч талын инженер Ё.Алтанцэцэгээр гарын үсэг зуруулсан баримтыг гаргаж өгсөн байдаг. Талууд 53 айлын орон сууцны барилгыг барих төслийг хамтран хэрэгжүүлэхдээ захиалагч тал "... “Ж ” ХХК-ний зээлийн үлдэгдэл төлбөр 206.000.000 /хоёр зуун зургаан сая/төгрөгийг Хаан банкинд төлж барьцааг чөлөөлөх, чөлөөлсөн баръцаа хөрөнгийг Төрийн банкинд барьцаалан 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгний зээлийг авахаар, гүйцэтгэгч тал үл хөдлөх эд хөрөнгийг Хаан банкнаас авсан зээлийг төлж барьцаанаас чөлөөлж Төрийн банкны барьцаанд тавих эрхийг “М.К ” ХХК-нд олгоно...” гэж тохиролцож, авсан зээлээр барилгын ажлыг үргэлжлүүлэх байсан болох нь баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч талаас арматурын тооцооны талаарх дэлгэрэнгүй жагсаалт, зарцуулалтын баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн. Энэ нөхцөл байдлаар “Ж ” ХХК-ний Улаанбаатар менежмент ХХК-наас авсан арматур төмрийн 225 тонныг барилгад зарцуулсан гэх тайлбар хэргийн баримтаар үгүйсгэгдэж байгаа тул шүүхээс хангагдсан дүнгээс арматур төмрийн үнэ хасагдах ёстой байтал шүүхээс хасахгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээг цуцдах хүртэл захиалагч тал гүйцэтгэгч талд дээр дурьдсан хоёр тооцоололын нийлбэр нь /418.298.827 + 447.260.610 =865.559.437/ төгрөгийг “Ж ” ХХК-нд төлсөн тооцоо гарч байгаагч шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08-р сарын 19-ны өдрийн 181/ШШ2020/02115 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтандп өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч “Ж ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 496.1 дэх хэсгийг үндэслэн 218 000 000 төгрөгийг “Ж ” ХХК-иас гаргуулж “М.Ф ” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Анхан шатны шүүхээс “Ж ” ХХК нь бусдаар өр төлбөрөө төлүүлж, үүргээс чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Ж ” ХХК нь өр төлбөрөөс чөлөөлөгдсөн боловч ашиг олоогүй бөгөөд “Ж ” ХХК нь дээрх 218 000 000 төгрөгийн үүргээс чөлөөлөгдсөний хариуд нэхэмжлэгч нарын Төрийн банкинд төлөх ёстой 1 000 000 000 төгрөгийн өрийг өөрийн эд хөрөнгөөрөө хариуцахаар болсон буюу нэхэмжлэгчийн шаардаж буй 218 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзах эрхтэй байгааг, нөгөө талаас “Максимускапитал” ХХК үл хөдлөх зд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгуй байгааг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа үйл баримт, нөхцөл байдлыг хэрэгт хамааралтай талаас нь анхан шатны шүүх үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, “Ж ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкны барьцаанаас чөлөөлж өгөх эсхүл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тохиолдолд “Ж ” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 1тэрбум төгрөгийг төлөх үүргийг “М.К ” уг хэлцлээр хүлээсэн. Эндээс талуудын хооронд харилцан тооцогдох буюу хариу шаардлага байгаа гэж дүгнэж болохоор байна. Иймд дээр дурдсан анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар Ж ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөөр Максимус ка.питал ББСБ-ын Төрийн банкны 1 000 000 000 төгрөгийн зээлийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн бдйгаа тул уг хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч нэхэмжлэгч 218 000 000 төгрөгөө буцаан шаардах эсхүл, “Ж ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийнхөө үнэд 218 000 000 төгрөгийг суутгах эсэх нь шийдэгдэхээр байх тул нэхэмжлэгч нарт буцаан шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. “Ж ” ХХК-ийн сөрөг нэхэмжпэлийн шаардлагаас 80 132 597 төгрөгийг хэрэгсэхгүй болгосны зарим хэсгийг буюу 55 454 160 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Харин сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч “Ж ” ХХК нь барилгын талбайгаас хөөгдөж гарахдаа барилгын талбайд 55 454 160 төгрөгийн бараа материал үлдээсэн болох нь 2-р хавтаст хэргийн 15,16-р талд байх 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Ажил хүлээлцсэн актаар нотлогдож байгаа. Иймд уг бараа материалын үнэд нэхэмжилсэн 55 454 160 төгрөгийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэх ёстой байсан. Учир нь, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон төсөв нь Ж ХХК-ийн бодитоор хийж, Захиалагч компанид биетээр хүлээлгэн өгсөн суурийн давхар бүхий 4 давхар /нийт 5 давхар/ барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах мөнгөний тооцоо тул Захиалагчид барилгын ажлын уг үр дүнгээс гадна биетээр хүлээлгэн өгсөн барилгын материалын үнийг гүйцэтгэгчээс гаргасан зардалд нэмж тооцон Ж ХХК-д олгох үндэслэлтэй. Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр барилгын талбай дээр бараа материал үлдсэн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдал, бусад нотлох баримт, дээрх барилгын талбай дээр үлдээсэн бараа сөрөг нэхэмжлэлийн шаардлагад багтсан зэргийг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Иймд “М.Ф ” ХХК-ийн үндсэн нэхэмжпэлийн шаардлагаас 218 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 55 454 160 төгрөгийг нэмж хангах буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 437 207 977 төгрөгийг хангаж шийдвэрлэх тухай өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “М.К ” ХХК, “М.Ф ” ХХК нь хариуцагч “Ж ” ХХК-аас 262 017 981 төгрөгийг, “М.Ф ” ХХК нь “Ж ” ХХК-аас 405 144 647 төгрөгийг тус тус гаргуулах, Б.М нь Ж ” ХХК, Ц.О нараас 51 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсныг хариуцагч “Ж ” ХХК зарим хэсгийг буюу 21 161 048 төгрөгт холбогдох хэсгийг төлнө гэж, бусад шаардлагыг эс зөвшөөрч, “М.Ф ” ХХК-аас 461 886 414 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Талуудын маргааны зүйл болж буй ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйл болон бараа материалын үнэ, нөгөө талын гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон хөлс зэрэг харилцан тооцогдох ёстой өр төлбөр байгаа эсэх нь тодорхой бус байна. Эдгээр нөхцөл байдал тодорхой бус, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болно.
Нэхэмжлэгч 405 144 647 төгрөгийн шаардлагын үндэслэлээ “ хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн бараа материал, хөрөнгөөр ажлыг гүйцэтгэх ёстой байсан үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор Арматур худалдан авч, худалдаж авсан арматурын үнийг төлж хохирсон” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “зарим арматур төмрийг бусдад худалдан борлуулж мөнгийг барилгад санхүүжилт оруулсан, зарим хэсгийг захиалагчийн барилгад хэрэглэсэн” гэж тус тус тайлбарласан.
Хэрэгт “М.Ф ” ХХК болон “Улаанбаатар Менежмент” ХХК-ийн хооронд 2017 оны 04 сарын 21-ний өдөр байгуулсан “бараа материал зээлээр худалдан авах” гэрээ авагдсан ба уг гэрээгээр 448 099 560 төгрөгийн үнэ бүхий арматур, катанкыг авахаар тохиролцжээ. Гэрээний дагуу авах арматурыг нэхэмжлэгч нь өөрийн “М.Ф ” ХХК-ийг төлөөлж “Ж ” ХХК авах эрхийг итгэмжлэлээр хариуцагчид олгосон байна. /1хх159-165, 169/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасан.
Нэхэмжлэгч дээрх шаардлагаа буюу худалдан авсан арматурыг “Улаанбаатар менежмент” ХХК-аас “Ж ” ХХК-д хүлээлгэн өгсөн болохыг нотлохоор нэрлэн заасан зарлагын падаан гэсэн баримтууд хэрэгт авагдсан ч энэ баримтуудад үндэслэж ямар хэмжээний арматур авсан гэдгийг дүгнэх боломжгүй байна. Учир нь, хуулбар баримтуудын үнийн дүн нь гаргацтай сайн харагдахгүй, уншигдахгүй байгаагаас хэдэн төгрөгийн арматурыг хариуцагч хүлээн авсан болохыг энэхүү бичгийн нотлох баримтуудаар нарийвчлан тооцох боломжгүй ба шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ. /1хх170-178/
Маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг нотлох баримтыг үнэлэх, нөхөн бүрдүүлэх боломжгүй болно.
Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ж ” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хэд хичнээн хэргийн шүүхийн шийдвэрээр хэдэн удаа төлбөр төлөгчөөр оролцож байсан талаарх лавлагааг гаргуулах буюу нотлох баримтыг шүүхийн журмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2019/12690 дугаар захирамжаар хүсэлтийг хангасан боловч тодорхой бус байдалтай шийдвэрлэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүсэлтэд заасан нотлох баримтыг бүрэн ирүүлсэн эсэх нь тодорхойгүй болжээ.
Нөгөө талаар, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч Ц.О “... Ямартай ч төлбөр төлөгдөж хаагдсан, үл хөдлөх хөрөнгө барьцаанаас суллагдсан, .... Төлбөр нь миний өр биш харин компанийн өр байсан. ... 50 000 000 гаруй төгрөг байсан...” гэж тайлбарласан./4хх-90/
Эдгээрээс үзэхэд “Ж ” ХХК-ийн өр төлбөртэй холбоотой нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлт зохих ёсоор шийдвэрлэгдээгүй, нэхэмжлэгч Б.Мын хувьд хариуцагч “Ж ” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан өр төлбөрт нь 21 299 284 төгрөгийг төлсөн гэх үйл баримт эргэлзээтэй, хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй гэж үзэхээр байна.
Мөн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой тухайн барилгад зарцуулагдсан болон хариуцагч компанийн хүлээн авсан гэх арматур төмрийн тооцоо тодорхой бус байхад харилцан тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг тооцож шийдэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй болно.
Иймээс, талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй ба анхан шатны шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02115 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 306 543 төгрөг, нэхэмжлэгч “М.К ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2 066 719 төгрөг, хариуцагч “Ж ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1 525 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Б.НАРМАНДАХ