Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 02166

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02166

 

 

В.Мын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03081 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 11 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч В.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Бтай 2015 оны 11-р сарын 05-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Б.Бгаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн үндсэн төлбөр, гэрээгээр тохирсон хүү төлөхгүй хохироож, улмаар оршин суугаа хаяг тодорхойгүй болсны улмаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Ингээд түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3-р сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00525 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосон болохыг шүүхээс 2020 оны 06-р сарын 02-ны өдөр мэдэгдсэн.  Б.Бгаас үндсэн зээлийн төлбөрт 6.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1.800.000 төгрөг, алданги 3.900.000 төгрөг, нийт 11.700.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: В.М нь 2015 оны 11-р сарын 05-ны өдөр 100 айлд байрлалтай 1.760 тоот нотариатаар зээлийн гэрээг 3 сарын хугацаатай хийхдээ зээлийн гэрээнд мөнгийг бэлэн өгнө гэж тусгасан байдаг. Б.Б миний нэр дээр 6 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан боловч зээлийн мөнгө 6 сая төгрөгийг З.Дэлгэржавт 3 сая төгрөг, Б.Б надад 3 сая төгрөгийг тус тус бэлнээр өгсөн. Зээлийн гэрээг байгуулахад тус нотариат дээр В.М, З.Дэлгэржав, Б.Б бид 3 бүгд хамт байж байгаад зээлийн гэрээг батлуулсан. Тухайн зээлийн гэрээ нь 3 сараар хийгдсэн боловч зээлийн мөнгийг өдөр өдрөөр нь тооцно гэж тохирсон ёсоор төлсөн. Зээлийн тал мөнгө болох 3 сая төгрөгийг төлөхдөө Б.Б би өөрийн нөхөр болох М.Элдэв-Очирын хаан банкны 5035095667 тоот данснаас В.Мын хаан банкны 5082001751 тоот дансанд өдөр болгон 110,000 төгрөгөөр, нийт 3,125,000 төгрөгийг төлсөн нь дансны хуулгаар баталгаажиж байна. Зээлийг төлж байх хугацаанд В.М нь хугацаандаа төлөөгүй хүү алданги гэж Б.Б миний зарж байсан ахуйн бараанаас бэлэн мөнгө болон бараагаар нийт 1,067,450 төгрөгийн тооцоог авсан нь тухайн үед миний тэмдэглэж байсан хар дэвтэрт бичигдсэн байдаг.  6 сая төгрөгийн тал мөнгө болох 3 сая төгрөгийг В.Маас бэлнээр авсан байхад З.Дэлгэржав Б.Б бид 2-т 6 сая төгрөгийг хувааж өгчихөөд мэдэн будилж байгаад гомдолтой байна.  В.М нь өдрийн зээл гаргадаг мөнгө хүүлэгч бөгөөд зээлээ 5 жил байтугай хэдхэн хоногийн хугацаа өнгөрөхөд миний ажиллуулж байсан Бүрд худалдааны төвд байрлах ахуйн барааны лангуун дээр 2016 оны 1-р сарын 10-ны хавьцаа нөхөртэйгөө ирж бөөн зодоон үүсгэн лангуу руу дайрч орон хамаг барааг шидэж орлого хийдэг байсан мөнгөний савыг хүртэл дураараа онгичиж байсныг тус худалдааны төвийн бүх түрээслэгчид бүгд мэднэ. Ийм учир В.М нь өдрийн зээл болох мөнгөө өдийг хүртэл аваагүй гэж байгаа нь тун гайхалтай. В.Мд өгөх зээлийн тооцоог өгч дуусгасан тул залилан мэхлэх аргаар 6 сая төгрөг болон түүний хүү 1,800,000 төгрөг, алданги 3,900,000 төгрөг, нийт 11,700,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,415,575 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,284,425 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117,599 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 3 000 000 төгрөг авсан, үлдэх 3 000 000 төгрөгийг гэрч З.Дэлгэржав авсан гэж маргадаг. Гэрч З.Дэлгэржав нь 2020 оны 9 сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ тухайн өдөр нотариатын газар хамт байсан, машин дотор Б.Б бид хоёр тус бүр 3 000 000 төгрөг өгсөн, 3 000 000 төгрөгийг сарын дотор буцаан төлсөн гэж тайлбарласан. Мөн шүүх хариуцагч, гэрч нарын тодорхой баримттай тайлбар, мэдүүлгүүдийг үгүйсгэж, зөвхөн гэрээний 2.5 дах заалтыг үндэслэж өгсөн гэж бичсэн үгийн шууд утгыг анхаарвал 6 000 000 төгрөг хариуцагчид шилжсэн гэж үзэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан алдаатай дүгнэлт болсон. Гэрч З.Дэлгэржав өөрийн зээлсэн 3 000 000 төгрөгт тусдаа гэрээ хийгээгүй, энэ авсан 3 000 000 төгрөгийг нэг сарын дотор буцаан төлсөн гэж мэдүүлсэн. Иймд шүүх гэрч З.Дэлгэржавын мэдүүлэг бусад баримтаар нотлогдохгүй байна гэдэг дүгнэлт үндэслэлгүй байна. Түүнчлэн, шүүх гэрч З.Дэлгэржав, Б.Энхээ нарыг асуухдаа хэргийн оролцогч болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүх хуралдааны оролцогч гэрч З.Дэлгэржав, нотариатч, гэрч Б.Энхээ нарын хуулиар олгогдсон эрхийг хасаж, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн. Гэрч З.Дэлгэржав, Б.Энхээ нарыг гэрчээр асуухдаа шүүх хуралдааны танхимд мэдүүлэг аваагүй, шүүгч өөрийн ажлын өрөөнд мэдүүлэг авсан, хариуцагчийн төлөөлөгч гэрч нараас асуулт асуух үед шүүгч хажуунаас наадхаа асууж яах юм бэ, мэдэхгүй шдээ гэж хориглох, гэрчээс тодруулах зүйл асуух гэхэд асуух боломж олгохгүй байсан бөгөөд гэрч нарыг үйл баримтын талаар тодорхой ярьж байхад битгий тодорхой ярь, тийм, үгүй л гэж хэл гэж оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд гэрч нарын хэлж ярьсныг ч бүрэн бичээгүй, бичихгүй байсанд гомдолтой байна. Мөн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн гэрээг гэрчилсэн нотариатчийн 1760 дугаартай бүртгэлийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч нь 6 000 000 төгрөгийг авсан гэдэг дүгнэлтийг үгүйсгэж байгаа бөгөөд 6 415 575 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч В.М нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 700 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            В.М нь Б.Бтай  2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “барьцаат зээлийн гэрээ” гэх нэршил бүхий гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 6 000 000 төгрөгийг зээлүүлэхээр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 4 дүгээр тал/

Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, харин гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бүрэн шилжүүлсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэх журмыг зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Зээлийн гэрээний 2.1, 2.2, 2.4, 2.7-д талууд зээлийн хэмжээ 6 000 000 төгрөг, гэрээний хугацааг 3 сар, зээлийн хүү 1 сарын 10 хувь байхаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний гол нөхцөл болох нэг тал нь мөнгө шилжүүлэх нөгөө тал өгсөн мөнгийг, хариу төлбөр болох хүүгийн хамт буцаан төлөх, уг үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөх талаар зөвшилцөж бичгээр хэлцэл хийн тохиролцсон байна.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “гэрээг миний нэрээр хийсэн ч 6 000 000 төгрөгийг З.Дэлгэржав бид хоёрт хувааж тус бүрт 3 000 000 төгрөгийг өгсөн, авсан мөнгөө төлсөн. Зээлийн гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг авсан ...” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг нөгөө талд бодитойгоор шилжүүлэн өгсөн үеэс гэрээ байгуулагдсанд тооцно. Зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгөх үүргээ Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн болохоо нотлох ёстой. Гэтэл энэ талаар буюу 6 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болохыг эргэлзээгүй нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт гэрчээр асуугдсан З.Дэлгэржав “... Машин дотор Болормаа бид 2-т 3 000 000 төгрөг тус тус өгсөн. Сарын дотор төлсөн. Б.Бгийн нэр дээр 6 000 000 төгрөгийн гэрээ хийгдсэн ...” гэж мэдүүлжээ. /хх75/ В.М нь зээлийн гэрээнд заасан 6 000 000 төгрөгөө өгөх үүргээ биелүүлсэн буюу 6 000 000 төгрөгийн хэмжээнд гэрээ байгуулагдсан болон З.Дэлгэржавт өөрийнх нь гэрээний дагуу авах мөнгийг өгөхийг хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байна. Иймээс Б.Бтай байгуулсан зээлийн гэрээний дагуу бодитой шилжүүлэн өгсөн 3 000 000 төгрөгийн хэмжээгээр гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ. Энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Түүнчлэн зээлдэгч гэрээний үүрэгт өөрийн нөхөр М.Элдэв-Очирын эзэмшдэг Хаан банк дахь 5035095667 дугаар дансаар дамжуулан 3 085 000 төгрөгийг, мөн 437 650 төгрөгийн барааг нэхэмжлэгчид өгсөн болох нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон./хх34-46/

Эдгээрээс үзэхэд хариуцагчийн төлөх зээлийн гэрээний үүргийг 566 025 төгрөгөөр тодорхойлбол зохино. Тодруулбал, үндсэн зээл 3 000 000 төгрөг дээр 900 000 /3*300 000/ төгрөгийн хүүг нэмж 3 900 000 төгрөгийг төлөх үүрэг хариуцагчид үүссэнээс нэхэмжлэгчид буцаан өгсөн 3 522 350 /3 085+437 650/ төгрөгийг хасахад төлөгдөөгүй үүргийн үнийн дүн 377 350 төгрөг болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг 188 675 /377 350:2/ төгрөгөөр тооцож, нийт 566 025 /377 360+188675/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх гэрч асуухдаа хуульд заасан журам зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны талаарх гомдлыг хангах, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй болно.

 Нэхэмжлэгч В.Мын хувьд үлдэх 3 000 000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлээ холбогдох этгээдэд гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03081 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 415 575” гэснийг “566 025” гэж, “5 264 425” гэснийг “11 133 975” гэж, 2 дахь заалтын “117 599” гэснийг “17 631” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

                                                                                       Б.НАРМАНДАХ