Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 3081

 

                            

 

 

 

 

 

 

                               2020         09          09

 

 

 

 

 

                       

                     

                    101/ШШ2020/03081

 

                                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 11,700,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: В.М миний бие Б.Бтай 2015 оны 11-р сарын 05-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай нэг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Б.Бгаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн үндсэн төлбөр, гэрээгээр тохирсон хүү төлөхгүй хохироож, улмаар оршин суугаа хаяг тодорхойгүй болсны улмаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Ингээд түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3-р сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00525 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосон болохыг шүүхээс 2020 оны 06-р сарын 02-ны өдөр мэдэгдсэн. 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүүгийн 1.800.000 төгрөг, алданги 3.900.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй байна. Иймд Б.Бгаас үндсэн зээлийн төлбөрт 6.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1.800.000 төгрөг, алданги 3.900.000 төгрөг нийт 11.700.000 төгрөг гаргуулж өгнө үү.

Үндсэн зээл 6 сая, хүүнд 1 800 000, алдангид 3 900 000, нийт 11 700 000 төгрөг гаргуулна. 2015.11.5-нд хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан. Нотариатын дэргэд гэрээ байгуулж, мөнгөө нотариатын өмнө өгсөн. Энэ үед нэг хүнтэй байсан боловч гэрчээр ирсэн хүн нь тэр хүн биш байсан. Би тэр хүнийг танихгүй тул хариуцагчид 6 саяыг өгсөн. Үүнээс хойш 11 сарын 6-с хойш төлж эхэлсэн. Өдөрт 330 000 төлдөг байсан. Нийт 3 085 000 төлсөн. 11 сарын 25-нд нөхрийнхөө дансаар 1 саяыг нэмж зээлсэн. Үүнээс хойш мөнгө төлөөгүй. Мөнгөө нэхэж удаа дараа очиход баримтаар өгсөн барааг өгсөн. Барааны үнэ нь 2016.4.28-нд 372 500 төгрөг, 2016.7.28-нд 65 150 төгрөг,  нийт 437 650 төгрөгний бараа авсан. 2016.8.26-нд зээл, хүү, алдангиа тооцож уулзаад хариуцагч нь өөрийн гараар үлдэгдлээ 6 947 350 төгрөг гэж бичиж өгсөн. Иймд үндсэн мөнгө, хүүний тал хувийг  2016.8.26-с хойшхи алданги гэж 3 900 000 нэхнэ. Хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаа шиг хүүг урьдчилж аваагүй. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар худлаа тул зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б би В.Мын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. В.М нь 2015 оны 11-р сарын 05-ны өдөр 100 айлд байрлалтай 1.760 тоот нотариатаар зээлийн гэрээг 3 сарын хугацаатай хийхдээ зээлийн гэрээнд мөнгийг бэлэн өгнө гэж тусгасан байдаг. Энэ зээлийн гэрээг байгуулахдаа Б.Б миний нэр дээр 6 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан боловч зээлийн мөнгө 6 сая төгрөгийг З.Дэлгэржавт 3 сая төгрөг, Б.Б надад 3 сая төгрөгийг тус тус бэлнээр өгсөн. Зээлийн гэрээг байгуулахад тус нотариат дээр В.М, З.Д Б.Б бид 3 бүгд хамт байж байгаад зээлийн гэрээг батлуулсан. Тухайн зээлийн гэрээ нь 3 сараар хийгдсэн боловч зээлийн мөнгийг өдөр өдрөөр нь тооцно гэж тохирсон ёсоор төлсөн. Зээлийн тал мөнгө болох 3 сая төгрөгийг төлөхдөө Б.Б би өөрийн нөхөр болох М.Э хаан банкны 5035095667 тоот данснаас В.Мын хаан банкны 5082001751 тоот дансанд өдөр болгон 110,000 төгрөгөөр төлсөн нь нийт 3,125,000 төгрөгийг төлсөн нь дансны хуулгаар баталгаажиж байна. Зээлийг төлж байх хугацаанд В.М нь хугацаандаа төлөөгүй хүү алданги гэж Б.Б миний зарж байсан ахуйн бараанаас бэлэн мөнгө болон бараагаар нийт 1,067,450 төгрөгийн тооцоог авсан нь тухайн үед миний тэмдэглэж байсан хар дэвтэрт бичигдсэн байдаг. В.М нь З.Д Б.Б бид 2-т 6 сая төгрөгийг хувааж өгчхөөд мэдэн будилж байгаад гомдолтой байна. Иймд 6 сая төгрөгийн тал мөнгө болох 3 сая төгрөгийг В.Маас бэлнээр авсан З.Дэлгэржавыг гэрчээр болон хариуцагчаар асуух шаардлагатай гэж үзэж байна. Учир нь З.Дг асууснаар энэ зээлийн гэрээний маргаан шийдвэрлэгдэх болно гэж үзэж байна. В.М нь өдрийн зээл гаргадаг мөнгө хүүлэгч бөгөөд зээлээ 5 жил байтугай хэдхэн хоногийн хугацаа өнгөрөхөд миний ажиллуулж байсан Бүрд худалдааны төвд байрлах ахуйн барааны лангуун дээр 2016 оны 1-р сарын 10-даар нөхөртэйгөө ирж бөөн зодоон үүсгэн миний лангуу руу дайрч орон хамаг барааг шидэж орлого хийдэг байсан мөнгөний савыг хүртэл дураараа онгичиж байсныг тус худалдааны төвийн бүх түрээслэгчид бүгд мэднэ. Ийм учир В.М нь өдрийн зээл болох мөнгөө өдийг хүртэл аваагүй гэж байгаа нь тун гайхалтай. Ингээд Б.Б би В.Мд өгөх зээлийн тооцоог өгч дуусгасан байхад В.М нь залилан мэхлэх аргаар 6 сая төгрөг болон түүний хүү 1,800,000 төгрөг, алданги 3,900,000 төгрөг, нийт 11,700,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь уг мөнгийг төлсөн. Төлсөн баримтууд байгаа. Хариуцагч нь 2 дэвтэр гаргаж өгсөн. Уг дэвтрээр нийт 973 020 төгрөгийн бараа болон мөнгө өгсөн. Хариуцагч нь тайлбар гаргахдаа дансны хуулгыг баримтаар өгсөн. Нөхрийн данснаас нийт 3 125 000 төгрөг төлөгдсөн. Нэхэмжлэгч нь бараа авснаа тайлбарлаж байна. Хавтаст хэргийн 57-д байгаа бичгийг хариуцагч бичсэн нь үнэн. Үүнд 4 сая гэж бичсэн учир нь анх 6 саяын гэрээ хийхдээ Д цуг хийсэн. Мөнгөө өгөхдөө 3 саяар хувааж авахаар тохирсон. Гэрч Дэлгэржав нь 3 саяыг авсан болон буцаан төлсөн гэдэг. 3 саяас хүү тооцох ёстой. Хэдийгээр 4 сая гэж байгаа боловч 3 саяас хүү тооцогдсон байдаг. 1 саяас нь 780 000 төгрөгийг төлсөн байдаг. 780 000 төгрөг төлдөг нь анх 2 сарын хүүгээ суутгаж авсан байдаг. Ингээд нийт 4 сая гэж бичигдсэн. Нөхрийнхөө данснаас Болороо гэдэг утгаар шилжүүлсэн. Үүнээс тооцвол хүү нь сарын 300 000 төгрөг тул 2015.12.5-ны өдөр хүртэл өдөр бүр төлсөөр нийт 2 670 000 төгрөг төлсөн. Үүнээс хүү 300 000 төгрөгийг хасвал үндсэн зээлээс 2 370 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 630 000 төгрөг үлдэнэ. Үүнээс хойш 2016.2.22-ны өдөр хүртэл 455 000 төгрөг төлсөн. 630 000 төгрөгийг давхар тооцоод 238 000 төгрөг л төлөхөөр байсан. Үүнийг барааны үнээр тооцно. Нөгөө 1 сая төгрөгийн тооцоо нь 437 650 төгрөгийн бараа авсан гэж нэхэмжлэгч хэлсэн. Энэ нь том дэвтрийн 20-р хуудсанд байдаг. Дэвтэрт 422 000 төгрөг гэж байгаа боловч зөрүү нь хамаагүй. Нэхэмжлэгчийн нь гаргасан барааны 2 баримтаар авсан барааны дүн байдаг. Энд 48 950 байдаг. Энэ дүн нь жижиг дэвтрийн ард бичигдсэн байдаг. Нийт 246 450 төгрөгийн бараа авсан нь барааны баримт болон дэвтрээр нотлогдоно. Нийт 973 020 төгрөгийн бараа өгсөн. 1 саяын 2 сарын хүүг тооцож авсан. Хүүг өгсөн тул 780 000-н үлдэгдлээс тооцвол 78 000 төгрөгийн хүү тооцогдоно. Энэ нь 3 дахь сарын хүү юм. Нийт 850 000 төгрөг төлөх ёстойгоос 973 020 төгрөгийг бараагаар төлсөн. Иймд төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.М нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 1,800,000 төгрөг, алданги 3,900,000 төгрөг, нийт 11,700,000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч 3,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд үндсэн зээлийг хүүгийн хамт бэлэн мөнгө болон бараа өгч, төлж дуусгасан гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр барьцаат гэсэн нэртэй зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 4 дүгээр тал/

Энэхүү гэрээгээр 6,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар зээлж, зээлүүлэхээр тохиролцжээ.

Улмаар нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны 2016 оны 06 дугаар сар гэсэн гүйлгээний огноотой хуулганы доор гараар зээл авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн талаар бичсэн зүйлийг хариуцагч Б.Б бичсэн болох нь хариуцагчийн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. /хэргийн 57 дугаар тал/ Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01697 дугаар захирамжаар В.Мын нэхэмжлэлтэй, Б.Бд холбогдох энэ хэргийн шаардлагатай адил шаардлага бүхий хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Үүний дараа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 00525 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Бг эрэн сурвалжилсан байна.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.3, 79.4-т зааснаар тасалдаж, шинээр эхлэн тоологджээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 6,000,000 төгрөгийг бэлнээр олгосон гэж тайлбарласан бол хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөг авсан, үлдэх 3,000,000 төгрөгийг гэрч З.Д авсан гэж маргасан.

Гэрч З.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ тухайн өдөр нотариатын газар хамт байсан, машин дотор Б.Б бид хоёрт тус бүр 3,000,000 төгрөг өгсөн, 3,000,000 төгрөгийг сарын дотор буцаан төлсөн гэж тайлбарласан. Гэвч гэрчийн мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч нь 3,000,000 төгрөгийг гэрч З.Д авсан гэх тайлбараа уг этгээд зээлийг буцаан төлсөн гэх баримтаар нотлох боломжтой байсан. Харин хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.5-д 6,000,000 төгрөг өгсөн гэж заасан байх тул хариуцагчийн 6,000,000 төгрөг өгнө гэж байсан боловч гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Үүнээс үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар үгийн шууд утгыг анхаарвал 6,000,000 төгрөг хариуцагчид олгогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчид зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон гэрээгээр тохиролцсон хүүг төлөх үүрэг үүсжээ.

Зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү төлөхөөр тохиролцож байгуулсан байх тул хариуцагчид 1 сард 600,000 төгрөг, 3 сард 1,800,000 төгрөгийн хүү болон үндсэн зээл 6,000,000 төгрөг, нийт 7,800,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь хэргийн 57 дугаар талд байх нэхэмжлэгчийн дансны хуулга доор гараар бичсэн зүйлийг төөрөгдөж бичсэн гэж тайлбарласан бөгөөд уг тооцоонд нэхэмжлэгчийн зөвшөөрсөн, хариуцагчийн буцаан төлсөн төлбөр тооцогдоогүй байх тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

 

Хариуцагч нь өөрийн нөхөр гэх М.Э дансаар зээлийг буцаан төлсөн гэж тайлбарласан бөгөөд хэрэгт холбогдох дансны хуулгыг ирүүлсэн. Энэхүү дансны хуулгаар төлсөн гэж тодруулж өгсөн гүйлгээний харилцсан данс нь нэхэмжлэгчийн данс мөн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 34-46, 57 дугаар тал/ Нэхэмжлэгч нь уг дансыг эзэмшдэг болохоо зөвшөөрсөн.

Ийнхүү төлсөн төлбөрийг хариуцагч нь нийт 3,125,000 төгрөг гэж тайлбарласан бол нэхэмжлэгч 3,085,000 төгрөг гэж маргасан. Улмаар уг дансны хуулгыг бүхэлд нь шүүж үзвэл хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид нийт 3,085,000 төгрөг төлсөн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн “зарим төлбөрт тооцож бараа өгсөн” гэх тайлбарыг үгүйсгээгүй боловч нэхэмжлэгч нь 437,950 төгрөгийн бараа авсан гэж, хариуцагч нь 973,020 төгрөгийн бараа өгсөн гэж маргаж байна.

Улмаар хариуцагчийн төлөөлөгч нь хэрэгт нотлох баримтаар өгсөн 2 ширхэг дөрвөлжин шугамтай цаас бүхий дэвтэрт бичигдсэн баримтаар өгсөн бараа нь нотлогдоно гэж тайлбарласан. Гэвч уг дэвтэрт бичигдсэн тооцоог хариуцагч бичсэн гэх боловч нэхэмжлэгч хүлээн авсан гэсэн бичилтгүй, нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж байх тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч, түүний тайлбарыг нотлохгүй.

 

Мөн хэргийн 58 дугаар талд байгаа гараар бичсэн тооцоо нь хэн юуны төлбөрийн талаар тооцоо гаргасан болох нь тодорхойгүй, зохигч уг баримтыг өөрсдийн тайлбарын үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч нь хүлээн авсан барааны талаар 2 ширхэг баримтыг шүүхэд гаргасан ба уг 2 баримтаар авсан гэх барааны үнэ нь нийт 262,459 төгрөг байна.

Иймд хариуцагч, түүний төлөөлөгч нь өгсөн гэх барааны үнийг нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээ болох 437,950 төгрөгийн барааг зээлийн гэрээний төлбөрт тооцож олгосон гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчид зээлийн гэрээний дагуу үүссэн 7,800,000 төгрөг төлөх үүргээс мөнгөн хэлбэрээр төлсөн 3,085,000 төгрөг, төлбөрт тооцсон барааны үнэ 437,950 төгрөгийг хасаж тооцвол хариуцагч нь 4,277,050 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Зээлийн гэрээний 2.7-д талууд төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Улмаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 4 жил, 4 сар, 2 хоногийн хугацаа хэтэрсэн тул алдангийг тооцвол 1 хоногт 21,385.25 төгрөг, 1 жилд 7,805,616.25 /21,385.25*365/ төгрөг, 4 жилд 31,222,465 төгрөг, 1 сард 650,468.02 /31,222,465/12/ төгрөг, 4 сард 2,601,872.08 төгрөг, 2 хоногт 42,770.50 төгрөг, нийт 33,867,107.58 төгрөгийн алданги тооцогдож байна. Гэвч энэхүү тооцогдсон алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцэхгүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу алдангид нийт 2,138,525 /4,277,050*50%/ төгрөг нэхэмжлэх эрхтэй.

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 4,277,050 төгрөг, алдангид 2,138,525 төгрөг, нийт 6,415,575 төгрөг гаргуулах үндэслэлтэй юм.

 

Харин нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд 1 сая төгрөгийн зээл нэмж олгосон гэж маргасан боловч энэ асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх 1 сая төгрөгийн зээл олгосон эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,415,575 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,284,425 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117,599 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД