Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00338

 

  

В.Магсаржаламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03081 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2166 дугаар магадлалтай,

 

В.Магсаржаламын нэхэмжлэлтэй

Б.Болормаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч В.Магсаржаламаас Б.Болормаад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 11,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч ... 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь З.Дэлгэржав бид хоёрт хувааж, тус бүрт 3,000,000 төгрөг өгсөн. Би зээлийн гэрээний дагуу авсан 3,000,000 төгрөгөө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03081 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Болормаагаас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,415,575 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Магсаржаламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,284,425 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2166 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03081 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 6,415,575 гэснийг 566,025 гэж, 5,264,425 гэснийг 11,133,975 гэж, 2 дахь заалтын 117,599 гэснийг 17,631 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн гэрч З.Дэлгэржавын мэдүүлгийг үндэслэл болгон 5,849,550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийг ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Гэрч З.Дэлгэржавын мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байж нотолгооны ач холбогдлоо өгөхөөр байтал тухайн мэдүүлэг нь бичгийн нотлох баримтаас илтэд зөрүүтэй байхад түүнийг магадлалын үндэслэл болгосон хууль бус байна. Тухайлбал, гэрч З.Дэлгэржав нь хариуцагч Б.Болормаатай харилцан хамааралтай /хамт ажилладаг, түүний танил/ хүн байдаг. Тиймээс Б.Болормаагийн эрх ашгийн үүднээс мэдүүлэг өгсөн гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч В.Магсаржаламыг З.Дэлгэржав нь таньдаггүй талаарх нөхцөл байдал гэрчийн мэдүүлэгт дурдагдсан бөгөөд өнөөдрийн бодит байдлаар таньдаггүй хүндээ ямар ч барьцаагүй зээл өгөх боломжгүй, өгсөн гэхэд өдий болтол буцааж нэхэхгүй байх ч боломжгүй юм. Түүнчлэн, хариуцагч Б.Болормаа нь анх 6 сая төгрөгийн зээл авсан болох нь хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 3,085,000 төгрөг, хариуцагчийн нэхэмжлэгчид 2016.08.26-ны өдрийн байдлаар 6,974,350 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо илэрхийлсэн нь бичгээр хангалттай нотлогдож байхад тухайн баримтуудыг үнэлээгүй нь үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар дүгнээгүй нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч В.Магсаржалам нь зохигчийн хооронд байгуулагдсан 2015.11.05-ны өдрийн Зээлийн гэрээг үндэслэж үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,800,000 төгрөг, алданги 3,900,000 төгрөг, нийт 11,700,000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, зээлийн төлбөрт өдөр бүр 110,000 төгрөгийг нөхөр Элдэв-Очирын дансаар төлж, нийт 3,125,000 төгрөгийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

7. Хэрэгт цугларсан баримтаар В.Магсаржалам, Б.Болормаа нарын хооронд 2015.11.05-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, В.Магсаржалам нь 6,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай Б.Болормаад зээлдүүлэхээр, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

8. Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээ байгуулсан өдөр мөнгийг бэлнээр зээлдэгчид төлсөн гэх боловч зээлдэгч нь 3,000,000 төгрөгийг авсан, үлдэх 3,000,000 төгрөгийг З.Дэлгэржавд өгсөн гэж маргасан, хэрэгт гэрчээр асуугдсан З.Дэлгэржав ...гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан, ...зээлийг буцаан төлсөн... гэж мэдүүлжээ.

 

9. Анхан шатны шүүх: ...гэрч З.Дэлгэржав нь өөрийн мэдүүлгээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч нь 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар гэрээнд заасан тул хариуцагч нь үндсэн зээл, хүүгийн хамт 7,800,0000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 3,085,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4,277,050 төгрөгт алдангийг 50 хувиар тооцож, нийт 6,415,575 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үндэслэл бүхий үнэлээгүй, зохигчийн маргаж буй үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй байх тул шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, талууд гэрээнд 6,000,000 төгрөгийг зээлж, зээлдүүлэхээр тохирсон боловч бодит байдалд зээлдэгчид бэлнээр 3,000,000 төгрөгийг өгсөн болох нь хэрэгт байгаа баримтаар нотлогдсон гэж үзэн, хариуцагч нь хүлээн авсан 3,000,000 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлөөр буцаан төлөх үүрэг хүлээнэ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

11. Нэхэмжлэгч нь гэрч З.Дэлгэржавыг таньдаггүй, ...бодит байдалд танихгүй хүнд барьцаагүйгээр зээл өгөх боломжгүй гэж тайлбарлах боловч гэрчийн мэдүүлгийг үгүйсгээгүй, дээрх мөнгийг Б.Болормаатай гэрээ байгуулсан үндэслэлээр Б.Болормаагаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтад нийцээгүй тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2166 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргалаас 2020.11.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД