Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 02224

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02224

 

 

 

“М.Т ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02786 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М.Т ТМЗ” ХХК-ийн хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх баримт бичгээс, А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “М.Т ТМЗ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хуулийн этгээд А ХХК-ийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02879 дугаартай шийдвэрээр дампуурсанд тооцож, татан буулгасан. Энэ шийдвэр гарснаас хойш Төрийн банкны нэхэмжлэлтэй А ХХК, Т.Болдбаатар, Б.Оюунбат, “Си Ди Эм Кэй” ХХК, “Сод-Өргөө” ХХК нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хянаад, шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хэрэг гүйцэтгэгч “М.Т ТМЗ” ХХК-д татан буулгаж байгаа аж ахуйн нэгж болох А ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгосон. Ингээд хэрэг гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх байгууллагатай зэрэгцэн төлбөр барагдуулах ажиллагаа явуулах боломжгүй болсон. Манай байгууллагын зүгээс А ХХК-ийн хөрөнгийг битүүмжилсэн, мөн зэрэгцээд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийг битүүмжилсэн тул төлбөр барагдуулах ажиллагаа гацаанд орж, цааш явах боломжгүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар төлбөр төлөгч-хуулийн этгээд дампуурсан, татан буугдсан зэргээр үйл ажиллагааг нь зогсоосон бол гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхээр заасан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх баримт бичгээс, А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00247 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг үндэслэж олгосон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч А ХХК, Т.Болдбаатар, Б.Оюунбат нараас 2.598.087.820.068 төгрөгийг тэмдэгтийн хураамж болох 13.218.589 төгрөгийн хамт гаргуулан төлбөр авагч “Төрийн банк” ХХК-д олгож, төлбөр төлөгч нар үүргээ гүйцэтгээгүй бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюун 2а хороолол, Блю даймонд 1 байр, орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м.кв талбай бүхий газрыг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н.Ш.Ш.Г.Гт даалгаж шийдвэрлэсэн. Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн барьцаа хөрөнгө болох А ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхэд хориг тавьсан. А ХХК-ийн захирал, төлбөр төлөгч Т.Болдбаатар нь БНСУ руу гараад орж ирээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсонги байдалтай байна. Шүүхийн шийдвэрт А ХХК, Т.Болдбаатар, Б.Оюунбат нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн тул энэ гүйцэтгэх баримт бичгээс А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг салгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98.1, 98.5-д зааснаар дампуурлын хэрэг гүйцэтгэгч “М.Т ТМЗ” ХХК-д шилжүүлэн өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэрийн агуулгыг харахаар зориудаар, зохион байгуулалттай дампуурсан байдаг. Энэ хэрэгт өнөөдрийг хүртэл “М.Т ТМЗ” ХХК оролцож байна. А ХХК дампуурснаас болоод 17 төлбөр авагч, хохирогч байдаг. “Төрийн банк” ХХК-ийн барьцаанд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 давхар 42 айлын орон сууцны иргэд дампуурлын шүүхийн шийдвэрт тусгагдаж оролцоогүй. “Төрийн банк” ХХК-тай холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. “Төрийн банк” ХХК-тай холбоотой гүйцэтгэх хуудсыг хэрэг гүйцэтгэгч “М.Т ТМЗ” ХХК-д шилжүүлэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Болдбаатар, Б.Оюунбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк хадгаламж зээлийн хоршоо банк бус байгууллагаас Орхон аймгийн Баян-Өндөр сумд байх барилгыг барихын тулд их хэмжээний зээл авсан. Банкны хүү, алдангиас болж дампуурсан. 2,000,000,000 гаруй төгрөгийг зээлээд 1,000,000,000 гаруй төгрөгийг буцаан төлсөн. Гэвч хүү, алдангийн дүн өндөр учраас 2,500,000,000 гаруй төгрөг болсон. Орхон аймгийн Баян-Өндөр сумд байрлах 10 давхар үл хөдлөх эд хөрөнгийг дампуурлын тухай хуулиар хэрэг үүсгэгчид А ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгосон. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гүйцэтгэх хуудсаар дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн захиран зарцуулах эрхтэй хөрөнгийг Н.Ш.Ш.Г.Г 2019 онд битүүмжилсэн. Хоёр иргэний эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой байтал А ХХК-ийн эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. “М.Т ТМЗ” ХХК-ийн ярьж буй шүүхийн шийдвэрт хэрэг гүйцэтгэгч нь тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж заасан. Шүүхийн шийдвэр нь 2019 оны дүгээр сарын “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй эд хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гарсны улмаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар 2 шүүхийн шийдвэр аль аль нь биелэгдэх боломжгүй болсон. Иймд “Төрийн банк” ХХК төлбөр авагчтай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримт бичиг гүйцэтгэх хуудсыг хэрэг гүйцэтгэгч “М.Т ТМЗ” ХХК-руу шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын Дээд шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг хүлээн аваагүй шалтгаан нь “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А ХХК, Оюунбат, Болдбаатар нарт холбогдох хэрэгт “М.Т ТМЗ” ХХК нь хэргийн оролцогч биш байна гэх дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэжээ.

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.5-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх баримт бичгээс, төлбөр төлөгч А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг “М.Т ТМЗ” ХХК-д шилжүүлж өгөхийг хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М.Т ТМЗ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.5-д “Төлбөр төлөгч хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээг гүйцэтгэхгүй. Төлбөр төлөгч хуулийн этгээдэд холбогдуулан татан буулгах ажиллагаа эхлүүлсэн, эсхүл дампуурлын хэрэг үүсгэснээс хойш гүйцэтгэх баримт бичиг олгосон, эсхүл ирүүлсэн баримт бичгийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасан байтал шүүхээс шийдвэр гаргахдаа зөвхөн Төлбөр төлөгч хуулийн этгээдэд холбогдуулан татан буулгах ажиллагаа эхлүүлсэн, эсхүл дампуурлын хэрэг үүсгэснээс хойш гүйцэтгэх баримт олгосон бол гэсэн хэсгийг үндэслэн шийдвэрийг гаргахдаа уг заалтанд дурдсан бусад заалтыг орхигдуулж хуулийг дутуу хэрэглэсэн. “Уг заалтаас ....эсхүл ирүүлсэн баримт бичгийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тохиолдолд... гэсэн хэсгийг орхигдуулсан ба тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 1 сарын 08-ны өдрөөс явуулж эхэлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхээс гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудсанд заагдсан ажиллагааг хуулийн дагуу явуулдаг ба гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч А ХХК, Т.Болдбаатар, Б.Оюунбат нараас төлбөрийг гаргуулахаар бичигдсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу уг гүйцэтгэх хуудаснаас зөвхөн А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг тусгаарлан салгаж “Монгол такс” ХХК-д шилжүүлж өгөх хууль зүйн зохицуулалт байхгүй, мөн боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “М.Т ТМЗ” ХХК нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх баримт бичгээс А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Төлбөр төлөгч А ХХК, Т.Болдбаатар, Б.Оюунбат нараас 2.598.087.820.068 төгрөгийг, тэмдэгтийн хураамж болох 13.218.589 төгрөгийн хамт гаргуулан төлбөр авагч Төрийн банк ХХК-д олгож, төлбөр төлөгч нар үүргээ гүйцэтгээгүй бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюун 2а хороолол, Блю даймонд 1 байр, орон сууцны зориулалттай 10 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м.кв талбай бүхий газрыг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н.Ш.Ш.Г.Гт даалгасан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон.

Түүнчлэн мөн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01491 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 20390128 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нээжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02879 дугаар шийдвэрээр А ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэж, хэрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч “Монгол такс ТМЗ” ХХК-ийг томилсон байна. /хх 9-14 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан зэргээр үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж гүйцэтгэх баримт бичгийг  дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхээр заасан. Мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.5 дахь хэсэгт “Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 44.2-т заасан аливаа арга хэмжээг гүйцэтгэхгүй. Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан татан буулгах ажиллагаа эхлүүлсэн, эсхүл дампуурлын хэрэг үүсгэснээс хойш гүйцэтгэх баримт бичиг олгосон, эсхүл ирүүлсэн баримт бичгийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэжээ.

Эдгээрээс үзвэл А ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буугдсаны дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан гүйцэтгэх баримт бичиг бичигдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэж үзэхээр байна. Маргааны зүйл болж буй гүйцэтгэх бичиг баримтыг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэх шүүхийн дүгнэлтийг бутуутгах боломжгүй юм. Шүүх хэрэгт цуглагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримтад хамааруулан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн болно.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.5 дах хэсэгт зааснаар татан буугдсан, үйл ажиллагаа зогсоосон, төлбөр төлөгчид гүйцэтгэх баримт бичиг олгосон бол уг баримт бичгийг дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэх байтал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь буруу бөгөөд хариуцагчийн энэ талаарх тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

                                                                                           Б.НАРМАНДАХ