Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00992

 

 

******* ТМЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цаганцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02786 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2224 дүгээр магадлалтай,

 

******* ТМЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх баримт бичгээс, Айда ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлгч Б.Цэцэнбилэг, З.Оюунчимэг, Ш.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын хуулийн этгээд Айда ХХК-ийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.22-ны өдрийн 184/ШШ2018/02879 дугаартай шийдвэрээр дампуурсанд тооцож, татан буулгасан. Энэ шийдвэр гарснаас хойш Төрийн банкны нэхэмжлэлтэй Айда ХХК, Т.Болдбаатар, Б.Оюунбат, Си Ди Эм Кэй ХХК, Сод-Өргөө ХХК нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хянаад, шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хэрэг гүйцэтгэгч ******* ТМЗ ХХК-д татан буулгаж байгаа аж ахуйн нэгж болох Айда ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгосон. Ингээд хэрэг гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх байгууллагатай зэрэгцэн төлбөр барагдуулах ажиллагаа явуулах боломжгүй болсон. Манай байгууллагын зүгээс Айда ХХК-ийн хөрөнгийг битүүмжилсэн, мөн зэрэгцээд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийг битүүмжилсэн тул төлбөр барагдуулах ажиллагаа гацаанд орж, цааш явах боломжгүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар төлбөр төлөгч-хуулийн этгээд дампуурсан, татан буугдсан зэргээр үйл ажиллагааг нь зогсоосон бол гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхээр заасан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх баримт бичгээс, Айда ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.18-ны өдрийн 184/ШШ2019/00247 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг үндэслэж олгосон 2019.11.29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч Айда ХХК, Т.Болдбаатар, Б.Оюунбат нараас 2,598,087,820,068 төгрөгийг тэмдэгтийн хураамж болох 13,218,589 төгрөгийн хамт гаргуулан төлбөр авагч Төрийн банк ХХК-д олгож, төлбөр төлөгч нар үүргээ гүйцэтгээгүй бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюун 2а хороолол, Блю даймонд 1 байр, орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м.кв талбай бүхий газрыг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2020.01.08-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн барьцаа хөрөнгө болох Айда ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхэд хориг тавьсан. Айда ХХК-ийн захирал, төлбөр төлөгч Т.Болдбаатар нь БНСУ руу гараад орж ирээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсонги байдалтай байна. Шүүхийн шийдвэрт Айда ХХК, Т.Болдбаатар, Б.Оюунбат нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн тул энэ гүйцэтгэх баримт бичгээс Айда ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг салгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98.1, 98.5-д зааснаар дампуурлын хэрэг гүйцэтгэгч ******* ТМЗ ХХК-д шилжүүлэн өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам шүүхэд гаргасан тайлбартаа: Айда ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэрийн агуулгыг харахаар зориудаар, зохион байгуулалттай дампуурсан байдаг. Энэ хэрэгт өнөөдрийг хүртэл ******* ТМЗ ХХК оролцож байна. Айда ХХК дампуурснаас болоод 17 төлбөр авагч, хохирогч байдаг. Төрийн банк ХХК-ийн барьцаанд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 давхар 42 айлын орон сууцны иргэд дампуурлын шүүхийн шийдвэрт тусгагдаж оролцоогүй. Төрийн банк ХХК-тай холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Төрийн банк ХХК-тай холбоотой гүйцэтгэх хуудсыг хэрэг гүйцэтгэгч ******* ТМЗ ХХК-д шилжүүлэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Болдбаатар, Б.Оюунбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Банк хадгаламж зээлийн хоршоо банк бус байгууллагаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд байх барилгыг барихын тулд их хэмжээний зээл авсан. Банкны хүү, алдангиас болж дампуурсан. 2,000,000,000 гаруй төгрөгийг зээлээд 1,000,000,000 гаруй төгрөгийг буцаан төлсөн. Гэвч хүү, алдангийн дүн өндөр учраас 2,500,000,000 гаруй төгрөг болсон. Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах 10 давхар үл хөдлөх эд хөрөнгийг дампуурлын тухай хуулиар хэрэг үүсгэгчид Айда ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгосон. 2019.01.19-ний өдрийн гүйцэтгэх хуудсаар дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн захиран зарцуулах эрхтэй хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 онд битүүмжилсэн. Хоёр иргэний эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой байтал Айда ХХК-ийн эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. ******* ТМЗ ХХК-ийн ярьж буй шүүхийн шийдвэрт хэрэг гүйцэтгэгч нь тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж заасан. Шүүхийн шийдвэр нь 2019 оны Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй эд хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гарсны улмаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар 2 шүүхийн шийдвэр аль аль нь биелэгдэх боломжгүй болсон. Иймд Төрийн банк ХХК төлбөр авагчтай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримт бичиг гүйцэтгэх хуудсыг хэрэг гүйцэтгэгч ******* ТМЗ ХХК-руу шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын Дээд шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг хүлээн аваагүй шалтгаан нь Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Айда ХХК, Оюунбат, Болдбаатар нарт холбогдох хэрэгт ******* ТМЗ ХХК нь хэргийн оролцогч биш байна гэх дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02786 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.5-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх баримт бичгээс, төлбөр төлөгч Айда ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг Монгол такс ТМЗ ХХК-д шилжүүлж өгөхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол такс ТМЗ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2224 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэд хурандаа Ц.Бямбасүрэн би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 2224 дугаартай магадлалыг 2020.11.24-ний өдөр шуудангаар явуулсныг 2020.12.14-ний өдөр хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.18-ны өдрийн 247 дугаар шийдвэрээр Айда ХХК, Т.Болдбаатар, Б.Оюунбат нараас 2,611,306,409 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгож, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг, Оюут 2а хороолол, Блю даймонд 1-р байр, орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байрны 0 тоот орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м.кв талбай бүхий газрыг тус тус албадан худалдаж, уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Тус газар нь гүйцэтгэх гүйцэтгэх баримт бичгийг 2020.01.08-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Айда ХХК-ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюут 2а хороолол, Блю даймонд 1 дүгээр байр, орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байрны 0 тоот орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Сод Өргөө ХХК-ийн эзэмшлийн 10202 м.кв талбай бүхий газрыг 2020.02.11-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилж, захиран зарцуулах эрхэд хориг тавьсан. Айда, Си Ди Эм Кэй ХХК-ийн захирал Т.Болдбаатар нь Хил хамгаалах ерөнхий газраас авсан лавлагаагаар 2020.01.28-ны өдөр БНСУ-руу гараад орж ирээгүй болох нь тогтоогдсон тул ШШГТХуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу 2020.04.23-ны өдрийн 859 дүгээр тогтоолоор Т.Болдбаатарын Монгол улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.15-ны өдрийн 184/ШШ2020/02786 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.5-д заасныг баримтлан тус шүүхийн 2019.11.29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх баримт бичгээс АЙДА ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг ******* ХХК-д шилжүүлж өгөхийг *******т даалган шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 2224 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан нь дараах хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.5-д Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 44.2-т заасан аливаа арга хэмжээг гүйцэтгэхгүй. Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан татан буулгах ажиллагаа эхлүүлсэн, эсхүл дампуурлын хэрэг үүсгэснээс хойш гүйцэтгэх баримт бичиг олгосон, эсхүл ирүүлсэн баримт бичгийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс. дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасан байтал шүүхээс шийдвэр гаргахдаа зөвхөн Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан татан буулгах ажиллагаа эхлүүлсэн, эсхүл дампуурлын хэрэг үүсгэснээс хойш гүйцэтгэх баримт бичиг олгосон бол гэсэн хэсгийг үндэслэн шийдвэрийг гаргахдаа уг заалтад дурдсан бусад заалтыг орхигдуулж хуулийг дутуу хэрэглэсэн. /Уг заалтаас ......, эсхүл ирүүлсэн баримт бичгийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тохиолдолд... гэсэн хэсгийг орхигдуулсан ба тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020.01.08-ны өдрөөс явуулж эхэлсэн байдаг. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхээс гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудсанд заагдсан ажиллагааг хуулийн дагуу явуулдаг ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч Айда ХХК, Т.Болдбаатар, Б.Оюунбат нараас төлбөрийг гаргуулахаар бичигдсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу уг гүйцэтгэх хуудаснаас зөвхөн АЙДА ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг тусгаарлан салгаж ******* ХХК-г шилжүүлж өгөх хууль зүйн зохицуулалт байхгүй, мөн боломжгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгох эсвэл төлбөр төлөгч Айда ХХК. Т.Болдбаатар, Б.Оюунбат нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг Монгол такс ХХК-д шилжүүлж өгөх гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* ТМЗ ХХК, *******т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 184/ГХ2019/01491 дугаартай гүйцэтгэх баримт бичгээс, Айда ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...Айда компанийг шүүхийн шийдвэрээр дампуурсанд тооцож, манай компанийг татан буулгах комиссоор томилсон, ...төлбөр гаргуулах ажиллагааг нэгтгэх байтал тусдаа гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэснийг хариуцагч эс зөвшөөрч хэд хэдэн этгээдүүдэд холбогдуулан нэг гүйцэтгэх хуудас бичигдэж ажиллагаа явуулж байгаа тул Айда компанид холбогдох хэсгийг салгах боломжгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02879 дүгээр шийдвэрээр Айда ХХК-г дампуурсанд тооцон, татан буулгахаар шийдвэрлэж, ******* ТМЗ ХХК-ийг татан буулгах комиссоор томилж, эрх үүргийг шилжүүлсэн байна.

 

Дээрх шийдвэр гарсны дараа мөн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00247 дугаар шийдвэрээр Айда ХХК болон Т.Болдбаатар, Б.Оюунбат нараас төлбөр гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор, төлбөр төлөгдөөгүй бол барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан биелүүлэх ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон байна.

 

Дээр дурдсанаас үзвэл Айда ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааг 2 этгээд буюу татан буулгах комиссоор томилогдсон ******* ТМЗ ХХК болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэгцэн явуулжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болох үед төлбөр гаргуулах ажиллагааг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан байна. Үүнд: мөн зүйлийн 98.5-д төлбөр төлөгч хуулийн этгээдэд холбогдуулан татан буулгах ажиллагаа эхлүүлсэн, эсхүл дампуурлын хэрэг үүсгэснээс хойш гүйцэтгэх баримт бичиг олгосон, эсхүл ирүүлсэн баримт бичгийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхийг заажээ.

 

Хэдийгээр Айда ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрээр тус компаниас төлбөр гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас олгогдсон, шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, эрх хязгаарласан боловч төлбөр төлөгч хуулийн этгээд Айда ХХК дампуурсны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч талаас оролцох этгээд байхгүй болсон тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй.

 

Иймд хуульд заасан журмын дагуу тус компанийн төлбөрийг барагдуулахад нэг ажиллагаа явуулах зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрт байгаа гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэх үүрэгтэй тул анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр томилогдсон ******* ТМЗ ХХК нь Айда ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулахдаа Төрийн банк ХХК-ийн барьцааны давуу эрхийг хөндөх учиргүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу Төрийн банк ХХК-д Айда ХХК болон Т.Болдбаатар, Б.Оюунбат нар төлбөрийг хамтран төлөх үүрэг хүлээсэн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гүйцэтгэх баримт бичгээс Айда ХХК-д холбогдох хэсгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд ...гүйцэтгэх баримт бичгийг бүхэлд нь шилжүүлэхээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах-ыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02786 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2224 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД