Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2020/02786

 


 

2020 09   15

184/ШШ2020/02786

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... тоот хаягт байрлах М.ХХК /регистрийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .... тоот хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/0...дугаартай гүйцэтгэх баримт бичгээс, А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, Ш. У.Б, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Б, Б.Оюнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хуулийн этгээд А ХХК-ийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/0.....дугаартай шийдвэрээр дампуурсанд тооцож, татан буулгасан. Энэ шийдвэр гарснаас хойш Т банкны нэхэмжлэлтэй А ХХК, Т.Б, Б.О, С ХХК , Сод-Өргөө ХХК нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хянаад, шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хэрэг гүйцэтгэгч М ХХК -д татан буулгаж байгаа аж ахуйн нэгж болох А ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгосон. Ингээд хэрэг гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх байгууллагатай зэрэгцэн төлбөр барагдуулах ажиллагаа явуулах боломжгүй болсон. Манай байгууллагын зүгээс А ХХК-ийн хөрөнгийг битүүмжилсэн, мөн зэрэгцээд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийг битүүмжилсэн тул төлбөр барагдуулах ажиллагаа гацаанд орж, цааш явах боломжгүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар төлбөр төлөгч-хуулийн этгээд дампуурсан, татан буугдсан зэргээр үйл ажиллагааг нь зогсоосон бол гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхээр заасан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/0...дугаартай гүйцэтгэх баримт бичгээс, А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/0........дугаартай шийдвэр, уг шийдвэрийг үндэслэж олгосон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/0...дугаартай гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч А ХХК, Т.Б, Б.Оюнараас 2.598.087.820.068 төгрөгийг тэмдэгтийн хураамж болох 13.218.589 төгрөгийн хамт гаргуулан төлбөр авагч Т ХХК -д олгож, төлбөр төлөгч нар үүргээ гүйцэтгээгүй бол Орхон аймгийн.......... хороолол, .....байр орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м.кв талбай бүхий газрыг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн барьцаа хөрөнгө болох А ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхэд хориг тавьсан. А ХХК-ийн захирал, төлбөр төлөгч Т.Б нь БНСУ руу гараад орж ирээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсонги байдалтай байна. Шүүхийн шийдвэрт А ХХК, Т.Б, Б.Оюнараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн тул энэ гүйцэтгэх баримт бичгээс А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг салгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98.1, 98.5-д зааснаар дампуурлын хэрэг гүйцэтгэгч М ХХК -д шилжүүлэн өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэрийн агуулгыг харахаар зориудаар, зохион байгуулалттай дампуурсан байдаг. Энэ хэрэгт өнөөдрийг хүртэл М ХХК  оролцож байна. А ХХК дампуурснаас болоод 17 төлбөр авагч, хохирогч байдаг. Т ХХК -ийн барьцаанд байгаа О     н...................... орон сууцны иргэд дампуурлын шүүхийн шийдвэрт тусгагдаж оролцоогүй. Т ХХК -тай холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Т ХХК -тай холбоотой гүйцэтгэх хуудсыг хэрэг гүйцэтгэгч М ХХК -д шилжүүлэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Б, Б.Оюнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдээр оролцож байгаа. Т банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А ХХК-г зохиомлоор дампуурсан гэж ярьж байна. Зохиомлоор дампуураагүй. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дампуурсан эсэхийг шийдсэн. Банк хадгаламж зээлийн хоршоо банк бус байгууллагаас Орхон аймгийн Баян-Өндөр сумд байх барилгыг барихын тулд их хэмжээний зээл авсан. Банкны хүү, алдангиас болж дампуурсан. 2,000,000,000 гаруй төгрөгийг зээлээд 1,000,000,000 гаруй төгрөгийг буцаан төлсөн. Гэвч хүү, алдангийн дүн өндөр учраас 2,500,000,000 гаруй төгрөг болсон. Орхон аймгийн Баян-Өндөр сумд байрлах 10 давхар үл хөдлөх эд хөрөнгийг дампуурлын тухай хуулиар хэрэг үүсгэгчид А ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгосон. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гүйцэтгэх хуудсаар дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн захиран зарцуулах эрхтэй хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 онд битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар хуулийн этгээд дампуурсан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй гэх заалтыг зөрчин дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн захиран зарцуулах хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. 2 иргэний эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой байтал А ХХК-ийн эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.М ХХК -ийн ярьж буй шүүхийн шийдвэрт хэрэг гүйцэтгэгч нь тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж заасан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр дампуурлын хэргийг хэрэг гүйцэтгэгч тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж шийдсэн. Тус 2 шүүхийн шийдвэр нь 2019 оны дүгээр сарын Т ХХК -ийн нэхэмжлэлтэй эд хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гарсны улмаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар 2 шүүхийн шийдвэр аль аль нь биелэгдэх боломжгүй болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой заалт зөрчигдөж байгаа тул Т ХХК  төлбөр авагчтай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримт бичиг гүйцэтгэх хуудсыг хэрэг гүйцэтгэгч М ХХК -руу шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын Дээд шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг хүлээн аваагүй шалтгаан нь Т ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч А ХХК, Оюунбат, Болдбаатар нарт холбогдох хэрэгт М ХХК  нь хэргийн оролцогч биш байна гэх дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэв.

 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК  нь, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/0...дугаартай гүйцэтгэх баримт бичгээс, А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хэд хэдэн этгээдүүдэд холбогдуулан нэг гүйцэтгэх хуудас бичигдсэн тул тухайн гүйцэтгэх хуудаснаас А ХХК-д холбогдох баримт бичгийг салгаж шилжүүлэх боломжгүй гэж үзсэнээр талууд маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/0.....дугаар шийдвэрээр А ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэсэн байх ба шийдвэрийн 3, 4, 5 дахь заалтаар М ХХК -ийг татан буулгах комиссоор томилж, татан буугдаж буй А ХХК-ийн эрхийг нэхэмжлэгч М ХХК -д шилжүүлсэн байна. /хх 9-14 дүгээр тал/

А ХХК-ийг татан буулгах тухай дээрх шийдвэр гарснаас хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2019/0........дугаартай шийдвэр гарч, уг шийдвэрийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхийн 184/ГХ2019/0...дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэн байна. /хх 26-32 дугаар тал/

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/0........дугаартай шийдвэр, уг шийдвэрийг үндэслэж олгосон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/0...дугаартай гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч А ХХК, Т.Б, Б.Оюнараас 2.598.087.820.068 төгрөгийг тэмдэгтийн хураамж болох 13.218.589 төгрөгийн хамт гаргуулан төлбөр авагч Т ХХК -д олгож, төлбөр төлөгч нар үүргээ гүйцэтгээгүй бол Орхон аймгийн.......... хороолол, .....байр орон сууцны зориулалттай 10 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м.кв талбай бүхий газрыг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д: Төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан зэргээр үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ. гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх үед төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан үеийн зохицуулалт байна. Харин мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.5-д татан буулгах шийдвэр гарснаас хойш гүйцэтгэх баримт бичиг бичигдсэн бол хэрхэх тухай заажээ.

Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан татан буулгах ажиллагаа эхлүүлсэн, эсхүл дампуурлын хэрэг үүсгэснээс хойш гүйцэтгэх баримт бичиг олгосон бол гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.5-д заасан байна.

Нэг гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байгаа үед, зарим этгээдэд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг салгаж шилжүүлэхийг хориглосон хуулийн хэм хэмжээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд байхгүй байна. Энэ тохиолдолд хуулиар үүрэг болгосон мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.5 дахь хэсгийн зохицуулалт хэрэгжих учиртай тул хариуцагчийн татгалзлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс болох нэхэмжлэгч М ХХК -д шилжүүлэхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.5-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/0...дугаартай гүйцэтгэх баримт бичгээс, төлбөр төлөгч А ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг М ХХК -д шилжүүлж өгөхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн…. төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас .... төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР