Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/02460

 

 

2020 09 03

102/ШШ2020/02460

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо ХБ ХХК.

Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 41 дүгээр байр 50 тоотод хаягтай Р ХХК.

Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 41 дүгээр байр 50 тоотод оршин суух, 1961 онд төрсөн 59 настай, Харчин овогт М.Г

Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 41 дүгээр байр 50 тоотод оршин суух, 1988 онд төрсөн 32 настай, Харчин овогт Г.Э.

Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 41 дүгээр байр 50 тоотод оршин суух, 1991 онд төрсөн 29 настай, Харчин овогт Г.Т.

Гэрээний үүргийн биелэлтэд 31.637.601 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Г.А, хариуцагчийн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Р-д ХХК-ийн захирал М.Г, хамтран зээлдэгч Г.Т, Г.Э нар нь ХБ-тай 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 5001120168 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 100.000.000 төгрөгийг жилийн 22,5 хувийн хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нарын хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үндсэн гэрээний дагуу олгосон 100.000.000 төгрөг дээр 80.000.000 төгрөгийн нэмэлт санхүүжилт хийн 180.000.000 төгрөгийн зээл болон шугамыг тэлж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл зээлдэгч нар зээлийн шугамын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 370 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн барьцаанд нийт гурван орон сууц барьцаалсан. Банкны зүгээс зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж байсан боловч зээлдэгч нар нь үүргээ биелүүлээгүй. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь барьцааны хоёр үл хөдлөх хөрөнгийн нэг орон сууцыг Ханс банк ХХК-ийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн. Нөгөө байрыг нь өөрсдөө гуравдагч этгээдэд худалдаж үүгээр 75.000.000 төгрөг, 85.200.000 төгрөгний зээлийн төлбөрийн төлөлтийг хийсэн. Өмчлөгч нар өөрсдийн өмчлөлийн орон сууцаа зөвшөөрч бусдад борлуулсан тэдэнд тийм эрх нь байгаа. Гэрээ талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 17.533.325 төгрөг, хүү 12.079.270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.025.006 төгрөг нийт 31.637.601 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ханын материал 17 дугаар байр 23 тоот 3 өрөө орон сууцаар хангаж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 17.533.325 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү алдангийг зөвшөөрөхгүй байгаа. Гэрээгээр талууд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах аргыг тохиролцсон гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан байдаг. Гэтэл үүрэг гүйцэтгэгчийн байрыг гэрээгээр тохиролцсоны дагуу худалдан борлуулах ажиллагааг хийгээгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн тухайн барьцаа хөрөнгөний нэгийг 85.225.000 төгрөгөөр худалдаад ХБ өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан. Гэтэл гэрээнд дуудлага худалдааны арга болон шууд худалдан борлуулах арга хэрэглэнэ гэж заасан байхад энэ ажиллагааг хийлгүй үүрэг гүйцэтгэгчийн эрхийг зөрчсөн. Талууд тохиролцоод нийтэд ил байдлаар харуулна гэж тусгасан байгаа. ХБ ХХК хууль зөрчиж орон сууцыг нэр дээрээ шилжүүлж авсан. Орон сууцны үнийг гэрээгээр 100.000.000 төгрөг гэж тохиролцсон мөртлөө 85.000.000 төгрөгөөр тооцож шилжүүлж авсан нь ойлгомжгүй байна. Барьцааны гэрээний 5.2-т шүүхээс гадуур худалдан борлуулах ажиллагааг нарийвчлан зааж талууд зохицуулсан. Г.Э-н хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэсэн боловч шүүхийн журмаар хангуулах боломжгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар гаргасан зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Р ХХК, Г.Т, М.Г, Г.Э нарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 31.637.601 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар шаардах эрхтэй.

Зохигчийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 100.000.000 төгрөгийг 22.2 хувийн хувьсах хүүтэй 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн шугамын гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр үндсэн гэрээний дагуу олгосон 100.000.000 төгрөгийн зээлийг 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийн дагуу 180.000.000 төгрөгийн зээл болгон тэлж үндсэн гэрээний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болгохоор тохирч Зээлийн шугамын гэрээ байгуулж, Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 41 дүгээр байр 50 тоот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ханын материал 17 дугаар байр 23 тоот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол 47б байр 13 тоот орон сууцыг тус тус барьцаалж Барьцааны гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Батлан даалтын гэрээ байгуулж, зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн байна.

Зээл болон Батлан даалт, баталгаат ипотекийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна..

Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тул хариуцагч нар гэрээнд зааснаар уг мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч үндсэн зээл 17.533.325 төгрөгийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, Барьцааны гэрээний 5.2-т зааснаар барьцаа хөрөнгийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдахаар тохирсон боловч банк өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэж тайлбарлан маргажээ.

Барьцааны гэрээ, Баталгаат ипотекийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар Банк зээлийн төлбөрийг төлүүлэх талаар шаардлагыг Барьцаалуулагч, Зээлдэгчид бичгээр хүргүүлж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд банкинд шаардах эрх үүсэж барьцаа хөрөнгийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдахаар тохирч гэрээ байгуулагдсан боловч хариуцагч М.Г нь Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол 47б байрны 13 тоот орон сууцыг 85.225.200 төгрөгөөр Хас банкинд, хариуцагч Г.Т өмчлөлийн Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 41 дүгээр байр 50 тоот 2 өрөө орон сууцыг иргэн М.З-т 75.000.000 төгрөгөөр тус тус худалдаж зээлийн төлбөрт мөнгийг шилжүүлж үндсэн төлбөрт тооцуулсан болох нь ХБ-ны дансны хуулга, иргэн М.З-н дансны хуулга, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх гэрээгээр хариуцагч нар тохиролцон орон сууцыг бусдад худалдсан байх тул банк өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй хэмээн тайлбарладаг боловч тайлбарыг нотолсон баримтгүй, тэрээр шүүх тооцооллыг хийх ёстой гэж тайлбарласан боловч хүүгээс хасаж тооцох баримтыг ирүүлээгүй тул түүний тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагч нар хуулиар болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг, зээлийн хүүний төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчсөн буруутай.

Иймд хариуцагч Р ХХК, М.Г, Г.Т, Г.Э нараас гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 17.533.325 төгрөг, хүү 12.079.270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.025.006 төгрөг нийт 31.637.601 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ханын материал 17 дугаар байр 23 тоот 58.53 мкв 3 өрөө орон сууцаар хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч Г.Т болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Р ХХК, М.Г, Г.Т, Г.Э нараас 31.637.601 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-нд олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Э-н өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ханын материал 17 дугаар байр 23 тоот 58.53 мкв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386.340 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р ХХК, М.Г, Г.Т, Г.Э нараас 386.340 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-нд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА