Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 02239

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Г-, Ө.Н- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02393 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Г-, Ө.Н- нарын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ө.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г-, нэхэмжлэгч Ө.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч С.Г-, нэхэмжлэгч Ө.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02375 дугаар шийдвэрээр С.Г, Ө.Н- нараас 85 301 268 төгрөгийг гаргуулж “Ц ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С.Г-, Норжинсүрэн нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024654 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж 71 байр, 12 тоотод байрлах 49.58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг “Файн эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэл /тусгай зөвшөөрлийн дугаар 091100172/ үнэлгээний дүн 72 567 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон боловч шинжээч нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо ойролцоо ижил түвшний барилгатай харьцуулсан гэх боловч тухайн үл хөдлөх хөрөнгөнүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ, зэргийг шалгалгүйгээр утсаар асууж үнийг тогтоож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн компани нь зах зээлийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур буюу 240 000 000 төгрөгөөс 250 000 000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг 72 567 000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Байрны зах зээлийн ханшийг харахаас илүү тухайн байрны орчин нөхцөл, төв зам зэргийг харах хэрэгтэй. Монголын хамгийн том зарын сайт буюу үнэгүй.мн рүү орж үзэхэд хамгийн доод үнэлгээтэй байр 150 000 000 төгрөгийн үнэ ханштай байсан. Гэтэл “Файн эстимэйт” ХХК-ийг тухайн байрыг 72 567 000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байгаа учраас дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан ч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас боломжгүй гэх хариуг өгсөн. Иймээс “Файн эстимэйт” ХХК-ийг гэрчээр оролцуулсан бол харьцуулалтын аргыг хэрхэн яаж хэрэглэсэн нь тодорхой болох байсан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024654 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол 15334/ Нарны зам гудамж 71 байр 12 тоотод байрлах 49.58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг “Файн эстимэйт” ХХК-аар 72 567 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2375 дугаартай шийдвэрээр С.Г-, Ө.Н- нараас 85 301 265 төгрөгийг гаргуулж, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, нарны зам гудамж 71 дүгээр байр, 12 тоот барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж С.Г-, Ө.Н- нарын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, нарны зам гудамж 71 дүгээр байр, 12 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 6/392 тоот тогтоолоор “Файн эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход 72 567 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ талаар талуудад 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоотод байрлах 49.58 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Г-, Ө.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ө.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Атарболд нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шинжээчийн дүгнэлт нь илт хууль бус нэхэмжлэгч нарын өмч хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнээр үнэлж, үнэгүйдүүлсэн байдаг. Энэ талаар шүүхийн журмаар шинжээч томилуулж нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг хязгаарласан гэж үзэж байна.

Шинжээчээс дүгнэлт гаргахдаа тооцооллын алдаа гаргасан, шүүхийн шинжилгээний тухай хуулийг илт зөрчсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тухайн барилгад орсон эд материал барилгын шинж чанар зэргийг тооцоолоогүй, зөвхөн /unegui.mn/ сайтад тавигдсан ойролцоо м.кв бүхий байруудтай харьцуулах замаар үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Мөн эд хөрөнгө хураах битүүмжлэх ажиллагаа бүхэлдээ хууль зөрчиж явагдсан. Учир нь эд хөрөнгө хураах битүүмжлэх ажиллагаа явуулахдаа эд хөрөнгийн өмчлөгч нарыг байлцуулаагүй байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч С.Г-, Ө.Н- нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр, 12 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хэт доогуур үнэлсэн гэж үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02375 дугаар шийдвэрээр хариуцагч С.Г-, Ө.Н- нараас 84 719 719 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК-д олгож, зээлийн төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх47-49/

 

Хариуцагч нар нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн 181/ШЗ2019/03255 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу мөн өдөр 0244 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 19280617 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /хх46, 50, 51/

 

Барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр, 12 тоот хаягт байрлах 49.58 м.кв талбайтай                             Ү-2204024654 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19280617/3 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 19280617/5 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэх газраас хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор ирүүлэхийг төлбөр төлөгч С.Г-, Ө.Н- нарт мэдэгдэж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 18380617/6, 18380617/7 дугаар албан бичиг хүргүүлснийг төлбөр төлөгч нар хүлээн авч, орон сууцыг 250 000 000 төгрөгөөр үнэлж буй саналаа нэхэмжлэгч Ө.Н- нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө уламжлан 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн, нэхэмжлэгч С.Г- нь санал ирүүлээгүй байна. Төлбөр авагч “Ц ББСБ” ХХК нь төлбөр төлөгчөөс үнийн санал өгөөгүй тул хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6/322 дугаар тогтоолоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ. /хх 72-73, 76/

 

Шинжээч тогтоолд заасан 2 өрөө орон сууцыг 72 567 000 төгрөгөөр үнэлсэн талаарх 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4-156/23230 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч нар 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, үнэлгээг зөвшөөрөөгүй тул мөн оны 6 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           

            Нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэлээ хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гэж тайлбарласан ч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүх шинжээч томилох хүсэлтийг хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын шаардсан үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд зөвхөн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар буюу эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахдаа өмчлөгчийг байлцуулаагүй талаар нэхэмжлэлд дурдаагүй, зохигчид уг асуудлаар мэтгэлцээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй.

 

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хөрөнгийн үнэлгээ тогтоолгосон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, нэхэмжлэгч Ө.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, нэхэмжлэгч Ө.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ