Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01055

 

 

                                                         С.Г, Ө.Н нарын

                                   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02393 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2239 дүгээр магадлалтай,

С.Г, Ө.Н нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Г болон Ө.Норжинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нарын хамтран гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Норжинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч С.Г болон Ө.Норжинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02375 дугаар шийдвэрээр С.Г, Ө.Н нараас 85,301,268 төгрөгийг гаргуулж Цэгц хөрөнгө ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С.Г, Ө.Н нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024654 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 байр, 12 тоотод байрлах 49.58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэл үнэлгээний дүн 72,567,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон боловч шинжээч нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо ойролцоо ижил түвшний барилгатай харьцуулсан гэх боловч тухайн үл хөдлөх хөрөнгөнүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ, зэргийг шалгалгүйгээр утсаар асууж үнийг тогтоож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн компани нь зах зээлийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур буюу 240,000,000 төгрөгөөс 250,000,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг 72,567,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Байрны зах зээлийн ханшийг харахаас илүү тухайн байрны орчин нөхцөл, төв зам зэргийг харах хэрэгтэй. Монголын хамгийн том зарын сайт буюу unegui.mn рүү орж үзэхэд хамгийн доод үнэлгээтэй байр 150,000,000 төгрөгийн үнэ ханштай байсан. Гэтэл Файн эстимэйт ХХК-ийг тухайн байрыг 72,567,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байгаа учраас дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан ч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас боломжгүй гэх хариуг өгсөн. Иймээс Файн эстимэйт ХХК-ийг гэрчээр оролцуулсан бол харьцуулалтын аргыг хэрхэн яаж хэрэглэсэн нь тодорхой болох байсан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024654 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 байр 12 тоотод байрлах 49.58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Файн эстимэйт ХХК-иар 72,567,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2375 дугаартай шийдвэрээр С.Г, Ө.Н нараас 85,301,265 төгрөгийг гаргуулж, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, нарны зам гудамж 71 дүгээр байр, 12 тоот барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж С.Г, Ө.Н нарын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, нарны зам гудамж 71 дүгээр байр, 12 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 зааснаар талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул 2020.06.04-ний өдөр 6/392 тоот тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход 72,567,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ талаар талуудад 2020.06.12-ны өдөр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02393 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоотод байрлах 49.58 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Г, Ө.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2239 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, нэхэмжлэгч Ө.Норжинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

         Нэхэмжлэгч С.Г болон Ө.Норжинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэрэгт авагдсан баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шинжээч нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг гаргахдаа үнэгүйдүүлж, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлэн үнэлгээг тогтоосон. Үнэлгээчин үнэлгээ тогтоохдоо үл хөдлөх хөрөнгөд орсон материал, түүний чанар зэрэгт үнэлгээ хийлгүй зөвхөн ойролцоо төрлийн байрнууд, unegui.mn-д зарагдаж буй байрнуудын үнэлгээтэй харьцуулж үнэлгээг гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг илтэд зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Г, Ө.Н нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч С.Г болон Ө.Норжинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нарын хамтран гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02375 дугаар шийдвэрээр С.Г, Ө.Н нараас 84,719,719 төгрөг гаргуулж, Цэгц хөрөнгө ББСБ ХХК-д олгож, зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. 

Төлбөрийг ямар нэгэн эд хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллын дагуу явагдана.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрт тухайлан заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллыг заавал баримтлахыг шаардахгүй.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр, 12 тоот хаягт байрлах 49.58 м.кв талбайтай, Ү-2204024654 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээг тогтоолгоно.

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчид 2020.06.08-ны өдөр шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцжээ.

Хариуцагч хураагдсан үл хөдлөх хөрөнгөнд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон бөгөөд Ө.Норжинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд 250,000,000 төгрөг, С.Г нь санал ирүүлээгүй, “Цэгц хөрөнгө ББСБ ХХК шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан зэрэг байдлаас болж, үнийн саналын талаар талууд харилцан тохиролцоогүй тул 2020.06.04-ний өдрийн 6/322 дугаар тогтоолоор “Файн эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо, орон сууцны мэдээлэлд харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нар шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон, орон сууцаа 240,000,000-250,000,000 төгрөгийн үнэтэй болохыг баримтаар нотолж чадаагүй байна.

Файн эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг зөрчөөгүй, тайланд хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог дурдсан байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцжээ.

Дээрх нөхцөл байдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3. Нэхэмжлэгч С.Г болон Ө.Норжинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нар хамтран гаргасан гомдолдоо “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2020/12154 дугаартай шүүгчийн захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийнхээ хүрээнд бичгийн нотлох баримтаар нотлох бүрэн боломжтой. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Г болон Ө.Норжинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02393 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2239 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар хамтран гаргасан нэхэмжлэгч С.Г болон Ө.Норжинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.СОНИНБАЯР    

                              ШҮҮГЧИД                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                                       Б.УНДРАХ 

                                                                                       Д.ЦОЛМОН

     Х.ЭРДЭНЭСУВД