Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 02262

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Д-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/01982 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Д-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Д-, М.Баасандорж нар нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/00585 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, “Хөгжил финанс ББСБ” ХХК-д 97 000 000 төгрөг төлөхөөр болсон. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Х.Д-т 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4/15349 тоот мэдэгдлийг өгсөн ба уг мэдэгдэлд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Х.Даваанямын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Y-2204004658 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,13 дугаар хороолол, 10-122 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 84 741 668 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Харин төлбөр төлөгчийн зүгээс “Ф” ХХК--ийн үнэлгээг хэд хэдэн шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Орон сууцыг үнэлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн байрны хуучин хэмжээ болох 30 м.кв-аар үнэлсэн. Монгол Улсад орон сууцны талбайн хэмжээг тооцохтой холбоотой Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал МNS6058:2009 дугаартай стандарт мөрдөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2009 оноос өмнө хуучны орон сууцны талбайг хэмжихэд тагт, харанхуй өрөө, хонгилын талбай ордоггүй ба шинэ МNS6058:2009 дугаартай стандартын дагуу ариун цэврийн өрөө, тагт зэргийг сууцны ашиглалтын талбайд оруулж тооцох 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ нь доод талдаа 60 м.кв болно. Хөрөнгийн үнэлгээний тайланг харахад зах зээлийн, орлогын, өртгийн гэх мэт үнэлгээний хандлагыг ашигласан, хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглэсэн, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт аргачлалд нийцүүлсэн гэжээ. Гэтэл бодит байдал дээрээ /Үнэгүй.мн/ гэсэн сайтаас гурван зар оруулаад хамгийн бага үнээр нь тооцож, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 585 дугаар захирамжаар М.Баасандорж, Х.Д- нараас 97 000 000 төгрөг гаргуулж “Хөгжил финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.Баасандорж , Х.Д- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Х.Даваанямын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204004658 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 122 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 21-ний 4/221 дугаар тогтоолоор “Ф” ХХК--ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК--ийн шинжээч Н.Цолмонгэрэл нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 84 741 668 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/153498, 4/153508, 4/153488, 4/15351 дугаар мэдэгдлүүдээр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтлөн талуудад үнэлгээний тайланг танилцуулж мэдэгдсэн. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг уг үнэлгээний 70 хувь буюу 59 319 167 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Х.Даваанямын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Y-2204004658 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10-122 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:

... Монгол Улсад орон сууцны талбайн хэмжээг тооцохтой холбоотой Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн

52 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 дугаартай стандарт мөрдөгдөж эхэлсэн. Өмнө нь орон сууцны талбайг хэмжихэд тагт, харанхуй өрөө, хонгилын талбай ордоггүй байсан. Харин MNS 6058:2009 дугаартай шинэ стандартын дагуу ариун цэврийн өрөө, тагт, харанхуй өрөө зэргийг сууцны ашиглалтын талбайд оруулж тооцвол 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ нь доод талдаа 60 м.кв болно. Харин анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн хувьд талбайн хэмжээ нь зах зээлийн үнийг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэвч хөрөнгийн үнэлгээний “Фэйн эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэл нь шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ манай компани үнэлгээ хийдэг болохоос талбайн хэмжилт хийх эрх бүхий этгээд биш гэдгээ хэлсэн. Тиймээс 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг үнэн зөв, бодитой тогтоохын тулд эрх бүхий этгээдээр талбайн хэмжилт хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа болно.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 01982 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт “орон сууцны талбайн хэмжээг эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэх нь зүйтэй” гэх агуулгыг нэмж оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч тал “2009 оноос өмнөх хуучны орон сууцны талбайн хэмжээ доод талдаа 60 м.кв болно гэх боловч үүнийгээ нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн үнэлгээг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч дээрх хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан зах зээлийн үнэлгээг бодитой гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг хэвээр үлдээнэ үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Х.Д- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/00585 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн хариуцагч М.Баасандорж, Х.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 97 000 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар зөвшөөрснийг баталжээ. /хх54-57/

 

Х.Д- нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн182/ШЗ2017/09945 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу мөн өдөр 995 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17301105 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар үүсгэсэн байна. /хх52,53,58/

 

Барьцааны хөрөнгө болох Х.Даваанямын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Y-2204004658 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,13 дугаар хороолол, 10 дугаар байрны 122 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 17301105/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 17301105/03 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, төлбөр төлөгч Х.Д-, М.Баасандорж нарт 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/15724 дугаар албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн байх ба үнийн саналаа ирүүлээгүй, харин төлбөр авагч “Хөгжил финанс ББСБ” ХХК-аас 75 000 000 төгрөгөөр үнэлэх санал гаргажээ. Иймд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4/221 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ. /хх77-81/

 

Шинжээч тогтоолд заасан 2 өрөө орон сууцыг нийт 84 741 668 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/15349 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Х.Д-т, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан, төлбөр төлөгч М.Баасандорж, өмчлөгч Х.Давааням нарт мөн оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх110-112/ Төлбөр төлөгч Х.Д- нь үнэлгээг эс зөвшөөрч 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

            Үнэлгээний тайлангаас үзвэл зах зээлийн үнийн судалгааг хийхдээ Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах 1990 онд ашиглалтад орсон 30 м.кв талбай бүхий 2 өрөө байрны 2020 оны 4 дүгээр сарын 02-ноос 09-ний өдрүүдэд /www.unegui.mn/-ийн мэдээллийг ашиглажээ. /хх99/ Дээрх байрнуудын зарласан үнийн санал нь 93 000 000-88 000 000 төгрөг байх бөгөөд харьцуулах үнийн тохируулгаар 84 741 668 төгрөгийн үнэтэй гэж дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүйгээс гадна нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул анхан шатны шүүх үнэлгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/01982 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Х.Даваанямын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Y-2204004658 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,13 дугаар хороолол, 10 дугаар байрны 122 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Х.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч НШШГГ- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ