Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00974

 

 

Х.Даваадолгорын нэхэмжлэлтэй

                  иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/01982 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2262 дугаар магадлалтай, 

Х.Даваадолгорын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов. 

Нэхэмжлэгч Х.Даваадолгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/00585 тоот захирамжийн дагуу Хөгжил Финанс ББСБ ХХК-д 97,000,000 төгрөг төлөхөөр болсон. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Х.Даваадолгорт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 4/15349 тоот мэдэгдлийг өгсөн ба уг мэдэгдэлд Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Х.Даваанямын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Y-2204004658 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,13 дугаар хороолол, 10-122 тоотод байрлах 30.м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 84,741,668 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдье гэсэн байсан. Харин төлбөр төлөгчийн зүгээс Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хэд хэдэн шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:

Орон сууцыг үнэлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн байрны хуучин хэмжээ болох 30 м.кв-аар үнэлсэн. 2009 оноос өмнө хуучны орон сууцны талбайг хэмжихэд тагт, харанхуй өрөө, хонгилын талбай ордоггүй ба шинэ МNS6058:2009 дугаартай стандартын дагуу ариун цэврийн өрөө, тагт зэргийг сууцны ашиглалтын талбайд оруулж тооцох 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ нь доод талдаа 60 м.кв болно.

Хөрөнгийн үнэлгээний тайланг харахад зах зээлийн, орлогын, өртгийн гэх мэт үнэлгээний хандлагыг ашигласан, хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглэсэн, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт аргачлалд нийцүүлсэн гэжээ. Гэтэл бодит байдал дээрээ Үнэгүй.мн гэсэн сайтаас гурван зар оруулаад хамгийн бага үнээр нь тооцож, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 585 дугаар захирамжаар М.Баасандорж, Х.Даваадолгор нараас 97,000,000 төгрөг гаргуулж Хөгжил Финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.Баасандорж , Х.Даваадолгор нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Х.Даваанямын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204004658 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 122 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 21-ний 4/221 дугаар тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-ний шинжээч Н.Цолмонгэрэл нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 84,741,668 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4/153498, 4/153508, 4/153488, 4/15351 дугаар мэдэгдлүүдээр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтлөн талуудад үнэлгээний тайланг танилцуулж мэдэгдсэн. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг уг үнэлгээний 70 хувь буюу 59,319,167 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/01982 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Х.Даваанямын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Y-2204004658 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10-122 тоотод байрлах 30.м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2262 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/01982 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Х.Даваанямын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Y-2204004658 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,13 дугаар хороолол, 10 дугаар байрны 122 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Х.Даваадолгорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2262 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Фэйн Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн. Гэтэл бодит байдал дээр хөрөнгийн үнэлгээний тайланг харахад үнэгүй цэг мн гэсэн сайтаас гурван орон сууцны зар оруулаад хамгийн бага үнээр нь тооцож хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж хөрөнгийг үнэгүйдүүлсэн болох нь тусгай мэдлэг шаардагдахгүй, энгийн хүн хараад шууд ойлгогдохоор байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа ямар ямар аргуудыг хослуулан ашиглаж, мөн хэрхэн үнийн тохируулга хийсний үр дүнд харьцуулагдаж буй 3 орон сууцны үнийн дүнгээс доогуур буюу 84,741,668 төгрөг болсон гэдэг нь ойлгомжгүй байгаа болно.

Нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр Фэйн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлээс үл хөдлөх хөрөнгийн хувьд талбайн хэмжээ нь зах зээлийн үнийг тогтооход чухал ач холбогдолтой юу гэж асуухад ач холбогдолтой, мөн танайх хэмжилт хийдэггүй юм уу гэж асуухад нь манай компани үнэлгээ хийдэг болохоос талбайн хэмжилт хийх эрх бүхий этгээд биш гэдгээ хэлсэн. Тиймээс 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг үнэн зөв, бодитой тогтоохын тулд эрх бүхий этгээдээр талбайн хэмжилт хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа болно.

Дээрх бүгдийг харгалзан үзэж 2262 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Х.Даваадолгор нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00585 дугаар шүүгчийн захирамжаар Х.Даваадолгор, М.Баасандорж нар Хөгжил финанс ББСБ ХХК-д 97,000,000 төгрөгийг төлөх, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан байна.  

Төлбөр төлөгч нар үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ. 

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчид төлбөрөө төлөхийг мэдэгдэж, барьцааны хөрөнгө болох Х.Даваанямын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байр, 122 тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-т нийцжээ.  

Шийдвэр гүйцэтгэгч талуудаас хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад төлбөр төлөгч саналаа ирүүлээгүй, төлбөр авагч 75,000,000 төгрөгийн санал гаргасан тул хариуцагч 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ.  

Шинжээч нь орон сууцыг 84,741,668 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдсэн, нэхэмжлэгч үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо 2020.05.01-ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-г зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа ...орон сууцны үнэлгээг бодит байдалд нийцүүлж гаргаагүй гэж үзсэн нь хэргийн баримтад нийцээгүй байна. 

Хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаас үзвэл, шинжээч нь зах зээлийн үнийг үнэлэгдэж буй орон сууц байрлаж буй дүүргийн адил төстэй орон сууцны үнэтэй жиших замаар судалж, энэ тухайгаа тодорхой дурдаж үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.  

Өөрөөр хэлбэл, шинжээч орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.  

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2262 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ  

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН