Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 364

 

Т.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 364 дүгээр магадлалтай, Т.Сд холбогдох 1811032041164 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайж овогт Т.С нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Сгээс 350.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Эд олгуулах, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Сд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.С гаргасан гомдолдоо:

“Нэг. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон талаар.

Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хэргийн үйл явдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн бодитой дүгнэлгүй зөвхөн хохирогчийн мэдүүлгээр намайг яллаж байна. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч Э.Эд бодит хохирол 350.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, гэтэл хохирогч нь 11.000.000 төгрөг нэхэмжилсэн, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хохирогч Э.Эд бодит хохирол болох 350.000 төгрөгийг төлсөн байтал шүүх хохирлыг тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасанд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэсэн нь үндэслэлгүй байна.

Уг хуулийн 1.3-т “Энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалт нь шүүгдэгч миний хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй байхад хэрэглэсэн байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалт нь 3 дэд заалттай, уг заалтыг хэрэглэх нөхцөл, үндэслэл нь урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэрэглэх, мөн хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь заалт нь зөвхөн прокурорт олгогдсон эрх хэмжээний заалт байна.

Миний бие өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол 350.000 төгрөгийг төлсөн, эрүүл мэндийн шалтгааны улмаас нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогч гомдол гаргаагүй байхад хохирлыг тодорхой болгоогүй гэж дүгнэн хэргийг буцаасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч миний хохирогч Э.Эыг цохисон үйлдэл нь аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын шинжийг агуулсан эсэхийг огт тодруулаагүй, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаасан нь намайг залхаан цээрлүүлэх үйлдэл болж байгааг анзаарахгүй байна. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон гэм буруугийн зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд миний ар гэр мөн уг нөхцөл байдлаас болж, сэтгэл санаа болон санхүүгийн байдлаар хохирч байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, гэм буруутайд тооцохдоо миний хувийн байдал болон уг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, Давж заалдах шатны шүүх дахин хохирол тогтоолгохоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 364 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэх, солих арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд хэлсэн саналдаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 364 дугаартай магадлал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Т.С нь хохирогч гомдол гаргаагүй байхад хохирлыг тодорхой болгоогүй гэж дүгнэн хэргийг буцаасан гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ...хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т._Сгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.С нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөгдөөгүй, хувийн байдалд нь үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Харин хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан байхад давж заалдах шатны шүүх нэг шүдний асуудалтай холбоотойгоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Сгийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Т.Сг 2018 оны 11 дүгээр сарын 9-ний орой Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандал” спорт зааланд хохирогч Э.Этай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хоншоор ясны хугарал, 2 шүдний булгарал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Сг хохирогч Э.Эы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж хэргийн үйл баримтыг хэт ерөнхий байдлаар тогтоохдоо энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед ямар гэмтлүүд учирсан, хэдэн шүд унасан, булгарсан, одоо хэдэн хиймэл шүд хийлгэх шаардлагатай болсон талаар дүгнээгүй, өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13470 тоот дүгнэлтээр “Э.Эы биед хоншоор ясны хугарал, 2 шүдний булгарал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл” учирсан хэмээн тодорхойлсон нь хохирогч Э.Эы өгсөн “С намайг шууд ам хэсэгт цохиход 1 шүд унасан ба … хоёр шүд хөдөлчихсөн байсан” /хх-9/, гэрч Б.Балжиннямын өгсөн “Тэр хоёрыг салгаад 00-ийн өрөө ороод тосгуур дээр очиход нэг шүд унасан байсан. Тэр шүдийг нь аваад тосгуур дээр тавьсан” гэх мэдүүлгүүд, мөн “Басхүү имплант” шүдний эмнэлгийн “Э.Эы биед хийсэн бодит үзлэгээр 11, 21, 22 дугаар шүднүүдийн байрлалд шинэхэн шүд авсан оромтой” гэх тодорхойлолтоос /хх-36/ эрс зөрүүтэй буюу шүүх эмнэлгийн дүгнэлтэд гэмтлийн улмаас хохирогчийн шүд унасан талаар дурдаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлөх энэхүү нөхцөл байдлын талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх “хохирогч Э.Эы биед учирсан гэмтлийг бүрэн тогтоогоогүйгээс хохирогчид тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулах, нөхөн төлүүлэх, цаашид эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхэд нь ноцтойгоор нөлөөлөхөөр байна” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Сд холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин энэ удаа хяналтын шатны шүүх нь оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Т.Сгийн хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 364 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Сгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                     ДАРГАЛАГЧ                                     Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН