Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2227

 

“АЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02641 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “АЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ю.У-, Б.С-нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт  13 231 729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Сайнболд, Ю.У- нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр япон улсад үйлдвэрлэгдсэн Тоёото приус 20 маркийн суудлын авто машиныг 16 250 000 төгрөгөөр урьдчилгаанд 20 хувь буюу 3 150 000 төгрөг төлж, үлдэх 13 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, авто машины лизингийн гэрээг байгуулсан. Ю.У-, Б.С-нар нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 28 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1 100 000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 600 000 төгрөг, 9 дүгээр сарын 18-ны өдөр 1 600 000 төгрөг, үндсэн хүү 4 422 500 төгрөг, нийт 8 095 000 төгрөгийг төлсөн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг байнга зөрчиж байсан. Хариуцагч нарын зээлийн төлбөр өнөөдрийн байдлаар 11 669 000 төгрөг, үндсэн хүү 1 181 330 төгрөг, алданги 380 493 төгрөг, нийт 13 231 729 төгрөгийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлэхийг Ю.У-, Б.С-нараас удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд зээлийн үндсэн төлбөрт 11 669 000 төгрөг, зээлийн хүү 1 181 330 төгрөг, алданги 380 493 төгрөг, нийт 13 231 729 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ анхнаасаа нэг талыг барьсан урьдчилан бэлдсэн гэрээ байсан, Б.С-нь зээлийн гэрээтэй уншиж танилцах гэтэл гүйцэтгэх захирал н.Гантулга нь юуг нь уншдаг юм чи гарын үсгээ зур гэж хэлсэн байдаг. Зээлийг төлөх хугацаа болоогүй байтал зээл авсан өдрөөс хойш 2 сарын дараа зээлээ төл гэж дарамталж эхэлсэн. Зээлийн үнэ өссөн байсан тул зээлийг төлж дийлэхгүй юм байна гээд “АЛ” ХХК-д зээлийн гэрээг цуцлахаар хандсан боловч хүсэлтийг авах хүн олдохгүй байсан учир зээлийн гэрээг цуцлах бичгээр гаргасан хүсэлтээ өгч чадаагүй явж байна. Хариуцагчийн авто машины дугуйг нь 2 удаа түгжсэн байдаг, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр анх дугуйгаа түгжүүлж, 2 000 000 төгрөгийг ахаасаа зээл авч, “АЛ” ХХК-д өгсөн. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлдээ дурдахдаа 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1 600 000 төгрөгийг төлсөн гэж бичсэн байна. Хоёр дахь удаагийн түгжилт нь 2019 оны 12  дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Б.С-нь иргэн Г.Цолмонд 2 өрөө орон сууцаа барьцаалж, 4 000 000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 600 000 төгрөгийг өөрсдөө хэрэглэж, үлдэгдэл 3 400 000 төгрөгийг “АЛ” ХХК-д өгсөн. “АЛ” ХХК-д 3 400 000 төгрөг төлсөн байтал 3 000 000 төгрөг төлсөн гэж бичсэн, 2 удаагийн төлөлтөөс “АЛ” ХХК нь 800 000 төгрөгийг луйвардаж авсан. Зээлийг анх авахдаа 13 000 000 төгрөгөөр тохирсон, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 13 231 729 төгрөгийг нэхэмжилсэн. Анхны зээлийн үнийн дүнгээс өссөн байна. Хариуцагч нар 7 удаа зээлийн эргэн төлөлт хийж, нийт 9 500 000 төгрөгийг төлсөн. Тухайн төлөлтүүд үндсэн зээлийн төлөлтөөс хасагдаагүй байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Сайнболд, Ю.У- нараас 13 231 729 төгрөг гаргуулах тухай “АЛ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 108 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, хавсаргасан баримт бичгийг нотлох баримтыг шаардлага хангахуйц байдлаар гаргаж өгсөн. Шүүх хуралд дээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжин, шаардлагаа тодорхойлж лизингийн тооцоолол үндэслэл, нэхэмжлэлийн үнийн дүнг тооцоолон өгсөн, хариуцагчийн гэрээний дагуу төлсөн төлбөр дээр талууд маргаагүй байхад шүүх үнийн дүнгийн задаргаа ирүүлээгүй гэж дүгнээд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай, нотлох баримтыг судлалгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй,  хийвэл зохих дүгнэлтийг  хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулах нь  зүйтэй.

Нэхэмжлэгч “АЛ” ХХК нь хариуцагч Б.Сайнболд, Ю.У- нараас үндсэн зээл гэж 11 669 901 төгрөг, хүү  гэж 1 181 334 төгрөг, алданги 380 493 төгрөг нийт 13 231 729 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч тал энэ гэрээ нь нэг талын эрхийг баримталсан гэрээ гэж маргажээ.

 Хариуцагч Б.Сайнболд, Ю.У- нар нь “АЛ” ХХК-иас  2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 250 000 төгрөгийн үнэтэй, приус-20 маркийн автомашиныг  урьдчилгаа 3 250 000 төгрөг төлж, үлдэгдэл 13 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд төлөхөөр санхүүгийн лизингийн гэрээ байгуулсан, хариуцагч нь урьдчилгаа 3 250 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 8 895 000 төгрөг, нийт 12 145 000 төгрөгийг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 4-6, 36-52/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, талуудын  хооронд хийгдсэн санхүүгийн түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэглэн зөв дүгнэж чадаагүй. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт  заасан санхүүгийн түрээс гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Мөн шүүх “...нэхэмжлэлийн дүнгийн задаргааг шүүхэд ирүүлээгүй...” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийсэн нь буруу байна. Хэрвээ талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр, нэхэмжлэгч гэрээний дагуу шаардах эрхтэй  гэж үзсэн тохиолдолд  гэрээний тохиролцоо, төлбөр төлсөн байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хариуцагчийн хүлээх үүргийг шүүх тодорхойлох учиртай.

Гэвч талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй болно.

Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх бол хуульд заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр уг үйл ажиллагаа эрхлэхийг  Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт заасан.

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10-т заасан “санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа”-г  Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан ба нэхэмжлэгч АЛ ХХК санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг  эрхлэх тохиолдолд хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Нэхэмжлэгч “АЛ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “автомашины түрээсийн үйлчилгээ” эрхлэх талаар тусгагдсан байх боловч санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Талуудын хооронд хийгдсэн дээрх  2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  19013036 тоот санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн  хүчин төгөлдөр бус хэлцэл байна. /хх-ийн 10/

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь бусадтай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан тохиолдолд уг гэрээний агуулга нь  Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуульд нийцэх учиртай.

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ “түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах болон тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр, түрээсийн хүүгээс бүрдэх”-ээр зохицуулсан байна.

Гэтэл  талуудын хооронд хийгдсэн 19013036 тоот санхүүгийн түрээсийн гэрээнд түрээсийн зүйлийн үнийг 16 250 000 төгрөг гэж тодорхойлсон байх боловч уг гэрээний хавсралтаас үзэхэд түрээслэгч нь түрээсийн төлбөр 13 000 000 төгрөг, хүү 8 388 673 төгрөгийг,  урьдчилгаа 3 250 000 төгрөгийн хамт  нийт 24 638 673 төгрөгийг гэрээний хугацаа дуусгавар болоход төлөхөөр эргэн төлөлтийн хуваарийг тогтоожээ. Энэ нь  санхүүгийн түрээсийн гэрээний зорилго, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэс хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн төлбөр шаардах, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах тус тус эрхгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг дээрх байдлаар залруулан дүгнэж, шийдлийн хувьд хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02641 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 109 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

              ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                        Н.БАТЗОРИГ