Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01087

 

“А.Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02641 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2227 дугаар магадлалтай,

“А.Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ю.У, Б.С нарт холбогдох,

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 13,231,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гантулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А.Л” ХХК нь хариуцагч Ю.У, Б.С нарт холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр 11,669,901 төгрөг, хүү 1,181,334 төгрөг, алданги 380,493 төгрөг, нийт 13,231,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02641 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасныг баримтлан Б.С, Ю.У нараас 13,231,729 төгрөг гаргуулах тухай “А.Л” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,108 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2227 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02641 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,109 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал: Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт суудлын авто машины түрээсийн төлбөр болох 11,669,000 төгрөг, үндсэн хүү 1,181,330 төгрөг, алданги 380,493 төгрөг, нийт 13,231,729 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн задаргааг шүүхэд ирүүлээгүй учир шалгах боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг бүхэлд нь хянахдаа Санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг эрхлэх бол хуульд заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр уг үйл ажиллагаа эрхлэхийг Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт заасан. Мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10-т заасны дагуу Монгол банкнаас зөвшөөрөл аваагүй гэж дүгнээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1.Учир нь: Талуудын хооронд хийгдсэн санхүүгийн түрээсийн гэрээг давж заалдах шүүх Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, мөн хуулийн 7.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйл 26.8, мөн хуулийн 56.1.8-д заасан үндэслэл болгож, хуулийг буруу ойлгон хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн болон санхүүгийн түрээсийн тухай хуульд тусгай зөвшөөрөл авна, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэслэлийг заагаагүй байхад нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт огт хамааралгүй хууль болох Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, мөн хуулийн 7.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, мөн хуулийн 56.1.8-д хууль зүйн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн. Харин талуудын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож байгуулсан байна.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгч тал нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлд заасан  хөлслүүлэгчийн эрхээс гадна, түрээслүүлэгч үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирол шаардах эрхтэй. Мөн хуулийн 9.1.3. хууль, гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг буцаан авах, гэрээг цуцлах, үүнтэй холбогдсон зардлыг түрээслэгчээр нөхөн төлүүлэхээр шаардах, Түрээсийн гэрээний түрээслэгч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас түрээслүүлэгч тал гэрээг цуцлах, өөрт хохирлоо шаардах, үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлийг тодорхойлж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг баримтлах нь зохимжтой байсан.

Талуудын хооронд хийгдсэн 19013036 дугаар санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хууль болон Санхүүгийн түрээсийн тухай хуульд заасан шаардлага нөхцөлийг бүрэн хангаж байгаа бөгөөд ямар нэг хууль зөрчин хийгдээгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч “А.Л” ХХК нь хариуцагч Ю.У, Б.С нарт холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 11,669,901 төгрөг, зээлийн хүү 1,181,334 төгрөг, алданги 380,493 төгрөг, нийт 13,231,729 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Б.С нь гэрээний агуулгатай сайтар танилцаагүй гарын үсэг зурсан, гэрээг цуцлахаар хандсан боловч хүсэлт хүлээн авах хүн олдоогүй, авто машины дугуйг 2 удаа түгжсэн байдаг, хариуцагч нар нийт 9,500,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилж шийдлийг хэвээр үлдээжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн задаргааг шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй” гэсэн дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх “зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан боловч энэ төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхийг Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д заасан, нэхэмжлэгч уг үйл ажиллагаа явуулахдаа Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10-т заасны дагуу Монгол банкнаас зөвшөөрөл аваагүй тул зохигчийн хооронд байгуулагдсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл” гэжээ.

7.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийн болон Банкны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

8.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “А.Л” ХХК нь Япон улсаас хуучин автомашин худалдан авч, импортоор оруулж, улмаар бусдад худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг, хариуцагч Ю.У, Б.С нар 2019.01.30-ны өдөр 2006 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус 20 маркийн автомашиныг 16,250,000 төгрөгөөр худалдан авахаар болж, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 3,250,000 төгрөг төлж, үлдэх 13,000,000 төгрөгийг 3 жилийн туршид сар бүр мөнгөний тодорхой хувийг хэсэгчлэн төлөхөөс гадна сарын 3 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогджээ.

9.Энэхүү гэрээ нь “санхүүгийн түрээсийн” гэж нэрлэгдсэн боловч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн санхүүгийн түрээсийн гэрээний шинжтэй бус, мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч тал нь төлбөрийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөс гадна хүү төлөх үүрэг хүлээдэг болохыг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан байна. Энэ байдлыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

10.Талууд автомашины үнийг 16,250,000 төгрөг гэж тохиролцсон, хариуцагч 3,250,000 төгрөгийг төлсөн, үлдэх хэсгийг хүүгийн хамт хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон, хариуцагч нийтдээ 8,095,000 төгрөг төлсөн, эдгээр үйл баримт тодорхой атал анхан шатны шүүх тооцоолол гаргаагүй гэсэн нь, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10-т хэрэв банк санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах бол Монгол банкны зөвшөөрөл авна гэсэн нь зөвхөн банкинд хамааралтай байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь алдаатай болжээ. Иймд зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн 2 шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзэв.

11.Хэргийн баримтаас үзвэл, зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үргэлжилж байх хугацаанд автомашиныг 2 удаа хураан авсан, хариуцагч талаас гэрээний үүргийг цаашид биелүүлэх боломжгүй болсны улмаас гэрээг цуцлахыг хүссэн тухай тайлбар болон гэрээний зүйл болсон автомашиныг нэхэмжлэгч одоо эзэмшилдээ авсан зэргээс үзвэл талууд гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон гэж үзэх нөхцөл бүрджээ.

Иймд нэхэмжлэгч гэрээний үнийг хариуцагчаас шаардах боломжгүй байх тул 13,231,729 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хоёр шатны шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлтийг өөрчилж энэ талаар шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2227 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02641 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1” гэснийг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А.Л” ХХК-ийн /төлөөлөгч Г.Гантулга/-ийн 2020.12.24-ний өдөр 224,108 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН