Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/02641

 

2020 09 16

102/ШШ2020/02641

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:А Л ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Ю.У,

 

Хариуцагч:Б.Сд нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт  13 231 729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А Л ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ю.У, Б.С нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Япон улсад 2006 үйлдвэрлэгдсэн Toyota prius 20 маркийн суудлын авто машиныг 16 250 000 төгрөгт бодож, үнийн дүнгийн 20 хувь буюу 3 250 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөр болох 13 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авто машины лизингийн гэрээ байгуулсан. Ю.У, Б.С нар нь үндсэн зээлээс 1 330 098 төгрөг, 4 422 590 төгрөгийн хүү, 2 342 311 төгрөгийн алданги төлсөн. Зээлдэгч нар нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн ба үндсэн зээлийн төлбөр 11 669 901 төгрөг, хүү 1 181 334 төгрөг, алданги 380 493 төгрөг нийт 13 231 729 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ю.У, Б.С нараас гэрээний үүрэг 13 231 729 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч Б.С, Ю.У нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Япон улсад үйлдвэрлэгдсэн ТоёотаАм приус 20 маркийн суудлын авто машиныг 16 250 000 төгрөгөөр урьдчилгаанд 20 хувь буюу 3 150 000 төгрөг төлж, үлдэх 13 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, авто машины лизингийн гэрээг байгуулсан. Ю.У, Б.С нар нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 28 000.96 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1 100 000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 600 000 төгрөг, 9 дүгээр сарын 18-ны өдөр 1 600 000 төгрөг, үндсэн хүү 4 422 500 төгрөг, нийт 8 095 000 төгрөгийг төлсөн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг байнга зөрчиж байсан. Хариуцагч нарын зээлийн төлбөр өнөөдрийн байдлаар 11 669 000 төгрөг, үндсэн хүү 1 181 330 төгрөг, алданги 380 493 төгрөг, нийт 13 231 729 төгрөгийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлэхийг Ю.У, Б.С нараас удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд зээлийн үндсэн төлбөрт 11 669 000 төгрөг, зээлийн хүү 1 181 330 төгрөг, алданги 380 493 төгрөг, нийт 13 231 729 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шүүхэд гаргасан тайлбартаа:С.Сайнболд нь Япон улсад 2006 онд үйлдвэрлэгдсэн чанарын R муу ангилалд багтсан, цунамид буюу 100 хувь үерийн усанд автагдсан, зөвхөн задалж сэлбэгт зарахаар зориулагдсан машиныг хариуцагч нарт үнийн дүнг 3 дахин өсгөсөн приус-20 маркийн авто машиныг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 250 000 төгрөгөөр үнэлж, 3 жилийн хугацаатайгаар худалдахаар тохирч, урьдчилгаанд 3 250 000 төгрөг авсан байдаг. Хариуцагч нар ойролцоогоор 9 000 000 гаруй төгрөгийг төлсөн байхад дахиад 13 231 792 төгрөг нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.С аргагүй байдалд орж 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр А Л ХХК-д гэрээг цуцлах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. А Л ХХК нь 2 удаа авто машиныг хураан авч хариуцагч нарт дарамт үзүүлдэг байсан. А Л ХХК нь авто машиныг хураан авсан учраас Б.С өөрийнхөө 2 өрөө орон сууцыг Г.Цо-д барьцаалан 4 000 000 төгрөгийн зээлж авч, энэ мөнгөө тушааж машинаа буцаан авсан. Б.С нь сүүлд өөрийнхөө ээж Л.Ж-аар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тэтгэврийн зээл авахуулж, тэр мөнгөөр зээлийн эргэн төлөлтийг хийсэн байдаг. Иймд А Л ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ анхнаасаа нэг талыг барьсан урьдчилан бэлдсэн гэрээ байсан, Б.С нь зээлийн гэрээтэй уншиж танилцах гэтэл гүйцэтгэх захирал Г нь юуг нь уншдаг юм чи гарын үсгээ зур гэж хэлсэн байдаг. Зээлийг төлөх хугацаа болоогүй байтал зээл авсан өдрөөс хойш 2 сарын дараа зээлээ төл гэж дарамталж эхэлсэн. Зээлийн үнэ өссөн байсан тул зээлийг төлж дийлэхгүй юм байна гээд А Л ХХК-д зээлийн гэрээг цуцлахаар хандсан боловч хүсэлтийг авах хүн олдохгүй байсан учир зээлийн гэрээг цуцлах бичгээр гаргасан хүсэлтээ өгч чадаагүй явж байна. Хариуцагчийн авто машины дугуйг нь 2 удаа түгжсэн байдаг, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр анх дугуйгаа түгжүүлж, 2 000 000 төгрөгийг ахаасаа зээл авч, А Л ХХК-д өгсөн. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлдээ дурдахдаа 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1 600 000 төгрөгийг төлсөн гэж бичсэн байна. Хоёр дахь удаагийн түгжилт нь 2019 оны 12  дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Б.С нь иргэн Г.Цолмонд 2 өрөө орон сууцаа барьцаалж, 4 000 000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 600 000 төгрөгийг өөрсдөө хэрэглэж, үлдэгдэл 3 400 000 төгрөгийг А Л ХХК-д өгсөн. А Л ХХК-д 3 400 000 төгрөг төлсөн байтал 3 000 000 төгрөг төлсөн гэж бичсэн, 2 удаагийн төлөлтөөс А Л ХХК нь 800 000 төгрөгийг луйвардаж авсан. Зээлийг анх авахдаа 13 000 000 төгрөгөөр тохирсон, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 13 231 729 төгрөгийг нэхэмжилсэн. Анхны зээлийн үнийн дүнгээс өссөн байна. Хариуцагч нар 7 удаа зээлийн эргэн төлөлт хийж, нийт 9 500 000 төгрөгийг төлсөн. Тухайн төлөлтүүд үндсэн зээлийн төлөлтөөс хасагдаагүй байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А Л ХХК нь хариуцагч Б.С, Ю.У нараас үндсэн зээлийн үлдэгдэл 11 669 901 төгрөг, хүү 1 181 334 төгрөг, алданги 380 493 төгрөг нийт 13 231 729 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.С, Ю.У нар нь А Л ХХК-иас  2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 250 000 төгрөгийн үнэтэй авто машины урьдчилгаанд 3 250 000 төгрөг төлж, үлдэгдэл 13 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасан санхүүгийн түрээс гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын сарын 28-ны өдөр дуусна гэж гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-т заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь гэрээний 6 дугаар зүйлд зааснаар энэхүү гэрээг хэдийд цуцалсан нь тодорхой бус байхад нэхэмжлэлийн дүнгийн хэмжээг шалгах боломжгүй юм. 

 

Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарын зээлийн төлөлт, хүү, алдангийн задаргааг шүүхэд ирүүлсэн байх боловч нэхэмжлэлийн дүнгийнхээ задаргааг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг бөгөөд энэхүү үүргийг зохигч талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр тайлбарлаж өгсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасныг баримтлан Б.С, Ю.У нараас 13 231 729 /арван гурван сая хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун хорин есөн/ төгрөг гаргуулах тухай А Л ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 108 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН