Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2235

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02215 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Э-ийн хариуцагч Э ХХК, М.Н нарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийндавж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Б,

Хариуцагч Э ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.С, түүний өмгөөлөгч Д.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК  түүний захирал М.Н 2012 оны 5 дүгээр сарын 28-ны өдөр Э ХХК -тай бараа нийлүүлэх 02/20120528 тоот гэрээг, 2012 оны 5 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцны барилга худалдах, худалдан авах 0001309 тоот гэрээг байгуулсан. 02/20120528 тоот гэрээний 2.1-д “Баянгол дүүргийн 4 хороо, Голден парк хотхон, 302 байр, 16 тоот 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэгж талбарын үнийг 1 499 000 төгрөгөөр тооцон, нийт 64 457 000 төгрөгөөр нийлүүлэхээр талууд харилцан тохиролцов” гэж заасан. Дээрх тохиролцооны дагуу Н ХХК  захирал М.Н-д 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 21 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 42 500 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сард 6 000 000 төгрөг, нийт 69 500 000 төгрөг хүлээлгэн өгч, Н ХХК буюу М.Н ийн нийт нийлүүлсэн бараа, материалын үнээс Э ХХК  нь 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний орон сууцны төлбөрийн 64 457 000 төгрөгийг төлж тооцоог дуусгасан. Тухайн үед Э ХХК -ийн орон сууцны барилга баригдсан газартай холбоотой маргаан үүссэний улмаас Улсын бүртгэлийн байгууллага орон сууцны гэрчилгээг айл өрхүүдэд гаргаж өгөхгүй байсан. Э ХХК  нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргаж, надад орон сууцны төлбөрөө төлөөгүй учир уг орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэл өгч эхэлсэн. Үүнээс өмнө орон сууцтай холбоотой ямар нэг маргаан үүсдэггүй байсан. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2205060444 дугаар бүхий Баянгол дүүрэг, 4 хороо, 10 хороолол, Голден парк хотхон, 302 байр 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, М.Н нь хариуцагчтай маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд гэрээ байгуулан нэхэмжлэгчээс төлбөрийг авч хариуцагчид төлж дууссан, энэ талаар тодорхой мэдэж байсан. Нэхэмжлэгч нь хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой Н ХХК буюу захирал М.Н-тай  эрх зүйн харилцаанд орсон гэж тодорхойлж байх бөгөөд өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэдгээр тайлбарлан маргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2009 оноос 2012 онд байгуулсан гэрээнүүдийн 1 болох 2012 оны 5 дугаа сарын 28-ны өдөр байгуулсан 02/20120528 тоот гэрээний 2.1-д заасны дагуу Э ХХК  нь 501 475 000 төгрөгийн үнэтэй 6 ш орон сууц, 81 000 000 төгрөгийн үнэ бүхий 6 ш автомашиныг Н ХХК-д хүлээлгэн өгөх, 1.1-д заасны дагуу Н ХХК нь нийт 835 200 000 төгрөгийн үнэ бүхий цементийг Э ХХК -д нийлүүлж дуусгах үүргийг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй. Н ХХК болон М.Н нь дээрх гэрээнүүдийн үүргийн дагуу манайд нийт 1 049 557 177 төгрөгийн бараа нийлүүлснээс хугацаандаа нийлүүлээгүйн алданги 72 544 546 төгрөгийг суутгаж, 945 922 112 төгрөгийн бараа нийлүүлсэн. 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн актаар Н ХХК  М.Н нь Э ХХК -д нийт 492 391 709 төгрөгийн өртэй болохоо 2 талын эрх бүхий хүмүүс хүлээн зөвшөөрч төлбөрийг паркетан шал, хаалгаар төлж дуусгахаар харилцан тохиролцсон ч гэрээний үүргээ зөрчиж материалаа нийлүүлээгүй тул манайх Н ХХК болон М.Н нарт холбогдуулан 492 391 709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Н ХХК  М.Н нь Э ХХК -д 410 000 000 төгрөг төлөхөөр зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1997 захирамж гарсан. Х.Э-ийн нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 4 хороо, Голден парк хотхон, 302 байр, 16 тоот орон сууцыг Э ХХК  нь гэрээнүүдийн дагуу М.Наранбаа, Н ХХК-ийн эзэмшилд өгсөн бөгөөд М.Наранбаа, Н ХХК нь гэрээний үүргээ үл биелүүлэн төлбөрийг төлөөгүй тул Э ХХК  гэрээний дагуу өмчлөх эрхийн улсын гэрчилгээг гаргаж өгөх үүрэг үүсээгүй. Манайх Х.Э-тэй ямар нэг эрх зүйн харилцаанд орж гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч нь орон сууц худалдах, авахаар тохиролцсон тохиролцоо нь иргэн Наранбаа, Н ХХК-ийн хооронд байгуулагдсан байх тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайх Н ХХК  түүний захирал М.Н-тай  байгуулсан гэрээний дагуу Голден парк хотхон, 302 байр, 16 тоот, 2 өрөө орон сууцыг 2012 онд Н ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд 2012 оноос өнөөдрийг хүртэл Х.Эрдэнэбүрэн төлбөр нь төлөгдөөгүй манай өмчлөлийн орон сууцанд амьдарч байна. Манайхаас удаа дараа орон сууцыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн ч Х.Эрдэнэбүрэн тухайн орон сууцыг чөлөөлж өгөлгүй манай өмчлөх эрхийг зөрчиж байна. Иймд манай өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205060444 дугаартай, Баянгол дүүрэг, 4 хороо, Голден парк хотхон, 302 байр, 16 тоот, 2 өрөө орон сууцнаас Х.Эрдэнэбүрэнг албадан гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э ХХК  болон Шарагчин овогтой М.Н нарт холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Э ХХК -д холбогдох өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай Х.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Х.Э-ийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Голден парк хотхоны 302 дугаар байр, 16 тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөг хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан, хариуцагч Э ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж үзсэний үндсэн дээр үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой байсан боловч хэрэгт авагдсан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримтыг бусад нотлох баримтууд болох 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “бараа нийлүүлэх гэрээ”, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Э ХХК  болон М.Наранбаа, Н ХХК-тай хийсэн тооцооны улдэгдлийн баталгаа гэх баримтуудтай харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хариуцагч Э ХХК  нь Н ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Бараа нийлүүлэх” №02/20120528 тоот гэрээг байгуулсан байдаг. Талуудын хооронд байгуулсан 02/20120528 тоот гэрээний 1.1-д заасны дагуу Н ХХК-иас нийт 835 200 000 төгрөгийн үнэ бүхий 5760 тонн цементийг Э ХХК -д нийлүүлэх, Э ХХК  нь гэрээний 2.1-д заасны дагуу 501 475 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг орон сууц, нийт 81 000 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг автомашин Н ХХК-д хүлээлгэн өгөх, 252 725 000 төгрөгт нийцүүлэгч тал буюу Н ХХК-ийн сонголтоор орон сууц болон автомашин нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Э ХХК  талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу урьдчилсан байдлаар өгөх орон сууцнуудын өмчлөх эрхийг гэрчилгээг хариуцагч М.Наранбаа, Н ХХК-д шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэвч хариуцагч М.Н хариуцагч Э ХХК -тай байгуулсан “Бараа нийлүүлэх гэрээ”-ний 2.4-т заасан 4.25 маркийн 3264 тн цементээ манай компанид бүрэн нийлүүлээгүй тул дараа дараагийн орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагч М.Н ийн нэр дээр гаргаж өгөх үүрэг үүсээгүй болно. Тухайлбал, талуудын хооронд байгуулсан “Бараа нийлүүлэх гэрээ”-ний 2.4, 2.3-т захиалагч талаас нийлүүлэгч талын нэр дээр эхний ээлжинд дараах орон сууцнуудын орон сууц эзэмших үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуупах материалыг бүрдүүлэн өгнө. Хариуцагч Э ХХК  тус үүргээ бүрэн биелүүлж урьдчилан шилжүүлэн өгөх 4-н орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч М.Н ийн нэр дээр гаргаж өгсөн боловч хариуцагч М.Н болон Н ХХК нь гэрээнд заасан 3264 тонн цемент нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй. 2009-2013 оны 3 дугаар сарын хооронд хийгдсэн ажлаа дүгнэн хариуцагч М.Наранбаа, Н ХХК болон хариуцагч Э ХХК -иуд тооцоо нийлсэн акт үйлдсэн бегөөд тус актад дурдагдсаны дагуу “2012-2013 онд “НМБЦЭ” ХХК-нь 4.25 маркийн цементийг 1547.7 тн-г” нийлүүлсэн гэж талууд дүгнэсэн буюу хариуцагч М.Н нь 3264 тн-оос 1547.7 тн-г нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т заасны дагуу эхний ээлжийн 4-н орон сууцнаас өөр орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагч М.Н ийн нар дээр гаргаж өгөх үүрэг үүсээгүй. Өөрөөр хэлбэл, талуудын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэн болон М.Н нарт гаргаж өгөх үүрэг үүсээгүй. Дзэрхээс дүгнэвэл шүүхээс өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланг дүгнэхдээ бараа нийлүүулэх гэрээ болон тооцоо нийлсэн акттай тулган дүгнэсэн байсан тохиолдолд хариуцагч М.Н нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу 3264 тонн цементээ Э ХХК -д нийлүүлээгүйгээс Э ХХК -д талуудын хооронд маргаан болж буй байрны гэрчилгээг хариуцагч М.Н руу шилжүүлэх эрх үүсээгүй болохыг тогтоох бүрэн боломхстой байсан боловч хзрзгт авагдсан нотлох баримтыг тал бүрэзс нь дүгнэлгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Х.Эрдэнэбүрэнг орон сууцны төлбөрөө бүхэлд нь хариуцагч М.Н-д төлсөн гэж дүгнэсэн боловч тус үндэслэл нь илтэд учир дутагдалтай, нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан Х.Эрдэнэбүрэн, хариуцагч М.Н тус зээлийн гэрээнд Х.Эрдэнэбүрэн, хариуцагч М.Н руу тус зээлийн гэрээнд бичигдсэний дагуу 2012 оны 3 дугаар сарын 22-нд 21 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 42 500 000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сард 6 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж маргаж зээлийн гэрээг үзүүлдэг боловч тус зээлийн гэрээн дээр байдаг төлбөрийг тус хугацаанд хариуцагч М.Н руу шилжүүлсэн гэх ганц ширхэг ч албан ёсны анхан шатны санхүүгийн баримт хавтаст хэрэгт байдаггүй бөгөөд баримтаар нотлогддоггүй. Шүүхээс шилжүүлснийг нь тогтоохдоо дан ганц зээлийн гэрээний хойно гараар бичигдсэн хэсгийг үнэлэн шилжүүлсэн байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэн, хариуцагч Э ХХК, М.Н нарт холбогдуулан орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-2205060444 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Н зөвшөөрсөн, харин хариуцагч Э ХХК  эс зөвшөөрч нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н ХХК-ийн захирал М.Н-д орон сууцны төлбөрийг бүрэн төлж худалдаж авсан. Э ХХК -тай гэрээ байгуулаагүй боловч орон сууцыг М.Наранбаагаар дамжуулан худалдаж авсан гэдгийг мэдэж байсан” гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Хэргийн 4-10 дугаар талд “Эко констракшин” ХХК-ийн Н ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бараа нийлүүлэх гэрээ авагдсан бөгөөд уг гэрээгээр Н ХХК нь 835 200 000 төгрөгийн үнэ бүхий 5760 тонн 4.25 маркийн цементийг 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор багтаан Э ХХК -д нийлүүлэх, Э ХХК  нь нийлүүлж буй барааны үнэд 81 000 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг автомашин, 501 475 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг орон сууц солилцохоор тохирсон бөгөөд уг орон сууц дотор маргааны зүйл болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 302 дугаар байрны 16 тоот 43 м.кв талбай бүхий орон сууц багтсан талаар талууд маргахгүй байна.

 

Дээрх гэрээг үндэслэж 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Э ХХК  нь Н ХХК-ийн менежер М.Н-тай  орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж уг гэрээгээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк 302 дугаар байрны 16 тоот 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бартерт шилжүүлэхдээ 64 457 000 төгрөгт тооцож М.Н ийн эзэмшилд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэргийн 11-13 дугаар тал дах орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээгээр тогтоогджээ.

 

Н ХХК нь Э ХХК -д гэрээгээр тохирсон хугацаанд цемент нийлүүлэх үүргээ зөрчсөн болох нь хэргийн 118-119 дүгээр тал дах 2009-2013 оны 3 дугаар сарын хооронд нийлсэн тооцоо болон тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар 492 391 709 төгрөгийн цемент нийлүүлээгүй үйл баримт тогтоогдсон байна.

 

Э ХХК  нь Н ХХК болон М.Н нараас дээрх төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандсан ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1979Х дугаар шийдвэрээр Э ХХК -д Н ХХК болон М.Н нар 410 000 000 төгрөг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталжээ.

 

Э ХХК, Н ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан цементээр автомашин, орон сууцыг харилцан солилцож, өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн арилжааны гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээний 2.2-т “захиалагч нь нийлүүлэгчийн бараа солилцоогоор авч байгаа орон сууцнуудаас эхний ээлжинд 390 549 000 төгрөгний үнэ бүхий 4 ширхэг орон сууцны, орон сууц эзэмших үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нийлүүлэгч талын нэр дээр гаргуулахаар бүрдүүлэн өгөх”, мөн гэрээний 2.4-т “захиалагч тал эхний ээлжийн 3264 тонн цементийг авсны дараа дараагийн орон сууцнуудын орон сууц эзэмших үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгөх”, мөн гэрээний 2.11-д “нийлүүлэгч хугацаандаа барааг нийлүүлээгүй, чанарын шаардлага хангахгүй бараа нийлүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах, бараа солилцоогоор өгсөн орон сууц болон автомашиныг буцаан авах”-аар тохиролцсоноос үзвэл талууд арилжааны гэрээндээ Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт болзол тавьж хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Арилжааны гэрээгээр тохирсон болзол биелэгдээгүй, хариуцагч Н ХХК  нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Э ХХК -иас эзэмшлийг шилжүүлэн өгсөн маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг Н ХХК болон М.Н нарт шилжүүлэн өгөх үүрэг үүсээгүй. Өөрөөр хэлбэл, уг гэрээний үүргээ нэг тал нь бүрэн биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гарч, уг шийдвэр биелэгдээгүй, гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй нөхцөлд Н ХХК болон М.Н нарт өмчлөх эрх үүсэх боломжгүй.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь маргааны зүйл болох орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгах гэсэн агуулгатай байна.

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг орон сууцны эзэмшлийг бодитойгоор шилжүүлэн авсан, 2013 оноос өнөөг хүртэл амьдарч байгаа,  хариуцагч М.Н-д маргаж буй орон сууцны үнэ төлөгдсөн байхад орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э ХХК  өөрийнхөө нэр дээр гаргасан гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөгчийн эзэмшилтэй холбоогүй бусад саадыг арилгуулахаар шаардах эрхтэй байхаар зохицуулагдсан.

 

Хариуцагч Э ХХК  нь маргаан бүхий орон сууцны барилгыг захиалан бариулж, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэргийн нэгдүгээр хавтасны 48, 196 тал дах баримтаар тогтоогдсон тул хариуцагч Э ХХК -ийн эд хөрөнгийг өмчлөх эрх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д заасан улсын бүртгэлд үндэслэгдсэн байна. Ийнхүү хариуцагч Э ХХК  нь хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхийн бүртгэлтэй болсон тул нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэн болон бусад этгээдийн өмчлөх эрхийг  зөрчиж уг орон сууцны өмчлөгч болсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймээс нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэн маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан гэх байдал талуудын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Э ХХК -ийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрх олж авсныг хууль бус гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшигчээр тогтоолгоно гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус тул хангах үндэслэлгүй энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байгааг залруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч Э ХХК  нь нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэнд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 302 дугаар байрны 16 тоот 43 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын тайлбар болон хэргийн нэгдүгээр хавтасны 97 дугаар тал дах баримтаар нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэн хариуцагч М.Н-д 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 21 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 42 500 000 төгрөг зээлдүүлсэн байх бөгөөд уг мөнгөн хөрөнгийг маргаж буй орон сууцны үнэд тооцож 2014 оны 8 дугаар сард 8 000 000 төгрөг нэмж, нийт 69 500 000 төгрөгийг Н ХХК-ийн менежер М.Н-д төлсөн, М.Н нь уг орон сууцны эзэмшлийг 2013 онд Х.Эрдэнбүрэнд бодитойгоор шилжүүлэн өгснөөр тэрээр өнөөг хүртэл амьдарч буй үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэн нь маргаж буй орон сууцыг ямар нэг байдлаар өмчлөгч болох хариуцагч Э ХХК -ийн эрх ашгийг зөрчиж хууль бусаар эзэмшилдээ авсан гэх байдал тогтоогдсонгүй. Энэхүү орон сууцыг Н ХХК-д Э ХХК  арилжааны болон худалдах-худалдан авах гэрээний дагуу эзэмшлийг хүлээлгэн өгсөн, уг орон сууцыг Н ХХК-ийн менежер М.Н цааш нь Х.Эрдэнбүрэнд худалдаж, түүний эзэмшилд маргаж буй орон сууцыг хүлээлгэн өгсөн, хэдийгээр Э ХХК  нь өмчлөгч боловч Х.Эрдэнэбүрэн уг орон сууцыг эзэмшилдээ байлгах эрхийг гэрээний үндсэн дээр олж авсан этгээд тул сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй. Иймээс анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Х.Э-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 302 дугаар байрны 16 тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигчээр Х.Эрдэнбүрэнг тогтоолгож, тус байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-2205060444 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг хариуцагч Э ХХК, М.Н нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ