Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2207

 

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02633 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В ХХК-ийн хариуцагч Б.У, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д,

Хариуцагч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.У, Б.М нар 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулан, 15 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Манай захирал С.Н өөрийн Хаан банк дахь дансаар зээлийн төлөлтийг буцаан авдаг байсан, тэр өдөр Төрийн банк руу мөнгөө шилжүүлж аваагүй, байгууллагын дансанд мөнгө байгаагүй учраас өөрийн данснаас Б.Мөнхтуяагийн Хаан банкны дансанд 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний 1.1.5-д төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд төлбөр хийх өдрөөс хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 0.5 хувийн алдангийг хоног тутам зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж тохиролцсон. Хариуцагч нар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 900 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 01-ний 3 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1 200 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн сарын хүү 900 000 төгрөг, 6 сарын хүү 5 400 000 төгрөг байна. Хариуцагч нарын шилжүүлсэн мөнгийг хүүнд суутгаж, хүүний үлдэгдэл 300 000 төгрөг, үндсэн зээл 15 000 000 төгрөгийн үлдэгдэл байсан тул хариуцагчийн хүсэлтээр 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 12 сарын хугацаатай зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Үүнээс хойш хариуцагч нар 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 400 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 17-ноос 2019 оны 6 дугаар сарын 17-ныг хүртэл 12 сарын хүү 10 800 000 төгрөг байна. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүний үлдэгдэл 300 000 төгрөг, гэрээний хүү 10 800 000 төгрөг буюу 11 100 000 төгрөг байх тул хариуцагч нарын төлсөн 4 000 000 төгрөгийг хасч үлдэгдэл хүү 7 100 000 төгрөг төлөөгүй байна. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн хүртэл алданги 110 500 төгрөгийг 185 хоногт 20 442 500 төгрөг болж байгааг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 11 050 000 төгрөгөөр тооцон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.У-аас хүүний төлбөрт 4 000  000 төгрөг, алданги 11 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг, Б.М-гаас үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 3 150 000 төгрөг, нийт 18 150 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У-ын дансад мөнгө шилжиж ороогүй, гэрээний үүрэг үүсээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хэнээс юу шаардсан нь тодорхой байх ёстой. Нэхэмжлэгчээс зээл авсан болон төлсөн нь тодорхойгүй, хавсралтаар байх ёстой. Энэ харилцаа нь иргэд хоорондын зээлийн харилцаа. Гүйлгээний утга төлбөр гэсэн. Мөнхтулга, Номуундарь нар найз нөхдийн харилцаатай 15 000 000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэгч Б.У-гаас 15 000 000 төгрөг шаардсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар мөнгө шилжүүлж, мөнгө авсан хүн буцааж өгөх үүрэг хүлээнэ. Мөнгө шилжүүлсэн нь С.Н, мөнгө авсан нь Б.М, В ХХК 15 000 000 төгрөг шилжүүлээгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дууссан тул гэрээг сунгах нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг үүсээгүй гэж хариуцагч нарын үүргийг ялгасан. Б.М, С.Н нар найзууд учир өөрийн найзад 15 000 000 төгрөг зээлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн. С.Н нь манай нөхөр барьцаагүй зээл олгосон гэж намайг загнаад байна гэж, барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ байгуулахад 1 хүн шаардлагатай гэж Б.У-ыг дуудаж ирээд гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2.4-д заасны дагуу 15 000 000 төгрөгийг Б.У-гын дансанд шилжүүлсэн баримт байхгүй, нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлж нотлоогүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Дарь овогтой Б.У, Дарь овогтой Б М нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 150 000 төгрөг гаргуулах тухай В ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 323 700 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Хариуцагч Б.М, Б.У нар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр В ХХК-ийн зээлийн мэргэжилтэн н.Б-тэй 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу тухайн өдөр В ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Н нь хариуцагч Б.М-ын данс руу 15 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлсэн байдаг. Учир нь тухайн үед В ХХК-ийн мөнгө С.Н-ийн Хаан банкны дансанд нь байсан. Ард иргэд түгээмэл Хаан банк ашигладаг /интернет банк, мобайл банк/ тул “В" ХХК-иас зээл аваад буцаан зээлийн эргэн төлөлтөө хийхдээ В ХХК-ийн захирал С.Н-ийн Хаан банкны дансанд шилжүүлдэг.

Хариуцагч Б.М нь гүйлгээний утгыг нь зээл олгов гэж битгий хийгээрэй эгч нь банкнаас зээл хөөцөлдөж байгаа зээлтэй бол банк зээл гаргахгүй банкнаас зээл авахаараа зээлийг чинь буцаан төлнө гэсэн учир С.Н нь Б.М руу шилжүүлэг хийхдээ гүйлгээний утгыг шилжүүлэг гэж хийсэн байдаг. Хариуцагч Б.М-ын итгэмжпэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа уг-мөнгийг В ХХК-иас зээлж аваагүй С.Н гэж хувь хүнээс зээлж авсан гэдэг тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс С.Н гэдэг хувь хүнээс мөнгө зээлж авсан бол С.Н гэдэг хүнийг ямар учраас Б.М руу мөнгө шилжүүлээд байгаа талаар гэрчээр асуух хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусч Хариуцагч Б.М нь В ХХК-д Зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргаж зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Зээлийн нэмэлт гэрээний хугацаа мөн дуусахад мөн хариуцагч Зээлийн гэрээг сунгах хүсэлт өгсөн байдаг. Хариуцагч нь В ХХК-иас зээл авснаа хүлээн зөвшөөрч Зээлийн гэрээг сунгах хүсэлт В ХХК-д гаргаад байхат шүүх В ХХК нь хариуцагч нараас шаардах эрх үүсээгүй байна гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж байна. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр товлогдон зарласан шүүх хуралдаанд хариуцагч Б.М, Б.Уянга нар хүрэлцэн ирсэн. Уг хурал дээр хариуцагч Б.М нь В ХХК-иас зээл авахдаа өөрийн дүү Б.Уянгыг хамтран зээлдэгчээр оруулсан. Зээлийг авч хувийн ашиг сонирхолдоо зарцуулсан хүн нь би байдаг гэж шүүхэд мэдүүлээд байхад шүүх В ХХК болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. В ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг зээлсэн мөнгөний хүүнээс ашиг олдог тооцоо, баланстай төрд татвар төлдөг ашгийн төлөө хуулийн этгээд, уг хуулийн этгээдийг санхүүжүүлэх үүрэг бүхий этгээд бол С.Н иймд С.Н нь бусдад өөрөөсөө зээл олгох ямар ч үндэслэл байхгүй. Харин Зээлийн гэрээний үүргээ биелүүлж хариуцагчид мөнгийг шилжүүлсэн байдаг. Хариуцагч нь зээлийн гэрээний хамгийн эхний эргэн төлөлтөө 2017 оны 12 дугаар  сарын 25-ны өдөр В ХХК-ийн Төрийн банкны данс руу 900 000 төгрөг, бусад эргэн төлөлтийг С.Н-ийн Хаан банкны данс руу шилжүүлдэг бөгөөд гүйлгээний утгыг bаmокs Nоmuunаа гэж шилжүүлсэн байдаг. Хаан банкны данс руу шилжүүлсэн гүйлгээний утгыг харвал хариуцагч нар В ХХК-д үүрэг гүйцэтгэж байгаа нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтооогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Б.У, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт Б.Уянгаас 15 000 000 төгрөг, Б.Мөнхтулгаас 18 150 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 4, 5 дугаар талд В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ авагдсан байх бөгөөд уг баримтуудаас үзвэл тус компани 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг бүртгүүлж, уг үйл ажиллагааг эрхлэх гэрээг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийсэн бөгөөд уг гэрээгээр 15 000 000 төгрөгийг, 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдлээс хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Хариуцагч нар нь “дээрх зээлийн гэрээнд нэхэмжлэгч В ХХК-ийн захирал С.Н гарын үсэг зураагүй” гэж маргаж шүүхийн журмаар шинжээч томилуулж уг зээлийн гэрээн дэх гарын үсэг тус компанийн захирал С.Номуундарийнх биш гэж дүгнэлт гарсан. Гэвч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээг байгуулаагүй гэж маргаагүй, уг зээлийн гэрээнд тус байгууллагыг төлөөлж  зээлийн мэргэжилтэн Б.Баатархүү гарын үсэг зурсан нь эрх ашиг хөндөөгүй гэж тайлбарласан тул Иргэний хуулийн  68 дугаар зүйлийн 68.1, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар төлөөлүүлэгч зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэлтэй.

 

Талуудын хооронд зээлдэгч Б.У, Б.М нар нь 15 000 000 төгрөгийг зээлэх, В ХХК нь уг мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлж гол нөхцлийг тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан уг зээлийн гэрээний үүрэг үүссэн.

 

Хэргийн 10 дугаар талд хариуцагч Б.М-ын нэхэмжлэгч В ХХК-иас 15 000 000 төгрөгний зээл хүссэн хүсэлт, хэргийн 18 дугаар талд С.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 5027805498 тоот данснаас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С.Мөнхтулгын дансанд 15 000 000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлснээр үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч нар нь иргэн С.Номуундариас мөнгө зээлсэн, зээлийн мөнгөн хөрөнгө болох 15 000 000 төгрөгийг В ХХК-иас шилжүүлээгүй, хариуцагч Б.Уянга уг мөнгийг бодитойгоор шилжүүлэн аваагүй, Б.М-ын дансанд орсон гэж маргасан боловч зээлийн гэрээнд хариуцагч Б.У, Б.М нарын хэн аль нь гарын үсэг зурж зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон байна. Нэхэмжлэгч В ХХК-ийн захирал уг компанийн өмнөөс өөрийн данснаас зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлснийг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч компани зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хамтран зээлдэгч нарын нэгний дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3 дахь хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ бодитойгоор биелүүлсэн.

Талууд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан болох нь хэргийн 59-60 дугаар тал дах “хариуцагч Б.М-ын 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр В ХХК-д удаа дараа зээлийн гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргаж байсан” гэх баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчид хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 900 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөг,  2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1 200 000 төгрөг, зээлийн нэмэлт гэрээгээр хугацаа сунгаснаас хойш 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 400 000 төгрөг нийт 9 100 000 төлсөн талаар зохигчид маргаангүй байна.

 

Зээлийн гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчид үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүүд 16 200 000 төгрөг нийт 31 200 000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс төлсөн 9 100 000 төгрөгийг хасч 22 100 000 төгрөг төлөх үүрэгтэй. Талууд зээлийн гэрээнд алдангийн талаар тохиролцсон тул хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 181 хоног хугацаа хэтрүүлснийг тооцвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул хэргийн нөхцөл байдал улс оронд гарсан цар тахалтай холбоотой тодорхой нөхцлүүд бий болсныг харгалзан үзэж алдангийн хэмжээг шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгах эрхтэй. Иймд нэхэмжлэгчид хариуцагч нараас зээл, зээлийн хүүд 22 100 000 төгрөг, алданги 11 050 000 төгрөгийг багасгаж 5 525 000 төгрөг нийт 27 625 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагч Б.Уянга нь зээлийг бодитойгоор аваагүй гэж тайлбарласан, хариуцагч Б.М-ын дансанд зээл шилжсэн, зээлийн гэрээнд Б.У, Б.М нарын хэн аль нь гарын үсэг зурсан тул зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч нар авсан гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарын аль нэгний дансанд шилжүүлснээс үл хамаарч зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгснөөр үүргээ буюу мөнгийг шилжүүлэх өгөх үүргээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар бодитойгоор шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлсэн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02633 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У, Б.М нараас 27 625 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Б.У, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 296 075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ