Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00297

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02633 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2207 дугаар магадлалтай,

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.У, Б.М нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч Б.М, Б.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,******* нь ...“В” ХХК-аас зээл аваагүй, зээлийн гэрээний үүрэг үүсээгүй, миний дансанд мөнгө шилжиж ороогүй, ...мөнгийг Б.Мөнхтулга авсан гэсэн, хариуцагч Б.Мөнхтулга ...“В ХХК-тай зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй. Нэхэмжлэгч тал хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй... гэсэн тайлбарууд гарган маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02633 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Уянга, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,150,000 /гучин гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай “В” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 323,700 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.        

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2207 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02633 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******, ******* нараас 27,625,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч*******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 296,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.30-ны өдрийн 2207 дугаар магадлалыг 2020.11.11-ний өдөр гардан авч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлгээгүйгээс магадлал үндэслэл бүхий болсонгүй. Хариуцагч ******* нь 2017.11.17-ны өдөр Зээлийн гэрээг байгуулах үед мөн хүсэлт гаргаж 2018.06.17-ны өдрийн нэмэлт гэрээ байгуулж, 2019.11.10-ны өдөр 400,000 төгрөгийг төлөхдөө ч зээлийг “В” ХХК-с авсан гэж ойлгож нэг удаа 900,000 төгрөгийг В” ХХК-ийн дансанд тушаасан байдаг. Бусад төлсөн мөнгийг “ВХХК-ийн захирал С.Номуундарийн иргэний эзэмшлийн ХААН банкны ...тоот дансанд шилжүүлсэн байдаг. Зээлийн гэрээнд “В” ХХК-с итгэмжлэл, зөвшөөрөл өгөгдөөгүй Б.Баатархүү гэгч этгээд байгуулсан байгаа бөгөөд тус ХХК-д ажилладаг, ямар албан тушаал эрхэлдэг талаарх баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй С.Номуундарийн гарын үсгийг түүний өмнөөс зурсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “В ХХК-ийн мөнгө захирал С.Номуундарийн иргэний ХААН банкны дансанд байдаг гэх боловч энэ талаар нэхэмжлэгч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Тэгээд ч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгө иргэний дансанд байршиж түүгээрээ үйл ажиллагаа явуулах эрхгүй болно. Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний болон хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулсан байхад давж заалдах шатны шүүх хамтатган ойлгож магадлал гаргасан нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

4.2. Давж заалдах шатны шүүх Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа үйл баримтыг дутуу үнэлсэн болно. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлсэн 15,000,000 төгрөгийг “В” ХХК Б.Мөнхтулгад шилжүүлээгүйг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргадаггүй, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэсэн байдаг. Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч зээлийн мөнгийг Б.Мөнхтулгад шилжүүлээгүй тул “В” ХХК Б.Мөнхтулгаас зээлийн төлбөрийг нэхэмжлэх, шаардах эрхгүй юм. Харин иргэн С.Номуундарьд зээлийн үүргийг Б.Мөнхтулгаас шаардах эрх байж болох юм. Иргэний данснаас шилжүүлсэн мөнгийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар “зээлийн мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлсэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Б.Мөнхтулгын хувьд гэрээг сунгах, төлбөр төлж байсан эсэх нь “Зээлийн гэрээ”-г байгуулсны дараах үйл баримт бөгөөд “В ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхийн ажиллагааны явцад Сомуундариас буюу иргэний хувьд 15,000,000 төгрөгийг зээлжээ гэдгээ мэдсэн. Иймд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж 2207 дугаар магадлал гаргасан тул хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

5. Хариуцагч Б.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: В ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******,******* нарт холбогдох иргэний хэрэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.30-ны өдрийн 2207 дугаартай магадлалыг 2020.11.11-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч хариуцагч Б.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн би дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгч В ХХК нь зээлийн гэрээний үүрэгт*******ас 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхэд талууд маргасан бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу В ХХК нь 15,000,000 төгрөгийг хариуцагч*******д шилжүүлэн өгөөгүй. Энэ ч утгаараа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч*******ас 15,000,000 төгрөг, *******ас 18,150,000 төгрөг тус тус гаргуулна гэж зааглаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээрээ хамтран үүрэг үүссэн гэж шаардаагүй байхад хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг агуулгаар хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан гэж үзэж байна.

5.2. “В” ХХК-тай зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй, В ХХК-иас зээл аваагүй, иргэн ******* нь өөрийн найз иргэн С.Номуундариас 15,000,000 төгрөг зээлсэн. Энэ В ХХК нь санхүүгийн баримтаар өөрийн буюу хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө болохыг нотлоогүйн зэрэгцээ*******д 15,000,000 төгрөг шилжүүлсэн зүйл огт байхгүйг анхаарч үзнэ үү.

5.3. Энэхүү зээлийн гэрээний харилцаанд******* нь огт хамааралгүй, түүний эгч ******* нь гарын үсэг зурж өгөөч, найз Номуундарь гуйгаад байгаа юм гэхээр нь гарын үсэг зурж өгсөн байдаг. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ******* нь фидуцийн гэрээ байгуулсан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй. Нэгэнт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан бол фидуцийн гэрээний зүйл болох автомашины талаар хариуцагч маргаж үүнтэй холбоотой нотлох баримтыг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулсан. Фидуцийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Мөнхтулгын өмчлөлийн Бенз С200 маркийн 67-99 УНЧ улсын дугаартай автомашиныг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, тохиролцсоны дагуу ******* В ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийн фидуцийн гэрээний зорилго нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч фидуцийн зүйлээр үүргийг хангуулах байдаг. Фидуцийн гэрээний дагуу гэрээний зүйл нь зээлдэгчийн эзэмшилд шилжсэн, фидуцийн зүйлээр үүргийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал байгаа эсэхийг давж заалдах шатны шүүх тодруулаагүй. Фидуцийн гэрээ байгуулсан тохиолдолд хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг нэхэмжлэгч гэнэ гэж заасан бөгөөд В ХХК-ийн хуулиар хамгаалагдсан энэ эрх нь хөндөгдөөгүйн зэрэгцээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр байгуулан эд хөрөнгийн өмчлөгч нь болсон байхад маргааныг шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.30-ны өдрийн 2207 дугаартай магадлалыг хүчингүй болгож Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 102/ШШ2020/02633 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч *******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба үндэслэлийг “...хариуцагч нар авсан зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, гэрээний дагуу үндсэн зээлд 15,000,000 төгрөг, хүүнд 7,100,000 төгрөг, алдангид 11,050,000 төгрөг төлөх үүрэгтэй. ...Б.Уянгаас зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг, *******ас 18,150,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж тодорхойлсон байна. 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,******* нь ... “В” ХХК-аас зээл аваагүй, зээлийн гэрээний үүрэг үүсээгүй, миний дансанд мөнгө шилжиж ороогүй, ...мөнгийг Б.Мөнхтулга авсан гэсэн, хариуцагч Б.Мөнхтулга ... “В ХХК-тай зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй. Нэхэмжлэгч тал хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй... гэсэн тайлбарууд гарган маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хариуцагч *******,******* нараас зээлийн гэрээний үүрэгт 27,625,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан байна.

8. Давж заалдах шатны шүүхийн …Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, зээлдэгч *******,******* нар нь 15,000,000 төгрөгийг зээлэх, “В” ХХК нь уг мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэхээр зээлийн гэрээний гол нөхцөлийг тохиролцож гэрээ байгуулсан, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, ...уг зээлийн гэрээнд тус байгууллагыг төлөөлж зээлийн мэргэжилтэн Б.Баатархүү гарын үсэг зурсныг мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлүүлэгч зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт буруу биш байна.

9. Хариуцагч нараас “В” ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэж маргах боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан, хариуцагч Б.Мөнхтулгын тус компанид хандан зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн нэмэлт гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд /хх-ийн 7-10, 18, 59-60 тал/-аар *******,******* нар нь “В” ХХК-тай 2017.11.17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлсэн мөнгийг мөн өдөр С.Номуундарийн Хаан банкны 5027805498 тоот данснаас зээлдэгч Б.Мөнхтулгын дансанд шилжүүлж өгсөн, улмаар зээлдэгч Б.Мөнхтулгын гаргасан хүсэлтийг үндэслэн, талууд тохиролцон 2018.06.17-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан, хариуцагч нар зээлийн хүүгийн төлбөрт нийт 9,100,000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтууд тогтоогджээ. 

10. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон нэмэлт гэрээний дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжилсэн үндсэн зээлийн 15,000,000 төгрөг, хүүгийн 7,100,000 төгрөг, нийт 22,100,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2-т заасантай нийцсэн байна.   

11. Харин давж заалдах шатны шүүх ...талууд зээлийн гэрээнд алдангийн талаар тохиролцсон, хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 181 хоног хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжилсэн алдангийн 50 хувь болох 5,525,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, нэхэмжлэгч компани нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зохицуулалтыг үйл ажиллагаандаа баримтлах  ёстой. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар “зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгох” үүрэгтэй байна. Иймд хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн алданги шаардах эрх нь хязгаарлагдах тул алдангид 11,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулахаар тогтов.

Гэрээний талууд фидуцийн гэрээ байгуулж, гэрээний дагуу зээлдэгч нь Бенз С-200 маркийн автомашиныг барьцаалсан, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-ийн 83-84, 130-131/-аар барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байна. 

13. Хариуцагч *******,******* нар зээлийн болон нэмэлт гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, гэрээнд гарын үсэг зурсан тул тэднийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, ...үүснэ” гэж тус тус зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх тул зээлийн үүргийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

14. Иймд хариуцагч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй. ...Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч зээлийн мөнгийг Б.М-д шилжүүлээгүй тул “В” ХХК нь зээлийн төлбөрийг шаардах эрхгүй, ...давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар “зээлийн мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлсэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн, хариуцагч Б.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч хамтран үүрэг үүссэн гэж шаардаагүй байхад хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг агуулгаар хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан. ...миний хувьд “В ХХК-аас зээл аваагүй, иргэн ******* нь өөрийн найз иргэн С.Номуундариас 15,000,000 төгрөг зээлсэн. ...давж заалдах шатны шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол ...фидуцийн гэрээ байгуулсан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

15. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2207 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02633 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 286 дугаар зүйлийн 286.3-д заасныг баримтлан хариуцагч *******,******* нараас 22,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “В” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 11,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 268,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.11.23-ны өдөр төлсөн 296,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД