Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 02633

 

 

 

 

 

 

 

 

 

2020            09             16                                                   102/ШШ2020/02633                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.У ,

Хариуцагч: Б.М нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,150,000 /гучин гурван сая нэг зуун арван таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагч Б.У итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч Б.Мөнхтулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.У, Б.М нар 2017.11.17-ны өдөр манайхтай гэрээ байгуулан, 15,0 сая төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Манай захирал С.Н өөрийн Хаан банк дахь дансаар зээлийн төлөлтийг буцаан авдаг байсан, тэр өдөр Төрийн банк руу мөнгөө шилжүүлж амаагүй, байгууллагын дансанд мөнгө байгаагүй учраас өөрийн данснаас Б.Мөнхтуяагийн Хаан банкны дансанд 15,0 сая төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний 1.1.5-д төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд төлбөр хийх өдрөөс хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 0.5% алдангийг хоног тутам зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж тохиролцсон. Хариуцагч нар 2017.12.25-нд 900,000 төгрөг, 2018.05.01-нд 3,0 сая төгрөг, 2018.06.21-нд 1,2 сая төгрөг, нийт 5,1 сая төгрөг шилжүүлсэн. Зээлийн сарын хүү 900,000 төгрөг, 6 сарын хүү 5,4 сая төгрөг байна. Хариуцагч нарын шилжүүлсэн мөнгийг хүүнд суутгаж, хүүний үлдэгдэл 300,000 төгрөг, үндсэн зээл 15,0 сая төгрөгийн үлдэгдэл байсан тул хариуцагчийн хүсэлтээр 2018.06.17-нд 12 сарын хугацаатай зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Үүнээс хойш хариуцагч нар 2018.09.24-нд 300,000 төгрөг, 2018.10.19-нд 300,000 төгрөг, 2018.11.02-нд 3,0 сая төгрөг, 2019.11.10-нд 400,000 төгрөг, нийт 4,0 сая төгрөг шилжүүлсэн. 2018.06.17-ноос 2019.06.17-ныг хүртэл 12 сарын хүү 10,8 сая төгрөг байна. 2017.11.17-нд байгуулсан зээлийн гэрээний хүүний үлдэгдэл 300,000 төгрөг, гэрээний хүү 10,8 сая төгрөг буюу 11,100,000 төгрөг байх тул хариуцагч нарын төлсөн 4,0 сая төгрөгийг хасч үлдэгдэл хүү 7,1 сая төгрөг төлөөгүй байна. 2019.06.17-ноос 2019.12.13-ныг хүртэл алданги 110,500 төгрөгийг 185 хоногт 20,442,500 төгрөг болж байгааг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу 11,050,000 төгрөгөөр тооцон Иргэний хуулийн 281.1-д зааснаар Б.Уас хүүний төлбөрт 4,0 сая төгрөг, алданги 11,0 сая төгрөг, нийт 15,0 сая төгрөгийг, Б.Мас үндсэн зээл 15,0 сая төгрөг, хүү 3,150,000 төгрөг, нийт 18,150,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. С.Н В ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч нарын дансанд мөнгө шилжүүлснээс хувь хүнийхээ хувьд мөнгө зээлээгүй. Иргэд голдуу Хаан банкны данс ашигладаг учраас С.Н өөрийн Хаан банкны данснаас хариуцагч нарын дансанд мөнгө шилжүүлсэн. Б.М В ХХК-д зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлт 2 удаа гаргаж, нэмэлт гэрээ байгуулж, хугацаа сунгасан. Б.Уянгыг дуудаж, зөвхөн гарын үсэг зуруулаагүй, хариуцагч нар сайн дурын үндсэн дээр өөрсдөө ирж зээл авсан. Хариуцагч тээврийн хэрэгслээ унаад эзэмшиж байгаа, өмчлөл нь манайд байгаа, фидуцийн гэрээ хийсэн. Б.У данс руу мөнгө шилжүүлээгүй, Б.Мөнхтулгын данс руу зээлийн мөнгө шилжүүлсэн гэв.

 

Хариуцагч Б.У итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У дансад мөнгө шилжиж ороогүй, гэрээний үүрэг үүсээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хэнээс юу шаардсан нь тодорхой байх ёстой. Нэхэмжлэгчээс зээл авсан болон төлсөн нь тодорхойгүй, хавсралтаар байх ёстой. Энэ харилцаа нь иргэд хоорондын зээлийн харилцаа. Гүйлгээний утга төлбөр гэсэн. М, Н нар найз нөхдийн харилцаатай 15,0 сая төгрөг зээлсэн. Нэхэмжлэгч Уас 15,0 сая төгрөг шаардсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 281.1-д зааснаар мөнгө шилжүүлж, мөнгө авсан хүн буцааж өгөх үүрэг хүлээнэ. Мөнгө шилжүүлсэн нь Н, мөнгө авсан нь М, В ХХК 15,0 сая төгрөг шилжүүлээгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017.11.17-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 2017.05.17-ны өдөр дууссан тул гэрээг сунгах нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг үүсээгүй гэж хариуцагч нарын үүргийг ялгасан. Б.М, С.Н нар найзууд учир өөрийн найзад 15,0 сая төгрөг зээлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн. С.Н  нь манай нөхөр барьцаагүй зээл олгосон гэж намайг загнаад байна гэж, барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ байгуулахад 1 хүн шаардлагатай гэж Б.Уянгыг дуудаж ирээд гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 281.2.4-д заасны дагуу 15,0 сая төгрөгийг Б.У дансанд шилжүүлсэн  баримт байхгүй, нотлох үүргээ нэхэмжлэгч  биелүүлж нотлоогүй гэв.

 

Хариуцагч Б.М итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн этгээдийнх нь хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн Б.М нь “В” ХХК-тай үүргийн харилцаа үүсгээгүй. Нэхэмжлэгч тал хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан болон нэхмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 281.1-д заасны дагуу “В” ХХК нь иргэн Б.Мд 15,000,000 төгрөг шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. Зээлдүүлэгч нь зээлдэгчид 15,0 сая төгрөгийг шилжүүлснээр шаардах эрх үүснэ. “В” ХХК-иас нь Б.Мөнхтулгын 5753091117 тоот дансанд 15,0 сая төгрөг ороогүй. Харин С.Номуундарийн “Хаан банк” ХХК-ийн 5025805498 тоот данснаас орсон. 2017.11.17-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан байх боловч “В”ХХК нь 2019.03.01-ний өдөр Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрх авсан. “Зээлийн гэрээ” байгуулагдсан үед “В” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “В” ХХК-тай Б.М  Зээлийн гэрээ байгуулсан гэж үзвэл “В” ХХК-ийн захирал С.Н  зээлийн гэрээг байгуулаагүй талаар дүгнэлт ирсэн. Энэ үндэслэлээр “В” ХХК шаардах эрхгүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 18,150,000 төгөргийг Б.Мас шаардсан. Иймд Б.М нь “В” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“В” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Уас 15,000,000 төгрөг, Б.Мас 18,150,000 буюу 33,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч Б.М нь зээлийг С.Н авсан, түүнд хүүг төлж байсан, нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлээгүй тул шаардах эрхгүй гэж, хариуцагч Б.У нь мөнгө аваагүй тул буцааж өгөх үүрэг хүлээхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь Б.У, Б.М нартай 2017.11.17-ны өдөр 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцон гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Гэвч 2017.11.17-ны өдөр 15,000,000 төгрөгийг хариуцагч Б.Мд Хаан банкны дансаар С.Н шилжүүлсэн, зээлийн төлбөрийг Б.М нь буцаан С.Нд мөн дансаар төлж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар мөнгө шилжүүлэх этгээдэд мөнгийг хүлээн авсан этгээдээс зээлийг буцаан шаардах эрх үүсэх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийг шаардах эрхтэйгээ баримтаар нотолж чадахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Уас 15,000,000 төгрөг, Б.Мас 18,150,000 буюу 33,150,000 төгрөг гаргуулах тухай “В” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 323,700 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.У, Б.М нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,150,000 /гучин гурван сая нэг зуун арван таван мянга/ төгрөг гаргуулах тухай “В” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 323,700 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ