Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 0033

 

 

 

 

 

 

 

 

Г.Жт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Д

Шүүгдэгч                                                       Г.Ж

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц

Хохирогч                                                       Ж.Г

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Жт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овогт Г-н Ж,

 

Г.Жнь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр       аймгийн         сумын        багийн         тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эцэг Ж.Г-н хүзүүний зүүн хажууд хутгалж гүрээний судсыг нь гэмтээж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Г.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ж овогт Гын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Гын Жыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жын цагдан хоригдсон 67 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч Г.Жнь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн улаан өнгийн иштэй хутга 1  ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримтын комисст даалгаж,

 

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 

... Шүүгдэгч, хохирогч хоёрын харилцааны хувьд шүүгдэгч нь хохирогчийн төрсөн хүү. Хүү нь гэм буруугийн санаатай хэлбэрээр төрсөн эцгийнхээ бие, амь насанд халдахаар харилцаа, өс хонзон байгаагүй. Хүү нь буюу шүүгдэгч эцгийнхээ амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар халдах бодитой шууд санаатай субъектив санаа байсан тухайд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон баримт байхгүй байна.

Шүүгдэгч, хохирогч хоёр нь аав, хүү хоёрын хувьд нэг гэр бүлд хамт амьдардаг бөгөөд гэрч буюу шүүгдэгчийн төрсөн эх, хохирогчийн эхнэр Б.Ц-н хамт ам бүл гурвуулаа амьдарч байсан. Тэдгээрийн харилцааны хувьд хохирогч архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг, ийнхүү согтуурсан үедээ гэр бүлийн гишүүддээ агсан согтуу тавьдаг, айлган сүрдүүлдэг, энэ нөхцөл байдал нь нэг хоёр удаагийн үйлдлээр зогсохгүй бөгөөд байнгын шинжтэй хохирогчийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэдэг нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын удаа дараагийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

Шүүгдэгчийн хувьд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалт байнгын 60-70 хувь, түнхний төрөлхийн мултралтай тул тулгуур эрхтний хувьд эрүүл хүнтэй адилгүй бөгөөд аливааг хүчээр эсэргүүцэх болон хүч үзэж өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар дутмаг. Харин хохирогчийн хувьд хэдийгээр шүүгдэгчийн эцэг боловч тийм ч настай биш, идэр насны эрүүл саруул бие эрхтэн бүхий хүн.

Санаа сэтгэл цочрон давчидсан тухайд хэрэг гарах үеийн нөхцөл байдлын хувьд хохирогч нь архи уусан хүнд зэргийн согтолттой байжээ. Харин шүүгдэгч нь эрүүл байсан гэдэг нь тогтоогдсон. Хохирогч нь архи уун согтуурч хүүгийнхээ унт гэсэн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн, агсан тавьж өөрийгөө, эхнэрээ болон хүүгээ ална, одоо алдаггүй юм гэхэд хүнээр, дүүгээрээ алуулна гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлсэн, мөн хохирогч хутга авч шүүгдэгчид хүч хэрэглэсэн хууль бус үйлдэл нь шүүгдэгчийн санаа сэтгэл цочрох гол үндэслэл болжээ гэж үзэхээр байна. Мөн хохирогч нь өөрийн машинаа барьцаанд тавьж хүнд 10 сая төгрөг өгсөн бөгөөд тэр мөнгийг нь шүүгдэгч төлж байсан ба маргааш өглөө нь хөдөө явж машинаа зарах гэж төлөвлөсөн байхад хохирогч архи уусанд нь шүүгдэгч бухимдаж ба унт гэхэд унтахгүйгээр барахгүй зүй бус хууль бус үйлдэл гаргаж, ална гэсэн хохирогчийн хууль бус буруутай үйлдэл хэрэг гарахад шууд нөлөөлсөн бөгөөд энэхүү хохирогчийн үйлдэл удаа дараа давтагдаж байсан төдийгүй шүүгдэгчийг бага наснаас нь ээжтэй нь хамт байнга айлган сүрдүүлж, дарамталдаг, зоддог, та нарыг алаад өөрийнхөө амийг хорлоно гэх зэрэг сэтгэл санааны хувьд дарамталдаг байсан, тухайн үед хутга авч хүч хэрэглэсэн, шүүгдэгчийг мөн эхнэрээ ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шүүгдэгчийн санаа сэтгэл цочрон давчдахад хүрсэн байна гэж үзэхээр байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед хохирогчийн хууль бус нэг болон нэг бус удаагийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байхыг ойлгоно. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэргийн хувьд шүүгдэгч нь өөрийн хийж буй үйлдлийн нийгмийн хор аюулын шинжийг бүрэн ойлгож, тэрхүү хор уршигт зориуд буюу хүсэж хүргэдэг субъектив талын шинжтэй байхад санаа сэтгэл цочрон давчидсан үед үйлдэгдэх гэмт хэргийн хувьд тэрхүү сэтгэхүйн буюу субъектив талын шинж байдаггүй.

Шүүгдэгч Г.Жын хувьд яг өөрийн хийсэн үйлдлийн тухайд тодорхой санахгүй буюу тогтвортой мэдүүлэхгүй зөрүүтэй мэдүүлж байгаа нь санаа сэтгэл цочрон давчидсан гэдгийг нотолж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хохирогчийг согтохоороо агсан тавьдаг, төвөгтэй зан ааштай болон хэлэх хэлэхгүй үг хэлдэг тухай гэрч Б.Ц, Б.Ц, Г.Э нар мэдүүлдэг.

Хохирогч нь шүүгдэгчийг ална эсвэл хүнээр алуулна гэж заналхийлсэн нь шүүгдэгчийн санаа сэтгэл цочрон давчдах гол үндэслэл болсон байна. Хохирогч Г нь нэг хүү, нэг охинтой бөгөөд удам залгах ганц хүүгээ төрсөн эцэг нь ална, хүнээр алуулна гэхэд хүүгийн хувьд санаа сэтгэл тайван байхгүй нь мэдээж бөгөөд мөн хохирогч хутга авч хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэнд нь шүүгдэгч маш их гомдох, уурлах, айх зэрэг сэтгэл зүйн хурц хэлбэрүүд зэрэгцэн санаа сэтгэл нь цочрон давчидсан байна.

Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм бурууг мөрдөн байцаалтын шатнаас хүлээн мэдүүлдэг бөгөөд харин сонсгосон ялын тухайд хууль хэрэглээний асуудал бөгөөд хуульд ч сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөх тухайд бус гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөх тухай заасан гэдгийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Жнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэхэд хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа бөгөөд хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Ж тайлбартаа: ... Аав урьд нь болон тэр үйл явдал болох үед ч намайг тахир дутуу гэж хэлсэн ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.Г тайлбартаа: ... Миний буруу, архи ууж агсам согтуу тавьснаас ийм асуудал болсон ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Жт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Ж” овогт Гын Жыг        аймгийн           сумын      багийн        тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас эцэг Ж.Гын хүзүүний зүүн хажууд хутгалж гүрээний судсыг гэмтээж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Жт холбогдох хэргийг хүлээн авч түүнийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч өмгөөлөгч Р.Ц ... шүүгдэгчид ашигтай байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

Шүүгдэгч Г.Жнь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20-21 цагийн орчимд        аймгийн         сумын        багийн        тоот гэртээ өөрийн төрсөн эцэг Ж.Гын хүзүүний зүүн хажууд хутгалж гүрээний судсыг гэмтээж хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларч анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хохирогч Ж.Г, гэрч Б.Ц, шүүгдэгч Г.Ж нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 705 дугаартай ... Ж.Гын биед хүзүүний зүүн хажууд гүрээний судсыг гэмтээсэн 1 тооны зүсэгдэж хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь түүний босоо, суугаа байрлалд байхад үүсэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана ... гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэдийгээр Г.Жнь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч түүнийг дээрх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.

Тодруулбал: Тухайн үед хохирогч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирсэн  ... хүү Г.Жтай маргалдаж, улмаар эхнэр Б.Ц, хүү Г.Ж нарыг ална, хүүгээ хүнээр, дүүгээрээ алуулна, намайг алчих, өөрийгөө ална гэж гал тогооны өрөөний шүүгээнээс хутга авсан ..., хүү Г.Жыг тэнэг юм уу мэдрэл юм уу, тэнэг ухаан муутай хүүхэд тахир дутуу гэх зэргээр доромжилж хууль бус, зүй бус үйлдэл гаргасан байх ба шүүгдэгч Г.Ж хохирогчийн дээрх үйлдлийн хариуд түүний гарт байсан хутгыг булааж авч хутгалсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Ж.Г хэргийн нөхцөл байдлын талаар анх мэдүүлэхдээ:

... архиа ууж дуусаад гэртээ ороход эхнэр, хүү хоёр байсан бөгөөд хүү минь надтай зөрөөд машинаар ажил руугаа явж эмээл авна гээд гарч яваад удаагүй эргэж ирсэн ... Маргааш Хөвсгөл аймаг руу явах гэж байж архи уучихаад ирлээ, би хөдөө явж мал авч зараад машины чинь зээлийг төлж авах гээд байхад архи уулаа гэж хэлээд бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад би эхлээд хутга гаргаж ирээд өөрийгөө ална гэсэн. Тэр үед хүү Ж миний хутгыг булааж аваад маргалдаж байхдаа зүүн талын чих рүү хатгачихсан ... би өөрөө гэрийн гал тогооны шүүгээнд байсан улаан өнгийн бариултай урд үзүүр хэсэг нь мөлгөр жижиг хутгыг авсан .... /хх 14/ гэж,

гэрч Б.Ц “... Ж аавыгаа та хөдөө явах гэж байхад архи уулаа, ямар ч хариуцлага алга гэх мэтээр хэлээд аав нь биеэ өмөөрөөд маргалдсан...нөхөр маань хувцсаа өмсчихөөд чи намайг хөөлөө гээд гэрийн үүдний коридорт суучихаад хүүтэйгээ хэрүүл хийгээд байсан ...”  /хх 34/ гэж,

 мөн шүүгдэгч Г.Жнь сэжигтнээр “... аав гаднаас орж ирэхэд нь би унт гэсэн чинь чи тэнэг юм уу, мэдрэл юм уу гээд доромжилдгоороо доромжлоод байсан, тэгээд намайг чи тэнэг ухаан муутай хүүхэд гэхээр нь та одоо яах гээд байгаа юм эсхүл гадаа гарч унт гэхэд чи намайг гэрээс хөөдөг хэн бэ , ямар том болчихсон юм, чи намайг хөөх болоогүй шүү, би чамайг ална шүү, ах нартаа хэлж байгаад алуулчихаж чадна шүү гээд байхаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан улаан иштэй жижиг хутга байхаар нь тэрийг аваад та одоо намайг алчих гээд хутгаа өгөхөд одоо би чамайг алахгүй гээд хутгыг аваагүй ...намайг жоохон байхад аав бид хоёрыг үргэлж зоддог дээрэлхдэг янз янзаар хэлж доромжилдог байсан ... тэр байдал нь явсаар ийм байдалд хүргэж байх шиг байна...” гэж /хх 42-43/,

яллагдагчаар “... согтуу орж ирээд хэрүүл хийгээд намайг ална, ээжийг бас ална гээд. Аав ална гээд байсан учир ээжийг алж болохгүй шүү дээ гэсэн чинь надад одоо чамайг алахгүй юм бол дараа нь дүүгээрээ алуулна гээд хутга авсан. Би айсандаа тэр хутгыг авсан ... ер нь аав согтуу ирэхээрээ байнга агсам тавиад хэрүүл хийгээд ээжийг алаад өөрийнхөө амийг хорлоно шүү гээд байдаг. Намайг байхгүй үед ээжид агсам тавиад ээжийг зодчихсон байдаг... ” гэж  /хх 77/ тус тус мэдүүлсэн байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ж.Г “... би архи уусан үедээ гэрийнхэндээ ширүүн загнаж юм хэлчихээд байдаг ... эхнэртэйгээ маргалдаад эхнэртээ юм хэлээд байж байхад манай хүү орж ирээд та яагаад байдаг юм бэ, байнга ээж бид хоёрыг хэл амаар доромжилж байх юм гэсэн. Хүүгээ тэгж хэлсэн нь үнэн. Үүнээс болж бид хоёр маргалдаад ноцолдож гал тогооны өрөө рүү орсон. Нэг мэдсэн хүзүүнээс цус гарч байсан...” гэж,

гэрч Б.Ц “... тухайн өдөр нөхөр нэлээн согтуу байсан, хийж байсан үйлдлээ ухамсарлаж чадахааргүй байсан ... Намайг үгээр доромжилж дайрч цохиж авсан ... хүү уур бухимдал ихтэй, нэлээн стресстэй байсан. Нөхөр над руу дайраад үг хэлээр доромжилж чамайг ална, чамайг алчихаад өөрийгөө ална гээд нэлээн бүдүүлэг авир гаргасан. Хүү ирээд та боль яах гэж ингэж байдаг юм бэ боль гэхээр нь би холдоод жижиг өрөөнд сандраад байж байсан. Хоёулаа маргалдаад зодолдоод ноцолдоод байх шиг байсан ... би тухайн үед шоконд ороод хэцүү байсан ... миний хүү төрөлхийн тулгуур хөгжлийн бэрхшээлтэй, 60-70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, группт байдаг. Хөл гар муутай. Нөхөр уусан үедээ хөл гар муутай гээд үг хэлээр доромжлох тал байдаг. Амьдралаа хүү минь авч явдаг...” гэж,

мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ж.Г ... би урьд нь болон тухайн үед хүүгээ тахир дутуу хүүхэд, гэрийнхнийгээ ална гэж хэлсэн ... гэж, шүүгдэгч Г.Ж... аав урьд нь болон тэр үйл явдал болох үед ч намайг тахир дутуу ... гэж хэлсэн гэж тус тус мэдүүлснээс дүгнэн үзэхэд

шүүгдэгч Г.Жыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй, харин түүнийг төрсөн эцэг Ж.Гын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гаргасан хууль бус, зүй бус үйлдлийг үл тэвчин сэтгэл санаа нь цочролд орсны улмаас хутгалсан байна гэж үзэх нөхцөл байдал үүсч байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус, зүй бус үйлдлийн хариу болж үүсдэг бөгөөд цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотойгоор түргэн зуур болдог онцлогтой.

Нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан буюу тухайн хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдлээр гутаах нь хүндээр доромжилсон үйлдэл юм.

Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон этгээд сэтгэл санааны цочролд хоромхон зуур автаж өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орж гэмт хэрэг үйлдэх үр дагаварт хүргэдэг байна.

Дээрх гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Г.Жнь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, эрүүл мэндийн байдлын хувьд төрөлхийн тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй, өвчний олон улсын ангиллаар Q72.9 буюу “доод мөч богиносох гаж хөгжил” үндсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалт нь 60 хувиар тогтоогдсон, хохирогч Ж.Г нь гомдол саналгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах боломжтой гэж үзлээ.

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н “...зүйлчлэлийг өөрчилж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зохицуулах харилцааны онцлогоос хамаарч хуулийн зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" гэж, тухайлбал “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл” гэх мэт, харин хэсгийг “2 дахь хэсэг” гэж, хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор буюу “2.1” гэж тус тус дугаарлахаар заасан тул цаашид хуулийн зүйл, хэсэг, заалтыг дээрх хуульд зааснаар, тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж бичиж байхыг анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Шүүгдэгч Ж овогт Гын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэснийг

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Жт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, шүүгдэгч Ж овогт Гын Жыг өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэж, гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Гын Жыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ... гэснийг

 ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Жыг 2 жил 6 сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй ... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Жыг суллаж, хувийн баталгаа гаргах гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Жт анхааруулсугай.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР