Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 02188

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01952 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т” ХХК, Д.Ж нарын нэхэмжлэлтэй хариуцагч Бнд холбогдох

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч,

үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаартай шийдвэрийн дагуу “Т” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 343 471 880.66 төгрөг гаргуулж, “Т” ХХК болон Д.Ж нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр авагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж байгаа болно. Уг ажиллагааны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулж улмаар төлбөр авагч барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээр барьцаа хөрөнгийн үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-аар хийлгэсэн байдаг. Тус компанийн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 1 405 894 062 төгрөгөөр үнэлсэн. СХД-ийн 20 дугаар хороо, гудамж 12 000 м.кв талбайтай, эзэмших эрхийн гэрчилгээний 0232264 дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 908 466 858 төгрөг, хашааг 48 006 000 төгрөг, нийт 956 472 858 төгрөгөөр, гүний худгийн байрыг 2 597 970 төгрөгөөр, өндөр хүчдэлийн трансформаторыг 25 150 000 төгрөгөөр, манаачийн байрыг 5 438 102 төгрөгөөр, эрхийн бүртгэлийн Ү-2201032702 дугаартай СХД-ийн 20 дугаар хороо Орбит /18171/ 88/2 тоотод байрлалтай 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 128 216 969 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаарай СХД-ийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 1295/21 тоотод байрлах 344 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 258 825 230 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороололд орших 12:6:3 хэмжээтэй дөрвөн автомашиины гражийн барилга 72 м.кв талбайтай автомашины граж, газрын хамт 29 192 934 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаартай БГД-ийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 47 м.кв 4 өрөө орон сууцыг 99 461 900 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Барьцаа хөрөнгийг дээрх байдлаар үнэлсэн үнэлгээг манай компани болон надад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, дээрх үнэлгээний 70 хувиар тооцож, анхны дуудлага худалдаанд оруулах тухай 3/16711 дугаартай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч А.Алимаа танилцуулсан. Миний бие болон манай компани дээрх үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Үнэлгээг бодитоор хийгээгүй. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК хөрөнгийг үнэлгээг бодитоор хийгээгүй манай компанийн зүгээс ердөө cap гаруй хугацааны өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт эстимэйт” ХХК-ийн компаниар дээрх газар, үйлдвэрийн барилга, дуусаагүй барилга, харуулын байр, худгийн байр, гараж, блокон хашаа, трансформатар, орон сууц, автомашины граж зэрэг хөрөнгүүдийг 2 047 321 400 төгрөгөөр үнэлж байсан. Гэтэл “Ашид билгүүн” ХХК нь ердөө cap гаруйхны дараа үнэлэхдээ 641 гаруй сая төгрөгийн зөрүүтэй, үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэх нэг бодит шалтгаан болж байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээгээр 760 м.кв 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 200 000 000 төгрөгөөр, 47 м.кв орон сууцыг 150 000 000 төгрөгөөр, автомашины гражийг 20 000 000 төгрөгөөр 344 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 300 000 000 төгрөгөөр үнэлж байсан зэрэгтэй харьцуулбал “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлсэн   

                                                                                                                                 хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур, төлбөрийн үнийн дүнтэй дүйцүүлэх гэсэн зохиомол үнэлгээ болох нь илэрхий гэж үзэж байна. Иймд барьцаа хөрөнгүүдийг нийт 1 405 894 062 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг үндэслэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Бны тасгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний 3/16711, 3/16712 дугаартай мэдэгдпүүдэд заасан эд хөрөнгийн анхны дууддага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ажиллагаа явагдаж “Ашид билгүүн” ХХК-аас манай компанийн хөрөнгийг илт зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээ бодитой хийгдээгүйд гомдолтой байгаа. Үнэлгээг “Ашид билгүүн” ХХК нэг сар гаруй хугацааны зайтай тухайн үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид өгөхтэй холбоотой зорилгоор “Итгэлт эстимэйт” ХХК-аар үнэлүүлэхэд хоёр үнэлгээний компани 641 000 000 төгрөгийн зөрүүтэй үнэлгээ хийгдсэн. Барьцааны гэрээг байгуулж байх үед барьцааны хөрөнгүүдийн үнэлгээг талууд хоорондоо тохиролцсон. Гэтэл “Ашид билгүүн” ХХК уг үнээс ч доогуур үнэлгээг гаргасан. Нэхэмжлэгч нь 2011 онд анх 1,9 тэрбум төгрөгийн зээл авч байсан. Банк, Банк бус санхүүгийн байгууллагууд хөрөнгөнөөс давсан зээлийг хэзээ ч өгдөггүй. Харин үнэлгээнд тохирсон зээлийг өгдөг. Нийгэмд Банк, Банк бус санхүүгийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эрх мэдлээ далайлгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилдог үнэлгээний компаниуд нийтлэг байдлаар иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгийг илтэд үнэгүйдүүлж байна. Нэг сар гаруй хугацааны зайтай адилхан тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар үнэлгээ гаргахад маш их зөрүүтэй гарсан. Ямар аргачлалаар баримталж зөрүүтэй үнэлгээ гаргасан юм. Зөрүүтэй үнэлгээ гарсан байхад иргэн, аж ахуйн нэгж яаж төлбөрөө төлөх юм. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах юм бол нэхэмжлэгч нь маш их хэмжээний өртэй үлдэх гээд байгаа юм. Хөрөнгө нь адилхан байхад хоёр компани өөр өөр үнэлгээ гаргасан байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базарсад, Д.Оралсын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1384 дүгээр шийдвэрээр “Т” ХХК-аас 1 380 497 189 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан нэр бүхий үл хөдлөх хөрөнгөнүүдийг битүүмжлэн хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг зохион байгуулсан. Талууд албадан дуудлага худалдаанд оруулах үнийг харилцан тохиролцоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг танилцуулж шинжилгээ хийлгэсэн. Шинжээчийн хийсэн дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу процессын ажиллагаа явуулж Ашид билгүүн ХХК-аар үнэлгээг тогтоолгосон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатар, С.Норолхоожав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1384 дүгээр шийдвэрээр “Т” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 373 471 880 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 7 025 309 төгрөгийг “Капитрон банк” ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гүйцэтгэх хуудас өгсөн. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба хуулийн дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, хоёр тал үнийн санал дээр тохиролцох юм бол үнийн саналаа өгөөрэй гэсэн хүсэлтийг явуулсан ч үнийн санал дээр тохиролцоогүй учраас “Ашид билгүүн” ХХК-ийг хуулийн дагуу томилсон гэж үзэж байгаа гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК, Д.Ж нарын Бнд холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... “Ашид билгүүн” ХХК-ий хийсэн үнэлгээ нь зээлдэгч, зээлдүүлэгч нарын анх зээл авахдаа барьцаа хөрөнгийг харилцан тохиролцож үнэлж байсан үнэлгээ, мөн ижил чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн үнэлгээ хийдэг “Итгэлт истимэйт” ХХК-ийн нэг сарын өмнө хийсэн үнэлгээнээс илтэд бага буюу 641 000 000 төгрөгийн зөрүүтэй үнэлсэн. Нөгөө талаар зээлдэгч, төлбөр төлөгчид илтэд хохиролтой үнэлгээ хийгдсэнийг харьцуулсан холбогдох нотлох баримтууд хангалттай авагдсан байхад хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлэн судлалгүйгээр илтэд багаар үнэлсэн үнэлгээг үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Банк, банк бус санхүүгийн байгууллага зээл олгохдоо хэзээ ч зээлж буй үнийн дүнд хүрэхгүй үнэлгээтэй хөрөнгө барьцаалдаггүй, тухайн барьцаа хөрөнгийн үнэлгээний 50-70 хувьд зээл олгодог гэдгийг хүн бүр мэднэ. Үнэлгээний компаниуд Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон, хөрөнгийн эзэн хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран тухайн хөрөнгийн шинж байдал, өртөг, зах зээлийн үнэлгээ, үр өгөөж, ашиг тус, цаг хугацаа өнгөрөх тусам үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсөх зэрэг олон үзүүлэлтүүдийг харгалзан үзэж үнэлгээ хийдэг хууль, журам, аргачлал, заавартай гэж ойлгож байгаа. Гэтэл анхан шатны шүүх энэ бүх үндэслэл нөхцөл байдал, баримтуудыг үнэлж үзсэнгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн Шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/16711, 3/13712 дугаартай мэдэгдлүүдэд заасан эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд санал болгохоор тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ий хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК, Д.Ж нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр тайлбар гаргасан байна. /1хх.1-3, 56-57/

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч  “Т” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 373 471 880.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх.61-68/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 19280888/05, 19280888/17 тоот, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19280888/09, 19280888/0, 19280888/11 тоот тогтоолуудаар Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 байрны 10 тоот хаягт байршилтай, 47 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн өдрийн 19280888/17 дугаар тогтоолоор Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороололд орших 12x6x3 хэмжээтэй 4 автомашины гаражийн барилгыг, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 1295/21 тоот хаягт байршилтай, 344 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Орбит /18171/, 88/2 тоот хаягт байршилтай, 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай дуусаагүй барилга, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, 12 000 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх зэргийг тус тус битүүмжлэн хураасан байна. /1хх.92-93, 100-102/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрвээ тохиролцоогүй бол үнэлгээчийн тогтоосон үнээр шийдвэрлэх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцаа хөрөнгүүдийн үнэлгээнд тохиролцоогүй учир үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Т” ХХК-ийн захирал Д.Ж, “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нар санал гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцжээ. /1хх.128-133/

            Шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлангаар газрын үнэлгээ 908 466 858 төгрөг, үйлдвэрийн барилга 258 825 230 төгрөг, үйлдвэрийн барилга /дуусаагүй/ 128 216 969 төгрөг, манаачийн байр 5 438 102 төгрөг, гүний худгийн байр 2 597 970 төгрөг, автомашины гарааш 29 192 934 төгрөг, хашаа 48 006 000 төгрөг, өндөр хүчдэлийн трансформатор 25 150 000 төгрөг, нийт үнэлгээний 1 405 894 062 төгрөгөөр үнэлсэн. /1хх.136-143/

            Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах гомдлын үндэслэлээ “...”Ашид билгүүн” ХХК-ийн хийсэн үнэлгээ анх зээл авахдаа барьцаа хөрөнгийг харилцан тохиролцож үнэлж байсан үнэлгээнээс, мөн ижил чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөлтэй “Итгэл истемэйт” ХХК-ийн хийсэн үнэлгээнээс илтэд бага буюу 641 000 000 төгрөгийн зөрүүтэй” гэж тайлбарлажээ.

            Хэрэгт нэхэмжлэгч талаас нотлох баримтаар “Итгэл-Эстимэйт” ХХК-ийн тайлан гаргасан байх бөгөөд уг тайланд “төмөр замын орон сууц” гэсэн нэршилтэйгээр 99 461 900 төгрөгөөр үнэлэгдсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 байрны 10 тоот хаягт байршилтай, 47 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн “орон сууц сансар” гэсэн нэршилтэйгээр 105 472 200 төгрөгөөр  үнэлэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 21 байрны 43 тоот хаягт байршилтай 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцнууд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланд орж үнэлэгдээгүй, түүнчлэн анхан шатны шүүх “Итгэлт эстимэйт” ХХК нь үнэлгээ гаргасан аргачлал, харьцуулсан объект тодорхойгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байх тул дээрх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.