Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00966

 

 

“................ ............”, ...............  нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01952 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2188 дугаар магадлалтай,

“................ ............”, ...............  нарын нэхэмжлэлтэй,

................................................. холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...................., бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.6.18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дүгээр шийдвэрийн дагуу “................ ............” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,343,471,880.66 төгрөг гаргуулж, “................ ............” болон  ...............  нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр авагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж байгаа болно. Уг ажиллагааны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулж улмаар төлбөр авагч барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээр барьцаа хөрөнгийн үнэлгээг “................ ............” ХХК-аар хийлгэсэн байдаг. Тус компанийн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 1,405, 894,062 төгрөгөөр үнэлсэн. ..................-ийн 20 дугаар хороо, гудамж 12000 м.кв талбайтай, эзэмших эрхийн гэрчилгээний 0232264 дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 908,466,858 төгрөг, хашааг 48,006, 000 төгрөг, нийт 956,472,858 төгрөгөөр, гүний худгийн байрыг 2,597,970 төгрөгөөр, өндөр хүчдэлийн трансформаторыг 25,150,000 төгрөгөөр, манаачийн байрыг 5,438,102 төгрөгөөр, эрхийн бүртгэлийн Ү-2201032702 дугаартай ................-ийн 20 дугаар хороо Орбит /18171/ 88/2 тоотод байрлалтай 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 128,216,969 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаартай ........................-ийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 1295/21 тоотод байрлах 344 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 258,825,230 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаартай ........................ дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороололд орших 12:6:3 хэмжээтэй дөрвөн автомашины гражийн барилга 72 м.кв талбайтай автомашины граж, газрын хамт 29,192,934 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаартай ........................ 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 47 м.кв 4 өрөө орон сууцыг 99,461,900 төгрөгөөр тус тус үнэлжээ. Барьцаа хөрөнгийг дээрх байдлаар үнэлсэн үнэлгээг манай компани болон надад 2019.12.12-ны өдөр, дээрх үнэлгээний 70 хувиар тооцож, анхны дуудлага худалдаанд оруулах тухай 3/16711 дугаартай 2019.12.11-ний өдрийн мэдэгдлийг 2019.12.12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч ............ танилцуулсан. Миний бие болон манай компани дээрх үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Үнэлгээг бодитоор хийгээгүй. Хөрөнгийн үнэлгээний “................ ............” ХХК хөрөнгийн үнэлгээг бодитоор хийгээгүй манай компанийн зүгээс ердөө cap гаруй хугацааны өмнө буюу 2019.10.23-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний “................-............”  ХХК-аар дээрх газар, үйлдвэрийн барилга, дуусаагүй барилга, харуулын байр, худгийн байр, граж, блокон хашаа, трансформатор, орон сууц, автомашины граж зэрэг хөрөнгүүдийг 2,047,321,400 төгрөгөөр үнэлж байсан. Гэтэл “................ ............” ХХК нь ердөө cap гаруйхны дараа үнэлэхдээ 641 гаруй сая төгрөгийн зөрүүтэй, үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэх нэг бодит шалтгаан болж байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2014.12.18-ны өдрийн барьцааны гэрээгээр 760 м.кв 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 200,000,000 төгрөгөөр, 47 м.кв орон сууцыг 150,000,000 төгрөгөөр, автомашины гражийг 20,000,000 төгрөгөөр 344 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 300,000,000 төгрөгөөр үнэлж байсан зэрэгтэй харьцуулбал “................ ............” ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур, төлбөрийн үнийн дүнтэй дүйцүүлэх гэсэн зохиомол үнэлгээ болох нь илэрхий гэж үзэж байна. Иймд барьцаа хөрөнгүүдийг нийт 1,405,894,062 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “................ ............” ХХК-ийн үнэлгээг үндэслэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тасгийн даргын 2019.12.11-ний 3/16711, 3/16712 дугаартай мэдэгдлүүдэд заасан эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ажиллагаа явагдаж “................ ............” ХХК-аас манай компанийн хөрөнгийг илт зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээ бодитой хийгдээгүйд гомдолтой байгаа. Үнэлгээг “................ ............” ХХК нэг сар гаруй хугацааны зайтай тухайн үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид өгөхтэй холбоотой зорилгоор “................-............”  ХХК-аар үнэлүүлэхэд хоёр үнэлгээний компани 641,000,000 төгрөгийн зөрүүтэй үнэлгээ хийгдсэн. Барьцааны гэрээг байгуулж байх үед барьцааны хөрөнгүүдийн үнэлгээг талууд хоорондоо тохиролцсон. Гэтэл “................ ............” ХХК уг үнээс ч доогуур үнэлгээг гаргасан. Нэхэмжлэгч нь 2011 онд анх 1,9 тэрбум төгрөгийн зээл авч байсан. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд хөрөнгөнөөс давсан зээлийг хэзээ ч өгдөггүй. Харин үнэлгээнд тохирсон зээлийг өгдөг. Нийгэмд Банк, банк бус санхүүгийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эрх мэдлээ далайлгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилдог үнэлгээний компаниуд нийтлэг байдлаар иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгийг илтэд үнэгүйдүүлж байна. Нэг сар гаруй хугацааны зайтай адилхан тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар үнэлгээ гаргахад маш их зөрүүтэй гарсан. Зөрүүтэй үнэлгээ гарсан байхад иргэн, аж ахуйн нэгж яаж төлбөрөө төлөх юм. “................ ............” ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах юм бол нэхэмжлэгч нь маш их хэмжээний өртэй үлдэх гээд байгаа. Хөрөнгө нь адилхан байхад хоёр компани өөр өөр үнэлгээ гаргасан байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.6.18-ны өдрийн 1384 дүгээр шийдвэрээр “................ ............” ХХК-аас 1,380,497,189 төгрөгийг гаргуулж “..................” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч 2019.7.25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан нэр бүхий үл хөдлөх хөрөнгөнүүдийг битүүмжлэн хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг зохион байгуулсан. Талууд албадан дуудлага худалдаанд оруулах үнийг харилцан тохиролцоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу “................ ............” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг танилцуулж шинжилгээ хийлгэсэн. Шинжээчийн хийсэн дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу процессын ажиллагаа явуулж “................ ............” ХХК-аар үнэлгээг тогтоолгосон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.6.18-ны өдрийн 1384 дүгээр шийдвэрээр “................ ............” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,373,471,880 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 7,025,309 төгрөгийг “..................” ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гүйцэтгэх хуудас өгсөн. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба хуулийн дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, хоёр тал үнийн санал дээр тохиролцох юм бол үнийн саналаа өгөөрэй гэсэн хүсэлтийг явуулсан ч үнийн санал дээр тохиролцоогүй учраас “................ ............” ХХК-ийг хуулийн дагуу томилсон гэж үзэж байгаа гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01952 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч “................ ............”, ...............  нарын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2188 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01952 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ........................-ны  хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.7.29-ний өдрийн 181/ШШ2020/01952 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн 2188 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргаж байна. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж манай “................ ............” ХХК, болон ........................миний Капитал банканд барьцаалсан барьцааны хөрөнгүүдийг шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн байдаг ба “................ ............” ХХК-ийн хийсэн үнэлгээ нь зээлдэгч, зээлдүүлэгч нарын анх зээл авахдаа барьцаа хөрөнгийг харилцан тохиролцож үнэлж байсан үнэлгээ, мөн ижил чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн үнэлгээний “................-............”  ХХК-ийн нэг сарын өмнө хийсэн үнэлгээнээс илтэд бага буюу 641 сая төгрөгийн зөрүүтэй үнэлсэн байхад, нөгөө талаар зээлдэгч, төлбөр төлөгчид илтэд хохиролтой үнэлгээ хийгдсэнийг харьцуулсан холбогдох нотлох баримтууд хангалттай авагдсан байхад хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт шинжлэн судлалгүйгээр илтэд багаар үнэлсэн үнэлгээг үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Банк, банк бус санхүүгийн байгууллага зээл олгохдоо хэзээ ч зээлийн үнийн дүнд хүрэхгүй үнэлгээтэй хөрөнгийг барьцаалдаггүй, тухайн барьцааны хөрөнгийн 50-70 хувьд зээл олгодог гэдгийг хүн бүр мэднэ. Үнэлгээний компаниуд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон, хөрөнгийн эзэн хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран тухайн хөрөнгийн байгаа байдал, өртөг, зах зээлийн үнэлгээ, үр өгөөж, ашиг тус, цаг хугацаа өнгөрөх тусам үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөн нэмэгдэх зэрэг олон үзүүлэлтүүдийг харгалзан үзэж үнэлгээ хийдэг хууль, журам, аргачлал заавартай байх ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэ бүх үндэслэл нөхцөл байдал, нотлох баримтуудыг үнэлж үзсэнгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны 2019.12.11-ний өдрийн 3/16711, 3/16712 дугаартай мэдэгдлүүдэд заасан эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд санал болгохоор тогтоосон “................ ............” ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, хариуцагч хуульд заасан журмын дагуу “................ ............” ХХК-ийг шинжээчээр томилсон, тус компани нь үнэлгээ хийхдээ хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгсөн “................-............”  ХХК-ийн тайланд орсон зарим үл хөдлөх хөрөнгө нь маргаан үнэлгээнд хамрагдаагүй, мөн тус компанийн үнэлгээ хийсэн аргачлал, харьцуулсан обьект нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд, “нэг сарын өмнө хийсэн үнэлгээнээс илтэд бага буюу 641 сая төгрөгийн зөрүүтэй байхад, нөгөө талаар зээлдэгч, төлбөр төлөгчид илтэд хохиролтой үнэлгээ хийгдсэнийг харьцуулсан холбогдох нотлох баримт хангалттай авагдсан байхад шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт шинжлэн судлаагүй, банк, банк бус санхүүгийн байгууллага зээл олгохдоо хэзээ ч зээлийн үнийн дүнд хүрэхгүй үнэлгээтэй хөрөнгийг барьцаалдаггүй, үнэлгээний компаниуд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон, хөрөнгийн эзэн хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран тухайн хөрөнгийг бодитойгоор үнэлдэг...” гэх гомдол нь шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчилж, нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01952 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2188 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.СОНИНБАЯР

              ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                   Б.УНДРАХ