Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 02265

 

А.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02676 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч А.Н, хариуцагч “Н” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-иас 25 575 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: А.Н нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орон сууцны хөрөнгө оруулалтын байгуулж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 90 /а/ байрны 12 давхарын 150 тоот 2 өрөө 36,8 мкв байрыг захиалан, худалдах худалдан авахаар тохирсон. “Сибкабель Энержи” ХХК-иас “Н” ХХК-д 2014 онд цахилгааны кабель нийлүүлж байсан. Тухайн үед А.Нийн мөнгөөр кабель авсан байдаг. Энэ талаар нотлох баримтаар зарлагын падаан ирүүлсэн ба А.Нийн 36 800 000 төгрөг тушаасан баримт бөгөөд тухайн үеийн “Н” ХХК-ийн удирдлагуудын заавраар хийгдсэн тооцооны баримт юм. Иймд гэрээний дагуу 36 800 000 төгрөгийг хугацаанд нь 100% төлж барагдуулсан гэж тооцон 2015 оны 5 сард байрандаа нүүж орсон. Ямар нэгэн айлтай давхцаагүй тус байранд 5 жил гаруй хугацаанд амьдарч байна. Байрны гэрчилгээ гаргуулах гэсэн боловч бусад айлууд гэрээний давхцалтай маргаантай гэсэн шалтгаанаар хойшлуулсаар өдийг хүрсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 90 /а/ байрны 12 давхарын 150 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Нийг тогтоож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, А.Н нь гэрээний дагуу “Н” ХХК-тай орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1 000 000 төгрөгөөр тооцож нийт 36.8 м квадрат байрны төлбөр болох 36 800 000 төгрөгийг 100% төлсөн тул тухайн үеийн удирдлагууд батламж өгсөн. “Сибкабель Энержи” ХХК-иас “Н” ХХК-д 2014 онд цахилгааны кабель авч байсан. Харин 2016 онд 11 000 000 төгрөг болон 179 000 төгрөгийн 2 баримт нь дээрх гэрээнээс тусдаа сүүлд 2018 оны үед хийгдсэн “Н” ХХК болон СХД-ийн ЗДТГ оршин суугч нарын хооронд хийгдсэн гурвалсан гэрээний дагуу 1 м.кв-ын үнэ дээр 350 000 төгрөг нэмж тооцоход төлөх байрны зөрүү юм. Энэ талаар “Н” ХХК-ийн захирал Б.Тамир өөрөө сайн мэдэж байгаа бөгөөд “Сибкабель Энержи” ХХК-ны менежер гэрч Б.Содномжамцын хамт Б.Тамиртай уулзахад А.Нийн байрны төлбөр 100% хийгдсэнийг хүлээн зөвшөөрч манай төлөөлөгчтэй уулзаад шүүх дээр эвлэрлийн гэрээ хийхэд болно гэж хэлсэн. Гэтэл “Н” ХХК-н төлөөлөгч Б.Буянжаргал нь энэ байдлыг ойлгохгүй сөрөг нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: А.Н нь “Н” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 150 тоот 2 өрөө 36.8 м.кв байрны үнэ болох 36 800 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй. Компанийн өмнөх захирал н.Баяржаргалыг амьд байхад өгсөн гэдэг боловч баримтаар нотлогдохгүй байна. Хэрэгт ирүүлсэн 5 ширхэг баримт нь манай байгууллагын хүлээн авсан гарын үсэг тамга тэмдэггүй хуурамч нотлох баримт байна. Дээрх баримтаас 2016 оны 3 дугаар сарын 09-ний 11 050 000 төгрөгийн болон 2016 оны 3 дугаар сарын 11-ний 174 200 төгрөгийн баримтанд борлуулалтын менежер байсан н.Сарнай гарын үсэг зурсан байх тул хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 34 440 000 төгрөг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5 500 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 36 830 000 гэсэн баримтууд гарын үсэг тамга тэмдэггүй хуурамч баримт байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Нтэй 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 150 дугаартай орон сууц хөрөнгө оруулалтын гэрээний 3.2-т гэрээний 4.1-т заасан төлбөрийг захиалагч нь гүйцэтгэгчид бүрэн төлж гүйцэтгэгчийн шаардлага хангасан тохиолдолд уг орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, мөн гэрээний 5.2-т зөрүү төлбөр нэг сараас дээш хоног саатуулсан тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээг дангаараа цуцалж, захиалсан байрыг борлуулах ба энэ тохиолдолд гүйцэтгэгч нь өөрийн ажиллагаанд захиалагчийн саад учруулсан гэж үзэх ба захиалагчийн төлсөн зөрүү төлбөрийг 10%-г суутгаж авна гэж тус тус заасан байдаг ба тухайн гэрээг хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 208.3 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ. Иймд 2016 онд 11 224 000 төгрөг төлсөн гэж тооцон үлдэгдэл 25 575 800 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргуулж өгнө үү, бидний хооронд байрны үнэ нэмэгдсэн талаар яриа болоогүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.2-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол, 90А байрны 150 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр А.Нийг тогтоож, А.Нээс 25 585 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Н” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж /36 830 000 төгрөгт/ улсын тэмдэгтийн хураамж 393 960 төгрөг төлөх тул түүний дутуу төлсөн 273 760 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулах, хариуцагч “Н” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 393 960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нт олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 285 829 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс 285 829 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр  хороо 21-р хороолол 90А байрны 150 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Нийг тогтоож шийдвэрлэсэн боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж А.Нээс 25 585 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч А.Н нь 2014 оны 10 дугаар сарын 27-нд “Н” ХХК-тай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцны үнэ 36 800 000 төгрөгийг тухайн үедээ 100% /бартераар/ бүрэн төлж барагдуулан 2015 онд байрандаа ороод одоог хүртэл амьдарч байна. Гэрээний 1.3-т барилга ашиглалтад орж хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болно гэж заасан бөгөөд гэрээний 2.2-т захиалагч гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу орон сууцны үнийг 100% бүрэн төлж барагдуулсан, энэ тухай “Н” ХХК-аас байрны төлбөр 100% төлсөн гэсэн “БАТЛАМЖ” бичиж өгсөн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, аудит дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогддог. Байрны мөнгөө 100% төлсөн хүнд “БАТЛАМЖ” өгдөг.” Гэрч Содномжамцын мэдүүлэг  мөн “Н” ХХК-ны барилга дзр 2014 онд цахилгааны инжерзэр ажиллаж байсан Ч.Дуламсүрэнгийн тайлбар, аудитын дүгнэлт зэрэг баримтаар А.Н нь байрны төлбөр 36 800 000 төгрөг 100% төлсөн үлдэгдэл төлбөр байхгүй болох нь нотлогддог. Анхан шатны шүүх “орон сууцны төлбөл зохих үнийн дүнгээс хэтрүүлсэн баримтуудыг хэрэгт ирүүлсэн ба тэрээр дээрх баримтуудын талаар 2018 оны үед хийгдсэн “Н” ХХК СХДЗДТГ, оршин суугч нарын хооронд хийгдсэн гурвалсан гэрээгээр 1 м.кв үнэ дээр 350 000 төгрөг нэмж тооцохоор төлөх үнийн зөрүү юм гэх” тайлбарыг хэрэгт хамааралгүй гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтууд нь “Сиб кабель” ХХК-ний зарлагын 4 ширхэг падаан бөгөөд эдгээр баримтуудаас 2014 онд буюу талийгаач захирал н.Баяржаргалын зээлээр авч хэрэглэсэн байсан кабель утсыг үгүйсгэж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байгаа. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оноос хойш байрныхаа ордерыг гаргуулахаар хандсан боловч “Н” ХХК-ны буруутай үйл ажиллагааны улмаас хойшлогдсоор өдийг хүрсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гэрч Билгүүнийг асуулгах хүсэлтийг хангаагүй, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байдаг. Гэрч н.Билгүүн бол “Н" ХХК-д инженерээр ажиллаж байсан. 2014 онд Сибкабелаас кабель утас авахад нь очиж авч байсан гол гэрч юм. Хариуцагч талаас үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 25 500 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 90 /а/ байрны 150 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны үлдэгдэл төлбөр 25 575 800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид орон сууц худалдах-худалдан авах гэрээний үнийг бүрэн төлсөн эсэх талаар маргаж, шүүхэд бичгийн нотлох баримтуудыг ирүүлж, нэр бүхий гэрчүүдийг асуулгасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газар хэрэг бүртгэлийн 20162601127 дугаартай хэргээс “...2016 оны “Эм Жи Эм Ди” ХХК-ийн аудитын шалгалтын материалаас А.Нийн төлбөртэй холбоотой хэсгийг” нотлох баримтаар гаргуулжээ. /хх.86-89/

Уг аудитын байгууллагын дүгнэлтэд “...А.Н өр төлбөр 100% барагдуулсан” талаар бичигджээ. Уг нотлох баримттай талууд шүүх хуралдаан болох өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр танилцсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан. Иймд шүүх хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцаж, тайлбар өгөх мэтгэлцэх эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Иймд талууд хүснэгтэд байгаа үндэслэлийн талаар мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, шүүх талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан зохицуулалтыг бус үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох, эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжихтэй холбоотой зохицуулалтыг баримталж шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон байна. Ийм учраас мөн хууль буруу хэрэглэсэн эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж байна. Хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээний дагуу нэг тал үүргээ гүйцэтгэж дууссан эсэх гэдэг нөхцөл байдалд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээн хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.