Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01167

 

 

 

 2022          11           29                                          001/ХТ2022/01167

 

 

А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02676 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2265 дугаар магадлалтай,                                                                                                                                   

А ийн нэхэмжлэлтэй

“Н ” ХХК-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл,

25,575,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг        

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А  нь хариуцагч “Н ” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 25,575,800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02676 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол, 90А байрны 150 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр А ийг тогтоож, А ээс 25,585,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Н ” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж /36,830,000 төгрөгт/ улсын тэмдэгтийн хураамж 393,960 төгрөг төлөх тул түүний дутуу төлсөн 273,760 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулах, хариуцагч “Н ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 393,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А т олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28,582,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс 28,582,900 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2265 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.03-ны өдрийн 184/ШШ2020/02676 дугаар шийдвэрийн зарим хэсэг буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж А ээс 25,585,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан. Гэтэл нэхэмжлэгч А  нь 2014.10.27-ны өдөр СХД 19-р хороо 21-р хороолол 90а байрны 150 тоот 2 өрөө орон сууцыг м.кв-ийг 1,000,000 төгрөгөөр бодож “Н ” ХХК-тай Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба гэрээнд заасан орон сууцны үнийг бүрэн төлөхгүйгээр тухайн орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн орон сууцанд амьдарч байх хугацаандаа 2016.01.08-нд 174,200 төгрөг, 2016.03.08-нд 11,050,000 төгрөг буюу нийт 11,224,200 төгрөгийн үнэ бүхий кабелийн утас өгсөн ба үлдэгдэл 25,585,000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй болно. Хариуцагчийн зүгээс орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан гээд 2014.11.10-ны өдөр бичсэн орлогын ордер тасалбар 36,830,000 төгрөгийн баримт 2014.12.20-нд бичсэн 5,500,000 төгрөгийн баримт, 2015.01.07-нд бичсэн 34,440,000 төгрөгийн баримт, 2016.01.08-ны өдөр бичсэн 174,200 төгрөгийн баримт, 2016.03.08-ны өдрийн 11,050,000 төгрөгийн баримтуудыг тус тус хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлдэг ба үүнийг үндэслээд мөнгөө 100 хувь төлсөн учир батламж аваад 100 хувь төлсөн айлуудыг байранд оруулсан гэж тайлбарладаг боловч Батламжийн ар талд 2014.11.13-ны өдөр үнийн дүнгийн 35%-12,890,500 төгрөг, 55% болох 20,256,500 төгрөг, 10% болох З,676,000 төгрөгийн төлбөрийг нэг өдөр тус тус төлсөн гэж бичсэн байдаг. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн А , С  нарын мэдүүлгээр кабелийн утсыг 2014 онд нэг удаа очоод бөөнөөр нь авчихсан мэтээр ярьж байгаа нь үнэнтэй нийцэхгүй төдийгүй нотлох баримтаас зөрж байна. Мөн нотлох баримтаар хавсаргасан 2014, 2015 онуудын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй зөвхөн өөрсдийнхөө тамгыг дараад гарын үсэг зурсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ба хурлын үеэр гэрч С  мэдүүлэхдээ “Сиб кабель” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, одоо санхүүгээс холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй гэж мэдүүлсэн нь эдгээр хүмүүс байрны төлбөрийг төлөхгүй үгсэн хуйвалдаж байгаа нь харагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр байрны үнэ өсгөсөн талаар болон орон сууцны өмчлөлийн талаар огт маргаагүй байхад удаа дараа байрны үнэ өссөн болохоор их кабелийн утас өгсөн юм гэж тайлбарлаж байгаа нь нотлох баримтаар хавсаргасан илүү олон баримтыг хаацайлах гэсэн үйлдэл гэж харж байна. Мөн А  гэрчийн мэдүүлэгтээ борлуулалтын менежер хийж байсан гэх боловч тэр нь мөн л худал мэдүүлсэн буюу борлуулалтын менежер биш хүний нөөцөөр ажиллаж байсан хүн байдаг ба одоогоор “Н ” ХХК-ийн захирлаас би танай байгууллагад ажиллаж байсан болохоор байр авах ёстой аав чинь өгнө гэсэн гээд маргаж явдаг хувийн ашиг сонирхол бүхий хүн байдаг.

Дараагийн гэрч болох С  нь 2014 онд манай компанид кабель нийлүүлж байсан гэх боловч тэр талаар баримт хэрэгт огт авагдаагүй байдаг төдийгүй үүнтэй холбоотой баримт байхгүй гэдгээ мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байдаг. “Н ” ХХК-ийн инженерээр ажиллаж байсан Ч  гэж хүний тайлбар гэх бичиг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан боловч тухайн бичигт ямар нэгэн тамга тэмдэг нотариатаар батлуулсан зүйл байдаггүй. Энэ талаар шүүх хурлын үеэр тайлбар авахад итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганбат өөрөө тодорхой хариулт өгөөгүй буюу гэрчээр оролцуулахаас татгалзсан болно. Дээрх үйлдлүүд буюу бараа материал хүлээлгэн өгсөн гарын үсэггүй, тамга тэмдэггүй зарлагын падаан, тамга тэмдэг баталгаагүй бичиг цаас, үнийн дүн он сарын зөрүүтэй батламж, мөнгөний баримт зэрэг хуурамч нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт удаа дараа гаргаж байгаа нь өөрөө шүүхийг үл хүндэлж байгаа асуудал төдийгүй ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг /хуульд заасан арга хэрэгслээр олж авсан/, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус зөрчиж байна. Харин шүүгч түүнийг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд үнэлсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурлын үеэр болон гэрчүүдийг асуух үеэр өөртөө ашигтай мэдээллийг хүчээр авах гэсэн үйлдлүүд нэг биш удаа харагдаж байсан нь хурлын бичлэгээс харахад нотлогдох болно. Төлбөрөө 100 хувь төлсөн айлуудыг байранд оруулсан гэж маргадаг нь үндэслэлгүй ба одоо ч байрны мөнгөө төлж дуусгаагүй айлууд нэлээдгүй байгаа. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Эрүүгийн хэргийн материалаас “Н ” ХХК-ийн санхүүд аудитын шалгалт оруулсан дүгнэлтээс А т холбогдох хэсгийг татаж шалгуулсан ч А  бартераар гэсэн бичиг байгаа нь анх гэрээ хийхдээ төлбөрийг бартераар төлнө гэж тохиролцоод 2016 онд 11,224,200 төгрөгийг кабелийн утсаар төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлсөн буюу бартерийн бараа нь “Н ” ХХК-д хөрөнгө орлого болж бүртгэгдсэн зүйл нотлогдохгүй байна. Мөн “Н ” ХХК-д дотоод худалдан авалт хариуцсан менежер Б.Тулгыг гэрчээр оролцуулахад худалдан авалтын хугацаанд 2014, 2015 онд кабелийн утсаа “Улаанбаатар менежмент” ХХК-аас авч байсан. Санхүүгээс мөнгө цохуулж аваад худалдаж аваад ирдэг байсан “Сиб кабель” ХХК-ийг мэдэхгүй гэж мэдүүлсэн. Энэ нь С , А  нарын гэрчийн мэдүүлэг болон бусад төлбөрийн баримт, батламж, тайлбар зэрэг нь бодит үнэнд нийцэхгүй ИХШХШТХ-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулсан төдийгүй талуудаас гаргасан хүсэлтийг тухай бүр хангаж шийдсэнээс хурал удаа дараа хойшилж байсан. Энэ хугацаанд 2020.08.06-ны хурлаар талуудын хүсэлтийн дагуу дугаар бүхий эрүүгийн хэргээс Наранчимэгт холбогдох аудитын дүгнэлтийг гаргуулахаар хурал хойшилсон байдаг ба шүүгчээс хүсэлтээ бичгээр бичиж өгөхийг шаардсан байдаг. Гэтэл хурлын үеэр Билгүүн гэж хүнийг гэрчээр оруулах асуудлыг хөндөж тавиагүй байсан атлаа хурлын дараа хүсэлтээ өгөхдөө Билгүүнийг гэрчээр оруулах талаар хүсэлтдээ нэмж бичсэн байна. Энэ нь 2020.08.06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Энэхүү хэрэг маргааныг Давж заалдах шатны шүүхээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдаан болох өдөр буюу 2020.09.03-ны өдөр танилцуулсан, түүнчлэн шүүх талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан зохицуулалтыг бус үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох, эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжихтэй холбоотой зохицуулалтыг баримталж шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон байна гэжээ.

Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа СХД-ийн 19-р хороо 21-р хороолол Үйлдвэрчний эвлэлийн гудамж 90а байрны 12 давхрын 150 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А ийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг. Анхан шатны шүүх шийдвэртээ хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслээд орон сууц захиалгын гэрээ болон орон сууцыг бодитой эзэмшиж байгаа талаар огт маргаагүйг дурдсан байдаг. Харин орон сууцны үнэ болох 36.8 сая төгрөгийн бүрэн төлсөн эсэх дээр маргаж нотлох баримтаар А  нь 11,224,200 төгрөг төлсөн нь тогтоогдсон байдаг. Харин сөрөг нэхэмжлэлийн хүрээнд төлөгдөөгүй үлдсэн 25,575,800 төгрөгийг А ээс гаргуулж “Н ” ХХК-д олгуулахаар шийдсэн. Мөн нэхэмжлэгч А ийн нэхэмжлэлийн дагуу түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Энэхүү шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн үндэслэл бүхий шийдвэр буюу шүүгч нотлох баримтын шаардлага хангасан баримтыг өөрийн дотоод итгэлийн хүрээнд үнэлж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад СБД-ийн прокурорын газар хэрэг бүртгэлийн 20162601127 дугаартай хэргээс “... 2016 оны “Эм Жи Ди” ХХК-ийн аудитын шалгалтын материалаас А ийн төлбөртэй холбоотой хэсгийг” нотлох баримтаар гаргуулсан. Энэхүү нотлох баримтаар А  нь 100 хувийн бартер хийхээр тохирсон нь харагддаг боловч бартерийн зүйлээ “Н ” ХХК-ийн хөрөнгө болгон оруулсан ямар нэгэн баримт огт тогтоогддоггүй. Давж заалдах шатны шүүхээс дээрх баримттай шүүх хуралдаан болдог өдөр буюу 2020.09.30-ны өдөр танилцуулсан нь талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй байна гэж үзжээ. Гэтэл энэхүү нотлох баримт шүүхэд 2020.08.26-ны өдөр ирсэн байдаг ба ирснээс нь хойш талуудыг нотлох баримттай танилцах талаар шүүгчийн туслах удаа дараа утсаар мэдэгдэж байсан. Миний тухайд холоос очдог учир хуралд орохоос хэдэн цагийн өмнө очиж танилцах талаар хэлсэн байсан ба талууд өмнө нь танилцах хугацаа хангалттай байхад танилцаагүй нь процессын алдаа биш гэж үзэж байна. Мөн ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.1.1-д заасны дагуу шүүх хуралдаанд орохоос өмнө хэргийн материал, нотлох баримттай танилцах, нотлох баримт гаргаж өгөх, тайлбар, татгалзлаа гаргаж өгөх эрхээ эдэлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат гарын үсэг зурснаар тогтоогдож байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгч шүүхэд гаргаж өгөх нэмэлт нотлох баримт, хүсэлт байгаа талаар талуудаас асуухад талууд хүсэлт болон нотлох баримт байхгүй гэсэн байдаг. Энэ нь 2020.09.03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд, шүүх хуралдаан дэгийн дагуу явагдсан буюу тухайн хэрэгт авагдсан бүхий л нотлох баримт аудитын дүгнэлттэй холбоотой тайлбар, татгалзлаа хурал дээр гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгасан байдаг тул хангалттай мэтгэлцэх боломжоор хангасан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А  нь байрны үнийг бүрэн төлж дууссанаар өмчлөх эрх шилжих ёстой учир анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нь нотлох баримт, талуудын мэдүүлэг тайлбар зэргээр бүрэн нотлогдож байна гэж үзэж байна. Тиймээс ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасанчлан шүүх хуралдаанд оролцогчдын хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн байдал тогтоогдохгүй, мөн гомдлын хүрээнд хэргийг хянаж үзээгүй буюу сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хянуулахаар гомдол гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй шалтгаанаар бүхэлд нь хүчингүй болгосон байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч А  нь хариуцагч “Н ” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 90/а/ байрны 150 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны үлдэгдэл төлбөр 25,575,800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

7. Анхан шатны шүүх үндсэн  болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2014.10.27-ны өдөр талууд “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан ба гэрээ цуцлагдаагүй, нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг 2015 оны 5 сараас хойш бодитой эзэмшиж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин нэхэмжлэгч нь “...орон сууцны үнэ болох 36,800,000  төгрөгийг бүрэн төлсөн тул өмчлөх эрх үүссэн” гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг “... төлбөрийн зөрүү 25,575,800 төгрөгийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

9. Давж заалдах шатны шүүх “... хэрэгт авагдсан ... аудитын байгууллагын дүгнэлттэй талууд шүүх хуралдаан болох өдөр танилцсан, ...шүүх хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцаж, тайлбар өгөх мэтгэлцэх эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, талууд дээрх баримтын талаар мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх бүрэн хэрэгжээгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

10. Түүнчлэн талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг тодорхойлох үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2265 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                           

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                        Д.ЦОЛМОН