Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02052

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01923 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э-” ХХК-д холбогдох

 

Ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.С-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн ёс зүйн хороо нь сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг тус тус зөрчиж хууль бус дүгнэлт үйлдэн шийдвэр гаргасан. Компанийн ёс зүйн хороо нь 2020 оны 3 сарын 19-ний өдөр бизнесийн стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөний гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцэн, холбогдох дүгнэлтийг гарган надад гардуулснаар эрх зүйн үр дагавар үүсч, миний бие уг дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэхдээ гүйцэтгэх захирлын 2013 оны 6 сарын 24-ний өдрийн 62 тоот тушаалаар батлагдсан ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг баримтлан шийдвэр гаргана. Гэтэл уг журмын 2.10.2-т “гомдол мэдээлэлд холбогдох ажилтан болон түүний харъяалах эрх бүхий албан тушаалтан, гомдол мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах гэснийг зөрчин, надад огт мэдэгдээгүйн дээр аливаа хэлбэрээр тайлбар аваагүй, зөвхөн нэг талын гаргасан гомдолд үндэслэн дүгнэлт гаргасан. Э.Дөлгөөн дэд захирлын гомдол нь сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журамд хамаарахгүй буюу гүтгэсэн доромжилсон тухай гомдол байх тул уг гомдлыг хууль тогтоомжид зааснаар цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэх байсан хэдий ч компанийн ёс зүйн хороо нь ёс зүйн журмаас гадуур асуудлаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн нь журмын 1.1-т заасныг зөрчсөн. Иймд “Э-” ХХК-ийн ёс зүйн хорооны дүгнэлт нь сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмыг зөрчсөн болохыг тогтоож, ёс зүйн хорооны 2020 оны 3 сарын 19-ний өдрийн 20/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 104 дүгээр тогтоолоор “Э-” ХХК-ийн дүрмийг баталсан бөгөөд уг дүрмийн 9.7.4-т гүйцэтгэх захирал компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмыг батлан мөрдүүлж байхаар зохицуулсан байдаг. Энэ хүрээнд гүйцэтгэх захирлаас компанийн хөдөлмөрийн дотоод журам, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг тус тус батлан мөрдүүлж байна. Эдгээр журмууд нь компанийн нийт ажилтан, албан хаагчдыг ажлын байрандаа ёс зүйтэй байж, бусдын хууль ёсны эрх ашгийг дээдлэн хүндэтгэх, ажилдаа хариуцлагатай хандах, мөн харицлага алдаж зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах зэрэг компанийн дотогш чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулсан байдаг. Ёс зүйн хороо нь ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 3.1-д заасны дагуу бизнес стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөний гаргасан хууль, эрх зүйн газрын захирал Б.С-тай холбогдох гомдлыг хүлээн авч журмын дагуу шийдвэрлэн дүгнэлт гаргасан. “Э-” ХХК-ийн ёс зүйн хороо нь сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмын 5.1, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.10.4, 2.10.5, 3.1-д тус тус заасны дагуу ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй. Харин энэхүү дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасан хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомж зөрчсөн гэсэн заалтын агуулгад хамаарах эрх зүйн баримт бичиг биш байна. “Э-” ХХК-ийн ёс зүйн хороо нь компанийн ажилтан, албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоож зөвхөн дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд харин тухайн зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах эрх зөвхөн гүйцэтгэх захиралд байдаг. Ёс зүйн хороо 2020 оны 3 сарын 19-ний өдрийн 20/01 тоот дүгнэлтээр хууль, эрх зүйн газрын захирал Б.С-г ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гаргасан боловч гүйцэтгэх захирал уг зөрчилд ямар нэг сахилгын шийтгэл оногдуулаагүй байх тул нэхэмжлэгч Б.С-гийн Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдөөгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрлүүдийг зааж өгсөн байх ба компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулсан журамтай холбоотой асуудлыг тэр дундаа ёс зүйн хорооны дүгнэлтийг ёс зүйн хорооны журамд нийцсэн эсэх асуудал нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш байна. Компанийн гүйцэтгэх захирал ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлтийг үндэслээд сахилгын шийтгэл одоог хүртэл ногдуулаагүй учраас өмгөөлөгчийн ярьж байгаа сахилгын шийтгэл давтан гаргасан гэдэг үндэслэлээр дахин Б.С-гийн хөдөлмөрлөх эрхэд халдах нөхцөл үүсэхгүй байх гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулсныг мэдсэнээс хойш сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэлгүйгээр тооцно гэсэн заалт байгаа. Ёс зүйн журмын дагуу шийдвэрлэсэн асуудал учир шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э-” ХХК-ийн ёс зүйн хорооны 2020 оны 3 сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлт нь сахилгын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмыг зөрчсөн болохыг тогтоож, ёс зүйн хорооны 2020 оны 3 сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 140 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. “Э-” ХХК-ийн ёс зүйн хороо нь ажилтны өргөдөл, гомдлыг компанийн сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмын хүрээнд хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам нь компанийн ажилтан, албан хаагчдыг ажлын байрандаа биеэ зөв авч явах, мэргэжлийн болон харилцааны ёс зүйтэй байх, мөн ёс зүйн зөрчил гарсан талаар өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхтэй холбоотой байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан журам юм. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа тус компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулсан журмын зүйл заалтын хүрээнд хэргийг авч үзэн ёс зүйн хорооны шийдвэрийг журам зөрчсөн, нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна гэх дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтууд нь ажил олгогчоос ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, мөн сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байдаг. Гэтэл тус компанийн ёс зүйн хорооны дүгнэлт нь дээрх хоёр хуулийн заалтад хэрхэн хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Учир нь ёс зүйн хорооны дүгнэлтээр нэхэмжлэгч Б.С-г зөвхөн ёс зүйн зөрчил гаргасныг тодорхойлсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулаагүй болно. Ажилтанд сахилгын шийтгэлийг зөвхөн гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулдаг ба нэхэмжлэгч энэ талаар огт маргаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 буюу хууль тогтоомжоор шүүхэд харъяалуулсан бусад маргаан гэх заалтад хамааруулан авч хэлэлцсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хууль тогтоомжид хамааруулж ойлгохоор заасан. Харин “Э-” ХХК-ийн ёс зүйн хорооны дүгнэлтийг шүүхээр харъяалан шийдвэрлэхээр заасан хуулийн хүчин төгөлдөр хууль тогтоомж байхгүй болно. Үүнээс үзэхэд иргэн Б.С-гийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаан биш байхад шүүгч хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01923 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Б.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.С- нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан ёс зүйн хорооны дүгнэлт сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмыг зөрчсөн болохыг тогтоолгох, ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны зүйлд хамааралгүй хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ. 

 

Хариуцагч “Э-” ХХК-ийн ёс зүйн хороо нь 2020 оны 3 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Б.С-г хөдөлмөрийн дотоод журмын 6.1.4, 6.5.1, 12.3.9, 13.1.4, сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмын 2.1.6, 3.1.3.1-т зааснаар бусадтай зүй бус харьцсан, ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. /хх-ийн 7-8-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг заасан бөгөөд мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т хөдөлмөрийн харилцаанаас үүссэн бусад маргааныг шүүх харъяалан шийдвэрлэх талаар зохицуулсан тул нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

Хариуцагч байгууллагын сонирхлын зөрчлөөс сэргийлэх, биенесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмын 1.4, 5.1, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 3.1-т зааснаар компанийн ёс зүйн хороо нь ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй байна.

Гэвч ёс зүйн хороо нь дээрх эрхээ хэрэгжүүлж, дүгнэлт гаргахдаа ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.10.2-т заасан “гомдол, мэдээлэлд холбогдох ажилтан болон түүний харъяалах эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо,  материал баримт бичгийг шаардан авах” гэснийг, 2.10.4-т заасан “ ... дүгнэлт нь аливаа албан тушаалтны нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх” гэснийг тус тус зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын ёс зүйн хороо нь тус журамд зааснаар нэхэмжлэгч Б.С-д холбогдох гомдлыг түүнд танилцуулж тайлбар аваагүй, ёс зүйг зөрчсөн гэх байдал нь нотлох баримтад үндэслэгдээгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх-ийн 20-23, 40-42-р тал/

 

Иймд хариуцагч “Э-” ХХК-ийн ёс зүйн хорооны 2020 оны 3 сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлт нь сахилгын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмыг зөрчсөн болохыг тогтоож, тус дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасантай нийцнэ.

 

Харин ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, ажил олгогчийн эрх, үүргийг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 буюу маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсныг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           

            1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01923 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

            1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, 131 дүгээр зүйлийн 131.1 ...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

                                               

                                          ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ