Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00648

 

 

2021           06            03                                          001/ХТ2021/00648

...................нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01923 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2052 дугаар магадлалтай,

...................нэхэмжлэлтэй

...................ХХК-д холбогдох

Ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............-ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..................., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн ёс зүйн хороо нь сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг тус тус зөрчиж хууль бус дүгнэлт үйлдэн шийдвэр гаргасан. Компанийн ёс зүйн хороо нь 2020.03.19-ний өдөр бизнесийн стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал ..............-ний гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцэн, холбогдох дүгнэлтийг гарган надад гардуулснаар эрх зүйн үр дагавар үүсч, миний бие уг дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэхдээ гүйцэтгэх захирлын 2013.06.24-ний өдрийн 62 тоот тушаалаар батлагдсан ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг баримтлан шийдвэр гаргана. Гэтэл уг журмын 2.10.2-т гомдол мэдээлэлд холбогдох ажилтан болон түүний харъяалах эрх бүхий албан тушаалтан, гомдол мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах гэснийг зөрчин, надад огт мэдэгдээгүйн дээр аливаа хэлбэрээр тайлбар аваагүй, зөвхөн нэг талын гаргасан гомдолд үндэслэн дүгнэлт гаргасан. ...................дэд захирлын гомдол нь сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журамд хамаарахгүй буюу гүтгэсэн доромжилсон тухай гомдол байх тул уг гомдлыг хууль тогтоомжид зааснаар цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэх байсан хэдий ч компанийн ёс зүйн хороо нь ёс зүйн журмаас гадуур асуудлаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн нь журмын 1.1-т заасныг зөрчсөн. Иймд ...................ХХК-ийн ёс зүйн хорооны дүгнэлт нь сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмыг зөрчсөн болохыг тогтоож, ёс зүйн хорооны 2020.03.19-ний өдрийн 20/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 104 дүгээр тогтоолоор ...................ХХК-ийн дүрмийг баталсан бөгөөд уг дүрмийн 9.7.4-т гүйцэтгэх захирал компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмыг батлан мөрдүүлж байхаар зохицуулсан байдаг. Энэ хүрээнд гүйцэтгэх захирлаас компанийн хөдөлмөрийн дотоод журам, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг тус тус батлан мөрдүүлж байна. Эдгээр журмууд нь компанийн нийт ажилтан, албан хаагчдыг ажлын байрандаа ёс зүйтэй байж, бусдын хууль ёсны эрх ашгийг дээдлэн хүндэтгэх, ажилдаа хариуцлагатай хандах, мөн харицлага алдаж зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах зэрэг компанийн дотогш чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулсан байдаг. Ёс зүйн хороо нь ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 3.1-д заасны дагуу бизнес стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал ...................гаргасан хууль, эрх зүйн газрын захирал ...................тай холбогдох гомдлыг хүлээн авч журмын дагуу шийдвэрлэн дүгнэлт гаргасан. ...................ХХК-ийн ёс зүйн хороо нь сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмын 5.1, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.10.4, 2.10.5, 3.1-д тус тус заасны дагуу ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй. Харин энэхүү дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасан хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомж зөрчсөн гэсэн заалтын агуулгад хамаарах эрх зүйн баримт бичиг биш байна. ...................ХХК-ийн ёс зүйн хороо нь компанийн ажилтан, албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоож зөвхөн дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд харин тухайн зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах эрх зөвхөн гүйцэтгэх захиралд байдаг. Ёс зүйн хороо 2020.03.19-ний өдрийн 20/01 тоот дүгнэлтээр хууль, эрх зүйн газрын захирал ...................ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гаргасан боловч гүйцэтгэх захирал уг зөрчилд ямар нэг сахилгын шийтгэл оногдуулаагүй байх тул нэхэмжлэгч ...................Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдөөгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрлүүдийг зааж өгсөн байх ба компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулсан журамтай холбоотой асуудлыг тэр дундаа ёс зүйн хорооны дүгнэлтийг ёс зүйн хорооны журамд нийцсэн эсэх асуудал нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш байна. Компанийн гүйцэтгэх захирал ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлтийг үндэслээд сахилгын шийтгэл одоог хүртэл ногдуулаагүй учраас өмгөөлөгчийн ярьж байгаа сахилгын шийтгэл давтан гаргасан гэдэг үндэслэлээр дахин ...................хөдөлмөрлөх эрхэд халдах нөхцөл үүсэхгүй байх гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулсныг мэдсэнээс хойш сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэлгүйгээр тооцно гэсэн заалт байгаа. Ёс зүйн журмын дагуу шийдвэрлэсэн асуудал учир шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01923 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...................ХХК-ийн ёс зүйн хорооны 2020 оны 3 сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлт нь сахилгын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмыг зөрчсөн болохыг тогтоож, ёс зүйн хорооны 2020 оны 3 сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ...................ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 140 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2052 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01923 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, 131 дүгээр зүйлийн 131.1 ... гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... хяналтын гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. ......................ХХК-ийн Ёс зүйн хорооны дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасан “хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомж зөрчсөн” гэсэн заалтын агуулгад хамаарах эрх зүйн баримт бичиг биш бөгөөд уг дүгнэлтээр Хууль, эрх зүйн газрын захирал ...................ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон боловч гүйцэтгэх захирал түүний ёс зүйн зөрчилд ямар нэг сахилгын шийтгэл оногдуулаагүй байх тул нэхэмжлэгч ...................Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ямар ч эрх ашиг хөндөгдөөгүй, тиймээс энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан биш гэж маргасан. Харин иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн Ёс зүйн хорооны 2020.03.19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлт нь “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ыг зөрчсөн болохыг тогтоож, уг дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлтэй.” гэж үзэн нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, 131 дүгээр зүйлийн 131.1...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэснээр шүүх уг хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн гэж тодорхойлсон боловч гол маргааны зүйл болох ёс зүйн хорооны дүгнэлт нь хууль зөрчсөн эсэхийг тогтоох үндэслэлийг тогтоолгүй хассан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4-т Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж заасан. Гэтэл шүүх ...................ХХК-ийн ёс зүйн хорооны дүгнэлт нь ямар хуулийн аль заалтыг зөрчиж нэхэмжлэгч ...................эрх ашгийг хөндсөн болох нь тодорхой бус байхад зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу хүчингүй болгож, иргэн ...................нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ..................., хариуцагч ...................ХХК-д холбогдуулан ёс зүйн хорооны дүгнэлт сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмыг зөрчсөн болохыг тогтоолгох, ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа “...ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж ямар нэгэн шийдвэр гараагүй, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй, ...ёс зүйн хорооны дүгнэлт нь шүүхийн хянан шийдвэрлэх маргааны зүйлд хамаарахгүй, ...” гэсэн үндэслэлийг заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй боловч шийдвэр, магадлалд найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлох эрх зүйн ажиллагааг оновчтой хийж чадаагүйг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

Нэхэмжлэлд тусгасан “ёс зүйн хорооны дүгнэлт сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмыг зөрчсөн болохыг тогтоолгох” нь бие даасан нэхэмжлэл бус, ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндэслэл нь болсон байна.

...................нэхэмжлэлийн шаардлага нь ...................ХХК-ийн ёс зүйн хорооны 2020.03.19-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага гэж үзэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

2. ...................ХХК-ийн ёс зүйн хороо 2020.03.19-ний өдөр дүгнэлт гаргаж, ...................хөдөлмөрийн дотоод журмын 6.1.4, 6.5.1, 12.3.9, 13.1.4, сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журмын 2.1.6, 3.1.3.1-т зааснаар бусадтай зүй бус харьцсан, ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзжээ. /хх-7,8/

Ёс зүйн хороо нь байгууллагын дотоод хэм хэмжээг зөрчиж, ................... холбогдох гомдлыг түүнд танилцуулж тайлбар аваагүйгээс гадна ёс зүйн зөрчил гаргасан байдал баримтаар тогтоогдоогүй тул дүгнэлтийг хүчингүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна. /хх-20-23, 40-42/

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...шүүх байгууллагын дотоод асуудлыг зохицуулсан шийдвэрийг хянаж хууль зөрчсөн, ...хөдөлмөрийн маргаан үүсээгүй, ...шүүх ёс зүйн хорооны дүгнэлт ямар хуулийг зөрчсөн гэж үзсэнээ заагаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болсон, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон Ёс зүйн хорооны дүгнэлт нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах зарчим, хөдөлмөрийн харилцаанд нөлөөлөх эрх зүйн үр дагаварыг үүсгэсэн, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх эсэхэд хамаарах эрх зүйн маргааны шинжийг агуулсан тул шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан “хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасан “хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.” гэсэн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Маргааны зүйл болох ёс зүйн хорооны дүгнэлт нь сахилгын шийтгэл хүлээсэн эсэхээс үл хамаарч эрх зүйн маргаан үүсгэх шинжийг агуулсан тул байгууллагын дотоод асуудалд хамааралтай эрх зүйн баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй юм. Сахилгын зөрчил бүрт сахилгын шийтгэл ногдуулахыг шаарддаггүй бөгөөд сахилгын зөрчил гаргасан гэж тогтоосон үйл баримт эрх зүйн шинжтэй болно. Тийм учраас ёс зүйн зөрчил гаргасан гэх үйл баримтыг тогтоосон ёс зүйн хорооны дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг үндэслэлтэй ногдуулах зарчим, сахилгын зөрчлийг ажил олгогч тогтоосон байх хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой, шүүх энэ үндэслэлээр хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2052 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01923 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсгийг баримтлан ................... холбогдох дүгнэлт гаргасан ...................ХХК-ийн Ёс зүйн хорооны 2020.03.19-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД

 

                        ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                  Х.СОНИНБАЯР

 

                                                                                                   Д.ЦОЛМОН