Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/01923

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Э” ХХК/РД: /-д холбогдох

 

Ёс зүйн хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гаргасан хууль бус үйлдлийг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэнгис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Компанийн Ёс зүйн хороо нь “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”, “Э" ХХК-ийн Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг тус тус зөрчиж хууль бус дүгнэлт үйлдэн шийдвэр гаргасан. Компанийн Ёс зүйн хороо нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Бизнесийн стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөний гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцэн, холбогдох дүгнэлтийг гарган надад гардуулснаар эрх зүйн үр дагавар үүсэж миний бие уг дүгнэлттэй санал нийлэхгүй байх доорх шалтгаанаар өөрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчигдсөн гэж үзэж байна. Үүнд:

- Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэхдээ Гүйцэтгэх захирлын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 62 тоот тушаалаар батлагдсан “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг баримтлан шийдвэр гаргана. Гэтэл уг журмын 2.10.2 дахь хэсэгт “гомдол мэдээлэлд холбогдох ажилтан болон түүний харьяалах эрх бүхий албан тушаалтан, гомдол мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах” гэснийг зөрчин надад холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ надад огт мэдэгдээгүйн дээр надаас аливаа хэлбэрээр тайлбар аваагүй, зөвхөн нэг талын гаргасан гомдолд үндэслэн журмын холбогдох заалтыг зөрчсөн;

- Э.Дөлгөөн дэд захирлын гомдол нь “Э” ХХК-ийн “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-д огт хамаарахгүй буюу гүтгэсэн доромжилсон тухай гомдол байх тул уг гомдлыг хууль тогтоомжид зааснаар харьяаллын дагуу Цагдаагийн байгууллага шалган тогтоож шийдвэрлэх байсан хэдий ч компанийн ёс зүйн хороо нь ёс зүйн журмаас гадуур асуудлаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн нь холбогдох журмын 1.1 дэх хэсэгт “Энэ журмын зорилго нь “Э” ХХК (цаашид “компани” гэх)-ийн үйл ажиллагаанд ажилтны хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасныг зөрчсөн;

- Ёс зүйн хороо нь Э.Дөлгөөн дэд захирлын гаргасан компанийн ёс зүйн дүрэмд үл хамаарах гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн, цаашлаад ёс зүйн дүрмээс хальж компанийн Хөдөлмөрийн дотоод журмын зүйл заалт ишлэн шийдвэр гаргаж илт хууль бус дүгнэлт үйлдэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан миний хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан хэт нэг талыг баримтлан хөдөлмөрийн харилцаан дахь эрх тэгш байдлыг хангах зарчмыг алдагдуулан хууль зүйн үр дагавар үүсгэсэн нь хууль бус байна;

- Ёс зүйн хороо нь энэ мэт компанийн ёс зүйн дүрэмт хамаарахгүй асуудлаар гаргасан элдэв хов живийн шинжтэй гүтгэлгийг хүлээн авч хэлэлцэн илт хууль бус дүгнэлт гаргах замаар төрийн компанийн төрийн ажлыг хийж буй ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчин хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглосон хөдөлмөрийн харилцааны үндсэн зарчмуудыг тус тус зөрчин шийдвэр гаргасан;

- Э.Дөлгөөний гомдол нь “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-д хамаарахгүй асуудал байхыг мэдсээр байж хүлээн авч хянан хэлэлцсэн ёс зүйн хорооны холбогдох гишүүдийн үйлдэл нь уг журмын 2.1.3 дахь хэсэгт “Компанийн болон хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэснийг зөрчсөн буюу компанийн нийт ажилтны дунд намайг ёс зүйн зөрчил гаргасан мэт ойлголт төрүүлж байгаа нь ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн оролцоотойгоор ажилтны хөдөлмөрлөх нөхцөл бололцоог дордуулсан гэж үзэж байна. Цаашлаад тус хороо нь илт хууль бус шийдвэрээ ажилтанд хүчээр тулган хүлээлгэсэн.

1. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн128 дугаар зүйлийн 128.1.9 дэх хэсэгт “хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаарөөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжпэл;” гэж заасны дагуу “Э” ХХК-ийн Ёс зүйн хорооны дүгнэлт нь “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ыг зөрчсөн болохыг тогтоолгох;

2. Ёс зүйн хороо нь надад холбогдуулан “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам’’-ыг зөрчин, ёс зүйн дүгнэлт гарган үндэслэлгүй гомдол шийдвэрлэж Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд үндэслэлгүйгээр хязгаарлалт бий болгон дүгнэлт үйлдэн шийдвэр гаргасан нь хууль бус тул Их Монгол овогт Батжаргалын С намайг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй байхад ёс зүйн дүрмийг буруу тайлбарлан хэрэглэж ёс зүйн дүрмээр зохицуулаагүй харилцаанд зөрчилд тооцсон байх тул миний хууль ёсны эрх ашгийг сэргээн үр дагаврыг арилгаж Ёс зүйн хорооны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаар-20/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Мөн Э.Дөлгөөн захирлын бичсэн гомдолд 1 ч үнэн зүйл байхгүй. Үүнийг би Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хангалттай нотлох баримтаа гаргаж өгсөн. “Э” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг гүйцэтгэх захирал н.Ганхүү болон дэд захирлуудаас бүрддэг. Гүйцэтгэх захирал П.Ганхүү, дэд захирал Э.Дөлгөөн нар над руу янз бүрийн мессэж бичих, ажлын байр нь дээр дарамтлах үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Намайг ажлаас гаргах, энэ арга хэмжээг авахын тулд л хууль бус зүйл хийсэн байх аа гэж бодож байна.

Ёс зүйн хорооны дүгнэлт нь ажил олгогчоос зөрчлийг шалган тогтоох ажиллагаа явуулж байгаа тул тушаал биш боловч хуульд зааснаар шийдвэр гэсэн ойлголтод хамрагдаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-т заасан шүүхэд хандах маргаан бүхий шийдвэр бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогч ажилтан миний эрх ашгийг хөндөж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Б.Сгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хууль үндсэн харилцааг нь л зохицуулдаг. Харин нарийвчилсан харилцааг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг. Ёс зүйн хорооны дүгнэлтэд захирах, захирагдах ёсыг зөрчсөн гэж байгаа. Албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүргийг захирах, захирагдах ёс гэнэ. Тэрнээс биш чи намайг захирахгүй, би чамайг захирана гэсэн зүйл биш юм. Яагаад Ёс хорооны дүрэм, журмыг зөрчсөн гэж үзээд байгаа юм бэ гэхээр танхайрсан, ёс бусаар авирласан гэдэг. Хууль бус зүйл хийж байгаа даргад шаардлага тавихад өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээж байна. Б.С нь “Э” ХХК-ийг үүсгэн байгуулагдах цаг үеэс хуулийн зөвлөх хийсэн хүн байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлтийг эдлэх эрхтэй гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заасан. Энэ заалтыг зөрчсөн байна. Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрхтэй. н.Дөлгөөн захиралд хууль ёсны шаардлага тавьсан чинь энэ хүн надад ингэж шаардлага тавьдаг хэн бэ гэдэг байдлаар хандсан. Ёс хорооны дүгнэлт гараад зөрчил гаргасан гэдэг нь үнэхээр бодит байсан юм бол захирал нь яагаад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хариуцлага ногдуулахгүй байгаа юм. Тэгэхээр зөрчил гаргаагүй, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцээгүй гэдгийг ажил олгогч өөрөө мэдэж байсан байна. Тэгээд хариуцлага ногдуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч ээ.” гэв.

Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэнгис шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Сгийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Э" ХХК-ийн Ёс зүйн хорооны дүгнэлт нь компанийн “Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам” зөрчсөнийг тогтоолгох, Ёс зүйн хорооны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Засгийн газрын 2016 оны 104 дүгээр тогтоолоор “Э” ХХК-ийн дүрмийг баталсан бөгөөд уг дүрмийн 9.7.4 дүгээр зүйлд гүйцэтгэх захирал компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмыг батлан мөрдүүлж байхаар зохицуулсан байдаг. Энэ хүрээнд гүйцэтгэх захирлаас компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”, “Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”, “Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг тус тус батлан мөрдүүлж байна. Эдгээр журмууд нь компанийн нийт ажилтан, албан хаагчдыг ажпын байрандаа ёс зүйтэй байж, бусдын хууль ёсны эрх ашгийг дээдлэн хүндэтгэх, ажилдаа хариуцлагатай хандах, мөн харицлага алдаж зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах зэрэг компанийн дотогш чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулсан байдаг. “Э” ХХК-ийн Ёс зүйн хороо нь “Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ийн 3.1-д заасны дагуу Бизнес стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөний гаргасан Хууль, эрх зүйн газрын захирал Б.Стай холбогдох гомдлыг хүлээн авч журмын дагуу шийдвэрлэн дүгнэлт гаргасан байна.

Хоёр. “Э” ХХК-ийн Ёс зүйн хороо нь “Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ийн 5.1, “Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ийн 2.10.4, 2.10.5, 3.1-д тус тус заасны дагуу ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй байна. Харин энэхүү дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасан “хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомж зөрчсөн” гэсэн заалтын агуулгад хамаарах эрх зүйн баримт бичиг биш байна.

Гурав. “Э” ХХК-ийн Ёс зүйн хороо нь компанийн ажилтан, албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоож зөвхөн дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд харин тухайн зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах эрх зөвхөн гүйцэтгэх захиралд байдаг. Ёс зүйн хороо 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 тоот дүгнэлтээр Хууль, эрх зүйн газрын захирал Б.Сг ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гаргасан боловч гүйцэтгэх захирал уг зөрчилд ямар нэг сахилгын шийтгэл оногдуулаагүй байх тул нэхэмжлэгч Б.Сгийн Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ямар ч эрх ашиг хөндөгдөөгүй байна.

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрлүүдийг зааж өгсөн байх ба компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулсан журамтай холбоотой асуудлыг тэр дундаа Ес зүйн хорооны дүгнэлтийг ёс зүйн хорооны журамд нийцсэн эсэх асуудал нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш байна.

Компанийн гүйцэтгэх захирал Ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлтийг үндэслээд сахилгын шийтгэл одоог хүртэл ногдуулаагүй учраас өмгөөлөгчийн ярьж байгаа сахилгын шийтгэл давтан гаргасан гэдэг үндэслэлээр дахин Б.Сгийн хөдөлмөрлөх эрхэд халдах нөхцөл үүсэхгүй байх гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулсныг мэдсэнээс хойш сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэлгүйгээр тооцно гэсэн заалт байгаа. Ерөнхийдөө компанийн ёсны зүйн журмын дагуу шийдвэрлэсэн асуудал учир шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрлүүдийг заасан байдаг. Энд хамаарахгүй гэж  үзэж байгаа.

Иймд Б.Сгийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Э” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан Ёс зүйн хорооны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлт нь “Сахилгын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ыг зөрчсөн болохыг тогтоож, Ёс зүйн хорооны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Э” ХХК нь ерөнхийдөө компанийн ёсны зүйн журмын дагуу шийдвэрлэсэн асуудал учир шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Хууль, эрх зүйн газрын захирлаар ажилладаг болох нь зохигчийн тайлбар, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Ёс зүйн хороо нь нэхэмжлэгч Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.4 дэх заалт, 6.5.1 дахь заалт, 12.3.9 дэх заалт, 13.1.4 дэх заалт, “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ын Ёс зүйн баримтлах зарчим хэсгийн 2.1.6 дахь заалт “Захирах, захирагдах ёсыг сахин биелүүлэх” гэж, Ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээ хэсгийн 3.1.3.1 дахь заалт “Ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдыг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй байх” заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай 20/01 дугаар дүгнэлт гаргасан болох нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.” гэж заасан.

 

Хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ын 4-ийн 4.1-т “Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх асуудлыг тусгайлсан журмаар зохицуулна.”, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14-ийн 14.1-т “Энэхүү дотоод ... журмын ... хэрэгжилтэд нь Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хяналт тавьж ажиллана.”, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 1-ийн 1.1-т “Энэхүү журмын зорилго нь ... ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах ... ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол мэдээллийг ... хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэжээ.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ... энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хариуцагчийн “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ын 4-ийн 4.1, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14-ийн 14.1, “Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 1-ийн 1.1-т зааснаар Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж нь “Хөдөлмөрийн дотоод журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй байх ба Ёс зүйн хороо нэхэмжлэгч нь “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах эрхгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн “Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2-ын 2.10.2-т “гомдол, мэдээлэлд холбогдох ажилтан ... мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох ...” гэжээ.

 

Хариуцагч нь “Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2-ын 2.10.2-т зааснаар нэхэмжлэгчтэй уулзаж тайлбар аваагүй, Ёс зүйн хорооны хурал болох талаар мэдэгдээгүй буюу хурлын дүгнэлт гарсан талаар 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

Хариуцагчийн “Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2-ын 2.10.4-т “... дүгнэлт нь ... нотлох баримтад үндэслэгдсэн байх.” гэжээ.

 

Хариуцагчийн Ёс зүйн хороо нь “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ын 2-ын 2.10.2, 2.10.4-т заасныг зөрчиж нэхэмжлэгчтэй уулзаагүй, тайлбар аваагүй байх бөгөөд нотлох баримтад үндэслэн дүгнэлт гаргасан эсэх нь тодорхой бус нэхэмжлэгч нь “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ын 2-ын 2.1.6, 3-ын 3.1.3.1-т заасныг зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах эрх олгогдоогүй Ёс зүйн хороо нь “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг зөрчсөн талаар дүгнэлт гаргасан байх ба түүнчлэн нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн Ёс зүйн хорооны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлт нь “Сахилгын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ыг зөрчсөн болохыг тогтоож, Ёс зүйн хорооны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул хариуцагчийн шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-ийн Ёс зүйн хорооны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлт нь “Сахилгын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ыг зөрчсөн болохыг тогтоож, Ёс зүйн хорооны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-ийн Ёс зүйн хорооны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлт нь “Сахилгын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам”-ыг зөрчсөн болохыг тогтоож, Ёс зүйн хорооны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20/01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 140 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ