Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 02063

 

 

 

 

 

 

 

 

 

А.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00030 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Г-од холбогдох

 

10 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ц- нь Д.Г-той зээлийн гэрээ байгуулан, 2016 оны 3 сарын 24-ний өдрийн бэлэн мөнгө хүлээлцэх баримтаар баталгаажуулсан. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлага байдаггүй, аман хэлбэрээр байгуулж болдог хэлцэл юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр зээрийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Хэрэгт авагдсан бэлэн мөнгөний баримтад мөнгө хүлээн авагч нь Д.Г-, мөнгө тушаагч нь А.Ц- гэсэн байгаа. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хэрвээ талууд буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол хэзээ ч шаардах болох үндэслэл байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.2 дах хэсэгт зааснаар хугацаа тогтоогоогүй бол мөнгө шаардах эрхээ хэдийд ч үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. Ийм учраас 2017 оноос Д.Г-оос 10 000 000 төгрөгийг гэрээний дагуу шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэг байдлаар үүргээ гүйцэтгээгүй учир Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 283.2 дах хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөгийг зээлдэгч Д.Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г- нь Л.Зоригттой багын найзууд бөгөөд тэдний хооронд төлбөр тооцооны асуудал байсан. Д.Г- нь А.Ц- гэх хүнийг танихгүй, зээл аваагүй, А.Ц-тай ямар нэгэн харилцаанд ороогүй. Д.Г- нь Д.Зоригтод 40 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдахаар тохиролцсон байдаг. Л.Зоригт нь “Асар өргөө” ХХК-д ажилладаг бөгөөд бартераар орж ирдэг байраа худалдъя гэж тохиролцон, Л.Зоригт нь 2016 оны 3 сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг өгсөн байдаг. Ингэж өгөхдөө “Асар өргөө” ХХК-ийн нягтлан бодогч гээд А.Ц- гэх хүнийг дагуулж ирсэн. Манай компанийн данс тооцоонд орох учраас нягтлантай бэлэн мөнгөний баримт үйлдчих гээд А.Ц-тай бэлэн мөнгөний баримт 10 000 000 төгрөг байрны мөнгө өгсөн гэдэг утгатайгаар Д.Г-оор гарын үсэг зуруулсан. Тэгээд үлдэгдэл 30 000 000 төгрөгийг өгөхгүй байсаар 2017 он гарч мөнгөө төлөөгүй жил гаруй хугацааны дараа үлдэгдэл мөнгөө төлж чадахгүй юм байна, байрыг чинь авахаа болилоо гээд өгсөн авснаа буцаасан. Тэгээд Л.Зоригт, Д.Г- хоёрын хооронд тооцооны асуудал дууссан. Л.Зоригт бартераар орж ирсэн байрыг Д.Г-од санал болгож, 2015 оны 12 сарын 25-ны өдөр байгуулсан энэ гэрээгээр бол урьдчилгаа 40 000 000 төгрөгийг хашаа, байшингийн мөнгөөр хассан гэж бодоод худалдаж ав гэсэн санал тавьсан. Л.Зоригт өөрөө урьдчилгаанд өгөх 30 000 000 төгрөгөө төлөөгүй, өгнө гэж ярьснаа биелүүлээгүй. Д.Г- нь өөр этгээдээс 120 000 000 төгрөгөөр орон сууц худалдаж  авсан. Энэ байрыг Л.Зоригт санал болгож, нэгэнт гэрээ байгуулагдаж орон сууц авахаар болсон учир чи өөрөө зээл аваад урьдчилгаагаа бүрдүүл гэж хэлсэн. Л.Зоригт урьдчилгаа мөнгийг төлнө гэж тохиролцож, Д.Г- нь зээл авч орон сууцны урьдчилгаагаа бүрдүүлж, орон сууц худалдаж авсан. Гэтэл мөнгөө төлж чадаагүйгээс нөгөө хашаа байшингаа худалдах худалдан авахаа больсон. Л.Зоригт нь хашаа байшинд жил гаруй хугацаанд амьдарсан тул Л.Зоригт, Д.Г- нар 10 000 000 төгрөгийг хүү, алдангидаа тооцон өгөхгүйгээр тохирч, хашаагаа шилжүүлж одоо ямар ч данс тооцооны асуудалгүй болж 2017 онд дууссан байдаг. Энэ нь Л.Зоригт ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйгээр нотлогдож байна. Тухайн үед “Асар өргөө” ХХК бартераар өгөх байраа Д.Г-од шууд бэлэн мөнгөөр өгсөн нь тэдэнд ашигтай байсан. Үүнтэй холбоотой маргаан ерөөсөө гараагүй. Гэтэл 2019 оны 8 сард А.Ц- нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэх ямар нэг үндэслэл байхгүй. Амаар байгуулагдсан гэх тайлбарыг хариуцагч тал няцааж, хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Ц-ийг танихгүй, мөн үндэслэл болгож байгаа гараар бичсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 3 сарын 24-ний өдөр гэж тэмдэглэгдсэн үйл баримт тухайн баримтаас хойш, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан буюу зээлийн гэрээ гэж үзэж байгаа бол гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэл хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Г-оос 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ц-ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 174950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Д.Г- нь А.Ц- гэх хүнийг танихгүй, А.Ц-тай ямар нэгэн гэрээ хэлцэл огт байгуулаагүй, түүнээс зээл авсан зүйл огт байхгүй билээ. Хавтаст хэрэгт авагдсан бэлэн мөнгө хүлээлцсэн акт нь Л.Зоригт болон Д.Г- нарын хоорондын төлбөр тооцооны асуудлаас үүдэлтэй байгуулагдсан баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл Д.Г- нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах санаатай байсныг Л.Зоригт /10 жилийн найз/ мэдэж түүнд “... аав, ээжийн минь гал голомт байсан учраас би худалдаж авъя, би “Асар өргөө” ХХК буюу барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажилладаг тул бартераар орж ирдэг байраа худалдъя, эцэг, эхийнхээ гал голомтыг би 40 000 000 төгрөгөөр худалдаж авъя, та энэ мөнгийг урьдчилгаа болгож манай компаниас байр авч болно хэмээн санал болгосон учир Д.Г- саналыг хүлээн зөвшөөрч аман хэлбэрээр гэрээ байгуулж, 2016 оны 3 сарын 24-ний өдөр Л.Зоригт нь 10 000 000 төгрөг өгсөн байдаг. Ингэж өгөхдөө “... компанийн данс тооцоонд орох учраас надтай биш “Асар өргөө” ХХК-ийн нягтлан бодогч /А.Ц-/-тай бэлэн мөнгөний баримт үйлдэх ёстой” хэмээн тайлбарласан. Д.Г-ын хувьд А.Ц-ийг бэлэн мөнгөний баримт үйлдэх үедээ л анх удаа харсан, өөр ямар нэгэн холбоо хамаарал байхгүй, танихгүй гэдгээ тайлбарлаж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөний баримтад зээл бус байрны мөнгө гэх утга байгаа нь үүнийг нотолж байгаа юм. Огт танихгүй хүндээ 10 000 000 төгрөгийг хүүгүй зээлэх боломжгүй, бодит байдалд хэн ч танихгүй хүнд хүүгүй, өөрт ашиггүй байдлаар зээл өгөх үйлдэл хийхгүй бөгөөд энэ талаар шүүх хурлын үед хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тус баримтыг зээл хэмээн үзсэн нь өөрөө үндэслэлгүй юм, нотлох баримтад тулгуурлаагүй, хэргийг тал бүрээс үнэлж дүгнэлгүй үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн хариуцагчийн зүгээс А.Ц-ийг танихгүй, холбоо хамаарал байхгүй, ямар ч мөнгө аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага ба түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй байхад тус баримтаас өөрөөр ямар хамааралтай, яах гэж зээл өгсөн үнэхээр 10 000 000 төгрөгийг өгсөн эсэх, ямар зорилгоор зээлсэн талаар огт нотлоогүй гэж маргаж байхад яг ямар шалтгааны улмаас зээлийн гэрээ хэмээн үзэж байгаагаа шүүхээс үндэслэлтэй тайлбарлаагүй төдийгүй зөвхөн 10 000 000 төгрөг өгсөн авсан гэсэн баримтыг үндэслэн хариуцагчийг бүхэлд нь төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь бодит байдалд нийцүүлэн хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримтад үндэслэн шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

 

Нэхэмжлэгч А.Ц- нь хариуцагч Д.Г-од холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Д.Г-той 2016 оны 3 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөг зээлдүүлсэн, хариуцагч нь зээлийг буцаан төлөөгүй тул 10 000 000 төгрөгийг гаргуулна” гэсэн бол хариуцагч татгалзалдаа “миний багын найз Л.Зоригт нь надаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар тохиролцон, урьдчилгаанд 10 000 000 төгрөг төлж, өөрийн компанийн нягтлан бодогч А.Ц-ийг мөнгө хүлээлгэн өгсөн баримтад гарын үсэг зуруулсан, би нэхэмжлэгчтэй аливаа хэлбэрээр эрх зүйн харилцаанд ороогүй, түүнээс мөнгө зээлдээгүй” гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд талуудын хооронд мөнгө шилжүүлэх үндэслэл болсон нөхцөл байдал хэрэгт ач холбогдолтой. /хх-ийн 1, 14-р тал/

 

Хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч А.Ц- нь 2016 оны 3 сарын 24-ний өдөр “байрны мөнгө” гэх гүйлгээний утгатайгаар 10 000 000 төгрөгийг хариуцагч Д.Г-од хүлээлгэн өгч харилцан гарын үсгээ зурсан байна. /хх-ийн 4-р тал/ Уг баримтад заагдсан “байрны мөнгө” гэх бичилтээр Л.Зоригт, Д.Г- нарын хоорондын худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч А.Ц- гүйцэтгэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн гэх нөхцөл байдлыг нотлох үүрэг нь мөнгө хүлээн авсан хариуцагч талд ногдох юм. Өөрөөр хэлбэл, Д.Г-, Л.Зоригт нарын байгуулсан “худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 10 000 000 төгрөгийг Л.Зоригтын ажилладаг компанийн нягтлан болох А.Ц- төлж баримт үйлдсэн” гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.  

 

Хариуцагч Д.Г- нь 2015 оны 10 сарын 13-ны өдөр Л.Зоригттой байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч тус гэрээний дагуу харилцан үүрэг гүйцэтгэгдсэн буюу гэрээ хэрэгжсэн гэх нөхцөл байдал мөн хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. /хх-ийн 34-р тал/ Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгө Л.Зоригтод шилжсэн гэх, А.Ц- нь Л.Зоригтын өмнөөс байрны үнэ төлсөн гэх нөхцөл байдлыг цаг хугацааны хувьд зөрүүтэй дээрх 2 баримтад үндэслэн тогтоох боломжгүй.

 

Дээр дурдсан 2016 оны 3 сарын 24-ний өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн баримтын гүйлгээний утгад “байрны мөнгө” гэж бичигдсэн байх тул талуудыг зээлийн гэрээ байгуулахаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхгүй.

 

Харин нэхэмжлэгч А.Ц-ийн хүлээлгэн өгсөн 10 000 000 төгрөгийг хариуцагч Д.Г- хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, хариуцагч Д.Г- уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс авсан хууль зүйн үндэслэлээ нотолж чадаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 10 000 000 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ