Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 02192

 

 

 

 

 

 

 

 

 

А.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02703 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Д-гийн хариуцагч З.Д-, Д.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн  гэрээний үүрэгт нийт 4 518 448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч З.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид 2019 оны 3 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг 2019 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл 50 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. 2019 оны 6 сарын 21-ний өдөр зээлдэгч З.Д-тэй зээлийн сунгалтын гэрээг байгуулж 2019 оны 5 сарын 14-ний өдрөөс 2019 оны 7 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Сунгалтын гэрээ дуусаж дахин 2019 оны 7 сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б-гээс татгалзсан. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 2 932 800 төгрөг, 2019 оны 7 сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл 157 хоногийн хүү 1 534 832 төгрөг, нийт 4 467 632 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Үүнээс хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан баримтаас тооцож 1 372 000 төгрөгийг хасахаар 3 095 332 төгрөг болсон. Иймд хариуцагч З.Д-гээс үндсэн зээл 2 932 800 төгрөг, хүү 162 532 төгрөг, алданги 1 423 116 төгрөг, нийт 4 518 448 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 3 сарын 25-ны өдөр А.Д-гээс 2 000 000 төгрөгийг 50 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээ байгуулсан. 10 хувийн хүүтэй гэсэн боловч өдөр бүр 48 000 төгрөг төлөх нөхцөлтэй тохирсон. Нийт 1 372 000 төгрөг төлсөн. Зээлээ төлж байх хугацаанд наймааны ашиг орлого муудсан тул зарим тохиолдолд төлөөгүй. Би 9 сард А.Д-тэй уулзаж учир байдлаа хэлж хүүг зогсоогоод өгөөч гэхэд зөвшөөрөөд 2 000 000 төгрөгөөсөө төлөөд яваарай гэснээ 2 000 000 төгрөгийн утас аваад өгчих гэсэн. Тухайн үед би утсыг нь авч өгч чадаагүй. Би 2 000 000 төгрөгийн зээл дээр 3 сарын хүү 600 000 төгрөг нэмээд үүнээсээ өгсөн мөнгөө хасаад 1 600 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.Дуламсэндэхүүгээс 1 442 025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Д-д олгож, үлдэх 3 076 423 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 173 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Д-гээс 38 022 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Д-д олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б-гээс татгалзсаныг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх З.Д-д холбогдох хэргийн хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч А.Д- нь З.Д-, Д.Б- нарын хүсэлтээр 2019 оны 3 сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийг 2019 оны 3 сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл 50 хоногийн хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Мөн 2019 оны 6 сарын 21-ний өдөр зээлийн гэрээний сунгалтын гэрээг З.Д- нь байгуулсан.

Уг гэрээнд 2019 оны 3 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 3.1-д заасан зээлийн гэрээний эргүүлэн төлөх хугацааг 2019 оны 5 сарын 14-ний өдрөөс 2019 оны 7 сарын 02- ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж, зээлийн үндсэн гэрээний бусад нөхцөл хэвээр үлдэнэ гэж зээлийн гэрээний сунгалтыг хийж нотариатаар баталгаажуулсан. 2019 оны 7 сарын 02-ны өдөр зээлийн гэрээний сунгалтын гэрээг З.Д- нь байгуулсан. Уг гэрээгээр 2019 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж зээлийн үндсэн гэрээний бусад нөхцөл хэвээр үлдэнэ гэж зээлийн гэрээний сунгалтыг хийж нотариатаар баталгаажуулсан. Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 5 сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч энэ өдрөөс гэрээний үүргийг шаардах эрхтэй байсан ба гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2019 оны 5 сарын 21-ний өдөр, 2019 оны 7 сарын 02-ны өдөр тус тус зээлийн гэрээний сунгалтын гэрээг нөхөн байгуулж хүү шаардсан нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэжээ. 2019 оны 3 сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 сарын 14-ний өдрийг хүртэл 50 хоног. Үндсэн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 5 сарын 14-ний өдрөөс 2019 оны 7 сарын 02-ны өдрийг хүртэл 50 хоног зээлийн гэрээний сунгалтын хугацаа) 2019 оны 7 сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл 158 хоног. Гэрээний хугацаа 2019 оны 3 сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл 258 хоног буюу 8 сар 6 хоног юм. Үндсэн зээлийн гэрээний үнийн дүн 2 000 000 төгрөг, 30 хоногийн 10 хувийн хүүтэй, нэг өдрийн хүү 6 666 төгрөг, (6 666*258 хоног = 1 719 828) нийт 258 хоногийн хүү 1 719 828 /төгрөг. Үндсэн зээлийн үнийн дүн 2 000 000 +  1 719 828 = 3 719 828 төгрөг. З.Дулэмсэндэнхүү нь 2019 оны 3 сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 сарын 07-ныг хүртэл нийт 1 247 000 төгрөг төлсөн. 3 719 828 – 1 247 000 = 2 472 828 төгрөг. Дээрх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 12 364 нэг өдрийн алданги 2019 оны 12 сарын 08-ны өдрөөс 2020 оны 5 сарын 05-ны өдөр хүртэлх 150 хоногийн 0.5%-ийн алданги 1 854 600 төгрөг, нийт 2 472 828 төгрөг. Үүнээс 2020 оны 4 сарын 11-ний өдрөөс 2020 оны 6 сарын 23-ны өдрийг хүртэл нийт 125 000 төгрөг төлсөн. хасаад 4 202 428 төгрөг гарна. Дээрх хууль зүйн үндэслэлийн дагуу хариуцагчаас 4 202 428 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж хариуцагч З.Д-гээс нийт 4 202 428 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Д- нь хариуцагч З.Д-, Д.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4 518 448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б-д холбогдох шаардлагаасаа татгалзсан бөгөөд хариуцагч З.Д- нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2019 оны 3 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А.Д- нь 2 000 000 төгрөгийг, нэг сарын 10 хувийн хүүтэй, 2019 оны 5 сарын 14-ний өдөр хүртэл буюу 50 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлэх, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 2 000 000 төгрөгийг 2019 оны 3 сарын 25-ны өдөр хариуцагч З.Д-гийн “Хаан банк”-ны дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 5, 15-р тал/

 

Улмаар талууд 2019 оны 6 сарын 21-ний өдөр зээлийн гэрээний сунгалтын гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2019 оны 7 сарын 02-ны өдөр хүртэл, 2019 оны 7 сарын 02-ны өдөр дахин сунгалтын гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2019 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл тус тус сунгажээ. /хх-ийн 7-8-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч З.Д- нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч А.Д- нь хууль буюу гэрээнд зааснаар зээл, зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй юм. 

 

            Талуудын хооронд 2019 оны 3 сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 5 сарын 14-ний өдөр дуусч, талууд 2019 оны 6 сарын 21-ний өдөр гэрээний хугацааг сунгасан байх тул сунгалттай холбоотой хэлцэл хийх хүртэлх хугацааны хүүг шаардах нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт үл нийцнэ. Өөрөөр хэлбэл, 2019 оны 3 сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 сарын 14 хүртэл 50 хоног байх бөгөөд үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 333 350 төгрөг /6 667₮ х 50хоног = 333 350₮/, нийт 2 333 350 төгрөгийн үүрэг хариуцагчид үүссэн байна. 2019 оны 5 сарын 14-ний өдрийн байдлаар хариуцагч З.Д- нь нийт 432 000 төгрөг төлсөн байх тул нийт үүрэг 2 333 350  төгрөгөөс хариуцагчийн уг хугацаанд төлсөн 432 000 төгрөгийг хасвал 1 901 350 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

           

            Зээлийн гэрээний хугацааг сунгасан 2019 оны 6 сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл 5 сар 17 хоногт зээлийн үлдэгдэл 1 901 350 төгрөгөөс сунгалтын гэрээний дагуу 10 хувийн хүү тооцвол сарын хүү нь 190 135 төгрөг /1 901 350₮ х 10% = 190 135₮/, хоногийн хүү нь 6 337.8 төгрөг /190 135₮ : 30хоног = 6 337.8₮/ буюу 5 сарын хүү нь 950 675 төгрөг /5сар х 190 135₮ = 950 675₮/, 17 хоногийн хүү нь 107 743 төгрөг /17хоног х 6337.8₮ = 107 743₮/, нийт хүү 1 058 418 төгрөг /950 675₮ + 107 743₮ = 1 058 418₮/ байна. Зээлийн үлдэгдэл болох 1 901 350 төгрөг, хүү 1 058 418 төгрөг, нийт 2 959 768 төгрөгийн үүрэг үүсчээ. Хариуцагч З.Д- нь 2019 оны 7 сарын 05-ны өдрөөс 2020 оны 6 сарын 23-ны өдөр хүртэл нийт 940 000 төгрөг төлсөн байх тул дээрх үүрэг 2 959 768 төгрөгөөс төлсөн 940 000 төгрөгийг хасвал 2 019 768 төгрөгийн төлөгдөөгүй үүргийн үлдэгдэл байна. Уг дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алданги тооцвол 1 009 884 төгрөг болж байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан тул энэхүү эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Талуудын байгуулсан зээлийн гэрээнд сарын хүүг 10 хувь гэж тогтоосныг хэт өндөр хүү гэж үзэх үндэслэлтэй боловч хариуцагч нь хүүг багасгах талаар хүсэлт гаргаагүй байна. Иймд зээлийн хүүг гэрээнд заасны дагуу 10 хувиар тооцсон тул 1 009 884 төгрөгийн алдангийг 50 хувиар багасгаж, 504 942 төгрөгөөр тооцох нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчихгүй юм. 

 

            Иймд хариуцагч З.Д-гээс үндсэн зээл, хүүд 2 019 768 төгрөг, алдангид 504 942 төгрөг, нийт 2 524 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Д-д олгож, нэхэмжлэлээс 1 993 738 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

           

            Анхан шатны шүүх хариуцагч Д.Б-д холбогдох шаардлагыг шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөн шийдвэрлэв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 ...”  гэсний дараа “, 232.8” гэж  нэмж, “... 1.442.025 ...” гэснийг “2 524 710” гэж, “... 3.076.423 ...” гэснийг “1 993 738” гэж,

2 дах заалтын “... 38.022 ...” гэснийг “55 345” гэж,

3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Д- нь хариуцагч Д.Б-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 188 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                     

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ                                           

                                   ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                         Г.ДАВААДОРЖ