Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/02703

 

2020 09 21

102/ШШ2020/02703

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо бага дарь эх 3 дугаар гудамж 1624 тоотод оршин суух, 1986 онд төрсөн 34 настай, Бээлийн хошуу овогт Авирмэдийн Долгорсүрэн.

Хариуцагч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 14 дүгээр байр 103 тоотод оршин суух, 1966 онд төрсөн 54 настай, Боржигин овогт Замбалхүүгийн Дуламсэндэнхүү.

Гэрээний үүргийн биелэлтэд 6.701.448 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг, хариуцагч З.Дуламсэндэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч А.Долгорсүрэн нь З.Дуламсэндэнхүү, Д.Бямбасүрэн нарын хүсэлтээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэл 50 хоногийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч З.Дуламсэндэнхүүтэй зээлийн сунгалтын гэрээг байгуулж 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Сунгалтын гэрээ дуусаж дахин 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бямбасүрэнгээс татгалзсан. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 2.932.800 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 02-ноос 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 157 хоногийн хүү 1.534.832 төгрөг, нийт 4.467.632 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Үүнээс хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан баримтаас тооцож 1.372.000 төгрөгийг хасахаар 3.095.332 төгрөг болсон. Иймд хариуцагч З.Дуламсэндэнхүүгээс үндсэн зээл 2.932.800 төгрөг, хүү 162.532 төгрөг, алданги 1.423.116 төгрөг нийт 4.518.448 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.Дуламсэндэнхүү шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А.Долгорсүрэнгээс 2.000.000 төгрөгийг 50 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн гэрээ байгуулсан. 10 хувийн хүүтэй гэсэн боловч өдөр бүр 48.000 төгрөг төлөх нөхцөлтэй тохирсон. Нийт 1.372.000 төгрөг төлсөн. Зээлээ төлж байх хугацаанд наймааны ашиг орлого муудсан тул зарим тохиолдолд төлөөгүй. Би 09 дүгээр сард А.Долгорсүрэнтэй уулзаж учир байдлаа хэлж хүүг зогсоогоод өгөөч гэхэд зөвшөөрөөд 2.000.000 төгрөгөөсөө төлөөд яваарай гэснээ 2.000.000 төгрөгний утас аваад өгчих гэсэн. Тухайн үед би утсыг нь авч өгч чадаагүй. Би 2.000.000 төгрөгийн зээл дээр 3 сарын хүү 600.000 төгрөг нэмээд үүнээсээ өгсөн мөнгөө хасаад 1.600.000 төгрөгийг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Долгорсүрэн нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч З.Дуламсэндэнхүүгээс гэрээний үүргийн биелэлтэд 6.701.448 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж 4.518.448 төгрөг шаардсан байна.

Хариуцагч З.Дуламсэндэнхүү нь нэхэмжлэгч А.Долгорсүрэнтэй 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 50 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөх нөхцөлтэйгээр тохиролцож зээлдэн авсан байна.

Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээжээ.

Зохигч зээлийн гэрээний 1.1, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн мөнгийг шилжүүлсэн, хариуцагч хариу тайлбартаа 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж хүлээн авсан талаар тайлбарлан, гэрээний үнийн дүнд маргаагүй байна.

Талуудын тохирч байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэгч энэ өдрөөс гэрээний үүргийг шаардах эрхтэй байсан ба гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2019 оны 06 дугаар сарын 21, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус тус зээлийн гэрээний сунгалтын гэрээг нөхөн байгуулж хүү шаардсан нь хуульд нийцээгүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 2.932.800 төгрөг, хүү 162.532 төгрөг, алданги 1.423.116 төгрөг нийт 4.518.448 төгрөг шаардсан боловч зохигч гэрээгээр 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 50 хоногийн хугацаатай байхаар тохиролцож байгуулсан, хариуцагч өнгөрсөн хугацаанд 1.372.000 төгрөг төлсөн тул гэрээний хугацааны үүрэг зээл 2.000.000 төгрөг, 50 хоногийн хүү 333.350 төгрөг нийт 2.333.350 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 1.372.000 төгрөгийг хасаж тооцон /2.000.000+333.350=2333.350-1.372.000=961.350/ хариуцагчийн төлөх 961.350 төгрөгт зээлийн гэрээний 3.7-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгий 0.5 хувийн алданги 480.675 төгрөгийг нэмж хариуцагчаас гэрээний үүрэгт /961.350.+480.675=1.442.025/ 1.442.025 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч З.Дуламсэндэхүүгээс 1.442.025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Долгорсүрэнд олгож, үлдэх 3.076.423 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан хэлбэрээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бямбасүрэнгээс татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.Дуламсэндэхүүгээс 1.442.025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Долгорсүрэнд олгож, үлдэх 3.076.423 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.173.17 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Дуламсэндэнхүүгээс 38.022 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Долгорсүрэнд олгосугай.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бямбасүрэнгээс татгалзсанг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА